Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1428

 

 

 

 

 

 

   2020           12              1                                         2020/ДШМ/1428

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

прокурор М.Гэрэлбадрах,

шүүгдэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1709008660488 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б............... овгийн Б.Б, 19..... оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., ..................... дүүргийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж, хорих ялын хэмжээг 5 жил 10 хоногоор тогтоож, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял тус тус шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 5 жил 6 сар 10 хоногоор тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлд хамруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар хорих ялаар тогтоож, уг ялаа эдэлж байсан;  

Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Гэрэлт гудамж”-нд үйлчлүүлж байсан Ж.А-н “Iphone 7s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоригдож байх хугацаандаа хорих ангийн дотоод дэг журмыг чанд сахиж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд нийгэм, сэтгэлзүйн албанаас зохион байгуулдаг хоригдол нарыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, нийгэмд зөв бодолтой амьдрах зэрэг засрал хүмүүжлийн бүхий л сургалтад идэвхитэй хамрагдан амьдралын чиг баримжааг ойлгож авсан. Мөн хорих ангиас өгсөн ажлын байранд идэвхитэй ажиллаж үйлдвэрлэлийн ажил хийж хөдөлмөр хүмүүжлийн аргыг сурсан. Эдгээр байдлуудыг хорих ангиас харгалзан үзэж “хаалттай” дэглэмийг “нээлттэй” болгон өөрчлөхөөр магадлан хэлэлцэх гэж байх үед дээрхи дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Цагдан хорих 461 дүгээр ангид авчирсан. Миний эцэг өндөр настай, тал харвалт өгсөн, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, асран халамжлах хүнээр дутмаг байдаг. Хоёр дүү маань байдаг ч нэг нь тусдаа гарсан, нөгөө нь хөдөө ажилладаг тул заримдаа хамаатнууд маань хардаг. Үлдсэн ялаа нээлттэй хорих байгууллагад эдэлж, улмаар магадланд орж эцгээ асран халамжлах хүсэлтэй байгаа билээ. Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг. Иймд ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх эрх нь шүүхэд байна. Шүүх шүүгдэгчийн эдлэх ялыг тогтоохдоо өмнө хэдэн удаа гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжил олсон эсэх, мөн шүүхээс оногдуулсан ялын цээрлэл эдэлсэн, Эрүүгийн хуулийн зорилго хэрхэн хэрэгжсэнтэй холбогдуулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв шүүгдэгч Б.Б- нь засрал хүмүүжил олсон, хаалттай хорих байгууллагаас нээлттэй хорих байгууллагад шилжих хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бол харьяа хорих байгууллагынхаа тоо бүртгэл болон бусад нийгмийн ажилтанд хүсэлт, гомдлоо гаргаж ялыг нээлттэй хорих байгууллага руу шилжүүлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Б.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Гэрэлт гудамж”-нд үйлчлүүлж байсан Ж.А.-н Айфон 7 эс /Iphone 7s/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.А-н “2017 оны 8 дугаар сарын 14-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн гэрэлт гудамжинд Голомт банкны урд ширээн дээр найз нарын хамт суусан. Намайг ариун цэврийн өрөө рүү яваад ирэхэд миний гар утсыг хүн хулгайлсан гээд цагдаа ирсэн, хүнийг нь барьсан байсан. Би тухайн утсыг АНУ-аас 2017 оны 2 дугаар сард 2.4 сая төгрөгөөр авч байсан. Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх 27/,

шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байсан байх, би хугацааг нь тод санахгүй байна. Ямарч байсан тухайн өдөр Сүхбаатар дүүргийн Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн тэнд явж байгаад хүний гар утас болон повэр банк зэргийг хулгайлан авсан. Тухайн эд хөрөнгийг буцаан өгсөн. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” /хх 61/,

“Дамно” ХХК-ийн гар утасны үнэлгээ /хх 68-69/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/ зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоороо хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох тул шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Б- нь энэ гэмт хэргийг үйлдэж, шүүхээр хэргийг шийдвэрлээгүй байхдаа буюу 2018 оны 1 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн үйлдсэн хүч хэрэглэсэн дээрмийн болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэлд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялаа эдэлж байгаад энэ гэмт хэрэгтээ шүүхээр ял шийтгүүлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б-ийн одоо биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцжээ.  

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг буцаан өгсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон байна. 

Шүүгдэгч Б.Б- “...эцэг өндөр настай, тал харвалт өгсөн, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул хүний асрамжинд байх шаардлагатай ба хоёр дүү байдаг боловч нэг нь тусдаа гарсан, нөгөө нь хөдөө ажилладаг. Миний бие гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа тул ар гэрийн болон хувийн байдлыг харгалзаж, хаалттай дэглэмийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.

Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, урьд хулгайн болон оргон зайлах гэмт хэрэгт хоёр удаа, энэ гэмт хэргийн үйлдлийн дараа дээрмийн болон хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус ял шийтгүүлж, хаалттай хорих байгууллагад ял эдэлж байсан зэргийг нь харгалзаж, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ж.А-н гар утсыг цэнэглэгч /power bank/-ийн хамт хулгайлсан үйл баримт тогтоогдсон байхад зөвхөн гар утасны үнэлгээгээр яллах дүгнэлт үйлдсэн;

шүүгдэгчийн урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудсыг мөрдөн шалгах явцад хэрэгт хавсаргаагүй;

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоолыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн даруй хуульд заасны дагуу яллагдагчаар мэдүүлэг аваагүй, хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр түдгэлзүүлж, 20-ны өдөр сэргээсэн атлаа 2020 оны 7 дугаар сард яллагдагчаар мэдүүлэг авсан, ингэхдээ аль өдөр авсан нь тодорхойгүй, өдрийг тэмдэглээгүй зэрэг алдаануудыг мөрдөн шалгах явцад гаргасныг прокурорын хяналтын шатанд засч залруулаагүй болохыг давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалд зориуд цохон тэмдэглэж, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхыг прокурор анхаарах хэрэгтэй.

Гэвч дээр дурьдсан зүйлс нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний зөрчил биш гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Учир нь, шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримт болох түүний урьд шүүхээр ял шийтгүүлж байсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг прокуророос шинээр гаргаж өгөх замаар хэлэлцүүлсэн, яллах дүгнэлтэд нэмж тооцогдвол зохих гар утасны цэнэглэгчийн үнэлгээ /15.000 төгрөг/ хохирлын хэмжээнд ороогүй боловч хохирогчид гар утас болон цэнэглэгчийг тус тус буцаан өгч хохиролгүй болгосон нь тогтоогдсоноос гадна шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08ы өдрийн 2020/ШЦТ/812 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ