| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0743/З |
| Дугаар | 128/ШШ2023/0972 |
| Огноо | 2023-12-13 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0972
2023 12 13 128/ШШ2023/0972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н*** /РД:***/
Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ү***
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын буцалтгүй тусламж олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Д.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д***, Д.Ү*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н*** нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын буцалтгүй тусламж олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах-аар маргасан.
2.Д.Н***т Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.
3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2023/7062 дугаар захирамжаар Д.Н***ын гаргасан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын буцалтгүй тусламж олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Н*** би 2019 оны 3 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах референтээр ажиллаж байгаад мөн оны 10 дугаар сард гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагын улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмадын байгууллагад харьяалагддаг. Миний бие Хэрэг эрхлэх газрын ахлах референтийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа гэр бүлийн хүнээ эмчлүүлж, ямар нэг байгууллагад ажиллаагүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл сайн дураар нийгмийн даатгал төлж, өндөр насны тэтгэврээ мөн онд тогтоолгосон. Төрийн байгууллагад ажилласан хугацаа 30 гаран жил байдаг бөгөөд өмнө нь төрөөс ямар нэгэн тусламж авч байгаагүй болно.
Д.Н*** миний бие Монгол Улсын Төрийн албанд тасралтгүй 32 жил ажиллаж, миний бие Төрийн банкны Ард бизнес төвийн Захирлаар 2016- 2019 онд ажиллаж байгаад мөн оны 3 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратеги удирдлага, зохицуулалтын газарт ахлах референтээр дэвшин ажилласан. Улмаар ар гэрийн хүндэтгэх шалтгааны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон /2020 оны 5 дугаар сард 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох байсан/ тэтгэвэрт гарахад 6 сар дутуу байхад хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг хариуцагч тал Засгийн газрын 2019 оны 07 тогтоолд зааснаар Таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гээд байгааг би эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.
Миний ажлаас чөлөөлөх хүсэлт гаргах шалтгаан бол манай гэр бүлийн хүн 2018 оны 10 дугаар сард хүнд хагалгаанд орсон юм. Намайг ЗГХЭГ-т ажиллаж байх үед төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан албан хаагчдад буцалтгүй тусламж өгөх Засгийн газрын дээрх 2019 оны 07 дугаар журмын 1,2-д "Төрийн албанд нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан тохиолдолд" заалт мөрдөгдөж байсныг иргэн Ж-ийн нэхэмжлэлээр шүүх хүчингүй болгосныг Засгийн газар ёсчилсон. Түүнчлэн надтай хамт ажиллаж байсан төрийн ахмад албан хаагч тэтгэврээ тогтоолгоод 4 жил болсны дараа эргэж Төр, засгийн үйлчилгээний байгууллагад ажилд орж, тодорхой хугацаанд ажиллаад төрд ажилласан 36 сарын буцалтгүй тусламж авсан бодит жишээ байдаг. Миний хувьд дээрх хоёр тохиолдол нь миний амьдралтай төстэй байгааг харгалзан шүүхэд хандаж, төрийн ахмад ажилтны хувьд 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж аваагүй эрхээ хангуулах нэхэмжлэл гаргах нь зөв гэж үзсэн.
Төрийн албаны тухай хуульд "төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор, тусламжийн дээд хэмжээ 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх"-аар заасан. Хуульд заасан "нэг удаагийн буцалтгүй тусламж"-ийн үндсэн зорилго нь төрийн албанд олон жил, тогтвортой ажилласан байдлыг урамшуулах зорилготой байхад 35 жил тасралтгүй төрийн албаны 4 ангилалд ажилласан боловч тэтгэвэрт гарахаас 6 сарын өмнө амьдралын аргагүй байдлын улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ахмад ажилтанд олгогдохооргүй үр дагавар үүсгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, цаашилбал, захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчим болох Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын суурь зарчим зөрчигдсөн тул надад тусламж олгохыг даалгаж өгнө үү. гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан бөгөөд Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө гэж заасан бөгөөд тус газарт төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 46.2.4-т зааснаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, түүнчлэн төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулж, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон тул дурдсан хууль, журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Н***ын Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын буцалтгүй тусламж олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.
2.1.Миний бие Төрийн албаны тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-д заасан төрийн албаны 4 ангиллын албан тушаалуудад ямар нэг тасалдалгүй ажилласан нь хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж төрийн албанд олон жил, тогтвортой ажилласан байдлыг урамшуулах зорилгод бүрнээ нийцэж байна.
2.2.Тухайн үед ар гэрийн нөхцөл байдлын улмаас буюу эхнэрийг эмчлүүлэх шаардлага гарч ажлаасаа чөлөөлөгдсөн боловч дээр дурдсанчлан миний төрийн байгууллагад ажилласан хугацаа 30 жил байдаг бөгөөд өмнө нь төрөөс ямар нэгэн тусламж авч байгаагүй.
3. Нэхэмжлэгч Д.Н*** нь 1993 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2001 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Увс аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэрээр тогтоосон.
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тушаалаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож, 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар чөлөөлөгдсөн.
Монгол ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолоор Монгол ардын хувьсгалт намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдож, 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2012-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын газрын захирлаар ажилласан.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар тушаалаар Д.Н***ыг Стратегийн удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референтээр томилж, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалаар чөлөөлжээ.
4.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэж, 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ... гэж заасан.
5.Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө. гэж заасан байна.
6.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан; гэж зааснаар гэр бүлийн хүнээ эмчлүүлэх шаардлагаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, түүнчлэн төрийн албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон тул дээр дурдсан хууль, журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль зүйн үндэслэлгүй.
7.Гэхдээ Д.Н*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусад хэлбэрийн тусламж дэмжлэгийг олгох боломжтой эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулж байсан бөгөөд түүний төрийн албанд тасралтгүй, олон жил тогтвортой ажилласан нөхцөл байдлыг харгалзан, бусад төрлийн тусламж, дэмжлэг олгох боломжтой эсэхийг судалж шийдвэрлэх боломжийг хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад олгож, Д.Н***ын хүсэлтийг шийдвэрлэх боломж нөхцөлийг судалж, хариу өгөх хүртэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н***ын хүсэлтийг шийдвэрлэх боломж нөхцөлийг судалж, хариу өгөх хүртэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар нэг сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН