Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1396

 

 

 

 

 

 

  2020            11             3                                          2020/ДШМ/1396

 

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2007002250127 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д........... овгийн Н.Б, 19... оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ................. дүүрэгт төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

Н.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 14 дүгээр гудамжинд хохирогч В.Ц-ыг газарт унагааж, хөлөөрөө толгойн тус газарт нь 2-3 удаа дэвсэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, доод баруун 2 дугаар шүдний булгаралт, буйланд шарх, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараахь нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана; 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заажээ. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр Н.Б- мэдүүлэг өгөхдөө “Би бол цааш нь түлхсэн. Тэгэхэд газар уначихаад орилоод байсан. Харин надтай уулзахдаа хүнтэй зодолдсон бололтой хамар амнаас нь цус гарчихсан байсан. Би бодохдоо надтай уулзахаас өмнө хүнд зодуулсан байх гэж бодож байна. Тэрнээс би тэгж зодож гэмтэл учруулаагүй.” гэх,

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2007002250127 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 15:00 цагт Н.Б- “гарын үсэг зурахаас татгалзав” гэсэн гараар бичсэн тэмдэглэл,

2020 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “би яллагдагчаар татах тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлыг өмнө мэдүүлэгтээ өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэсэн нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял тохиролцсон нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдсэнийг хүлээн авах боломжгүй тул мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж хуульчилсан бөгөөд үүний дагуу Н.Б- нь прокурорын хяналтын шатанд хохирогчтой эвлэрч, хохирлоо бүрэн барагдуулсан, мөн өөрийн гараар “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг бичсэн. Түүнчлэн хохирогч В.Ц- болон түүний өмгөөлөгч “... хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан бөгөөд гомдол саналгүй” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасан. Дээрхи баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, Н.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан нь яллагдагчийн хуульд заасан эрхийг зөрчих, хязгаарлах үндэслэл болохгүй тул прокуророос Н.Б-д холбогдох хэргийг даруй хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрэн тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Н.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар Н.Бат-Эрдэнийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, прокурор түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг тулган шаардсан гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, Н.Б- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр жаахан архи уусан байсан. Тэгээд В.Ц-тай тааралдаад ялихгүй зүйлээс болоод маргалдаад нэг цохиод, 2 өшиглөсөн. Хохирогчийн эрүү хугарч эмнэлэгт хэвтсэнг би мэдээд өөрийнхөө буруу гэдгийг ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр барагдуулсан. Хохирогчийг эмнэлэгт үзүүлэхэд эхлээд 3.000.000 төгрөг, дараа нь 2.500.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч ...  мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж, 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, 3 дахь хэсэгт “яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл Н.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “би яллагдагчаар татах тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлыг өмнөх мэдүүлэгтээ өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэж мэдүүлэг өгснийг “хуульд нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Прокурорын хяналтад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлдэг. Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн хойно урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Прокурорын хяналтын шатанд нэгэнт хоорондоо эвлэрээд, хохирол төлбөрийг барагдуулсан бол хүсэлтийг харгалзаад прокурор хэргийг хянаад шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцээгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. 

Хэргийг прокурорт буцаасан дээрх шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, прокуророос хохирогч В.Ц-, шүүгдэгч Н.Б- нарын гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг тус тус үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол үйлдэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны зохицуулалттай нийцсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Н.Б- нь хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр “би Ц- зодож цохьсон, хөлөөрөө нүүрэн тус газар нь өшиглөсөн асуудал байхгүй” /хх17/ гэж, яллагдагчаар татах тогтоолын доод хэсэгт мөрдөгч гарын үсэг зурахаас татгалзсан гэх тэмдэглэл үйлдсэн /хх27-28/ байх боловч яллагдагчаар Н.Б-эс мэдүүлэг авахад “Би яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж, улмаар прокурорын хяналтын шатанд “миний бие хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Хохирогч Цогтбаяраас уучлалт гуйж эвлэрсэн, хохирол гомдлыг бүгдийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Анхан шатны шүүхийн “яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно”, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх боломжгүй гэсэн нь ямар нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт болох нь ойлгомжгүй болсон төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхээр шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

         ШҮҮГЧ                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

         ШҮҮГЧ                                                                              Б.ЗОРИГ