Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1398

 

 

 

 

 

 

  2020             11             3                                         2020/ДШМ/1398

 

 

Ө.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

шүүгдэгч Ө.Б-,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Дайрийжав, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Б-д холбогдох эрүүгийн 2005019661053 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш............ овгийн Ө.Б, 19..... оны 6 дугаар сарын 14-ний өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .........хамт Булган аймгийн төв, ..........66 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр амьдардаггүй гэх, /РД: .............../;

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 27 хоногийг өршөөн хэлтрүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 385 дугаар зүйлийн 385.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 69 дугаартай захирамжаар 9 хоногийн хорих ялаар сольж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

Ө.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Grand Plaza” төвийн баруун талын барилгын хашаанд хохирогч Н.Б-тай маргалдаж, улмаар зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд талын цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 670.345 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантушаад олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн пивор бариултай, ир хэсэг нь хөрөө шиг барзгар хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай бариул дээрээ 2 ширхэг товчтой хутга 1 ширхэгийг тус тус устгаж, “Синтомицины эмульс” гэсэн бичигтэй тос мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгийн эрэгтэй түрийвч 1 ширхэг, “G Mobile”-ийн 98140986 дугаарын тэмдэглэгээтэй сим картын үүр 1 ширхэг, ногоон өнгөтэй ямар нэгэн бичиглэл тэмдэглэл байхгүй “Unitel”-ийн сим картын үүр  1 ширхэг, “Монгол караоке 91911077” гэсэн бичигтэй шаргал өнгийн карт 1 ширхэг, “авто линик” гэсэн бичиглэлтэй япон авто сэлбэгийн худалдаа гэсэн карт 1 ширхэг, 161000007347115 дугаартай автобусны улаанбаатар смарт карт 1 ширхэг, 0320856834 сериал дугаартай 1.000 төгрөгийн “Unitel”-ийн карт 1 ширхэг, 1 ширхэг жигүүр карт, 88118697 дугаартай карт 1 ширхэг, 218204 сериал дугаартай “Тэс” ШТС-ын карт 1 ширхэг, 10283152234 сериал дугаартай “Unitel”-ийн 1.000 төгрөгийн карт 1 ширхэг, хоросол 200 мг 1 ширхэг, AJ5749958 сериалтай 50 төгрөг 1 ширхэг, AN0600332 сериал дугаартай 10 төгрөг 1 ширхэг, AD6982635 сериал дугаартай 1 төгрөг 1 ширхэг, 10 ширхэг Хятад улсын мөнгөн тэмдэгт, 500 гэсэн бичиглэлтэй Орос улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “мөнгөлөг” гэсэн бичиглэлтэй бэлгэвч 3 ширхэг, шар өнгий ханз бичигтэй 1 ширхэг бэлгэвч, шар өнгийн металл 4 ширхэг цамцны товч, 20.000 төгрөгийн зураглалтай түлхүүрийн оосор 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, “Best cup” гэсэн бичигтэй сав 1 ширхэг, саарал өнгийн бүтээлгээс хайчилсан 3х5 см хэмжээтэй даавуу 1 ширхэг, Шыбарайгар овгийн Шаравханы Ерсин /РД: ТЯ96090414/-ийн иргэний үнэмлэх 1 ширхэг, эвдэрхий хумсны хутга 1 ширхэгийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаан хүргүүлж, шүүгдэгч Ө.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч А.Содхүү гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тус хэрэгт нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлалгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзэж байна. Мөрдөгч нь яллах, цагаатгах нотлох баримтыг цуглуулах болон яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж аваагүй байна. Ө.Б-ын биед үзлэг хийж, шинжээч томилоогүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хохирогч нас барсан бол түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно.” гэснийг зөрчиж, амь хохирогчийн дүүг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. Хохирогч Н.Б- нас барсныг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэрч Э.Гэрэлсайхан, Р.Хишигсайхан болон гэмт хэргийг нуун далдлахад хамтран оролцсон Бондоок хочит Р.Хишигсайханд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцсон эсэх. Шүүгдэгч Ө.Б- нь эхний удаагийн мэдүүлгээр хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа ухамсарлаж, учирсан хохирлыг төлж, үлдсэнийг төлж дуусахаа илэрхийлж, иргэний журмаар хэлцэл хийн төлж байгаа. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн буюу “амь хохирогч Н.Б- нь хэрэг үйлдэгдсэн гэх өдөр согтуугаар Ө.Б- руу дайрч доромжлон гартаа шөвөг, сэрээ барьж “чиний хаана шаах вэ, чамайг одоо алнаа” гэх зэргээр агсарч Ө.Б-ын баруун гарын шууны хэсэгт хутгалсан” гэх гэрч Э.Гэрэлсайхан, Р.Хишигсайхан нарын мэдүүлэг байдаг. Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ө.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Н.Б- нь тухайн үед хутга гаргаж ирээд намайг хутгалсан, дахиж хутгалах гэхээр нь би хутгыг нь булааж авч зөрүүлээд хутгалсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогчийн төрсөн дүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Амь хохирогчийн дүү нь оршуулгын зардлыг бүгдийг нь гаргасан байдаг. Оршуулгын зардлын талыг нь шүүгдэгч талаас өгсөн байдаг. Н.Б- өмнө нь Энхчимэг гэх хүнтэй хамт амьдарч байсан. Энхчимэгээс мэдүүлэг авахад “1999 оноос 2005 оны хооронд бид хоёр хамт амьдарч байсан. Н.Б- нь 2005 оноос хойш архи согтууруулах ундаа их хэрэглэдэг болсон. Хүүхдүүдээ хаяад явсан байдаг. 2005 оны 12 дугаар сараас хойш огт уулзаж байгаагүй, ямар ч хамааралгүй болсон” гэсэн байдаг. Иймд амь хохирогчийн төрсөн дүүг хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоосон. Хишигсайханд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Энэ талаарх баримтыг авчирсан, анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгч амжаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Ө.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Шүүгдэгч Ө.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Grand Plaza” төвийн баруун талын барилгын хашаанд хохирогч Н.Б-тай маргалдаж, улмаар зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд талын цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газар үзлэг хийсэн “...хэргийн газар ороход барилгын суурь цутгасан хэсгийн баруун талд овоолсон хогтой хэсгийн дунд эрэгтэй хүний цогцос байх ба №57 гэж дугаарлан үзлэг хийхэд ертөнцийн зүгээр баруун зүгт толгойны хэсэг нь харсан байрлалтай, биеийн ерөнхий байрлал ар нуруугаараа хэвтэж цээжин хэсэг дээшээ харсан байрлалтай, хөлөө ертөнцийн зүгээр зүүн урагш 2 хагас нугалсан, цогцосны царай харалсан, цээжин хэсэгт гадуур өмссөн хувцасыг дээш татсан, хэвлийн хэсэг нь ил гарсан, доогуураа хар өнгийн өмдтэй, хөлдөө хүрэн үдээстэй гуталтай, хөлдөө хүрэн өмгийн оймстой, цээжин хэсэгтээ улаан өнгийн хүрэмтэй, хэвлий орчим харалсан, зүүн талын цээжин хэсэгт ил харагдах хөндлөн маягийн шархтай, шархны ойр орчим нь улайж харалсан, шархны орчимд олон тооны ялаа сууж өтсөн, цогцост ойртож очиход өмхий гэмээр үнэр гарч байлаа, цогцосны ойр орчимд үзлэг хийхэд ертөнцийн зүгээр зүүн талын барилгын суурины урд хэсэгт шар өнгийн иштэй хутга байсныг №59 гэж дугаарлан үзлэг хийхэд 9.5 см урт, 1.8 см өргөн хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах №59 дугаар хэсэгт шар өнгийн хутга байсныг №56 гэж дугаарлан үзлэг хийхэд нийт урт нь 27.5 см, ажлын хэсгийн урт нь 13.5 см, өргөн нь 3.2 см хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-17/,

хойшлуулшгүй тохиолдолд эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1хх 18-19/,

2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн прокурорын хойшлуулшгүйгээр явуулсан ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол /1хх 21-22/,

цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь 164 см урттай, толгойдоо 14 см ардаа боосон хар өнгийн үстэй, нүүр, толгой, хүзүүний хэсэг ялзарч хар хүрэн өнгөтэй болсон, ам хагас ангайсан, хэл ялзарч хөөж цухуйсан, 2 чихний дэлбэн нялцарсан, чихний сувагт жижиг цагаан өнгийн өтнүүд бөөгнөрсөн, зүүн бугалганы гадна дээд хэсэгт тэгшхэн зах ирмэгтэй 5.5x2.5 см ангайсан, булчин зөөлөн эд нь ил гарсан шархтай, цээжний зүүн урд хэсэгт эгэмнээс доош 10 см зайд эгэмний дунд шугамаар байрласан зүүн дээшээ ташуу тэгш зах ирмэгтэй 4 см урт, 1 см ангайсан гүн шархтай, дээд уруулын баруун хажуу талд ташуу байрласан 5 см зүсэгдсэн шархтай, 2 хөлний тавхайн арьс зөөлөрч үрчийсэн, мөчүүд бүтэн, хүүрийн толбо ялзралтаас ялгагдахгүй, цээжний урд хэсэг, 2 хажуу хэсэг, цавь, баруун зүүн гуяны дотор хэсэг ногоорч ялзарсан байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-27/,

хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28-34/,

цогцос олдохоос өмнө хэргийн газар очиж зураг авсан гэх Л.Алтантуяагийн гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой эхний хоёр зургийг тус гар утасны скрийншот функцээр бэхжүүлэн авав. ...Тус гар утасны Phone цэс рүү орж Audio гэх цэсийг сонгон орж Recent цэсээс дуудлага ирсэн, гарсан зургийг тухайн гар утсанд татаж авч компьютерт хуулбарлан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 35-40/, цогцос олдохоос 9 хоногийн өмнө хэргийн газарт очиж зураг авсан гэх Э.Болдбатын гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой эхний долоон зургийг гар утасны usb оролтоор компьютерт хуулбарлан авав. ...Тус гар утасны Phone гэх цэсийг сонгон орж Logs цэс рүү орж дуудлага ирсэн, гарсан зургийг компьютерт хуулбарлан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 41-48/,

шүүгдэгч Ө.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 49-54/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантушаагийн хохирол төлбөрийн талаар өгсөн баримтууд /1хх 58-79/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гантушаа /1хх 85-87/, гэрч Э.Гэрэлсайхан /1хх 88-89/, гэрч Р.Хишигсайхан /1хх 90-91/, гэрч Э.Болдбат /1хх 92-94/, гэрч Д.Отгонбаяр /1хх 96-97/, гэрч Ц.Бум-Эрдэнэ /1хх 99-100/, гэрч Л.Алтантуяа /1хх 102-103/, гэрч Н.Шүрэнчулуун нарын мэдүүлэг /1хх 135-136/,

шүүгдэгч Ө.Б-ын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...би Машкагийн хутгыг гарнаас булааж аваад баруун гартаа хутгаа барьж байгаад хүчтэй хатгах үед зүүн гар талын булчингийн гадна зүсэгдэж зүрхэн талын хэсэгт хатгагдсан. Би нэг удаа хатгачихаад барьж байсан хутгаа урд талын хундаам цутгасан, хог, шарилж болсон хэсэг рүү шидчихээд шууд тэндээсээ гараад явчихсан. ...” гэх мэдүүлэг / 1хх 242-246/,

талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1226 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд талд цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Х.Н.Б-ын бие цогцост тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шарх нь шууд үхэлд хүргэсэн байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 6,0% спиртийн агууламж илрэв гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Х.Н.Б-ын бие цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдохгүй байна. Цус нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 183-190/,   

шүүх сэтгэц эмгэг судлалын 631 дугаартай “...Ө.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Б- нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Ө.Б- нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ө.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...” гэх дүгнэлт /1хх 214-215/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 662 дугаартай “...Р.Хишигсайхан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. ...Р.Хишигсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт /1хх 217-219/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 685 дугаартай “...Э.Гэрэлсайхан нь сэтгэцийн хувьд f70.0 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Э.Гэрэлсайхан нь хэрэг үйлдэгдэх цаг хугацааны үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Э.Гэрэлсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 221-222/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Б-ын амь хохирогч Н.Б-тай маргалдсаны улмаас зүрхэн тус газар хутгалж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Түүнчлэн, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна.

Ө.Б-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ө.Б-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн 2005019661053 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/802 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                          

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                          Б.ЗОРИГ