Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02876

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02876

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******-*******ын ******* /регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргач Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 1983 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь ТМ сургуулийг төгсөж, Орхон жимс ногооны сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанаас халагдаж, Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл барилга, хашаа худгийн бригадад ачигчаар ажиллаж байсан. Иймд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар зам нэгдэлд ачигчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар Хөдөлмөрийн дэвтэр, Үндэсний төв архивын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Увс аймгийн ЗДТГазар Архивын тасгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 220 тоот цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх Увс аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолт зэрэгт үзлэг хийхийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоох үндэстэй гэж үзлээ.

 

3.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ажлаас гарсан тушаал байхгүй гэж тайлбарлав.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Д.******* нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс барилгачин, ачигчаар ажиллаж байсан болох нь Шаамар ХААН ТМС-ийн 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээсэн 035157 дугаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот тушаалаар барилгачин, ачигчаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн Хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн ЗДТГазар Архивын тасгийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 220 тоот цалингийн тодорхойлолт, хүсэлт гаргагч Д.*******гийн тайлбар, Үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

6.Иймд түүнийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл барилгачин, ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэстэй.

 

7.Увс аймгийн ЗДТГазар Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 49 тоот Увс аймгийн АХГЗ-ны Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэл нь Арцат компани болон хувьчлагдсан байна гэх албан бичиг, Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг ирүүлсэн байна./хх-ийн 59 тал/

 

8.Хүсэлт гаргагч Д.******* нь Арцат компанид ажиллаж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Арцат компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

9.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт *******-*******ын *******г Увс аймгийн Цагаан хайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл барилгачин, ачигчаар 3 жил 7 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Арцат компанид ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ