Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0918

 

   

 

 

 

 

     2023          11           30                                    128/ШШ2023/0918

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж*******ын С******* /РД:УС57092720/,                                      

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Маргааны төрөл: сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Б*******, Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тус сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайланд захирал Ж.С*******г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн.

2.2 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас Ж.С*******г  чөлөөлсөн.

Гурав. Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ж.С******* нь БНМАУ-ын Боловсролын сайдын 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 355 дугаар тушаалаар Монгол-Орос хамтарсан дунд сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд холбогдох хууль, дүрэм, журамд заасан бүхий л шаардлагыг биелүүлж, үр дүнгийн гэрээний биелэлтийг сүүлийн гурван жилийн байдлаар 2019 онд 90,7(А), 2020 онд 96(А), 2021 онд 100(А) зэргээр үнэлүүлж, аливаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь тус сургуульд 30 жил ажиллах хугацаанд Монгол-Оросын хамтарсан сургууль нь улсын тэргүүний сургуулиар 3 удаа шалгарч, ОХУ-ын Боловсролын чанарын диплом өргөмжлөл, Зах зээлд тэргүүлэгч байгууллага, Англи хэл заах арга зүйн шилдэг сургууль зэрэг шагналыг хүртэж, 2019 онд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлж, төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж дүнгээр Монгол Улсын хэмжээнд Топ сургуулиудын эхний байрт бичигдэж ирсэн болно.

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5 дахь заалт болон Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтэд заасныг тус тус үндэслэн Ж.С*******г "үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож" шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Төрийн үйлчилгээний албан тушаалд ...дараах албан тушаал хамаарна:" гээд 14.1.2-т "...төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал" гэж, Шинжлэх ухаан, боловсролын сайдын баталсан Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 5.3-т "Сургуулийн санхүүгийн хэрэгсэл нь Монголын талаас олгосон төсвийн санхүүжилт болон өөрийн төсвийн бус хөрөнгөөс бүрдэнэ" гэж тус тус заасны дагуу Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг.

 Дээр дурдсанчлан маргаан бүхий 2022 оны Б/72 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй” гэж, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 28.1.12-т “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дунг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасныг тус тус үндэслэсэн.

Монгол-Оросын хамтарсан сургууль нь Монгол Улс болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бөгөөд хоёр улсын Боловсролын асуудал хариуцсан яамдын хооронд байгуулсан "Улаанбаатар хот дахь Монгол-Оросын сургуулийн тухай" гэрээний Тавдугаар зүйлд "Монгол-Орос сургууль нь өөрийн үйл ажиллагаандаа хоёр Яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хэлэлцээр, энэхүү гэрээ болон сургуулийн дүрмийг удирдлага болгоно" гэж заасны дагуу тус сургуулийн үйл ажиллагаа буюу захирлыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дээрх баримт бичгүүдийг удирдлага болгохоор байна.

 Дээрх гэрээний салшгүй хэсэг болох "Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрэм"-ийн 6.4-т “Сургуулийн хамтарсан удирдлагын эрх бүхий байгууллагыг зохион байгуулж 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Анхан ба дунд боловсролын тухай хуулийн 22-р зүйлийн дагуу ажил үүргийг хэрэгжүүлнэ" гэж зааснаар Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөл байгуулагдаж, 2002 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Удирдах зөвлөлийн дүрэм” баталснаар хоёр Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хамтарсан удирдлагын эрх бүхий байгууллага бий болсон.

Ийнхүү тус сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийн 3.2-т "Удирдах зөвлөл Монгол Улсын Боловсролын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн хамт гадаад улсын өмчит, сургалтын хамтарсан байгууллагын онцлогт нийцсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ" гэж, мөн дүрмийн 3.6-д "Сургуулийн захирлыг ОХУ-ын хариуцагч байгууллагын талтай харилцан тохирч томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу тус сургуулийн Удирдах зөвлөлөөс /Монгол Улс болон Оросын холбооны Улсын хамтын удирдлага/ тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байсан Ж.С*******г үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаал гаргасан байна.

Мөн маргаан бүхий Б/72 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:" гээд 80.1.2-т "ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино; " гэж тус тус заасныг баримталсан нь огт үндэслэлгүй байна.

 Учир нь, Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд "мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй" талаар аливаа эрх бүхий этгээд тогтоосон зүйлгүй, төрийн аливаа хяналт шалгалт хийгдээгүй, “мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах шаардлагатай" талаар мэдэгдсэн зүйлгүй бөгөөд маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан "тайлан, дүгнэлт" гэх баримт бичиг байхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д "ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэж заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "хууль дээдлэх", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж тус тус заасан зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу сонсох ажиллагаа огт явуулаагүй гэж үзсэн. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй байсан. Иймд Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн алба хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй харилцааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулан гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий этгээдийн шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлэх хүртэлх хугацаагаар өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг жил бүр нөхөн төлнө гэсний дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд асуулт хариултын үе шатанд нэлээн их зүйлсийг тодрууллаа. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт холбогдох тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэллээ. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын хүрээнд дараах тайлбарыг нэмж хэлэх зайлшгүй шаардлагатай байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтална гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримт нь юу гэхээр Удирдах зөвлөлөөс хийсэн ажлын хэсгийн шалгалтын тайлан юм. Ажлын хэсгийн тайлангийн 2 зүйл дээр үндэслэн тайлбар хэлж байгаа. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэрэгжүүлж, тус сургуульд эдгээр нөхцөл байдлууд үүссэн эсэх, энэ нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа эсэх, шалгагдаж байвал буруутай эсэх асуудал нэг талдаа гарсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж харж байна. Тиймээс ажлын хэсгийн тайланг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Орос-Монголын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дүрмийн 3.6 дахь хэсэгт сургуулийн захирлыг Оросын Холбооны улсын хариуцагч талтай харилцан тохиролцож томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад нь гаргана гэж маш тодорхой заасан. Магадгүй чөлөөлөх асуудал яригдвал Удирдах зөвлөл энэ асуудлыг Оросын талтай зөвлөлдөх шаардлагатай гэдгийг өөрийн твиттер хуудсаар илэрхийлсэн. Гэтэл тушаал гарахдаа бодит байдалд нийцсэн байдлаар гараагүй гэдгийг шүүх зайлшгүй анхаарах шаардлагатай. Хариуцагч байгууллагын хувьд 1992 оны гэрээг Засгийн газар хоорондын олон улсын гэрээ гэдэгтэй маргахгүй байна гэж үзлээ. Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4 дэх хэсэгт гэрээтэй холбоотой олон зохицуулалтыг зааж өгсөн. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын олон улсын гэрээ болон олон эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай 9 дүгээр тогтоол гэж байгаа. Тус тогтоолын 2 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу олон улсын гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ, тус улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг болно гэсэн маш тодорхой зохицуулалттай гэж үзэж байна. Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт цэцэрлэг, сургуулийн хамтын удирдлага, 4 дэх заалтад эрхлэгч, захирлыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэж дүгнэвэл тэднийг огцруулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргах, тайлбар авахтай холбоотой зохицуулалт юм. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан ерөнхий боловсролын сургууль нь удирдах зөвлөлтэй байна гэж заасан. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу зохицуулахаар заасан. Тэгэхээр уг сургууль нь ямар зарчмаар хэрхэн байгуулагдсан гэхээр Удирдах зөвлөл анхнаасаа хэрэгжээд явж байсан гэсэн үг. Миний тодруулж хэлсэнчлэн холбогдох сургуулийн дүрэм нь гэрээ, хэлцэлд үндэслэгдэж явагдаж байгаа. Хяналт шинжилгээ хийгдсэн ажлын тайланд сургууль улсын төсвийн санхүүжилтийг Сангийн яаманд төрийн сангийн дансаар дамжуулан авч зориулалт бусаар зарцуулсан байна гэдэг. 2021 оны төрийн сангийн жилийн хуулгатай танилцсан. Энэ агуулгаар төрийн сангийн дансаар монгол багш нарын цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардал зэргийг санхүүжүүлж зарцуулагдаагүй үлдсэн 816 мянган төгрөгийг улсын санд буцааж татан төвлөрүүлсэн. Тэгэхээр уг төрийн сангийн данснаас өөр зориулалт бусаар зарцуулж, гүйлгээ хийсэн талаарх зүйл байхгүй. Санхүүгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн зөрчил гаргасан талаарх дүгнэлт огт хийгдээгүй.

Бага дунд боловсролын тухай 1995 оны хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт эрхлэгч, захирлыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэж дүгнэвэл огцруулах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах, тайлбар авах эрхтэй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, 1995 оноос эхэлж сургуулийн Удирдах зөвлөл нь захирлыг чөлөөлөх тухай саналыг авдаг байсан. Үүнийг хариуцагч мэдэж байсан бөгөөд үүнтэй холбогдуулж өөрийн үзэл санааг твиттер хуудастаа илэрхийлж байсан гэж харж байгаа. Сонсох ажиллагааны хувьд эрх ашиг сонирхлын хөндөх гэж байгаа тушаалын үндэслэлтэй холбоотой санал асуулгыг явуулаагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлд иймд таныг ажлаас чөлөөлөх саналыг хүргэж байна гэснийг тус тушаалыг мэдэгдэж байгаа нэг хэлбэр гэж харж байна. Тиймээс сонсох ажиллагаа гэж үзэхгүй байна. Хавтаст хэргийн 101 дүгээр талд сургуулийн тухайн жилийн санхүүгийн тайланд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газраас эрсдэлийн үнэлгээ хийж дотоод аудит хийж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн атлаа аудитын дүгнэлт гаргуулаагүй байдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Ж.С*******г чөлөөлсөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын маргаан бүхий тушаалыг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүгэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орос-Монголын хамтарсан дунд сургуулийг Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээр, Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрэм, Монгол Улсын Боловсролын холбогдох хуулиудаар үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 1.4 дэх хэсэгт Сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны дунд боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн ерөнхий удирдлага дор ажиллахаар заасан. Тус дүрмийн 1.11 дэх хэсэгт сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ, 6.2 дахь хэсэгт Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам хариуцан хэрэгжүүлнэ. 6.3 дахь хэсэгт Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ гэж заасан. Тус сургуулийн захирал нь дүрэмд заасны дагуу үйл ажиллагааг явуулах ёстой байсан. Мөн сургуулийн удирдах зөвлөлийг дүрэмд заасны дагуу байгуулсан гэхдээ сургуулийн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа уг хэлэлцээрийн дагуу явагдах ёстой. Мөн Орос-Монголын сургууль байгуулах тухай 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нийцсэн байх ёстой. Тэгэхээр Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн томилж чөлөөлөх нь уг дүрэм, хэлэлцээрт нийцэхгүй байгаа учраас Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 6.3 дахь хэсэгт Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэн томилж, чөлөөлсөн. Томилох чиг үүрэг байгаа учраас чөлөөлөх чиг үүрэг хамт байх ёстой.

Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн Удирдах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн эцэг эх, багш нарын төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагаа, санхүүгийн болон бусад баримтад бичигт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагчдаас сургалтын төлбөрийг 5 арилжааны банкнуудад хадгалуулж, 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй. Захирал Ж.С******* нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лүндэндоржийг гэрээт багшаар томилон 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн. Мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн Эрхга ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн.

Дээр дурдсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн холбогдох заалт болон сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлаас чөлөөлөх шийдвэр гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26.2-т заасан сонсох ажиллагааг утсаар хийсэн. Сонсох ажиллагааг биечлэн уулзаж хийхээр нэхэмжлэгч Ж.С******* захиралтай 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр түүний гар утсаар залгасан боловч утсаа аваагүй, түүний сургалтын менежер М******* гэх залуугаар дамжуулан дуудсан боловч ирээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т заасны дагуу хоёр удаа утсаар ярьж сонсох ажиллагааг хийсэн. 2022 он ы9 дүгээр сарын 07-ны өдрийн 09:11 цагт утсаар сонсох ажиллагаа хийсэн. Ж.С******* захиралд эхний удаад нь "таныг Боловсрол, шинжлэх ухааны яаманд дуудаж байна, уулзах гэсэн юм" гэхэд "за" гэсэн. Хоёр дахь удаа залгахад "Тантай холбоотой сонсох ажиллагаа хийх гэж байна” гэхэд "миний даралт ихэссэн тул очих боломжгүй байна" гэсэн. Өөртэй нь холбогдуулж шийдвэр гарах гэж байна гэж холбогдсон боловч ирээгүй. Үүнийг сонсох ажиллагаа хийсэн буюу мэдэгдсэн гэж үзэж байгаа.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С******* нь “ОХУ-ын хариуцагч байгууллагатай зөвшилцөөгүй, зөрчлийг тогтоогоогүй” үндэслэлээр маргаж, түүнийг Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, талуудын маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт хийж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийг байгуулсан Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээр[1], Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд 1994 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот дахь Монгол-Оросын сургуулийн тухай гэрээ[2], Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны сайдын зөвшөөрсөн, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны сайд 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрэмд[3] сургуулийн удирдлагыг хэн, хэрхэн хэрэгжүүлэхийг зохицуулсан, тодруулбал,

1.1. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийг байгуулсан Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны хооронд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээрт “хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд талууд Орос-Монголын хариуцах байгууллагыг тодорхойлох, 2 сарын хугацаанд хариуцах байгууллагууд хамтарсан сургууль болон хариуцах байгууллагуудын хоорондын харилцааг тодорхойлсон байгууллага хоорондын гэрээний төсөл боловсруулан  Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яаманд танилцуулан батлуулах” гэж,

1.2. Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам, Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд 1994 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот дахь Монгол-Оросын сургуулийн тухай гэрээнд “үүсгэн санаачлагчид нь 1994 оны 4 дүгээр сарын 01-ний хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын Боловсролын яам, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам байна.” гэж,

1.3. Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 1.4-т “Сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны дунд боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн ерөнхий удирдлага дор ажиллана”, 1.11-д “сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ”, 6.2 дахь хэсэгт “Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам хариуцан хэрэгжүүлнэ.”, 6.3 дахь хэсэгт “Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ”, 7.1-д “сургуулийн захирал Боловсрол, шинжлэх ухааны яамны өмнө сургалтын асуудлыг хариуцна” гэж заасан.

Өөрөөр хэлбэл дээрх олон улсын хэлэлцээр, гэрээний дагуу Буриад Улсын Боловсрол, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны сайд зөвшөөрч, Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яамны сайд 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрэмд сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам, шууд удирдлагыг тус яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлэхээр, захирал яамны өмнө хариуцлага хүлээхээр тодорхой заажээ.

1.4. Тиймээс ч Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар 1992 онд Ж.С******* нь тус сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байжээ.

2. Монгол Улсын Боловсролын тухай хууль /2002 оны/-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагыг хэн хэрэгжүүлэх, шууд удирдлагыг буюу захирлыг томилох, чөлөөлөх харилцааг дээрх олон улсын хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэмд өөрөөр заагаагүй тул Орос-Монголын хамтарсан бүрэн дунд сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх харилцааг Монгол Улсын боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах Монгол Улсын Боловсролын тухай хууль, Монгол Улсын холбогдох хуулиудаар зохицуулна.

Тиймээс Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлыг чөлөөлсөн нь Боловсролын тухай хууль 2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь “... төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ... захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” эрх хэмжээний хүрээнд хамаарч байна.

3. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т Боловсрол, шинжлэх ухааны сайд төрийн өмчийн олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэхдээ өөр этгээдээс санал авах, зөвшилцөх зохицуулалт байхгүй тул “сургуулийн Удирдах зөвлөлтэй зөвшилцөх, саналыг авах байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

3.1. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2002 оны хуралдаанаар баталсан дүрмийн 1 дүгээр зүйлд “сургуулийн удирдах зөвлөл нь дээрх хэлэлцээр, гэрээ, дүрэм болон Монгол Улсын Боловсролын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх сургуулийн хамтын удирдлагын байгууллага мөн” хэмээн тодорхойлоод “Удирдах зөвлөл нь хэлэлцээр, гэрээгээр байгуулагдсан хамтарсан сургуулийн онцлогт тохирсон эрх хэмжээ, чиг үүрэг хэрэгжүүлнэ”, “Удирдах зөвлөлийн чиг үүргийг тогтоохдоо Монгол Улсын Боловсролын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлахын зэрэгцээ хоёр улсын хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрмийн үзэл санааг баримтална”, 4 дүгээр зүйлд “Удирдах зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэх, тодорхойлохдоо Монгол Улсын Боловсролын тухай хууль болон хоёр улсын хэлэлцээр, түүнд үндэслэн баталсан гэрээ, хариуцагч байгууллагын хамтран баталсан сургуулийн дүрмийн заалтыг удирдлага болгоно” хэмээн Удирдах зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргийн хүрээг хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ойлгомжтой тогтоосон байх тул уг дүрмийн 3.6 дахь “сургуулийн захирлыг ОХУ-ын хариуцагч байгууллагын талтай харилцан тохирч томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад гаргана” гэх заалт дээрх хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалтаас хальж хэрэглэгдэхгүй.

4. Ж.С*******г үүрэг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын Б/72 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино”, 80.1.5 “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн заалтыг баримталсан.

4.1. Сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулсан харьяалах яам, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сургуулийн эцэг эхийн болон багш нарын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтээр[4] “өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагсдын сургалтын төлбөрийг арилжааны банкуудад хадгалуулж, 3,030,000,000 төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлөөр тодорхой шийдвэр гаргуулаагүй” санхүүгийн зөрчил, мөн “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.С******* нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, “өөрийн төрсөн дүүгийн Эрхга компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн” зөрчлийг “мөнгө эд хөрөнгө захиран зарцуулахдаа итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан” үндэслэлд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтаар захиргааны санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна.

4.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын сургуулийн захирал Ж.С*******той  байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.3-т “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь эрх бүхий байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон”, 3.2.4-т “байгууллагын өрөө тасалгаа бусад обьектыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон нь баримтаар нотлогдсон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор байна.

5. Ажлын хэсгийн хяналт шинжилгээний тайлан, дүгнэлтээр “сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.С******* нь өөрийн гэр бүлийн хүнийг гэрээт багшаар 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ОХУ-ын багштай дүйцүүлэн сард 4,160,000 төгрөгийн цалин олгож ажиллуулсан”, “мөн өөрийн төрсөн дүүгийн Эрхга компанид сургуулийн өдөр өнжүүлэхийн байрыг сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнээр түрээслүүлсэн” зөрчлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолтод хамааруулж, албан үүргээс чөлөөлөх үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болжээ. 

5.1. Орос-Монголын хамтарсан ерөнхий боловсролын дунд сургууль нь төрийн өмчит хуулийн этгээдэд хамаарах тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалтаар төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дээрх хориглолтод хамаарах этгээд гэж үзнэ.

5.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгээр “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.

5.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” бөгөөд нэхэмжлэгч Ж.С*******гийн 2019, 2020, 2021 онд бичсэн “гэр бүлийн хүн гэрээт багшаар хичээл заалгах цагийн багшийн гэрээ байгуулах эрх олгох”, “төрсөн дүү Ж.Содбилэгтэй гэрээ байгуулах” гэх ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэлд Удирдах зөвлөлийн дарга “тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй” гэх үндэслэлээр албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн байх ч энэ нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчих үндэслэл болохгүй. 

6. Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгасан, өөрөөр хэлбэл талуудын маргаж буй үндэслэлийн хүрээнд шүүхийн шинжлэн судлах цар хүрээг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй ч уг заалтыг баримталсан нь бусад үндэслэлийг няцаах, тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

8. Хариуцагч байгууллага 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргах шийдвэрийн агуулгыг нэхэмжлэгчид танилцуулсан нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд оролцох, тайлбар гаргах боломжоор хангаснаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.С*******гийн “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 112-113 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 108-111 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 114-121 дүгээр хуудас

[4] Хэргийн 81-82, 91-92, 94-95