| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 1819003530031 |
| Дугаар | 2019/ДШМ/85 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ж.Айжуу |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2019/ДШМ/85
2019 12 18 2019/ДШМ/85
Г.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Ахлах прокурор: Ж.Айжуу,
Хохирогч нарын өмгөөлөгч: Ж.Х,
Хохирогч: Д.О,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Э,
Шүүгдэгч: Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Н-д холбогдох, эрүүгийн 1819003530031 дугаартай, 5 хавтас, 1018 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Г.Н, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Ч.Б нарын гомдлыг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Э” ХХК-нд менежер ажилтай байсан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * дугаар баг, Олон-Овоо, Төмөр зам гудамж, 10 дугаар байрны 03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г-ийн Н-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Г.Нармандах нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б, 3.7.а, 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин урсгал сөрж **-** УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас 92-23 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.М, О.О, Х.Г нарын амь нас хохирч, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүнд, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Г-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ын цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дуу, дүрсний бичлэгийг хэргийн хамт хадгалахаар,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч байгууллага “Э” ХХК-иас 3 391 900 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-т, 678 972 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 6 032 434 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-д, 7 791 450 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-д, 441 300 төгрөгийг гаргулж хохирогч Н.Э-д, 273 229 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С-т, 120 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Н-д тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т, Д.О нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-ийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг, Д.С, Д.Б нарын сахиурын зардал гэх 239 282 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдсон Т.Г-ын 500000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжилсэн олох ёстой байсан орлого гэх 10 800 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 16 000 000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-аас гаргуулж “Э“ ХХК-д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь зааснаар шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч Ч.Б давж заалдсан гомдолдоо: “...анхан шатны шүүх хуралдаанаар миний гаргасан нэхэмжлэлээс 24775500 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн талаар тогтоол уншсаны дараа тайлбарлаж өгсөн. Мөн тогтоолын үндэслэх хэсэгт дээр байдлаар шийдсэн талаараа бичсэн байна. Гэтэл тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй орхигдуулсан байна. Иймд 24775500 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэснийг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. Би олох ёстой байсан орлого 10800000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би өөрийн олох ёстой байсан орлогыг шаардсан үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Урьд болсон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн. Анхан шатны шүүх “Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй” болохыг заасан. Үүнээс үзвэл тухайн тээврийн хэрэгслээр олох байсан орлого цалин хөлсийг хохирлын хэмжээнд оруулдаггүй болно гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Г.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шууд хохирол нь хүний амь нас хохирсон явдал, харин хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулснаас үүссэн үр дагавар хор уршигт тооцогдоно. Тэгэхээр миний бие эд хөрөнгөөр бодит байдлаар хохирсон нь хэрэгт тогтоогдсон бөгөөд эл хөрөнгөөр хохирсон байдалд олох байсан орлого шууд хамаарна. Тухайн ослын улмаас орлого олж байсан эд хөрөнгө минь эвдэрч, тухайн үедээ ашиглах боломжгүй болж, цагдаагийн журмын хашаанд битүүмжлэгдсэн. Ийм явдал болоогүй бол би ажлаа хэвийн хийж олох байсан орлогоо олоод явах байсан. Иймд “Э” ХХК-ийг компанийхаа тээврийн хэрэгслийг өөрийн зөвшөөрлөөр бусдад ашиглуулж, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд 10800000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нарын хохирол иргэний нэхэмжлэл шаардсан нэхэмжлэлийг бүгдийг нь “Э” ХХК-иас гаргуулахаар шийдсэн. Шүүх хууль хэрэглээний үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан талаар тайлбарласан. Энэ үндэслэлийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн зүгээс болон компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр тухайн цаг үед буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө Г.Н-ыг тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод тийшээ яваад, тэдэн цагийн үед ийм маршрутаар ингээд жолоодоод яваад ир гэсэн томилсон зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх томилсон гэж үзэж байгаа. “Э” ХХК-ийн зүгээс энэ тээврийн хэрэгслийг ажил үүргээ гүйцэтгэхдээ ашиглана шүү гэж шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар маш тодорхой тусгагдсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө ч мэдүүлсэн. Тэгэхээр ажлын бус цагаар, ажлын бус маршрутаар явахыг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явах нөхцлөөр хангасан, тухайн тээврийн хэрэгслийг хяналт шалгалтдаа байлгаагүй, ийм боломж олгосон гэж үзэж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн буруугаас тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон бол эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн зохицуулалттай холбоотой гэж тайлбарласан. Тэгэхээр манай компаний Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Уг хуулийг хэрэглэх юм бол тодорхой хэмжээгээр эзэмшигч хариуцах юм байна гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэсэн энэ зохицуулалтын дагуу иргэний нэхэмжлэгчийн болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн хохирол, хохирлын хэмжээг тогтоох байсан. Дан ганц “Э” ХХК энэ иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг ганцаараа үүрэх ёсгүй гэж үзэж байгаа. Энэ авто ослынхоо улмаас шүүгдэгч зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээгээд өнгөрөх нь өөрөө шударга ёсны зарчим болон хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Харин иргэний нэхэмжлэгч Ч.Б-гийн гаргасан гомдлын тухайд анхан шатны шүүх тогтоох хэсгийг хурал завсарлаад танилцуулсан. Танилцуулахдаа Ч.Б-гийн нэхэмжлэлээс 10 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэдгээ хэлсэн. Ингээд 24 700 000 гаруй төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн бичгээр ирсэн шийтгэх тогтоолтой танилцахад Ч.Б-гийн гаргасан тэр хэсэгтэй санал нийлж байна. Яг тэр 24 700 000 гаруй төгрөгийг хангаж шийдвэрлэлээ гэсэн зүйл нь бичигдээгүй байна лээ. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол үүнийг ноцтой зөрчил гэж үзэхээр заасан. Ноцтой зөрчил гэж үзэхээр үр дагавар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод, буцаах ийм үр дагаварт хүрэх гээд байх шиг байна, энэ хэрэг бол удаа дараа буцаж байгаа, удаа дараа хойшлогдож олон дахин буцаж байгаа учраас ямар ч байсан Ч.Б-гийн 24 000 000 гаруй төгрөгийг хангаж шийдвэрлэсэн эсэхэд өөрчлөлт оруулах боломжтой юм байна гэж харж байна. 10 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор тайлбар хэлэхгүй. Шүүгдэгч Г.Н-ын гаргасан давж заалдсан гомдлын тухайд тайлбар байхгүй. Тухайн шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээг тодорхойлох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ ослын улмаас миний бие бас хүнд гэмтсэн. Үүнээс болоод 5 дугаар сард нүдэнд харвалт үүсч, 6 сард нүдний хагалгаанд орсон. 8 сард батлан даалтанд гарах хугацаандаа нүдний шимэгдлүүлэх эмчилгээ хийлгэсэн. Мөн 8 хавирга хугаралттай, нурууны суулттай болсон. Нуруу байнга өвдөж байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзэж ялаас минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүссэн юм. Цаашид хохирогч нарын ар гэрт өөрийнхөө чадах чинээгээр тусална. Хохирлыг төлж барагдуулна...” гэв.
Хохирогч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол 7 000 000 гаруй төгрөг байгаа. Үүнийг хурдан гаргуулмаар байна. Хохирогч Д.С, Д.Б нарын бие нь одооч өвдсөөр байгаа. Иймд энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолтой танилцлаа. Энэ хэрэг гараад 1 жил болж байна. Хохирогч нарын эрх ашиг гэдэг зүйл одоо болтол шийдэгдээгүй. Хохирол төлбөр барагдуулаагүй гэм хор арилаагүй. Ийм асуудал байгаа. Зөвхөн оршуулгынхаа зардалыг авах гээд байн байн шүүх хурал дээр ороод байдаг юм. Анхан шатны шүүхээс “Э” компаниас оршуулгын зардалыг бүрэн гаргуулж шийдсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасантай бүрэн нийцэж байгаа юм. Яагаад гэвэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “Эко хэлхээ” компани нь тээврийн хэрэгсэл ашиглагч буюу өмчлөгч нь өөрөө томилоод түүнд уг хэрэгслийг шилжүүлж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Иймээс “Э” компанид хариуцуулж хохирлын асуудлыг шийдсэн нь үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг өгч байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ялыг хөнгөрүүлж үзэх нөхцлүүд байдаг. Түүнд зааснаар гэм хорыг арилгасан гэж үзэж байгаа. Г.Н нь өөрийнхөө чадах чинээгээр хохирлыг барагдуулсан. Мөн тохиолдлын шинжтэй зам тээврийн осол байгаа. Ийм учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн биеийн байдлыг нь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж шүүхэд хандсан....” гэв.
Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Н-д Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор түүний үйлдсэн гэмт хэрэг гэм бурууд нь анхан шатны шүүхээс зохих ёсны ял оногдуулсан. Ийм учраас түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд нь тохирсон гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдолд дурдагдсан 24 775 500 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч тайлбарлсан. Энэ бол шийтгэх тогтоолыг бичихэд алдаа гарч орхигдсон байна гэж үзэж байна. Энэ хэрэг нь нэг жилийн хугацаагаар шалгагдан явж шийдвэрлэгдэж байгаа. Дээрээс нь мөн олон хохирогч хохирсон. Хохирогч нарын иргэний нэхэмжлэлийн асуудал шийдэгдээгүй байгаа учраас энэ асуудлыг энэ шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдүүлээд явах нь оролцогч нарыг чирэгдүүлэхгүй, түргэн шуурхай шийдэхэд боломжтой гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн хувьд 10 800 000 төгрөгийн орлогыг нэхэмжилдэг. Үүнийг анхан шатны шүүхээс нотлох баримтыг гаргаж, бүрдүүлж чадаагүй байсан учраас дахин нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэх юм бол уг асуудлыг дараа нь нэхэмжлэлийнхээ нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээрээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдагдсан асуудал нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэр бүхий хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарын дурдсан нэхэмжлэлийн асуудлыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. Харин “Э” ХХК нь дараа нь Г.Н-аас жич нэхэмжлэж асуудлыг шийдвэрлэх боломжтой учраас энэ асуудлыг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны 2019/ШЦТ/165 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Учир нь: Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний нэхэмжлэгч Ч.Б-гээс гаргасан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр дүгнэсэн боловч тогтоох хэсэгт орхигдуулан шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.Н, иргэний нэхэмжлэгч Ч.Б, иргэний хариуцагч “Э” ХХК нараас гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт бичигдсэн асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 12-р сарын 04-05-нд шилжих шөнө ажилчдынхаа хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас “УБТЗ”-ын 25-р зөрлөг рүү явж караокед орж архи, согтууруулах ундааны зүйл ууж согтсон үедээ “Э” ХХК-ны **-** УБД улсын дугаартай Тоёота Ноах маркийн автомашиныг жолоодон буцаж Даланжаргалан сум руу явж байхдаа замын эсрэг урсгалд орж **-** УНС улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас **-** УБД улсын дугаартай машинд сууж явсан зорчигч С.М, О.О, Х.Г нарын амь насыг хохироосон,
хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд гавлын суурь ясны хугарал, дух яс, суурийн хөндий, самалдаг руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацар ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, гялтангийн арын зайн цус хуралт, нойр булчирхайн эдийн няцрал, хоёр талын суурийн хөндий болон самалдагийн хөндий, гайморын хөндий, зүүн талын духны хөндийд цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний цус хуралт, уруулын зүүн хэсгийн зулгаралт, аюулхайн олон тооны зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд учирсан ба гавлын суурь ясны хугарал, дух яс, суурийн хөндий, самалдаг руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хацар ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, гялтангийн арын зайн цус хуралт, нойр булчирхайн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл,
хохирогч Н.Э-ын биед зүүн дал ясны хугарал, нурууний 4-9-р нугаламын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугаламын хугарал, зүүн 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 7-10/, зам тээврийн ослын талаарх шинжээчийн 53, 10 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 82-83, 249/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 75 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-87/, техникийн шинжээчийн 4, 3 тоот дүгнэлтүүд /2-р хх-ийн 1-4, 6-9/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/099, 02/098, 02/97, 02/0137, 02/076 тоот шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 132-133, 143-144, 155-156, 165-167, 243-244/, эд хөрөнгийн үнэлгээний 13116224, 01/16 тоот үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 11, 13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23/, гэрч Б.Б /4-р хх-ийн 64/, техникийн шинжээч Б.П /4-р хх-ийн 65/ нарын мэдүүлгүүд, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Х.Т /1-р хх-ийн 111/, Д.О /1-р хх-ийн 112/, Б.О /1-р хх-ийн 45/, хохирогч Д.Б /1-р хх-ийн 110/, Н.Э /1-р хх-ийн 107/, иргэний нэхэмжлэгч Ч.Б /1-р хх-ийн 101-102/, Д.С /1-р хх-ийн 64-65/, “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, гэрч С.С /1-р хх-ийн 55/, Т.О /1-р хх-ийн 56/, П.Н /1-р хх-ийн 60-61/, Э.О /1-р хх-ийн 75-76/ нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Г.Н нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлснээр давхар батлагдан тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.
Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч, хохирогч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч Г.Н нь архи ууж 1.9 промилл хэмжээний согтолттой байхдаа автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж 3 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Э” ХХК-ийн **-** УБД улсын дугаартай автомашинд 16.000.000 төгрөгийн эдийн хөрөнгийн хохирол, **-** УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж явсан ачаа бараа эвдэрч иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 24.775.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь жолооч Г.Н-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлэг, 3.4-т заасан “ жолооч дараах үүргийг хүлээнэ: ... б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоод охдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн бүлгийн 3.7.а-д заасан “жолоочид ..., эсхүл согтууруулах ундаа, ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11-р бүлгийн 11.3-т заасан “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нь Замын Цагдаагийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, ...энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учруулж, ...энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэсэн шинжүүдэд нийцсэн тул шүүгдэгч Г.Н-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.
Шүүгдэгч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 658409 тоот жолооны үнэмлэхтэй, **-** УБД улсын дугаартай Тоёота Ноах маркийн автомашиныг эзэмшиж, ашигладаг эрхтэй этгээд байсан ба архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь Замын хөдөлгөөний дүрмээр “жолоочийн хориглосон үйлдэл” гэдгийг, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учирна гэдгийг тус тус мэдэх ёстой байсан боловч ийм хохирол, хор уршиг учируулахгүй гэсэн санаа зорилгоор автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан “ ... хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой ... байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэг тооцно” гэсэнд нийцэж байх тул шүүгдэгчийг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогч нарын хохирлыг бүрэн төлж арилгаж чадаагүй, хохирлыг нөхөн төлөхөө амаар илэрхийлж байгаа боловч гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Б-д учирсан эд хөрөнгийн хохирол болох 24 775 500 төгрөгийг анхан шатны шүүх хангах боломжтой гэж үзсэн атлаа тогтоох хэсэгтээ шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч Ч.Бямбасүрэнгийн өмчлөлийн **-** УНС улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд 811.500 төгрөгийн /2-р хх-ийн 11/ эвдрэл бий болсон, уг машинд ачигдсан байсан 636 ширхэг барилгын хавтан эвдэрч хэмхэрсний улмаас тэрээр 22.944.000 төгрөгийн төлбөрийг бусдад төлж, түүнд хохирол учирсан, хэргийн газраас хавтангуудыг зөөхөд 1.020.000 төгрөгийн зардал гарсан зэрэг бүгд 24.775.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчээс гаргаж өгсөн /3-р хх-ийн 23-30, 4-р хх-ийн 4-5, 9/ баримтуудаар тогтоогдсон.
Иргэний нэхэмжлэгч Ч.Б нь “... тухайн компани нь өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг тээврийн хэрэгслийг ажлын бус цагаар ажилтандаа хэрэглүүлж байсан нь буруу ...” гэж үзэж иргэний нэхэмжлэлээ иргэний хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргаж, улмаар анхан шатны шатны шүүх Ч.Б-гийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг “Э” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасантай нийцсэн, энэ талаарх хуулийг буруу хэрэглээгүй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ч.Б-гээс энэ гэмт хэргийн улмаас олох ёстой байсан орлого болох 10.800.000 төгрөгийн алдагдалд орсон гэж нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээний дагуу **-** УНС улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр орлого олдог гэсэн боловч өөр дугаар бүхий машины баримтуудыг гаргаж өгсөн, мөн **-** УНС дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж олсон орлогодоо хуульд заасны дагуу хэрхэн татвар төлсөн нь тодорхойгүйгээс түүнийг энэ гэмт хэргийн улмаас дээрх хэмжээний орлогоо олж чадаагүй гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүйгээс анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцсэн гэж үзэв.
Иймд иргэний нэхэмжлэгч Ч.Б-гээс гаргасан гомдлын зарим нь болох олох байсан орлого 10.800.000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Н-ын жолоодож явсан **-** УБД улсын дугаар бүхий NOAH маркийн автомашин нь иргэний хариуцагч “Эко хэлхээ” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд “Э” ХХК нь уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Н-д албан ажлын хэрэгцээнд ашиглах зориулалтаар эзэмшилд нь шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч шүүгдэгч Г.Н ажлын бус цагаар архидан согтуурсан үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан, тээврийн хэрэгсэлд тухайн байгууллагын /“Э” ХХК-ийн/ ажилчид зорчиж явсан зэргээс үзэхэд “Э” ХХК нь нэгэнт албан ажлын хэрэгцээнд зориулж эзэмшүүлсэн тээврийн хэрэгслийг ажилтан зориулалтын бусаар ашиглаж, хэрэглэж байгаад хяналт тавиагүй, ийнхүү ашиглахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зохих арга хэмжээг аваагүй болох нь тогтоогдсон, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс шаардсан тул анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч байгууллага болох “Э” ХХК-д хариуцуулсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэснийг зөрчөөгүй нийцсэн гэж үзнэ.
Иргэний хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Б.Б нь “... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар гэм хорыг арилгахад тээврийн хэрэгслийн эзэмшигч чөлөөлөгдөхгүй тул гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байх боловч энэ хуульд заасан “... өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг ашигласан ... “ гэж үзэх үндэслэл нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасныг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно.
Иймд иргэний хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б0ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Э” ХХК-д бүрэн хариуцуулсан нь холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад “иргэний нэхэмжлэгч Ч.Б0д 24.750.500 төгрөгийг” гэж нэмж өөрчилж, иргэний нэхэмжлэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, түүний давж заалдсан гомдлоос “олох ёстой орлого 10800000 төгрөг гаргуулах” тухай хэсгийг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Г.Н нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Н-ын цагдан хоригдсон 89 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС