Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1429

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

  2020            12               1                                        2020/ДШМ/1429

 

 

Б.Ч-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах, 

шүүгдэгч Б.Ч-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/975 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008016381157 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б............... овгийн Б.Ч, 19...... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ............... аймгийн Бугант суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод түр оршин суух, /РД: .........../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

Б.Ч- нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хангайн 34-9 тоотод оршин суух хохирогч Б.Б-н байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, “Samsung A-40” маркийн гар утас, “Samsung White-2” гар утас, хонины мах, бугуйн цаг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ч-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Ч-г 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ч-д оногдуулсан 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-гийн цагдан хоригдсон нийт 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг диск-ийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ч-гийн эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-гийн эх Б.Янжмаад хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгазан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Б.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлгэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ч- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хамтран амьдрагч байсан хүний нөлөөгөөр архины хамааралтай хүмүүстэй нөхөрлөж, архи уусан үедээ хамт архи ууж байсан хохирогч Б.Б-н зөвшөөрлөөр түүний өгсөн хонины хаа, гуя зэргийг зарж 10.000 төгрөгөөр нь архи авчирч хамт ууцгаагаад, би гэртээ харьсан. Гэтэл намайг гар утас, цаг, мах, 100.000 төгрөг хулгайлсан гэж гүтгэж, хүний өмнөөс өөрийгөө хамгаалах үг ярианы чадваргүй, миний араас явах хүнгүй болохоор цагдаа айлган сүрдүүлж “авсан, зарсан гэж хэргээ хүлээ” гэж загнаж мэдүүлэг авсан. Миний эх халамжийн тэтгэмжээрээ энэ хүнд 100.000 төгрөг өгч, гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Эх маань 80 нас хүрч байгаа, өрөөсөн нүд нь хараагүй, 2 чих нь сонсголгүй, зайлшгүй хүний асаргаанд байх шаардлагатай. Миний бие урьд нь хулгайн болон өөр гэмт хэрэгт холбогдож байгаагүй, архи уусан үедээ агсам тавьсан гэж 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусаад маш их гэмшсэн. Миний бие архи уулгүй, эхийгээ асарч байсан. Гэтэл найзууд дуудаад архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Надад нэг удаа итгэл үзүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эхийгээ асрахад минь туслалцаа үзүүлж өгнө үү. Өвлийн улирал ирж байгаа учраас ээжийнхээ гэрийн дулаалга, түлш, галлагаа, гадна 00-д бие засах зэргээс болж амь насанд нь эрсдэл учрахвий гэж маш их айж, сэтгэлийн гүн дарамтанд өдөр хоногийг өнгөрөөж байна. Би цаашид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, архины хамааралтай хүмүүстэй нөхөрлөхгүй, эхийгээ асарч, шударга үнэнээр ажиллаж амьдрах болно. Надад нэг удаа итгэл үзүүлнэ үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ч- нь бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогч Батбаярын гэрт ганцаараа орж байгаа бичлэг байдаг. Мөн мөрдөн байцаалтын болон прокурорын хяналт, шүүхийн шатанд хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж байсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-д оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Б.Ч-гийн хувьд өмнө хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээр орж цагаатгагдсан нөхцөл байдаг. Гэвч уг асуудал одоогийн холбогдсон гэмт хэрэгтэй хамааралгүй. Мөн төрсөн эхийгээ зодож гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. Холбогдсон гэмт хэрэгт нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцитай тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Б.Ч- нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хангайн 34-9 тоотод оршин суух хохирогч Б.Б-н байнга амьдрах  зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, Самсунг А-40 маркийн гар утас, Самсунг вайт-2 гар утас, хонины мах, бугуйн цаг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ унтаж байгаад сэрээд хаалга руу харсан чинь манай гэрийн хаалганы түгжээ мултарсан байхаар нь босоод хаалгаа нээгээд гадаа гарахад гэрийн хоёр бүслүүр тайлаад хаалганы хажуугаар гэрийн цоож нээсэн байсан. ...Гэрийнхээ эд зүйлээ бүртгэсэн чинь хөргөгчинд байсан хонины хоёр ширхэг гуя, түрийвчинд байсан 80.000 төгрөг, мөнгөний саванд байсан 20.000 төгрөг, ширээн дээр байсан миний бугуйн цаг, Самсунг А-40, Самсунг вайт-2 маркийн гар утаснууд байхгүй байсан” /хх 26/,

шүүгдэгч Б.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр Түмээ ахын гэрт бид найзуудынхаа хамт архи уусан. Би гэр рүүгээ харих замдаа гэрийнхээ урд талын Хайрхан 34-9 тоотын хашаанд орсон ба тэр үед гэрийнх нь хаалганы үүдэнд очтол цоожгүй болохоор нь татаж үзсэн чинь дотроосоо цоожилсон байхаар нь хаалгыг нь нээсэн. Тэгтэл эрэгтэй хүн унтаж байхаар нь ороод гар утас, түрийвчийг нь орны толгой хэсгээс, 2 хонины гуяыг хөргөгчнөөс аваад гарсан” /хх 33, 53/

яллагдагч Б.Ч-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 43/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн  хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх 37-39/ зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Ч-гийн дээрх хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Ч-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохирсон байна.  

Шүүгдэгч Б.Ч- нь “...эх маань 80 настай, өрөөсөн нүд нь хараагүй, 2 чих нь сонсголгүй, хүний асрамжинд байх шаардлагатай. Миний бие урьд хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа тул ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзаж, надад нэг удаа итгэл үзүүлнэ үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулахаар хуульчилсан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээг дахин доошлуулж, 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хуульд нийцсэн төдийгүй өөр байдлаар хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх болон хорихоос өөр төрлийн ял шийтгэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан гэж үзэхээр байна” гэж, “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ...” гэж тус тус дүгнэсэн нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн суурь зарчимтай нийцэхгүйгээс гадна хууль зүйн хувьд халагдсан нэр томъёо ашигласан зөрчил гаргасныг цаашид гаргахгүй байх талаар анхаарах хэрэгтэй.

Учир нь, шүүгдэгч нь энэ хэргээс өөр хэрэгт өмнө нь шүүхээр ял шийтгүүлж, тухайн ял шийтгэлийг эдэлж дууссан бол “ял шийтгэлийн хугацаа дууссан” гэж үзэхгүй бөгөөд үүнд ялтай байдал гэх хууль зүйн ухагдахуун яригдахгүй, мөн түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж дүгнэж байгаа бол тухайн зүйлийн гол нөхцөл болох “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07ы өдрийн 2020/ШЦТ/975 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ