Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00205 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 81 326 242 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/262 тоот тусгай зөвшөөрлийн дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага нь иргэн Б.Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 180633 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг түүнд 60 сарын хугацаатай, сарын 0.66 хувийн хүүтэй олгосон. Б.Б- зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 71 дүгээр байр, 00 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204068117 дугаарт бүртгэлтэй, 51.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалсан.

Б.Б- зээл авснаасаа хойш 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 622 200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 622 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1 623 000 төгрөг тус тус төлсөн ба үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй байгууллагыг хохироосоор ирсэн. Иймд хариуцагч Б.Б-ас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх өдрийн байдлаар үндсэн зээл 77 669 560 төгрөг, зээлийн хүү 3 656 682 төгрөг, нийт 81 326 242 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж, 71 дүгээр байр, 00 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204068117 дугаарт бүртгэлтэй, 51.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар тус байгууллагаас 80 000 000 төгрөг зээлсэн. Би 3 удаа төлбөрөө төлсөн. Манай гэрт хүн байдаггүй, би хөдөө ажилладаг хүн. Надад эдийн засагчаас сар бүр зээлээ төл гэсэн мессэж ирж байсан. 2019 онд төлөх зээлийн төлбөрөө өнөөдөр төлчихье. Үлдсэн мөнгийг нь гэрээнийхээ хугацаанд хугацаа тогтоохгүйгээр төлөх саналтай. Яагаад надаас хугацаа болоогүй гэрээний төлбөрийг нэхээд байгааг ойлгохгүй байна. Ирээдүйд төлөх төлбөрийг нэхээд байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б-ас 81 326 242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б- нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж, 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204068117 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ас 634 781 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Б- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын тайлбарыг анхаарч, харин миний тайлбарыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Үүнийг тодруулбал шүүх бидний хооронд анхнаасаа ямар харилцаа байсныг огт анхаарахыг хүсээгүй байна. Өөрөөр хэлбэл нэгдмэл ашиг сонирхолтой “Х” ХХК, “Х” ХХК болон түүний үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээд н.Мягмарсүрэн нар нь хэлбэрийн хувьд тус тусдаа субъект мэтээр дүр эсгэж, намайг хохироож байхад шүүх энэхүү байдлыг нотлоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй. Улмаар ийнхүү зөвхөн зээлийн гэрээний харилцаа мэтээр ойлгож байгаа нь би уг орон сууцыг худалдан авах төлбөрт төлсөн 34 221 000 төгрөгөөр шууд хохироход хүрч байна. Энэ нь нэхэмжлэгч болон худалдагч нар нь үгсэн тохирч иргэн намайг санхүүгийн хувьд ихээхэн хохироосон үйлдэл болжээ.

Гомдолд дурдаж буй үйл баримтын талаар шүүх хуралдаанд би хангалттай тайлбарласан боловч энэ талаар тэмдэглэлд тусгагдсан эсэхийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл мэдэх боломжгүй байсан. Учир нь би хэд хэдэн удаа шүүхэд тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч танилцуулаагүй. Энэхүү байдал нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, 92.3 дахь хэсэгт заасан миний эрхийг хязгаарласан. Мөн шүүхийн шийдвэрээс харвал үндсэн төлбөр, түүний хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар дурдаагүй байна. Тодруулбал, зээлийн гэрээ бодит байдалд мөн эсэх, зээлийн гэрээний дагуу ямар үүрэг үүссэн, миний төлсөн төлбөрийг хэрхэн хасаж тооцсон талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Энэ нь мөн адил шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 326 242 гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хугацаа дуусгавар болоогүй гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 180633 тоот зээлийн гэрээгээр орон сууц худалдан авах зориулалтаар 80 000 000 төгрөгийг, сарын 0.66 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд мөн өдрийн барьцааны гэрээгээр зээлдэгч Б.Б- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токио гудамж, 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 51.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204068117 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-10-16/

 

            Зохигчид бичгээр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

            Зээлдүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 80 000 000 төгрөг шилжүүлснийг зээлдэгч Б.Б- хүлээн авсан /хх16/, харин тэрээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 622 200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 622 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1 623 000 төгрөг тус тус төлснөөс өөр төлөлт хийгээгүй нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогджээ. /хх 7/

 

            Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүргээ зөрчсөн байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй. Хариуцагч Б.Б- зээлийг 2019 оны 4 дүгээр сараас хойш төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа буюу 6 сарын турш биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

 

Зээлдэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөнийг зээлдүүлэгчээс сануулж, төлбөрөө төлөхийг утасны мессежээр илгээснийг хүлээн авснаа зээлдэгч тайлбарласан. Зээлдүүлэгчээс үүргийн зөрчлийн талаар тухай бүр зээлдэгчид сануулж шаардсаныг зээлдэгч биелүүлээгүй тул хугацаа олгосон ч үр дүн гараагүй гэж үзнэ. Иймд гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 10.2.2-т зааснаар хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Б.Б-ас зээлийн үлдэгдэл төлбөр нийт 81 326 242 төгрөгийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

 

            2019 оны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөд, үлдэх төлбөрийг шинэчилсэн хуваариар төлөх саналыг хариуцагчаас гаргасан боловч төлөлтийг сар бүр хийх боломжгүй гэжээ. Иймд нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

            Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 77 669 560 төгрөг, зээлийн хүү 3 656 682 төгрөг, нийт 81 326 242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ