Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2024/0005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                  Хэргийн индекс: 159/2023/0063/3                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “*******” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* холбогдох

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн *******гийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч ******* нь “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчиж онцгой албан татварын тэмдэггүй архи худалдсан гэх зөрчилд гэж үзэн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 0044374 дугаар шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.

Гомдол гаргагчаас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 0044374 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ.

Гомдол гаргагч “*******” ХХК нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс манай компанид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж, тэмдэггүй согтууруулах ундаа борлуулсан” гэсэн үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсантай танилцан ийнхүү хуулийн хугацаанд гомдол гаргаж байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, төлөөлөгчийг томилон ирүүлэх талаар аливаа мэдэгдэл өгөөгүй буюу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй, албан ёсны тайлбар мэдүүлэг авалгүй шийтгэлийн хуудас гаргасан байна. Манай компани нь байнга онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундааг нийлүүлэгчээс авч борлуулдаг ба тухайн зөрчлийг гаргаагүй болно. Манай компанийн менежер нь ажиллаж байх хугацаандаа зөвшөөрөлгүйгээр акцгүй согтууруулах ундаа худалдан борлуулсан эсэхийг бид мэдээгүй болно.

Түүнчлэн бид ажилтнаасаа тайлбар авахад аливаа худалдан борлуулсан үйлдэл гаргаагүй, тавиур дээр тавьсан гэсэн ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасан “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан эсхүл борлуулсан” зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай тодорхой заасан байдаг. Эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлнө гэж заасан. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэж Компаний тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, захиралд гэх мэт ерөнхий албан тушаалтан эвсэл компани зүгээс итгэмжлэл олгосон төлөөлөгч байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчийг томилж шийдвэр гаргах ёстой. Эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохгүй бол хуулийн этгээд бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Хэрэв тухайн этгээд ирэхгүй бол албадан ирүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл зүгээр утсаар менежер эсхүл нягтлангаас асууж албан бус явуулсан нь алдаа гэж үзэж байна. Хавтас хэрэгт холбогдсон талаар тэмдэглэл байдаг. Үүнээс харахад гүйцэтгэх захирал руу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас холбогдсон гэх тэмдэглэл байдаг. 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн атлаа утсаар ярьсан 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 34 минутад ярьсан гэх он сарын зөрүүтэй тэмдэглэл байгаа учраас нотлох баримт гэж үзэхэд асуудалтай байна. Мөн зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогч н.Сарангэрэл гэж байснаа эцсийн байдлаар шийтгэлийн хуудас ногдуулахдаа компанид гаргаж байгаа алдаа байна.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс манай компанид холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх шийтгэл оногдуулж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгосон. Нэгдүгээрт зөрчилд холбогдогчийг буруу тодорхойлсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан зөрчлийн холбогдогч нь хуулиар хувь хүн болон хуулийн этгээд байж болохоор байна. Тус компани хувьд ямар нэгэн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах зорилго санаа байгаагүй, худалдаагүй. Тухайн үед ажиллаж байсан ажилтан найзынхаа төрсөн өдөрт ашиглахаар гэрээсээ компанид мэдэгдэхгүйгээр авч ирж тавьсан. Энэ талаар компани удирдлага мэдээгүй, худалдах талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй. Хувь хүний буюу ажилтны үйлдсэн зөрчлийг компанид халдааж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна “*******” ХХК-ийн согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий нийлүүлэгчээр байнга онцгой албан татварын тэмдэгтэй бараа авч нийлүүлдэг талаар санхүүгийн баримтыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. Мөн түүнчлэн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдүүлгээр “...тухайн үед дахин шалгалт хийхэд нэмж онцгой албан татварын тэмдэггүй бараа архи байгаагүй...” гэсэн байдаг. Иймд зөрчлийн холбогдогчийг буруу тодорхойлсон үндэслэл байна. Зөрчлийн холбогдогч нь “*******” ХХК гэж тодорхойлсон бол компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтан эсвэл хууль ёсны төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн олгогдсон албан тушаалтнаас тайлбар мэдүүлгийг авч хэрэг процессын дагуу явах ёстой байсан. Хэргийн материалд компани зүгээс ямар нэгэн тайлбар мэдүүлэг байхгүй. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг Компани тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал гэж заасан байдаг. Эсвэл компани руу албан тоот явуулж хууль ёсны төлөөлөгч томилох талаар албан бичиг явуулсны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бол тухайн төлөөлөгчөөс тайлбар мэдүүлэг авах ёстой байтал зөвхөн ажилтнаас нь мэдүүлэг аваад компанид шийтгэл оногдуулсан байна.

Хоёрдугаарт тухайн зөрчил гэж үзэж буй үйлдэл нь зөрчлийн шинжгүй буюу тухайн акт эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл холбогдуулан шалгаж шийтгэл оногдуулсан хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа борлуулсан, худалдсан гэх үндэслэл байдаг. Гэтэл бодит байдал дээр борлуулсан, худалдсан гэх аливаа үйлдэл хийгдээгүй байдаг. Худалдах гэдэгт юуг ойлгох бэ? гэвэл хэлцлийн харилцаагаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний тайлбараар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд ямар нэгэн бараа шилжүүлээд нөгөө талаас эд хөрөнгийг хүлээн аваад мөнгө төлөх харилцааг хэлдэг. Гэтэл энэхүү хэрэгт худалдсан үйл баримт байхгүй түүнийг нотлох зүйл байдаггүй.

Иймд татварын улсын байцаагчийн гаргасан акт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар хэсэгт зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт түүний хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинж нь худалдан борлуулсан гэх шинжийг агуулсан байдаг энэ шинж нь хангагдахгүй байгаа тул зөрчил үйлдсэн гэж үзэхээргүй байгаа юм. Иймд процессын алдаа гаргасан эрх зүйн үндэслэлгүй байгаа учир актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлага гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... би 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн 1100.045.23.0004458 дугаар бүхий гомдолд Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах Коллектив баранд акцгүй архи зарсан гэх зөрчлийн шинтэй үйлдлийг шалгаад 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2331000585 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж ажилласан. Тус эрх бүхий албан тушаалтны тогтоолыг олгосон даруйд холбогдогч “*******” ХХК-нд мэдэгдэхээр *******ийн 99997490 утасны дугаарт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:56, 15:59, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11:52, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09:47 минутанд тус тус залгаж мэдэгдэх гэсэн боловч утас холбогдох боломжтой хэрнээ утсаа огт аваагүй, мөн “*******” ХХК-ийн захирал болох 99495555 дугаарт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр залгасан боловч холбогдох боломжгүй. “*******” ХХК-ийн нягтлан 99064756 дугаарт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11:34 минутанд 2 минутын яриа, 10 дугаар сарын 17-ны өдөр 09:42 минутанд 4 минутанд 4 минут тус тус ярьж холбогдогчоор танай байгууллагыг төлөөлж хэн оролцох, зөрчлийн хэргийн хугацаа дуусаж байгаа мөн захирал нь хөдөө байгаа тул утас нь холбогдохгүй байгаа наад асуудлыг нь ******* мэднэ гэж хариултыг өгсөн.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******ийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 цагт Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 3-н давхарт 25 тоот өрөөнд ирсэн байхыг мэдэгдэж дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирээгүй зэрэг нь зөрчлийн хэрэгт нотлох баримтуудаар харагдаж, зөрчлийн хэргийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр удирдах албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн даргаар 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар 14 хоногоор сунгаж прокурорт бүртгүүлсэн бөгөөд зөрчлийн хэрэг дахин сунгагдсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой албан татварын тэмдэггүй бараа худалдсан гэж үзэж хуулийн этгээдийг 10.000.000 төгрөгөөр торгож 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 0044374 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн. Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* нь миний хувийн дугаар болох 99860104 дугаар луу холбогдож өөрийн биеэр ирж шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэж хариу хэлсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа борлуулсан үндэслэлээр “*******” ХХК-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэжээ.

            Гомдол гаргагч “*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо “манай компани нь байнга онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундааг нийлүүлэгчээс авч борлуулдаг ба тухайн зөрчлийг гаргаагүй манай компаний менежер нь ажиллаж байх хугацаандаа зөвшөөрөлгүйгээр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан эсэхийг бид мэдээгүй, ажилтнаасаа тайлбар авахад худалдан борлуулсан үйлдэл гаргаагүй тавиур дээр тавьсан гэсэн ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байх тул Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж маргажээ.

            Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн гомдол, хариуцагчийн тайлбар, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлээд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа а/ч Б.Мөнхболд, д/а Ч.Тулга нар нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр явган эргүүлийн гүйцэтгэх явцдаа “*******” ХХК-ийн COLLECTIV диско баранд согтууруулах ундааны зүйл зөвшөөрөлгүй худалдан борлуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд лангуун дээрээ онцгой албан татварын тэмдэггүй KORN нэртэй 1 ширхэг, KOCTENKORVA нэртэй 1 ширхэг архийг тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн шуурхай удирдлагын жижүүрт танилцуулж зөрчлийн байцаагч д/ч *******д хүлээлгэн өгчээ.

            Цагдаагийн д/ч ******* тухайн өдрөө холбогдогч тус компанийн менежер *******ээс мэдүүлэг авч, эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж 2 шил архийг хурааж, онцгой албан татварын тэмдэггүй 2 шил архины гэрэл зургийг авч хэрэгт хавсаргажээ.

            Дээрх зөрчлийг харьяаллын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагч шалган шийдвэрлэхээр, 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Захиргааны хэргийн шүүх оролцогчийн гомдлоор уг зөрчлийг хянан шийдвэрлэхээр байна.

            Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа, тамхиийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортлосон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг “*******” ХХК зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тухайлбал:

            Цагдаагийн байгууллагаас “*******” ХХК-ийн COLLECTIV диско баранд хяналт шалгалт хийх явцад онцгой албан татварын тэмдэггүй хоёр ширхэг архийг худалдан борлуулах зорилгоор тухайн барны лангуун дээр ил гаргаж тавьсан байсан талаар хяналт шалгалтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа ******* гэрчийн мэдүүлэг[1], зөрчлийн байцаагч д/ч *******ийн гэрчийн мэдүүлэг[2] болон түүний баримтжуулсан уг хоёр ширхэг архины лангуун дээр байх фото зураг зэргээр дээрх зөрчлийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

            Гомдол гаргагчийн зүгээс зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, төлөөлөгчийг томилон ирүүлэх талаар аливаа мэдэгдэл өгөөгүй буюу манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй, албан ёсны тайлбар мэдүүлэг авалгүй шийтгэлийн хуудас гаргасан гэж маргадаг боловч хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, зөрчилд холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2-т заасан эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, түүний шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Үүнд: 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн хэрэг нээснээс хойш нэг удаа зөрчилд холбогдогчийг дуудан ирүүлэх гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан, “*******” ХХК-ийн захирал Л.Ганбат болон тус компанийн менежер ******* нартай холбогдохоор залгасан утасны дуудлагууд болон зөрчлийн холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай тэмдэглэлүүд хавтаст хэрэгт[3] баримтаар авагджээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******гийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00444374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 87-88 дугаар тал

[2] Хавтас хэргийн 82-83 дугаар тал

[3] Хавтас хэргийн 31-34, 36-37, 40-51 дүгээр тал