Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 0823

 

                                                              Б.И-гийн нэхэмжлэлтэй

                                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд Э.О нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0029 дүгээр шийдвэртэй, Б.И-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дугаартай “Б.И-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Б.И-г урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.И-гийн ажилгүй байсан 6 сар 10 хоногийн цалин 5.642.980 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.И-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 110.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 800.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: “...Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн  дарга танаа гэсэн багш, ажилчдаас гомдол бүхий бичиг ирсэн. Тухайн бичгийг шүүх хуралдаан болох өдөр миний бие нотлох баримт болгон шүүгчид танилцуулж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй шүүх хурал болсон. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын хэлтэс нь мөн санхүүгийн ээлжит шалгалтаа хийж дүнг аймгийн Засаг даргад танилцуулахаар хүлээгдэж байгааг шүүхэд хэлсэн.

Аймгийн Засаг дарга Б/199 дүгээр захирамжаар Б.И-г чөлөөлөхдөө Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай зөвшилцөх асуудлыг хурлын тэмдэглэлээр баталгаажуулсаар байтал Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 08 дугаар тогтоолын 12 дахь заалтад “...33.4, 36.2-т заасан зөвшилцөх гэдгийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу ойлгож хэрэглэнэ”, Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолын 11-д “Хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасан журмаар явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна” гэсэн заалтыг баримтлалгүй хэт нэг талыг барин шийдвэр гаргаж байна гэж үзэж байна. Мөн Б.И нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа эцэг, эхээс бэлэн мөнгө хураан авч цэцэрлэгийн засвар, ногооны хүлэмж, ангиудын дрож гэх мэт хөрөнгүүдийг бэлдэж байсан нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийг дахин хянаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаар захирамжаар Б.И-г Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилж улмаар мөн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар 30.1.10, Иргэдээс ирсан гомдол, хамт олны сэтгэл хангамжийн судалгаа, Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Б.И-г уг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.И “...миний бие ажил дээрээ алдаа эндэгдэл гаргаж байгаагүй, эрхэлсэн ажилдаа чин шударгаар зүтгэж 18 жил тасралтгүй ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй байж шууд захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх болоод ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн” гэж, хариуцагч “...үр дүнгийн гэрээ дүгнэхтэй холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас 5 дугаар цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдээс санал асуулга авахад эрхлэгч Б.И-г хамт олны сэтгэл ханамж муу гэсэн үнэлгээтэй, эцэг эхчүүдээс тэгшитгэж мөнгө хураасан гэх гомдол гарсан. Иймд эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн” хэмээн тайлбарлан маргасан байна.

Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн Бүртгэл, мэдээллийн ажилтан Э.Байгалмаа, Нийгмийн ажилтан А.Ууганцэцэг нар 5 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнууд, эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн үйл ажиллагааны түвшинг үнэлэхээр санал асуулга авсан бөгөөд уг санал, асуулга нь тухайн цэцэрлэгийн багш, ажилтнуудтай холбоотой, тус цэцэрлэгийн 26 багш, ажилтнуудаас авсан санал асуулга нь 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.И-г нэр заан шүүмжилсэн, буруутгасан, түүний нэрээр бичгээр гаргасан санал, гомдол биш болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.10-д “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, аймгийн Засаг дарга нь аймгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн аймгийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй байх боловч энэхүү бүрэн эрх нь гагцхүү холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцсэн, албан тушаалаас халах, чөлөөлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжих юм.

Гэтэл маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  Б/199 дүгээр захирамжид нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан ямар нөхцөл бүрдсэн талаар дурдаагүй, ажлаас чөлөөлж буй хууль зүйн үндэслэлийг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг тус тус зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “тус цэцэрлэгийн багш ажилчдаас өмнө ажиллаж байсан удирдлагатай холбоотой санхүүгийн болон ёс зүйн асуудал байгаа, түүнийг шалгаж өгнө үү хэмээн албан бичиг ирсэн бөгөөд санхүүгийн ээлжит шалгалтаа хийж, дүнг аймгийн Засаг даргад танилцуулахаар хүлээгдэж байгааг шүүхэд хэлэхэд шүүх уг хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг хийсэн” гэж дурдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ажлаас халах, уг үндэслэл тус бүр тодорхой байх төдийгүй нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч Б.И-г ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа тогтоогоогүй баримтыг сүүлд тогтоох гэж байгаа талаарх баримтыг гаргаж өгөх нь үндэслэлгүй тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 222 дугаар албан бичиг зэргээс үзвэл хариуцагч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу аймгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас Б.И-г чөлөөлсөн гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Б.И-г ажлаас чөлөөлөх тухай” Б/199 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.      

 

         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА