Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1397

 

 

 

 

 

 

2020               11             3                                         2020/ДШМ/1397

 

 

Г.Х-ад холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Х-ад холбогдох эрүүгийн 1806016031610 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х............ овгийн Г.Х, 20......... оны 2 дугаар сарын 4-ний өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............нарын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../;

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар тогтоосон;  

Г.Х- нь 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4-281б тоотод оршин суух иргэн А.У-н хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хөөрөг 2 ширхэг, цэнхэр өнгийн хос дээл 1 ширхэг, “Никон” брэндийн зургийн аппарат зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Х-ад 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 19  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ын 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-аас 448.000 төгрөг гаргуулан хохирогч А.Удвалцэцэгт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Х-аас хохиролд Төрийн сангийн 100900005406 дугаарын дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.У-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.Х-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би гэмт хэргийн хор уршиг болон эрх чөлөөгөө хязгаарлуулах гэдэг ямар хэцүүл зүйл болохыг хоригдож байх хугацаандаа ухаарсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, дахин бодлогогүй алхам хийхгүй. Би дөнгөж 19 настай бөгөөд шүүхээс надад оногдуулсан ялыг үр бүтээлтэй эдлэж дуусаад боломжоо ашиглан мөрөөдөлдөө хүрэх болно. Миний өмгөөлөгчийн хичээл зүтгэлийг үнэлж, надад итгэл хүлээлгэнэ үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 1 жил 2 сар гаруй хугацааг хасч шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Надад оногдуулсан хорих ялыг 1 жил болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч П.Дэлгэр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Х- нь хохирлын 448.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнөх шийтгэх тогтоолоор нэгтгэн шалгаж 1 шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой байсан ч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, түүний эрх зүйн байдал дордож буйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Х- болон түүний өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж байх явцад хохирол төлбөрийг дутуу төлсөн асуудал гарсан. Иймд анхан шатны шүүх тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Х-ад 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь тохирсон ял шийтгэл болсон. ...” гэв. 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Х-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Г.Х- нь  2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 281/б тоотод оршин суух А.У-н орон байрны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 2  ширхэг хөөрөг, цэнхэр өнгийн хос дээл, Никон брэндийн зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20/,

хохирогч А.У-н “Би 2018 оны 2 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан бөгөөд орой 18 цаг 20 минутад гэртээ орж иртэл гадна хаалганы цоож нь эвдэрч байхгүй болсон байхаар нь хаалгаа нээхэд гэр доторх эд зүйл эмх цэгцгүй болсон байсан. Авдар дотор байсан шинэ үеийн цагаан шаазан хээтэй дуураймал толгойтой хятад хөөрөг байсан. Тус хөөргийг 3, 4 жилийн өмнө 50.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн авдарт байсан шүрэн толгойтой усан мана дунд гарын хөөрөг байсан. Уг хөөргийг 4, 5 жилийн өмнө 600.000 төгрөгөөр авч байсан. Мөн тус авдар дотор байсан доторгүй хос цэнхэр дээл 2 ширхэг, тус дээлийг 100.000 төгрөгөөр хийлгэж байсан. Мөн авдар дотор байсан Nikon брэндийн зургийн аппарат алдагдсан байсан. Уг аппаратыг 2011 онд дэлгүүрээс 50.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2144 дүгээр дүгнэлтийн “Тогтоолд дурдсан 2018-064-БЗД гэсэн бүртгэлийн дугаараар 4 ширхэг гарын мөр бүртгэгдсэн байсан. 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд MN005210012584, ... гэсэн бүртгэлийн дугааруудаар Г.Х гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна” гэх дүгнэлт /хх 46-54/,

Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн БЗ1-20-1192 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогчийн алдагдсан эд зүйлсийг нийт 1.488.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх 59/,

яллагдагч Г.Х-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх 67-68/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Х-ын хохирогч А.У-н гэрийн хаалгыг эвдэн орж, 1.488.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан ба шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгчид 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон байна.

Улмаар шүүгдэгч Г.Х-ын өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Х- болон түүний өмгөөлөгч П.Дэлгэр нараас “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор тус тус заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Г.Х-ын үйлдэлд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 4 жил 1 сар 19 хоног үлдсэнийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 6 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн өмгөөлөгч П.Дэлгэрийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг 1 жил болгож өгнө үү” гэсэн утга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус зүйл, хэсэг, заалтад заасан гол нөхцөл болох тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох заалтыг шүүх хэрэглэх үндэслэл бүрдээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1506 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ