Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02752

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02752

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Боржигон овогт Довдонгийн ******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 06 сарын 12-ны өдөр Наранцацралтын *******ад 1572 бүртгэлийн дугаартай итгэмжлэл нотариатаар гэрчлүүлэн үйлдэж, өөрийн өмчлөл, эзэмшлийн *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хөлслөх, зээлийн барьцаанд тавьж зээл авах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон. Тус итгэмжлэлийн дагуу Н.*******а нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.*******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаусыг 30,000,000 төгрөгөөр тооцож өмчлөх эрхийг шилжүүлсэн, мөн *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр тооцон эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. Гэвч дээрх 3334, 3335 бүртгэлийн дугаартай гэрээнүүд нь бодит байдалтай нийцэхгүй төдийгүй, дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Н.*******а нь Д.*******тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулахаар тохиролцож 320,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь бодит байдалд Худалдах худалдан авах гэрээ байгуулах сонирхолгүй байсан буюу Д.Энхцэцгийн нэр дээр газар, хаусаа шилжүүлчихвэл хугацаа алдахгүй дороо мөнгө чинь гарна гэж хэлсний үүднээс зээл авахын тулд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх газар болон зуслангийн байшингийн өмчлөх, эзэмших эрхийг Д.Энхцэцгийн нэр дээр шилжүүлсэн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-т заасан заалтыг зөрчсөн буюу зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм. Өөрөөр хэлбэл Н.*******а нь Д.*******т зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа дээрх газар, зуслангийн байшинг буцаан авахаар хэлэлцэн тохиролцож, бодит байдалд нийцэхгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Мөн 2020, 2021, 2022, 2023 онуудад энэ тухай удаа дараа сануулж, тохиролцсон хүүг нэмж төлж, барьцаа хөрөнгүүдээ буцаан шилжүүлж авах тухай ярилцан тохиролцсоор өдийг хүрсэн байна. Н.*******а нь Д.*******тэй 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 320,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлэ зээлийн гэрээ байгуулж улмаар Д.*******ийн нөхөр Д.ын Хаан банкны тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 215,100,000 төгрөгийг Найрамдал зуслан байрны мөнгө гэх гүйлгээний утгатайгаар Н.*******ийн Хаан банкны тоот дансруу шилжүүлж зээл авсан. Үүний дараа Н.*******а нь зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 32,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 14,500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөг буюу нийт 217,500,000 төгрөгийг төлсөн байна. Иймд 2019 оны 09 сарын 20-ний өдрийн М.ийг төлөөлж Н.*******ийн Д.*******тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, болон 2019 оны 09 сарын 20-ний өдрийн М.ийг төлөөлж Н.*******ийн Д.*******тэй байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар нэхэмжлэгч М.ийн өмчлөлд байсан *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, нэхэмжлэгч М.ийн эзэмшилд байсан *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.*******т даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д., Д.******* нараас М.*******, Н.*******а нарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 320,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 дугаар сарын хугацаатай зээлсэн. М.*******ийн зээлийн барьцаа болгоод Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Найрамдалын 32 тоотод байрлах 367.25 м.кв талбайтай 3 давхар тоот хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус мөн тоотод байрлах 938 м.кв талбай дээр зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг Д.*******т шилжүүлсэн. Ингээд сард 320,000,000 төгрөгийн 5 хувийн хүү болох 16,000,000 төгрөгийг Н.*******а нь шилжүүлж нийт 217,500,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл, зээлийн хүүгээ ерөөсөө огт төлөхгүй яваад байсан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзаж ярилцаад үүнээс хойш 2, 3 удаа уулзсан. 2020 оны 12 сарын 15-ны өдөр Н.*******а, М.******* нар ковид-19 хүнд байдлын улмаас төлж чадахгүй байна, дахиад зээлээ сунгаад өгөхийг гуйсан. Хэрвээ 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлээ төлөхгүй байвал зээлийнхээ өрөнд тооцоод барьцаа хөрөнгөө өгье гэж тохирсон. Үүний үндсэн дээр зээлийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулж, сунгахад мөнгөө төлөөгүй. Тухайн үед 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээл төлөх болон хугацаа олгож өгнө үү гэсэн боловч зээлийг төлөөгүй учраас хоорондоо ярилцаад энэ зээлийн төлбөрт нь газар болон тухайн байшинг тооцоод Д. өмчлөлдөө хэвээр үлдээсэн. Тэгэхээр бид үүнийг зээлийнхээ төлбөрт тооцоод авчихсан шүү дээ гэдэг үүднээс албадан гаргах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл хүлээж аваагүй. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус тооцох мөн хүчин төгөлдөр бус нэхэмжлэлийн 59.5 дахь хэсэгт зааснаар буцаан шилжүүлэх үүрэг байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр газар шилжүүлэх эрхийг шилжүүлж өгсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар зэргийг нотлох баримтаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.*******ээс Н.*******ад 2019.06.12-ны өдөр олгосон итгэмжлэл, Нийслэлийн засаг даргын 2009.05.06 өдрийн 214 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамж, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2009.06.04-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Гүйлгээний баримт, Н.*******ын тайлбар /хх-ийн 232-233 тал/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдлын зам гудамж 32 тоот хаягт байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууц, мөн хаягт байрлах 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар /нэгж талбарын 1801401012, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай/ тус бүрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, бусдад барьцаалсан эсэх тодорхойлолтыг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлж өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар, түүнчлэн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нар нь шүүхэд бичгээрхариу тайлбар гаргаагүй байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.*******ээс Н.*******ад 2019 оны 06 сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэл, Нийслэлийн засаг даргын 2009 оны 05 сарын 5 сарын 6-ны өдрийн 214 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамж, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 06 сарын 04-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч М.******* 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.*******ад 1572 бүртгэлийн дугаартай итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр өөрийн өмчлөл, эзэмшлийн *** дүүргийн *** хороо, **** тоот хаягт байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, *** дүүргийн *** хороо, **** тоот хаягт байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хөлслөх, зээлийн барьцаанд тавьж зээл авах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон байна. /хх-ийн 185 тал/

 

8.Дээрх байдал нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, мөн зүйлийн. 62.4 дэх хэсэгт Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан зохицуулалттай нийцжээ.

 

9.Төлөөлөгч Н.*******а нь дээрх эрх олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлүүлэгч М.*******ийн өмчлөлөийн *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 367,25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаусыг 30,000,000 төгрөгөөр, *** дүүргийн *** хороо, **** тоотод байрлах, 938 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр үнэлж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.*******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна. / хх-ийн 10, 183 тал/

 

10.Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр хариуцагч Д.******* нь маргаж буй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдлын зам гудамж 32 тоот хаягт байршилтай, 367,25 м.кв талбай хувийн сууцны зориулалттай Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хх-ийн 187 тал/

 

11.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хуулиар хориглосон буюу зөвшөөрөгдөөгүй хэлцэл, дүр үзүүлэн хийсэн гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг тус тус ойлгох бөгөөд худалдах-худалдан авах гэрээ нь эдгээр шинжийг агуулаагүй байна.

 

12.Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр зарж борлуулсан гэх тайлбар гаргаж маргасан бөгөөд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 63.4 дэх хэсэгт Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

 

13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар шаардах эрхтэй гэж мэтгэлцэж байна.

 

14.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч М.*******ийн өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй.

 

15.Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй байна.

 

16.Нэхэмжлэгч М.******* нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.*******ад 1572 бүртгэлийн дугаартай итгэмжлэл олгосон байх ба өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр зарж борлуулсан гэж үзвэл Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар шаардах эрх нь нээлттэй гэж үзнэ.

 

17.Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд М.*******, Н.*******а нарт 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 320,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 дугаар сарын хугацаатай зээлсэн. Н.*******а нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 217,500,000 төгрөг төлсөн гэж мэтгэлцэв.

 

18.Хэрэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт авагдаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.*******тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

 

19.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан бөгөөд Н.*******а, Д.******* нар нь өөрсдийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардаагүй байхад гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус энэ хэлцлийн үр дагаврыг арилгахаар шаарджээ. Харин төлөөлөгчийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэснээрээ хохирол амссан гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхтэй болно.

 

20.Хариуцагч Д.*******т холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

21.Төлөөлөгч Н.*******а нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

22.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.*******т холбогдох 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, *** дүүрэг, *** хороо, *** тоотод байрлах 367.25 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууцны зориулалттай зуслангийн хаус, 938 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ