Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00694

 

Ж.Батцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 101/ШЗ2016/01191 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 717 дугаар магадлалтай,

Ж.Батцогтын нэхэмжлэлтэй

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Батцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2009 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 419 дугаар захирамжаар Тээвэр, Авто замын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 тоот тогтоолын дагуу аймгуудын Тээвэр, Авто замын газрыг “Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГазрын орон нутаг дахь салбаруудтай нэгтгэн зохион байгуулсан. Тус тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/147 тоот захирамжаар “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймаг дахь салбарт шилжүүлсэн. Шилжин очсоноос хойш ажлын байраар хангаагүй ба улмаар “Авто тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ тогтоолыг хэрэгжүүлээгүй, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/260 тоот тушаалаар ажлаас халсан. Ажлын байраар хангаж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Засгийн Газрын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй, шууд ажлаас халсанд гомдолтой байна. Мөн ажлаас халахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэргийг мөрдлөгө болгоогүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, холбогдох хууль тогтоомж журмын дагуу цалин хөлс бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих, ажлын байраар хангуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 55 тоот тогтоолын дагуу Аймгийн Тээвэр, Авто замын газрыг "Автотээврийн Үндэсний Төв" ТӨҮГ-т нэгтгэн зохион байгуулсан. Манай байгууллагын зүгээс Аймгийн Тээвэр, Авто замын газраас шилжин ирсэн ажилчдыг тохирох ажлын байранд ажилд авсан бөгөөд нэхэмжлэгч Ж.Батцогтыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх ажлын байраар хангах боломжгүй байсан. Иймд тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас нь чөлөөлсөн. Хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тул цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 101/ШЗ2016/01191 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн менежерийн ажлын байранд томилуулах, ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Батцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 717 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32016/01191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Батцогтыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 13-ны өдрийн дугаар 717 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбишийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 39071 тоот “Шүүх хурлыг хойшлуулах тухай” захирамж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 159 тоот “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол”-д хурлын товийг зарлаагүй, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хурлыг хийхдээ “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамж мөн ерөнхий шүүгч “Шүүх хуралдаан даргалагчийг томилж шийдвэрийг албажуулах тухай” захирамж гаргаагүй зэрэг процессийн алдаатай байхад анхан шатны шүүх шийдвэр гаргасан бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж магадлал гарсан нь хуулийг илт зөрчсөн гэж үзэж байгаа болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 13-ны өдрийн дугаар 717 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Батцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, цалин хөлс бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжих, ажлын байраар хангуулах, ...” тухай шаардлага гаргажээ /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А/147 дугаар захирамж гаргаж аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар ажиллаж байсан Ж.Батцогтыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ салбарт шилжүүлсэн байна.

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/260 дугаар тушаалаар Ж.Батцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хавтаст хэргийн 5-7, 34-35 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан, хариуцагч ажлаас халах тухайгаа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж зөвтгөөгүйгээс гадна хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. дах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан зохицуулалт нь энэ зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой.

Тодруулбал, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хуулиар ногдуулсан энэхүү үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг шүүх анхаараагүй байна.

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын тушаалаар Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн орон тоог шинэчлэн баталж, улмаар төвийн даргаар Ч.Жамбалнямбууг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын хугацаагаар шинээр томилжээ /хавтаст хэргийн 44-46, 56 дугаар тал/.

Үүнээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ж.Батцогтыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцэх ажлын байраар хангах боломжгүй” талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ямар ажлын байранд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй байхад шүүх энэ байдлыг тодруулаагүй, мөн шүүх хуралдааны явцад гаргасан “...менежерийн ажилд томилуулах” шаардлагыг хариуцагчид танилцуулаагүй, энэ талаар хэлэлцээгүй атлаа дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-г зөрчсөн гэж үзнэ.

Аймгийн Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сэлэнгэ салбартай нэгтгэснээс нэхэмжлэгч Ж.Батцогтын өмнө ажиллаж байсан ажлын байр хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл эдгээр 2 байгууллага өмнө нь хичнээн орон тоотой байсан, нэгтгэсний дараа хэдэн орон тоо хасагдсан нь тодорхой бус байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх” талаарх гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 101/ШЗ2016/01191 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 717 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ