Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 126

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Хохирогч Г.П ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээдэй  овогт Баттулгын Б эд холбогдох 201715000125 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэрээдэй овогт Б.Б .

Шүүгдэгч “Б.Б  нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар хад” гэх газар орон нутгийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн 57-70 ӨВА улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй, Тоёота Креста маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 2.7а “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 16 нас 9 cap 25 хоногтой Б.Б амь нас хохирсон” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгаас “Баянтээг”-ийн уурхай руу явсан. Тэгж явахдаа машиныхаа хойд талд том машины дугуй ачсан юм. Талийгаач бид хоёр Нарийнтээл суманд дээр ирээд 0.5 литрийн архи авч хувааж уусан. Тэндээс орой 21 цагийн үед гарч явсаар “Мухар хад” гэдэг газар явж байтал үүрэглээд байсан тул нүүр, гараа угаасан. Тэгээд хөдлөөд явж байгаад замын хажуу тал руу орчихсон. Тэрнээс бусад зүйлийг санахгүй байна. Өглөө 4-5 цагийн орчим би ухаан ороод машинаасаа гараад харсан чинь талийгаач жолоочийн буруу талын суудал руу толгойгоороо чихэгдсэн байдалтай байсан. Миний толгой тухайн үед их өвдөж байсан. Би зам руу гарч машин зогсоох санаатай нилээд явсан боловч машинууд зогсоогүй. Тэгж байтал нэг портер зогссон. Портерийн жолооч эсрэг урсгалаас ирж явсан нэг машиныг зогсоогоод тэд Нарийнтээл сумын постон дээр очиж хэл хүргэсэн. Цаг орчмын дараа Нарийнтээл сумын цагдаа болон эмч нар ирсэн. Тэгээд талийгаачийг аваад эмнэлэг рүү явсан. Бусад зүйлийг би сайн санахгүй байгаа. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Г.П  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлхэдээ: “… 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай хүүхдийг ямаа самнуулахаар надаас зөвшөөрөл аваад хамт явсан юм. 2017 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нарийнтээл сумын цагдаа шөнийн 03 цагийн үед манайх руу утасдаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд намайг очоод 20-30 минут орчим болсоны дараа хүү маань амьсгал хураасан. Энэ хүүхдийн эцэг эхийг надтай ирж уулзахад нь 5.204.170 төгрөгний хохирлын баримт материалаа үзүүлж энэ мөнгөө авна шүү гэдгээ хэлсэн. Тэгээд эднийх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1.650.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр нэг ямаа, таван литр сүү, 07 дугаар сарын 13-ны өдөр 30.000 төгрөг, 08 дугаар сарын 1-ний өдөр аймгийн төвд ирж уулзаад 10.000 төгрөг, 08 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 600.000 төгрөг, 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг өгсөн. Би мөрдөн байцаалтанд  5.204.170 төгрөгний баримтыг гаргаж өгсөн. Мөн 2.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Сая хурал эхлэхээс өмнөхөн энэ хүүхдийн ар гэрийнхэн надтай уулзаж “Мөнгө төгрөгний боломж олдохгүй байна. Хохирол төлбөр дээр ярьж тохиръё” гэж хэлсэн. Би оршуулгын зардлаа авна. Хүний хүүхдийг шоронд явуулаад яахав гэж бодож байна...” гэв.

Хохирогч Г.П ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Б  манай гэрт ирээд “би Б.Б- 3 хоног авч яваад ямаа самнуулчхаад авч ирье” гэж хэлэхээр нь би Б.Б-г яах талаар нь асуухад Б.Б-д “би явчихаад ирье” гэж хэлэхээр нь за тэгвэл яваад ир гэж хэлсэн. Тэгээд манайд хоол унд идчихээд 18 цаг өнгөрч байхад Б.Б ийн гэр лүү “Уужуу булан” гэх газар руу ямаа самнахаар явсан. Түүнээс хойш ямар нэг чимээгүй байж байтал 2017 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад Нарийнтээл сумын цагдаа Р.Ц над руу залгаад “танай хүү Б.Б  айлд ямаа самнахаар явсан уу” гэж асуухаар нь би “тэгсэн” гэж хэлсэн. Р.Ц цагдаа “сая Баянхонгороос явж байгаад замын хажуу руу осолджээ, бид нар сая дуудлагаар яваад аваад ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө яанаа тэгээд одоо гайгүй юу” гэж асуутал Р.Ц цагдаа “эмч нар үзэж байна аа тэнд хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би очих шаардлагатай юу” гэж хэлсэн чинь “та ирсэн нь дээр байх” гэж хэлэхээр нь би нэг микро олж аваад Нарийнтээл сум руу явсан. Тэгээд замд “Мухар хад” гэх газар явж байтал замын урд талд нэг машины рам мэт зүйл байхаар нь буугаад хартал Б.Б ийн машин мөн байсан. Ингээд шууд Нарийнтээл сум руу очоод Р.Ц цагдаагаас “би хаана очих вэ” гэж асуутал “эмнэлэг дээр оч” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очтол манай хүүхэд ухаангүй эмч нь хиймэл амьсгаа хийгээд байж байсан. Б.Б  намайг очсноос хойш 20-30 минутын дараа нас барсан. ... Б.Б  нь миний 3 дахь хүүхэд байгаа юм. ... 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Нарийнтээл суманд 9 дүгээр анги төгсөөд Улаанбаатар хотын Барилгын коллежийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн засварчны ангид сурч байсан. Б.Б  архи согтууруулах ундаас миний мэдэхээр хэрэглэдэггүй. ...Оршуулгын зардалд 5.204.170 төгрөгийг зарлагдсан. Энэ бүх зардал надад баримтаараа байгаа. Үүнээс 2.600.000 төгрөгийг нь өгсөн. Дээр нь би баримтгүйгээр лам, эмнэлэг, хүнээс зээлсэн мөнгө энэ тэр гээд нийт 2 сая төгрөг зарлагдсан. Шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурорын шатанд баримт гаргаж өгөх болно. Ингээд би одоо нийт 4.604.170 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

Гэрч Р.Цолмонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие орой эргүүлтэй явж байсан, бүрэнхий л болж байсан юм. Яг хэдэн цагийн орчимд гэдгийг нь мэдэхгүй байна. Манай сумын постын хорио цээрийн жолооч Батбаяр гэж хүн над дээр ирээд “Мухар хад” гэх газар машин осолдсон байна гэж хэлэхээр нь би сумын эмч С.Баярмааг дагуулаад хэргийн газар очиход жолооч нь машинаасаа гарчихсан төв замын хажууд зогсож байсан ба машин нь төв замаасаа урд зүгт 10 гаруй метр зайд урагшаа хараад дугуйгаараа тогтсон хамаг цонх нь хагарсан байдалтай байсан. Дотор нь талийгаач Б.Б  арын суудал дээр нь дээрээс нь дугуй дарчихсан, ухаангүй шахуу согтуу юм шиг л нэлээд архи үнэртэж байсан. Тэгээд машинаас нь гаргаад эмнэлэг дээр авч ирсэн. Тухайн үед машинд нь нэг 2.5 литрийн “три медведь” нэртэй пиво талаасаа жаахан доогуур байсан. Жолоочоос нь тухайн үед мөн архи үнэртэж байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 дугаар хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын үед манай сувилагч над руу залгаад “Мухар хад” гэх газар машин осолдсон байна гэхээр нь цагдаагийн машинтай хамт хэрэг учрал болсон газар руу явсан. Хэргийн газар очиход төв замынхаа баруун гар талд 10 гаруй метрийн зайд цагаан өнгийн суудлын жижиг машин урагшаа хараад зогсчихсон хамаг эд анги, цонх хаалга нь эвдэрчихсэн байсан. Жолооч гэх залуу нь төв замын тэнд зогсчихсон машин доторхыг харвал талийгаач /Б.Б / толгой нь доош унжсан, нүүр ам нь нил цус болчихсон, бөөлжсөн байдалтай архи нэлээд үнэртэж байсан. Тухайн үед талийгаач муухан ухаантай байсан бөгөөд машинаас нь гаргаад газар хэвтүүлээд цус тогтоох К витамин болон С витамин 4мл судсаар тарьсан. Мөн өвчин намдаахаар аналгин, демодрол, темондол зэргийг тарьсан. Бөөлжөөд байсан тул зогсоохоор цергулон, адерналин, кардамин тарьсан. Хэргийн газар нэг цаг орчим болоод сумын эмнэлэгт авч ирсэн. Ингээд сумын эрүүл мэндийн төв дээр ирээд шөнийн 05 цагийн орчим зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож эхэлсэн ба сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч нэмэр болоогүй. 06 цагийн орчим нас барсан. Тухайн машиныг жолоодож явсан жолоочийн хувьд нуруу хүзүүгээр нь өвдөлттэй, сууж чадахгүй, баруун чихнээс нь цус гарч, биеийн арьс нь зулгарсан байдалтай байсан. Мөн баруун гар, мөрний үеэр өвдөлттэй, хөдөлж болохгүй байсан. Тухайн нас барсан залуугаас архи нилээд үнэртэж байсан. Харин жолоочоос нь бага зэрэг л архи үнэртэж байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай: “...Б.Б ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хуйхны цус хуралт, зүүн чихний дэлбэн, чихний ар, зүүн шанаа, хамар, зүүн нүдний доод зовхи, зүүн эрүү, дээд уруул, цээжний зүүн урд хэсэг, өвчүүний хэсэг, баруун шуу, баруун өвдөгний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нас барсан хугацааг анхны үзлэгээр тогтооно. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Талийгаач нь зүрхний доргилтын улмаас нас барсан…” гэх дүгнэлт. /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн

ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Э-н 2017 оны 08 дугаар сарын 03-
ны өдрийн 3 дугаартай техникийн шинжээчийн: “...Уг хэрэг нь зам тээврийн осол байна. 57-70 ӨВА улсын дугаартай “Тоёота креста” маркийн автомашин жолоодож явсан
Б.Б  нь замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2.7а заалтуудыг
тус тус зөрчсөн байна. Жолооч Б.Б ийн буруутай үйлдлээс осол гарсан байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн онцлог байдал, тээж яваа, ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заалт “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. 57-70 ӨВА улсын дугаартай “Тоёота креста” маркийн автомашины ослын өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг Автотээврийн байгууллагын оношилгоонд орсон эсэх, тодорхойлолтоор тогтоогдоно. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна нэмэлтээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэж өөрийн өгсөн тайлбарт байгаа нь осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэлтийг гаргалаа...” гэх дүгнэлт, /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 12-14, 52-54 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн
зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн 2017 оны 05 дугаар
сарын 17-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-17 дугаар хуудас/,

Нас барагч Б.Б ын насыг тоолсон тэмдэглэл, /хх-н 114-р хуудас/,

Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/153 дугаартай тодорхойлолт /хх-ийн 118 дугаар хуудас/,

№01373616 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 148 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 124-125, 135-143 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар хад” гэх газар орон нутгийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн 57-70 ӨВА улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй, Тоёота Креста маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 2.7а “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 16 нас 9 cap 25 хоногтой Б.Б ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Г.П ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн  “…Б.Б  нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай хүүхдийг ямаа самнуулахаар надаас зөвшөөрөл аваад хамт явсан юм. 2017 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нарийнтээл сумын цагдаа шөнийн 03 цагийн үед манайх руу утасдаж болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд намайг очоод 20-30 минут орчим болсоны дараа хүү маань амьсгал хураасан...” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.П ын “...2017 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад Нарийнтээл сумын цагдаа Р.Цо над руу залгаад “танай хүү Б.Б  айлд ямаа самнахаар явсан уу” гэж асуухаар нь би “тэгсэн” гэж хэлсэн. Р.Ц цагдаа “сая Баянхонгороос явж байгаад замын хажуу руу осолджээ, бид нар сая дуудлагаар яваад аваад ирлээ” гэж хэлсэн. ...Тэгээд замд “Мухар хад” гэх газар явж байтал замын урд талд нэг машины рам мэт зүйл байхаар нь буугаад хартал Б.Б ийн машин мөн байсан. ...Тэгээд эмнэлэг дээр очтол манай хүүхэд ухаангүй эмч нь хиймэл амьсгаа хийгээд байж байсан. Б.Б  намайг очсноос хойш 20-30 минутын дараа нас барсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Р.Цолмонбаярын “...Манай сумын постын хорио цээрийн жолооч Батбаяр гэж хүн над дээр ирээд “Мухар хад” гэх газар машин осолдсон байна гэж хэлэхээр нь би сумын эмч С.Баярмааг дагуулаад хэргийн газар очиход жолооч нь машинаасаа гарчихсан төв замын хажууд зогсож байсан ба машин нь төв замаасаа урд зүгт 10 гаруй метр зайд урагшаа хараад дугуйгаараа тогтсон хамаг цонх нь хагарсан байдалтай байсан ба дотор нь талийгаач Б.Б  арын суудал дээр нь дээрээс нь дугуй дарчихсан, ухаангүй шахуу согтуу юм шиг л нэлээд архи үнэртэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, гэрч С.Баярмаагийн “...Хэргийн газар очиход төв замынхаа баруун гар талд 10 гаруй метрийн зайд цагаан өнгийн суудлын жижиг машин урагш хараад зогсчихсон хамаг эд анги, цонх хаалга нь эвдэрчихсэн байсан. Жолооч гэх залуу нь төв замын тэнд зогсчихсон машин доторхыг харвал талийгаач /Б.Б / толгой нь доош унжсан, нүүр ам нь нил цус болчихсон, бөөлжсөн байдалтай архи нилээд үнэртэж байсан. Тухайн үед талийгаач муухан ухаантай байсан бөгөөд машинаас нь гаргаад газар хэвтүүлээд цус тогтоох К витамин болон С витамин 4мл судсаар тарьсан. Мөн өвчин намдаахаар аналгин, демодрол, темондол зэргийг тарьсан. Бөөлжөөд байсан тул зогсоохоор цергулон, адерналин, кардамин тарьсан. ... Ингээд сумын эрүүл мэндийн төв дээр ирээд шөнийн 05 цагийн орчим зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож эхэлсэн ба сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч нэмэр болоогүй. 06 цагийн орчим нас барсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт. /хх-ийн 47-49/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 81/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 12-14, 52-54/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-19/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-23/, Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.Б ийн эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон нийцүүлэн өөрчилөх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Б ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалт тооцож шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.П  нь 7.204.170 төгрөг нэхэмжилж 5.886.170 төгрөгний баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн байна. Үүнээс шүүгдэгч Б.Б  нь 5.000.000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлээс 5.000.000 төгрөгийг хасаж 886.170 төгрөгийг шүүгдэгч Б.Б ээс гаргуулж хохирогч Г.П д олгуулах нь зүйтэй байна. Харин үлдэх бусад зардалд нэхэмжилсэн баримтгүй 1.318.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б  нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж байна. Шүүгдэгч Б.Б  нь энэ мөнгийг төлөөгүй тохиолдолд хохирогч Г.П  нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б ийн эзэмшлийн 57-70 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Креста” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Б эд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хэрээдэй овогт Баттулгын Б эд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон нийцүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Хэрээдэй овогт Б.Б ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Хэрээдэй овогт Б.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эд оногдуулсан 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Б  нь хохирогч Г.П д 5.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хохирогч Г.П ын бусад зардалд нэхэмжилсэн 1.318.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б  нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Б  нь энэ мөнгийг төлөөгүй тохиолдолд хохирогч Г.П  нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б ийн эзэмшлийн 57-70 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Креста” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Б ээс 886.170 төгрөг гаргуулж хохирогч Г.П д олгосугай.

8. 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Б эд оногдуулсан 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 /гурван/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б эд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн  хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах эрх хасах ялыг гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР