Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/02342

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/02342

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.*******,

Гэрч А.*******, Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд хүсэлтэндээ: Би Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан. Иймд 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар Хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн тодорхойлолт, гэрэл зураг, Үндэсний төв архивын Монгол лифт ХХК-ийн баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын Монгол лифт ХХК-ийн баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй гэх тодорхойлолт, Гэрэл зураг, МҮЭ-ийн батлах зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх А.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлын зарим хэсгийг тогтоох үндэстэй гэж үзлээ.

 

3.Хүсэлт гаргагч Р.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ажилд орсон, гарсан тушаал байхгүй гэж тайлбарлаж, Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5.Хүсэлт гаргагч Р.******* нь Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан болох нь Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нээсэн 021953 дугаар Хөдөлмөрийн дэвтэрт Лифтийн тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулав гэж бичигдсэн тэмдэглэгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

6.Иймд түүнийг Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэстэй.

 

7.Гэрч А.******* шүүх хуралдаанд Би 1981 оноос 1990 он хүртэл Р.******* нь 1987 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан. 1990 онд Монгол лифт ХХК болж өөрчлөгдсөн гэх, гэрч Б.******* шүүх хуралдаанд Бид хамт засварчнаар ажиллаж байсан. Хэдэн оныг сайн санахгүй байна. Энд байгаа хамт олноороо авахуулсан гэрэл зургийг хэдэн онд болохыг санахгүй байна гэх мэдүүлэг өгсөн байна.

 

8.Хүсэлт гаргагч Р.******* нь Лифтийн засвар үйлчилгээний контортой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч А.*******, Б.******* нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

9.Хүсэлт гаргагч Р.******* нь хэрэгт Гэрэл зураг ирүүлсэн боловч гэрч нар хэзээ даруулсан зэрэг болохыг санахгүй байна гэж мэдүүлсэн, мөн МҮЭ-ийн батлах нь тамга тэмдэг дарагдаагүй тул ажилласан байдлыг тогтоох нотлох баримт гэж үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 12 тал/

 

10.Улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт *******гийн *******ыг Лифтийн засвар үйлчилгээний конторт 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл засварчнаар 1 /нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ