| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2017/00019/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 145.2., 246.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 12
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.Батдоржийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч А.Эрдэнэбулганы өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж, Т.Бямбасүрэн,
Нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Өндөр овогт Алтансүхийн Эрдэнэбулган, Жамжаа овогт Бавуугийн Батдорж нарт холбогдох мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Төмөрбаатарын Бямбасүрэнд холбогдох 201713010006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Баян-Өндөр овогт Алтансүхийн Эрдэнэбулган, /РД: /
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарынхаа хамт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жамжаа овогт Бавуугийн Батдорж, /РД:/
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Товгорын нуруу ХХК-нд туслах ажилтан, ам бүл-4, аав, ээж, дүү нарынхаа хамт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржгин овогт Төмөрбаатарын Бямбасүрэн, /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/
Шүүгдэгч Б.Батдорж, А.Эрдэнэбулган нар нь шунахайн сэдэлтээр, амар хялбар мөнгө олох зорилгоор, бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Отгоннямын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн “LG” маркийн телевизор хулгайлж 805.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Т.Бямбасүрэн нь 42 инчийн “LG” маркийн зурагтыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Батдорж, А.Эрдэнэбулган нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Отгоннямын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, 42 инчийн “LG” маркийн телевизорыг хулгайлж, Б.Батдоржийн эзэмшлийн 83-07 ЗАА улсын дугаартай “Hyundai accent verna” маркийн автомашинаар тээвэрлэн ломбардад 150.000 төгрөгөөр тавьж, хохирогч Ц.Отгоннямд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Бямбасүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Батдорж, А.Эрдэнэбулган нарыг бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “LG” маркийн телевизорыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохыг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Отгоннямын: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэртээ байхад аавын гэрт хулгай ороод 42 инчийн “LG” нэртэй телевизор, ямааны гулууз мах хулгайд алдагдсан байна гэсэн. Уг телевизор, ямааны мах нь миний эзэмшлийн эд зүйл. Би телевизорыг бүрэн бүтэн буцааж авсан. Ямааны махны 40.000 төгрөгийг бэлнээр авсан байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэсэн /ХХ-34/
Иргэний нэхэмжлэгч О.Хүрэлмаагийн: “...2017 оны 01 дүгээр сарын 29-нд би кафегаа хаах гээд ломбардан дотор сууж байх үед гаднаас танихгүй залуу 42 инчийн “LG” маркийн телевизор тэврээд орж ирсэн. Тэр залуу “яаралтай эмчилгээнд хүн явуулах гээд мөнгө хэрэг болоод байна. Та үүнийг авч тус болооч” гэсэн. Тэгэхээр нь би тухайн телевизорыг 150.000 төгрөгөөр үнэлж 1 сарын хугацаатай барьцаалан зээл өгсөн. Тэр залуу энгэрийн халааснаасаа бичиг баримтаа гаргаж ирээд харж байгаад надад хэлж өгөх шиг болсон. Нэрээ ББ регистрийн дугаар ИГ97011639 гэж хэлсэн. Хэд хоногийн дараа цагдаа ирээд уг телевизорыг хулгайн эд зүйл байна гээд хурааж авсан. Барьцаат үйлчилгээний тасалбарыг цагдаагийн ажилтан Л.Жамбалдоржид өгсөн...” гэсэн /ХХ-37/
Гэрч Д.Цэнд-Аюушийн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хот руу эхнэрийн хамт эмчилгээнд яваад ирэхэд манай гэрээс 42 инчийн “LG” маркийн телевизор, сар шинээр хэрэглэх гэж байсан ямааны гулууз мах хулгайд алдагдсан байсан. Телевизороо буцаагаад авсан...” гэсэн /ХХ-37/,
Гэрч С.Бат-Адъяагийн “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хадам аав Цэнд-Аюуш Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад байшин нь эзэнгүй байсан. 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би аавын гэрээс телевизор хулгайд алдагдсан байсныг мэдсэн. Би телевизорыг цагдаагаас хүлээн авсан...” гэсэн /ХХ-44/
Гэрч Н.Энэрэлийн “...тухайн өдөр А.Эрдэнэбулган, Т.Бямбасүрэн нар шөнийн 12 цаг өнгөрч байхад манай өрөөнд орж ирсэн. А.Эрдэнэбулган мөнгөтэй явж байсан. 20.000 төгрөгийн дэвсгэрт хуйлаастай байсан...” гэсэн /ХХ-51/
Шүүгдэгч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Бямбасүрэнг машинд суухад телевизор арын суудал дээр байсан. Ломдардад телевизорыг тавьсны дараа А.Эрдэнэбулган зурагтыг хулгайлсан гэдгээ Т.Бямбасүрэнд хэлсэн...” гэсэн /ХХ-76-77/
Шүүгдэгч А.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Замаараа Т.Бямбасүрэнгийн гэрийн гадаа очиж Т.Бямбасүрэнгээс скоч, цаасан хайрцаг асуухад байхгүй гэхээр нь Т.Бямбасүрэнг дагуулаад явсан. Т.Бямбасүрэн машинд суугаад ямар учиртай телевизор болохыг асуухаар нь хулгайлсан гэдгийг хэлсэн. Т.Бямбасүрэн хулгайн телевизор гэдгийг мэдсэн. Бид 3 цуг яваад Алтанбулаг кафе дотор байрлах ломбардны үүдэнд очоод би телевизорыг ганцаараа тэврээд орсон...” гэсэн /ХХ-72/ мэдүүлгүүд болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авсан гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
“42 инчийн “LG” маркийн LCD телевизор /хуучин/ нь орон нутгийн зах зээлийн ханшаар 800.000 төгрөгийн үнэтэй байсан тухай” эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,
“83-07 ЗАА улсын дугаартай, “Hyundai accent Verna” маркийн, хөдөлгүүрийн багтаамж В-1300, бүх жин-1580кг, өөрийн жин-1280кг, суудлын тоо-5, 2002 онд үйлдвэрлэсэн, хөдөлгүүрийн дугаар 2161122, арал KMHCG41GP2U356819 дугаартай, шаргал өнгөтэй, 2008 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улсад орж ирсэн, авто машины эзэмшигч нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суугч Бавуугийн Батдорж болох тухай” тэмдэглэл бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг 4 талаас нь авсан фото зургийн үзүүлэлт, уг тээврийн хэрэгсэл нь орон нутгийн зах зээлийн ханшаар 3.000.000 төгрөгийн үнэтэй тухай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж, Т.Бямбасүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлэг үнэн зөв бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж нарын дээрх үйлдэл нь бүлэглэн, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдад бага бус хэмжээний буюу 800.000 төгрөгийн эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.
Тиймээс шүүгдэгч А.Эрдэнэбулган Б.Батдорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Бямбасүрэнгийн үйлдэл нь А.Эрдэнэбулган, Б.Батдорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “LG” маркийн зурагтыг хулгайлсан гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Т.Бямбасүрэнг гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж, Т.Бямбасүрэн нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогч Ц.Отгоннямын “...телевизорыг бүрэн бүтэн буцааж авсан, гомдол санал байхгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Хүрэлмаагийн “...төлбөр 160.500 төгрөг авсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж, Т.Бямбасүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж нар нь анх удаа хүндэвтэр, шүүгдэгч Т.Бямбасүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн болно.
Тиймээс шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар бага, шүүгдэгч нарын хувийн зан байдлын хувьд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барьцаат үйлчилгээний тасалбарыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Батдоржийн өмчлөлийн 83-07 ЗАА улсын дугаартай, “Hyundai accent Verna” маркийн авто машиныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул уг авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйл 297.1, 298 дугаар зүйл 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян-Өндөр овогт Алтансүхийн Эрдэнэбулган, Жамжаа овогт Бавуугийн Батдорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржгин овогт Төмөрбаатарын Бямбасүрэнг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж нарт тус бүрт нь 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бямбасүрэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбулган, Б.Батдорж нарт оногдуулсан 2 жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбулганд оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Батдоржид оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.Эрдэнэбулган, Б.Батдорж нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг тэдгээрийн оршин сууж байгаа газрын Цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Эрдэнэбулган, Б.Батдорж нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бямбасүрэн нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барьцаат үйлчилгээний тасалбарыг хэрэгт хавсаргасан болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Б.Батдоржийн өмчлөлийн “Hyundai accent Verna” маркийн 83-07 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн шүүгдэгч Б.Батдоржийн өмчлөлийн “Hyundai Starex” маркийн 43-76 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч А.Эрдэнэбулганы эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээтэй 30 инчийн “Самсунг” маркийн телевизор 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Бямбасүрэнгийн эзэмшлийн 26.000.000 төгрөгийн үнэлгээтэй Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6-18-5 тоотод байрлах Ү-0905000931 улсын бүртгэлийн дугаартай 56м2 байшинтай, 0,7 га газартай хашаа байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батдоржийн өмчлөлийн “Hyundai accent Verna” маркийн 83-07 ЗАА улсын дугаартай авто машиныг улсын орлого болгохоор тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ