Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0060

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0060

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нарыг оролцуулан Л.Э***гийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч талтай эвлэрэх боломжтой гэж хараад байна. Яагаад гэвэл хариуцагчийн гаргасан тайлбар дээр нэг удаагийн тэтгэмжийг хуульд заагаад олгодог. Хуульд заахдаа тэтгэвэрт гарсан, өвчтэй, орон тооны зохион байгуулалт гарсан бол гэж заасан. Нэхэмжлэгчид олгохгүй байх хуульд заасан шаардлага байхгүй, 25 жил ажилласан нь үнэн, тэтгэвэрт гарсан нь үнэн. Олгохгүй байх үндэслэл байхгүй. Тайлбарууд байгаа. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж болох байх гэж үзэж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч 2004 онд авч байсан цалин болох 84.600 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрэх боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нар нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн гаргасан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн /1994.06.13-ны/ 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг Л.Э***д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож тэтгэмжийг олгохыг ******* даалгах, нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч 2004 онд авч байсан цалин болох 84,600 /наян дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгөөр тооцохоор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрэв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Э***гийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Э***гаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***д 2022 оны 3 дугаар сарын 11-ны өдөр олгосон итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх эрх, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генералын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан хуулийн мэргэжилтэн дэслэгч Б.Д***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан бүх эрх, үүргийг буюу нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг тус тус олгожээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан Л.Э***гийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай /1994 оны 6 дугаар сарын 13/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг Л.Э***д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг ******* даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Э***, хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН