Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02955

 

 

 

 

 

 

 

 

2024 07 03

182/ШШ2024/02955

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Голомт банк ХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Бямбасүрэн, Р.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.*** шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Бямбасүрэн, Р.******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Голомт банк ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р.Бямбасүрэн, Р.******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Голомт банктай ЗГ1175112625 дугаар Зээлийн гэрээ байгуулж 74,133,000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗБ1175112625 дугаар Ипотекийн гэрээгээр *** дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчид нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/10913 дугаар захирамжаар хариуцагч нь уг хаягт бүртгэлгүй оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд зээлдэгч Р.Бямбасүрэн, Р.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Голомт банк ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Орон сууцны зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн график, Ипотекийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Бямбасүрэн, Р.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Орон сууцны зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн график, Ипотекийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/10913 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид Р.Бямбасүрэн, Р.******* нарт нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаяг алдаатай болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй Р.Бямбасүрэн, Р.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 156,006,375 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.Бямбасүрэн, Р.******* нарын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох ******* овогтой Бямбасүрэн /регистрийн дугаар *******/, ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой Бямбасүрэн /регистрийн дугаар *******/, ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.Бямбасүрэн, Р.******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК /утас-***/‑д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ