Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02831

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/02831

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******н *******  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* -д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 15,300,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 15,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Худалдах-худалдах авах 0470 дугаар гэрээг байгуулсан. 2010 онд үйлдвэрлэсэн, ******* УАА улсын дугаартай -20 маркийн машиныг 15,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээгээр тохирсон төлбөрийг урьдчилгаа болгож 4,600,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг Нэт капитал ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцож Б.*******д төлбөрийг бүрэн төлсөн. 2023 оны 08 дугаар сард техникийн үзлэг буюу оношилгоонд орох гэтэл оношлогооны төвийн ажилтан нь таны автомашины арлын дугаар нь давхар цохьсон байна. Тиймээс оношилгоонд орох боломжгүй гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг худалдсан Б.*******тэй холбогдож арлын дугаарыг давхар цохисон талаар хэлж худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн 15,300,000 төгрөгөө буцаан авах талаар хэлэхэд удахгүй мөнгийг минь буцаан өгье гэсэн. Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг давхар цохисон, пайз байхгүй, арлын дугаарын будаг ховхорсон гэдэг үндэслэлээр үзлэг оношилгоонд орох боломжгүй бөгөөд замын хөдөлгөөнд ямар ч оролцох боломжгүй. Тус худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй" гэх заалтыг зөрчсөн эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг худалдсан байна. Иймд Б.*******тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0470 дугаартай Худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн 15,300,000 төгрөгийг гаргуулна гэв.

2.Хариуцагч Б.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.*******той 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр харилцан тохиролцож приус-20 маркийн автомашиныг зарсан. Уг машиныг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Да хүрээгийн ченж болох гээс 12,300,000 төгрөгөөр худалдан авч засвар үйлчилгээг нь хийгээд Н.*******ид зарсан. гийн ХААН банкны данс болох тоот дансаар 12,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэй Худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, өмнө нь хэд хэдэн удаа машин зарж байсан болохоор нарийн шалгаж үзэлгүй шууд мөнгийг нь шилжүүлж авсан. Уг тээврийн хэрэгслийн арал давхар цохисныг мэдээгүй. Н.*******ийг 2023 оны 11 дүгээр сард холбогдоход би Мишээл экспогийн авто тээврийн үндэсний төвийн хариуцсан мэргэжилтнээс лавлаж асуухад наад машин чинь яг арал нь цохисон үгүйг бол мэдэхгүй байна гэхдээ асуудалтай юм байна гэж хэлсэн. Тэгж би мэдсэн. нь Д. гэдэг хүнээс худалдаж аваад надад зарсан байсан. Энэ тухай Д.д хэлэхэд харин тийм байсан, болохгүй бол би буцаагаад машинаа авья гэдэг тайлбарыг хэлсэн. Д. нь анхнаасаа мэдсээр байж уг тээвэрийн хэргэслийг зарсан байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хаанбанк ХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримт, Зээлийн гэрээ, Фидуцын гэрээ, гэрэл зураг зэрэг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, оношлогооны хуудас, анхны тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хэдэн удаа оношлогоонд хамрагдаж байсан талаарх лавлагааг, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 15,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй доголдолтой автомашин шилжүүлсэн бөгөөд автомашины арлын дугаар давхар цохьсон эрхийн зөрчилтэй тул төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг тээврийн хэрэгслийн арал давхар цохисныг би болон Б. мэдээгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1659 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******тэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.Арлын дугаар NHW203563115, Toyota Prius маркийн мөнгөлөг өнгийн суудлын автомашин, 3.1.Урьдчилгаа 4,600,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн ба үлдэгдэл төлбөрийг Нэткапитал ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцов. 5.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

8.Хариуцагч Б.******* нь гэрээний үүрэгт 15,300,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба энэ тухайд зохигч хэн аль нь маргаагүй.

 

9.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 15,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг цуцлах шаардлага нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

 

10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

11.Нэхэмжлэгч Н.******* нь Худалдагч хөдлөх эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, автомашины арлын дугаар давхар цохьсон эрхийн зөрчилтэй гэж маргасан.

 

12.Хариуцагч Б.******* нь шүүхэд анхнаасаа мэдсээр байж уг тээврийн хэрэгслийг надад зарсан тул Д. буруутай гэх тайлбар гаргаж, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд арлын дугаарын зөрчилтэй, доголдолтой гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан С.Лхагвадорж, Б. нарыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулна гэж мэтгэлцэж байна.

 

13.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Toyota Prius-20 маркийн ******* УАА улсын дугаартай автомашин гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй байхаар заасан тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дараахь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

14.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1659 дугаар шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн NHW20 арлын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины арлын дугаарыг NHW20-3563115 дугаараар сольсон байна. Уг автомашины кузов их биеийг залгаагүй, зүүн гар талын голын баганад байрлах арлын дугаар бүхий пайзыг арилгасан байна. Арлын дугаар засварласан тул техникийн хяналтын үзлэгт орох боломжгүй гэжээ. /хх-ийн 74-92 тал/

 

15.Иймд хариуцагч Б.*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 15,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,050 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 15,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,850 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 305,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ