Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/1399

 

 

 

 

 

 

   2020            11             3                                         2020/ДШМ/1399

 

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2003000000152 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б......... овгийн Э.Б, 19..... оны 6 дугаар сарын 17-ны өдөр ................ аймагт төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Э.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хамбын 3-41 тоот хашааны баруун замд 62-76 УНЭ улсын дугаартай “Hyundai Sonota-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...эсвэл согтууруулах ундаа, ... тээврийн хэрэгсэл жолоодох;” гэж, мөн дүрмийн 11.3-т “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас 36-42 УНК улсын дугаартай “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, улмаар мөн дүрмийн 3.5-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослыг цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчин дээрхи зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б- нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Д.А нь өөрт учирсан хохирлын хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие одоогоор 60 хоног цагдан хоригдож байна. Хоригдож байх хугацаанд настай эх маань цус харваж хүний асаргаанд орсон. Эх, хүү хоёроо асран хамгаалах ёстой байтал өөрийн арчаагүй байдлаасаа болж эрх чөлөөгөө хасуулсандаа харамсаж байна. Архины хор уршгийн талаар энд орж ирээд ухаарч байгаадаа гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон ар гэрийн минь байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Э.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2.168.528 төгрөгийг төлж барагдуулсан. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон шүүгдэгч Э.Б- нь өрх толгойлсон эцэг, мөн шүүгдэгч Э.Б-гийн эхийн эрүүл мэндийн байдал муу байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Шүүгдэгч Э.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хамбын 3-41 тоот хашааны баруун замд 62-76 УНЭ улсын дугаартай “Hyundai Sonota-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...эсвэл согтууруулах ундаа, ... тээврийн хэрэгсэл жолоодох;” гэж, мөн дүрмийн 11.3-т “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 36-42 УНК улсын дугаартай “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, улмаар мөн дүрмийн 3.5-д “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослыг цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин дээрхи зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.А-н “...Би 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Тэгшбуянгийн хамт өөрийн эзэмшлийн 36-42 УНК улсын дугаартай хар өнгийн автомашинтай Драгон төвөөс гараад Содон хорооллын уулзвараар ертөнцийн зүгээр эргээд гэр хорооллын дундах замаар хойшоо чиглэлтэй өгсөөд явж байхад гэнэт урдаас урсгал сөрөөд хар өнгийн “соната 5” маркийн автомашин хүрч ирээд мөргөсөн. Эхнэр бид хоёр машинаас буугаад гарч ирэхэд тухайн автомашины жолооч гэх эрэгтэй согтуу бууж ирээд надаас уучлалт гуйгаад байхаар нь манай эхнэр тэр нөхрийг хоёр удаа цохиод авсан. Тэгсэн хаанаас ч юм гэнэт нэг эрэгтэй хүүхэд хамраас нь цус гарчихсан гарч ирсэн. Эхнэр 102 болон 103 дугаар руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй түргэний тэрэг ирэхэд нөгөө залуу хүүхдээ дагуулаад зугтаагаад явсан. Миний баруун гарын сарвууны жижиг яс хугарсан. Ослоос хойш эмчилгээнд 800 гаран мянган төгрөг зарцуулсан баримтуудыг гаргаж өгсөн. Мөн автомашины үнэлгээгээр тогтоогдсон 1.300.000 төгрөг, нийт 2.168.528 төгрөгийг осол гаргасан буруутай жолоочоос яаралтай гаргуулан авах хүсэлтэй байна. Зам тээврийн осол гараад сарын хугацаа өнгөрч байхад осол гаргасан жолооч нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй учир гомдолтой байна. ...” /хх 17-19/,

гэрч Д.Тэгшбуяны “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өглөө нөхөр Д.А-н хамт 36-42УНК улсын дугаартай автомашинтай “Драгон” төвөөс гараад 11 дүгээр хороололд ажлын байран дээрээ очих гээд 1 дүгээр хорооллын хойд замаар урдаас хойшоо чиглэлтэй өгсөөд явж байхад гэнэт урдаас урсгал сөрөөд нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд бид хоёр бууж ирээд машинаа харахад нөгөө автомашины жолоочийн ар талаас 40 орчим насны согтуу эрэгтэй хүн бууж ирээд эгчээ “уучлаарай гээд байхаар” нь “чи чинь хүн аллаа шүү дээ” гэж хэлээд хоёр удаа алгадсан. Тэр хүний хажууд нэг эрэгтэй хүүхэд хамраас нь цус гарсан гүйгээд ирсэн. Тэгээд удалгүй нөгөө залуу чинь хүүхдээ дагуулаад зугтаад яваад өгсөн. ...” /хх 23/,

шүүгдэгч Э.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр найз Мөнхжаргалын гэрт буюу Хилчин хотхонд 0.75 литрийн 1 шил архи уугаад дүү Бат-Амгаланг дуудаж машинаа бариулаад гэртэй харьж унтаж амарсан. Маргааш өглөө нь машинаасаа тамхи авах гэтэл Мөнхжаргалын гэрт ууж байсан архинаас үлдчихсэн 200 гр орчим архи байхаар нь гэртээ авч ороод тэр архийг ганцаараа уусан. Тэгээд гэртээ байж байтал машиныхаа урд салхины шилийг солиулахаар ярьсан хүн залгаад хүрээд ирэх үү гэхээр нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед өөрийн “Хьюндай Соната-5” маркийн 62-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон хашаанаасаа гарахад авто машины баруун талын урд суудалд хүү Чинтулга суугаад хамгаалах бүсээ зүүгээд зорчиж явсан. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 3 дугаар гудамжид ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 20-25 км цагийн хурдтай явж байгаад баруун талын урд шалан дээр байсан мульти ундааг тонгойж аваад эргээд босоод иртэл өөдөөс ирж явсан хар өнгийн “Хьюндай Старекс” маркийн автомашины зүүн урд хэсэг рүү нь автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгтэл “Хьюндай Старекс” маркийн автомашинаас бууж ирсэн эмэгтэй чи архи уучихсан байна гээд намайг 2-3 удаа алгадсан. Тэгтэл жолооч гараа бариад зогсож байсан. Старекс машинд явсан эмэгтэй 102, 103 руу дуудлага мэдээлэл өгөөд утсаар ярьж байх хооронд нь би машинаа хаячихаад зугтаагаад гэр рүүгээ ороод хүүхдээ аваад такси бариад найз Сарантуяагийнд очоод зам тээврийн ослын талаар хэлчихээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь цагдаа дээр очсон. ...” гэх мэдүүлгүүд /хх 62-64/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онь 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4049 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Баруун сарвуу хаван хавдар, өвчин эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан. Баруун гарын алганы 5-р шивнүүрийн зөрүү ихтэй хугаралтай. 1. Д.А-н биед баруун гарын сарвууны алганы 5-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх 28-29/,

Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 209 дугаартай: “1. 36-42 УНК улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. 62-76 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Э.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, ...б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, ...газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” мөн дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан илрээгүй болно. Замын барилга байгууламж, хайс хашаа, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цаг агаарын байдлыг дүгнэлтэд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ...” гэх дүгнэлт /хх 52-53/,

Зам тээврийн осол, хзргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 4-11/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Б-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Б-гийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, улмаар зам тээврийн ослын газрыг орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т , мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Түүнчлэн, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас хорих ялыг сонгон шүүгдэгч Э.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт тохирсон байна.

Э.Б-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Б-гийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн 2003000000152 дугаартай эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Б-гийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.               

          

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                 Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ