Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0012

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би ***гийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, О.А*** нар нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэг. Нийтлэг үндэслэл Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*** нөгөө талаас хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б***, Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч О.А*** нар харилцан зөвшилцөн байгуулав.

Хоёр. Эвлэрэх нөхцөл

1.1. Гэрээний зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч ***гийн "Налайх дүүргийн Засаг даргын "Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 05-р сарын 08-ны өдрийн 12/02 тоот "Төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай" тогтоол"-д заасан хэмжээгээр газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан хэмжээгээр буюу 400 м.кв газар эзэмших эрх олгох тухай захирамж гаргахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, ногдох хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2. Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 531 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 2-р хороо, Барилгачдын 33-р байрны урд тал байршуулан 225 м.кв газар эзэмшиж байгаа бөгөөд энэхүү газар дээр нэмж 175 м.кв газрын кадастрын зургийг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн бөгөөд хариуцагч энэхүү нэмсэн хэмжээгээр захирамж гаргаж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд кадастрын зургийг оруулахаар тохиролцов

. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

***гийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, О.А*** нар нь харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Нэхэмжлэгч ***гаас Р.Б***од 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх, хариуцагчаас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар итгэмжлэлээр Г.Б***д, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар итгэмжлэлээр О.А***д тус тус эвлэрэх эрх олгосон.

Иймд нэхэмжлэгч ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, О.А*** нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан ***гийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох Налайх дүүргийн Засаг даргын "Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 12/02 тоот "Төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай" тогтоолд заасан хэмжээгээр газар эзэмших эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшил газрын хэмжээг 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан хэмжээгээр буюу 400 м.кв газар эзэмших эрх олгох тухай захирамж гаргахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, О.А*** нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН