Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1477

 

 

 

 

 

 

  2020            12             10                                        2020/ДШМ/1477

 

 

 

Ц.Б-өд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Сундуй,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, П.Ундрах-Эрдэнэ,

хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/757 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Б-өд холбогдох эрүүгийн 2009005920700 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н............... овгийн Ц.Б, 19......... оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ...........ХХК-д менежер ажилтай, ам бүл ..........хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ................/.

Ц.Б- нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10-1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Б-н орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хүч хэрэглэж гэрээс нь өргөж гаргасан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10-1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Б-н орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-өд оногдуулсан 7.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10-1 дүгээр байрны 27 тоот орон сууцнаас албадан гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2009005920700 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Ц.Б-өд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхдээ “... хүч хэрэглэж, гэрээс нь өргөж гаргасан...” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан байдаг. Мөн прокурорын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 586 дугаартай яллах дүгнэлтэд Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүч хэрэглэсэн” гэж хүндрүүлэхдээ “өргөж гаргасан” гэх үндэслэлээр хүндрүүлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаанд Ж.Б “...намайг Ц.Б- өргөж гаргаагүй, масктай бүдүүн залуу байсан. Тэр хүн Ц.Б- биш” мэдүүлсэн бөгөөд үүгээр улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан “хохирогчийг өргөж гаргасан” гэх үйлдэл няцаагддаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нь Ц.Б- түүнийг өргөж гаргаагүй болохыг мэдүүлдэг бөгөөд өргөж гаргаж хүч хэрэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй. Гэтэл шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй “хаалганы цоожны голыг сольсон, өөрөө амьдарч байгаа” гэх үйлдлийг үндэслэл болгон “хүч хэрэглэсэн” гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэхгүй байна. Шүүгдэгчийг хаалганы цоожны голыг сольсон, өөрөө тус байранд амьдарч байгаа гэх үндэслэлээр яллагдагчаар татаагүй, ял сонсгоогүй, яллах дүгнэлт үйлдээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг улсын яллагчийн яллах дүгнэлтэд зааснаас дордуулсанд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй тухайд:

            Эрүүгийн хэргийн шүүх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэний хэргийг шүүхэд олгосон эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-т заасан зохицуулалт нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудас олгоход хэрэглэдэг заалт бөгөөд шүүхийн шийдвэрийг захирамжаар баталгаажуулах тухай зохицуулалт юм. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан Ц.Б-ийг орон сууцнаас албадан гаргахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн ноцтой зөрчил байна. Ц.Б- нь өнөөдрийг хүртэл тухайн байрны хууль ёсны цорын ганц өмчлөгч болох Канад улсын иргэн Фан Иен Юн Чи-гийн зөвшөөрөл, итгэмжлэлийн дагуу амьдарч байгаа.

            3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл нь “бусдын орон байр”-нд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг бөгөөд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10-1 дүгээр байрны 27 тоот орон сууц нь хохирогчийн хууль бус эзэмшилд байсан байдаг. Өөрөөр хэлбэл, Канад улсын иргэн Фан Иен Юн Чи, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Б- нь өөрийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгөд нэвтрэн орох нь “бусдын орон байранд нэвтрэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг хангахгүй гэж үзэж  байна. Хохирогч нь хууль бусаар тухайн маргаан бүхий хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан нь Иргэний хэргийн анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл нь агуулгаараа иргэний хууль ёсоор эзэмшилдээ байлгаж буй орон байрны халдашгүй байдлыг хамгаалах буюу хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэх бөгөөд хууль бус эрх ашгийг хамгаалахад чиглээгүй. Иймд өмчлөгч, түүний өмгөөлөгч нь өөрийн орон байранд нэвтрэн орж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд нэвтрэх гэмт хэргийн шинжгүй. Харин шүүгдэгчийн үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны эрх, үүргийг өмнөөс нь хэрэгжүүлсэн шинжтэй байх ба энэ нь Эрүүгийн хуульд тусгасан “Дураараа аашлах” гэмт хэргийн шинжийг зарим талаараа агуулах хэдий ч субъектын хувьд дураараа аашлах гэмт хэргийн субъект байх боломжгүй. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар “Дураараа аашлах” гэмт хэргийн субъектыг нийтийн албан тушаалтан гэж томъёолсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Ц.Б- нь Канад улсын иргэн Фан Иен Юн Чи-н итгэмжлэл, хүсэлтийн дагуу хохирогчид холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцнаас албадан гаргуулах тухай шүүхийн шийдвэр, магадлал гарсан байдаг. Үүнийг хохирогчийн зүгээс мэдэж байсан бөгөөд Нийслэлийн шүүхийн магадлал гардаж авсны дараа хууль ёсны шаардлага тавьсан ба ямар нэгэн хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдэл, заналхийлсэн үйлдлүүд гаргаагүй. Субъектив санаа зорилгын хувьд шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх шаардлага тавьсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь дураараа авирласан байхыг шаарддаг. Дураараа авирлах үйлдлийн гол шинж нь ямар ч шалтаг шалтгаан, нөхцөлгүйгээр бусдын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлийг хамааруулан ойлгох нь зүй ёсны юм. Ц.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Тогтоох хэсгийн 7 дугаар заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-т заасан зохицуулалтыг тогтоосон нь хууль бус юм. Энэ нь иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргахтай холбоотой зохицуулалт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина гэснийг тус тус зөрчсөн байна. Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн бүрэн эрхэд халдсан, эрх мэдлээ хэтрүүлсэн шинжтэй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Би мөрдөн байцаалтын шатанд тухайн үед гэрт байсан гэх масктай залуу Ж.Б-н явуулсан хүмүүс үү, Ц.Б-ийн явуулсан хүмүүс үү гэдгийг тогтоолгохоор мөрдөгч, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч тэр хүмүүсээс ямар ч мэдүүлэг аваагүй, намайг хүч хэрэглэсэн гэж үзэж ялласан. ...” гэв.

            Хохирогч Ж.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэтгэлцэх талуудад маргаж байгаа эрх зүйн харилцааныхаа шинжийг ялгахгүй байгаа байдал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл заалтыг хэрэглэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бүрэн хангасан гэж үзэж байна. Хэрэв эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 409, 501 дүгээр зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх ёстой. Үүнтэй адил орон байрны халдашгүй эрх нь зөрчигдсөн, түүнийг шүүх сэргээх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иш татаж хууль зүйн үндэслэл болгож болгож байгаа хуулийн хэм хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйл юм. Үүнийг та бүхэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үү. Мөн масктай хүн чирч гаргасан, гаргаагүй гэдэг талаар өмгөөлөгч нар мэтгэлцдэг. Халдашгүй эрх нь тухайн орон сууцанд амьдарч байгаа эзэмшигчид байна. Түүнээс өмчлөгч нь хэн байх, түүний захиран зарцуулах эрх хэнд хадгалагдаж байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Орон сууцанд хэн нэгэн оршин суухад түүний орон байрны халдашгүй эрх хуулиар хамгаалагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, халдашгүй зүйл буюу материаллаг хуулийг нь бусад эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалж өгсөн. Мөн халдашгүй эрх чирч гаргахаас эхлэхгүй, хаалга үүдийг чанга цохихгүй байхаас эхэлнэ. Гэтэл хэрэгт авагдсан материалаас үзэхэд масктай хүн чирч гаргасан гэдэг. Үйл баримтын хувьд шүүгдэгчийн авчирсан хэдэн хүмүүс байдаг тул энэ нь шүүгдэгчийн хийсэн үйлдэл. Гэтэл цоожны голыг сольсноос халдашгүй эрх зөрчигдөж эхэлдэг. Түүнчлэн нэхэмжлэлийн тухай асуудлыг мэтгэлцэх талууд ялгахгүй мэтгэлцэж байна. Учир нь, нэхэмжлэл байсан ч Монгол Улсад шүүх гэж байна. Яагаад шүүхийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлдэг тусгай байгууллага гэж байгаа вэ. Итгэмжлэл өгөх нь хуулийн дагуу хөөцөлдөж, орон сууцнаас чөлөөлөх талаарх асуудлыг шийдвэрлэх ёстой. Итгэмжлэл нь эрх бүхий байгууллагад төлөөлөх эрх болохоос биш хэн нэг этгээд хэдэн хүн авчраад тухайн эзэмшигчийн халдашгүй эрхэд халдаад чирээд гаргачих гэж өгсөн зүйл биш юм. Шүүгдэгч талаас давж заалдах гомдол гаргаж маргаж байгаагаас үзэхэд шүүгдэгч өөрийн гэм буруу дээр дүгнэлт хийсэн эсэхэд эргэлзээ төрж байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасныг хэрэглэсэн нь зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргээ хэрэгжүүлсэн. Мөн халдашгүй эрх хаалганы голыг сольж, масктай хүмүүс авчирч эзэмшигчийг чирч гаргасан үйлдлээс эхэлсэн. Түүнчлэн итгэмжлэл гэдэг нь гэм буруугүй гэж маргах үндэслэл биш. Канад улсын иргэн хохирогч нарын хооронд эд хөрөнгийн маргаан байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэл хууль бус гэх шинжийг агуулна. Энэ бүгдийг нийлүүлж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүх зөв дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчийн халдашгүй эрхийг сэргээсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасныг баримталж анхан шатны шүүхийн шийдвэр зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа гэж үзвэл давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хохирогч орон сууцандаа орж чадаагүй байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг гүйцэтгэсний дараа давж заалдах шатны шүүхийн асуудал яригдах ёстой. Гэвч энэ талаарх хууль зүйн зохицуулалт байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын дүгнэлтээ танилцуулахаас өмнө ял шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал тогтоосон баримт буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааны хуудас хэргийн материалд авагдаагүй байсныг гаргаж өгөх хүсэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Ц.Б-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж алга гэж байгаа боловч энэ хэрэг нь материаллаг бус хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Ж.Б Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 10-1-27 гэсэн орон байранд 2014 оноос 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьдарч байсан. Тухайн орон нутгийн байгууллага, хорооны Засаг дарга нартаа бүртгүүлсэн. Канад Улсын иргэнтэй гэрээ контракттай, холбогдох төлбөрийг нь төлж эзэмшилдээ байлгаж байсан болох нь хэрэгт хангалттай байдаг. Шүүгдэгч Ц.Б-н хувьд иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэл болгож тухайн орон сууцыг өөрийн өмчлөл, эзэмших ёстой гэдэг үүднээс орон сууцанд амьдарч байсан Ж.Б-г орон сууцнаас гаргаж, хаалганы голыг сольж, өөрт олгогдоогүй эрхийг хэт давуулан биелүүлж, хуульд заагдаагүй эрхийг биелүүлсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, тухайн орон сууцнаас албадан гаргуулж, өмчлөгчид олгох асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу холбогдох хэргийн материалд цугларсан ажиллагааг хийж гүйцэтгэж байж хууль ёсны байх ёстой. Шүүгдэгчийн хувьд хууль бус үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нь хохирогчийн биед халдаагүй, гэмтэл учруулаагүй буюу хүч хэрэглээгүй гэж байна. Гэтэл хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн нь тухайн орон сууцанд нэвтэрч, хаалганы голыг сольсноор хүч хэрэглэсэн үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн албадан гаргах асуудлыг шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилтоо биелүүлж гаргасан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн салшгүй жам ёсны эрх болох халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Ц.Б- нь 2020 оны 1 дүгээр сарын 28, 2 дугаар сарын 01-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжны 10-1 дүгээр байрны 27 тоотод оршин суух Ж.Б-ын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, хүч хэрэглэн гэрээс нь өргөж гаргах, хаалганы цоожны голыг нь солих зэргээр дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Б-ын “2014 онд манай дүү Мандах Иан Фанг гэх Канадын иргэнтэй хамтран амьдарч байсан. Тэгээд 2014 онд Канад руу буцна гэж өөрийн эзэмшлийн байр буюу одоо миний амьдарч байгаа байраа манай дүү Мандахад үлдээсэн. Тэгээд явахаасаа өмнө зарах тухай зар тавьсан боловч зарагдаагүй. Тэгээд явсныхаа дараа нь байр зарагдахгүй байна. Чи худалдаж авахгүй юм уу гэж Иан Фанг утсаар ярьж худалдаж авахаар тохирч байраа 220 сая төгрөгөөр тохирсон. Тэгээд би 2014 оны 3 дугаар сард 100 сая, 4 дүгээр сарын 9-нд 80 сая, мөн 5 сая төгрөг шилжүүлж, 36 сая төгрөг үлдсэн. Тэгээд би үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй байсан. Тэгсэн тухайн үед орчуулагч нь хийдэг байсан гэх залуу Ц.Б- нь Иан Фангаас итгэмжлэл хийлгэж шүүхэд хандсан байсан. Энэ асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тэгтэл 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн үед гэртээ ирээд байж байхад гэрийн автомат унаж тоггүй байхаар нь гарч автоматаа асаагаад гэртээ орох үед дахин автомат буусан. Тэгээд гарч янзлах гэсэн урдаас 5, 6 залуучууд орж ирсэн. Тэгээд харсан чинь орчуулагч хийж байсан зүс таних Баярмөнх байсан ба байрнаас зайл шүүхийн шийдвэр энэ байна гэж байсан. ...Тэгээд хамт явсан залуус нь намайг гэрээс өргөж гаргаад цоожны гол солиод, гэрээс миний гутал куртик авч шидсэн. Тэгээд цоожлохоор нь би цагдаа дуудсан” /1 хх 9-11/,

яллагдагч Ц.Б-ийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зөвхөн гомдол гаргагч Ж.Б-н өгсөн худал мэдүүлэг дээр үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Ж.Б-н өмгөөлөгч Цэрэнпунцаг гэх хүн намайг шоронд хийнэ гэж сүрдүүлсэн. Ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байна. Энэ иргэний хэргийн маргаан нь одоог хүртэл дуусаагүй байгаа бөгөөд хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Ж.Б-н орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан зүйл болоогүй. Ж.Б-тэй урьд нь уулзаад иргэний хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр гартал хамт энэ байрандаа амьдаръя гэж хэлсэн. Б ч өөрөө зөвшөөрсөн. Мөн энэ байрны хууль ёсны өмчлөгч Фан Иен Юн Чи гэж хүн байдаг. Энэ хүн надад итгэмжлэл хийж, амьдрах эрх олгосны дагуу би энэ байранд орсон. Ж.Б энэ байранд хууль бусаар амьдарч байгаа. Энийг нь иргэний шүүхээс тогтоочихсон байгаа” /1 хх 193/,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын “Ж.Б тус хорооны Оюутны 10/1 байрны 27 тоотод ам бүл 4 оршин суудаг нь үнэн болно” гэсэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дүгээр тодорхойлолт /1 хх 42/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 48-55/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 даьх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ “...Ц.Б- нь хохирогчид хүч хэрэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байхад шүүх яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтээс хальж хүч хэрэглэсэн гэж үзсэн нь хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг зөрчсөн, эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийг шүүх буруу хэрэглэсэн”,

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинж нь дураараа авирласан байхыг шаарддаг ба гол шинж нь ямарч шалтаг шалтгаан, нөхцөлгүйгээр бусдын эрх, эрх чөлөөнд халддаг, Ц.Б-ийн үйлдэл бол шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх шаардлага тавьсан” гэж тус тус давж заалдах гомдлуудыг гаргаж, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гаргасан гомдлоо дэмжиж, тус тусдаа гомдлынхоо үндэслэлийг тайлбарлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн шинжийг тухайн орон байрны оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байхыг, ингэхдээ хүч хэрэглэсэн байвал хүндрүүлэх зүйлчлэхээр тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Б- нь хэдийгээр тухайн орон сууцны өмчлөгчөөс олгосон итгэмжлэлийн дагуу иргэний хэргийн шүүхэд төлөөлөн оролцож, шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Б-г тухайн маргаан бүхий орон сууцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн ч хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг өөрөө биелүүлэх эрх бүхий этгээд мэтээр оршин сууж байгаа Ж.Б-н эрхэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

  “Оршин суугчийн зөвшөөрөлгүй орон сууцны хаалганы цоожны голыг сольж, оршин суугчийг хүчээр гаргаж, өөрөө орж амьдарч байгаа үйлдлүүд нь хүч хэрэглэсэн үйлдэлд хамаарах ба тухайн орон сууцыг эзэмшигч этгээд орон байрны халдашгүй эрхийг эдэлнэ” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг тухайн орон сууцнаас албадан гаргахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсноос гадна тухайн орон сууцны маргааныг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй харшлахаар байх тул уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19ий өдрийн 2020/ШЦТ/757 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ