| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/04578/И |
| Дугаар | 182/ШШ2024/02280 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/02280
| 2024 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2024/02280 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар ** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар **/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Угсардаг өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шат гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.******* гэх хүнээр байшингийн дээвэр дулаалуулахаар гэрээ байгуулан ажиллуулсан. Ийнхүү ажил гүйцэтгэх явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр унтлагын өрөөний гэрлийн утас таазанд тогтоох үед толины өмнө байрлуулсан зурагтын дэлгэц дээр гишгэж хагалсан. Үүнээс өмнө орой ажиллаж, миний хүүхдүүд телевизор үзэж байсан бөгөөд ямар ч гэмтэлгүй байсан. Эрх бүхий үйлчилгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1,500,000 төгрөг болж буй тул 1,500,000 төгрөгийг М.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.*******ын *** тоотод байрлах байшингийн дээврийн дулаалгын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 5 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн. Дээврийг дулаалах ажлыг хийж гүйцэтгэхдээ дээрээс нь болон доороос нь дулаалсан. Уг ажлын хуучин тааз нь лампиран болон дүүжэн таазтай байсан тул хуучин таазыг хуулж аваад шинээр панеран тааз хийсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд дээрээс юм унах, эрсдэл байдаг тул ажил эхлэхээс өмнө айлдаа тавилга, эд хогшилоо чөлөөлж өгөх шаардлага тавьдаг. Үүний дагуу уг айл том өрөөн дэх тавилгаа жижиг өрөө рүүгээ зөөж, чөлөөлсөн байсан. Том өрөөний засварыг хийж дуусгасны дараа жижиг өрөөний таазыг янзлахад жижиг өрөөг суллаж өгөөгүй. Тухайн айлд 6-13 орчим насны 3 хүүхэд байсан. Ажил гүйцэтгэж дууссанаас хойш 2-3 хоногийн дараа зурагт эвдэрсэн байна гэж залгаж, ажлаа хийж байх үед оройдоо хүүхдүүд зурагтаа асуж үзсэн гэж хэлсэн. Магадгүй хүүхдүүд зурагтаа зөөж асаахдаа унагаасан байх гэж бодож байна. Учир нь зурагийн дэлгэцийн хагарлаас үзэхэд унагаах доргилтын улмаас цуурсан байдал харагддаг. Би 82 кг жинтэй бөгөөд түүний хэлж байгаачлөн хөл алдаж гишгэсэн бол бяцралт үүсч, өөр байдлаар хагарах байсан. О.******* нь өөрийн сэжиг таамгаар өөрсдөдөө учирсан хохирлыг төлүүлэхээр удаа дараа гүтгэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барилгын материалын Зууг айл захаас 200,000 төгрөг, тээврийн зардалтай нийт 250,000 төгрөгийн үнэтэй угсардаг Япон төмөр шат худалдаж авсан. О.*******ынд Япон шатаа авах гэж очсон ч одоо хүртэл авч чадахгүй байгаа, тиймээс угсардаг, өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шатыг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч О.******* нь сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Угсардаг шат гаргуулах тухай нэхэмжлэлийн дагуу хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.
5.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд О.******* нь М.*******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М.******* нь О.*******од холбогдуулан угсардаг өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шат гургуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 90,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Шатаа буцаан авсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч М.*******д холбогдуулж 1,500,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М.******* нь нэхэмжлэгчид холбогдуулж угсардаг, өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шат гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* нь угсардаг шатаа буцаан авсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 90,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, угсардаг, өндөр нь 3 см, өргөн нь 3 см, төмөр тавцантай Япон шат гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 90,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 13,075 төгрөг, хариуцагч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 13,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******од олгож, хариуцагч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 4,075 төгрөгийг гаргаж хариуцагч М.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ