Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1430

 

 

 

 

 

 

2020              12             1                                          2020/ДШМ/1430

 

 

   М.Ч-, Л.С- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/1645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Уранцэцэгийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 101 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Ч-, Л.С- нарт холбогдох эрүүгийн 2006029512221 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б............. овгийн Л.С, 19...... оны 1 дүгээр сарын 31-ний өдөр .............. аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл............. хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;

2. Б.......... овгийн М.Ч, 20..... оны 2 дугаар сарын 24-ний өдөр ............ аймагт төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..... хамт ...............гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, ........... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Л.С- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхраас иргэн Б.О-н “Samsung S20” маркийн гар утас, бэлнээр 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 5.238.700 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Ч- нь 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхраас иргэн Б.О-н алдагдсан “Samsung S20” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “IT Service” засварын газраас ашиглах боломжтой болгож бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлэн завшиж, нийт 2.429.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ч-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Ч-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-ийг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Л.С-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Билгүүнд, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.С-т тус тус мэдэгдэж, хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Уранцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... яллагдагч нараас прокурорын шатанд гаргасан хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж прокурор дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч нарт танилцуулсан ба яллагдагч нар уг саналыг зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, яллагдагч Л.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, ял оногдуулах, яллагдагч М.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч нарт танилцуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг хүлээн авсан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулах бөгөөд харин хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгожээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байтал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулаад шүүгдэгч Л.С-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол гаргасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй ажиллагаан дахь прокурорын хяналт, цаашлаад яллагдагчид хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй  тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг танилцуулах, яллагдагч уг саналыг хүлээн зөвшөөрөх зэрэг хуульчлан тогтоосон энэ харилцаанд прокурорын оролцоо, түүнд олгогдсон эрх хэмжээг үгүйсгэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “Хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос шүүгдэгч М.Ч-ийг “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, шүүгдэгч М.Ч-ийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

            Ингэж шийдвэрлэхдээ шүүх шүүгдэгч М.Ч-ий үйлдэл болон уг үйлдэлд нь хийсэн хууль зүйн дүгнэлтийг алдаатай хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн шинжийг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” бол  гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн шинжийг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүнийг бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол ...” гэж хуульчилжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Ч- нь   Л.С-ийн хулгайн гэмт хэргийн улмаас олсон гар утсыг авч, түүний кодыг гар утас засварын газрын ажилтнаар солиулж ашиглах боломжтой болгосон үйлдэл нь нотлогдон тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байхад “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөхөөр заасан бөгөөд зүйлчлэлийг зөвтгөн дахин яллагдагчаар татах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийдэг тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

            Прокурорын эсэргүүцэлд “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч нарт танилцуулж, тэдний зөвшөөрсний дагуу ял тохиролцож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх өөр байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь “прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах” хуулийн заалтыг зөрчсөн” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр заасан байхад прокурор яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг бичсэн гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад “шинжлэн судлах нотлох баримттай холбоотой жагсаалт болон шүүх хуралдаанд дуудан оролцуулах оролцогчийн нэрс, ямар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар, хохирол, хор уршгийн талаар, эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгийн талаар л дурьдахаар хуульчилсан.

Харин яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх санал нь яллах дүгнэлтийн хавсралтад дурьдагдах зүйл биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан тусгай журмаар зохицуулагдах учиртай. 

Анхан шатны шүүх “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрдсэн” гэж дүгнэсэн атлаа прокурорын саналаас өөр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах” заалтыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/1645 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.С-, М.Ч- нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ