Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02986

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02986

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Т.Золзаяа, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*********,

Хариуцагч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч П.*******,

Иргэдийн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч С.*******д холбогдуулж 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.********* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд 2019 оны 11 дүгээр сард ОХУ-аас Баян-Өлгий аймгийн Улаан байшинт буюу Цагаан нуурын боомтоор 450 Д маркийн автомашиныг оруулж ирсэн. Тухайн авто машиныг худалдан борлуулахаар Уранган нэртэй авто машин худалдааны газарт байрлуулсан байхад Ц.********* "худалдан авах хүнд үзүүлчхээд өгье" гэж хэлж авч яваад буцаан өгөөгүй. Авто машиныг буцаан өгөхгүй байсан тул Ц.********ийн хийсэн үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага О.*******ийн гаргасан гомдлыг шалгах явцад Ц.********* нь С.*******аас 140,000,000 төгрөг зээлээд 450д / Ix 450D/ маркийн автомашиныг барьцаалсан гэсэн үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.******* нь автомашиныг худалдан борлуулсан гэсэн мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 450д маркийн автомашины 2019 оны 04 дүгээр улирлын байдлаарх зах зээлийн үнэлгээг шинжээч томилсон бөгөөд Арвижих-Эстимейт ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай албан бичгээр 2017 оны 08 дугаар сард үйлдвэрлэгдсэн / Ix 450D/ маркын автомашины зах зээлийн үнэлгээг 270,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Миний бие нь тухайн авто машиныг Монгол улсад оруулж ирээд татвар төлөөд худалдан борлуулсан бол 270,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой байсан. Ц.*********д холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/440 дугаар Шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцээд 2023/ДШМ/911 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө Ц.********* нь нийт 100,000,000 төгрөг /75,000,000 төгрөг 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй авто машин/-ийг хохирогч О.******* надад төлсөн бөгөөд хохиролд нийт 270,000,000 төгрөгийг нэхэмжилж эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 100,000,000 төгрөгийг Ц.********* төлсөн, үлдэгдэл 70,000,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг Ц.*********эс, 35,000,000 төгрөгийг С.*******аас гаргуулан хохирогч О.******* надад олгохоор шийдвэрлээд үлдэгдэл 100,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийг буруутай этгээдүүд болох Ц.*********, С.******* нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 50,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд С.*******аас 50,000,000 төгрөгийг олох байсан орлого гэж Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******, Ц.********* нар хамтарч ОХУ-аас хулгайн машин оруулж ирж зардаг хүмүүс байсан бөгөөд 2019 онд захиалж Европоос хулгайлуулж ОХУ-ын иргэнээс 450Д / LX 450D/ машиныг 39,200 америк доллар буюу зах зээлийн ханшаар 108,280,000 төгрөгөөр ба тухайн үеийн Монгол банкны ханшаар 105,952,504 төгрөгөөр худалдан авч хуурамч бичиг баримт бүрдүүлэн автомашин Монгол улсад оруулж ирсэн байдаг. Зарах гээд зарагдахгүй болонгуут О.******* нь хамтарч ажилладаг Ц.*********тэй харилцан тохирч хуурамч бичиг баримт бүрдүүлэн 570 маркийн машин гэж ойлгуулан шударга иргэн С.******* надаас 140,000,000 төгрөг гаргуулан авсан. Ц.********* маш өндөр хүү амласан учир би өөрт байсан 40,000,000 төгрөг дээрээ өөр хүнээс 100,000,000 төгрөг хүүтэй зээлэн авч байж өгсөн. Би тухайн үед хууль журмын дагуу Зээлийн болон Барьцааны гэрээ нотариатаар баталгаажуулж хугацаа хэтрэх буюу автомашинаа хаяад алга болсон тохиолдолд зарж борлуулах итгэмжлэл авч автомашиныг барьцаалан авч 140,000,000 зээлүүлсэн. Автомашин барьцаалж 140,000,000 төгрөг авсан Ц.********* ор сураггүй, 5 сар гаруй алга болсон. Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ итгэмжлэлийн дагуу автомашинаа зарж борлуулан 140,000,000 төгрөгөө гарган авсан. О.******* нь автомашинаа залилуулж алдсан болж Ц.********* авсан болж цагдаагийн байгууллагад өгч автомашинаа гаргуулан авах ба зээл болон зээлийн хүүг төлөхгүй байх эсвэл өндөр үнээр үнэлүүлж надаас илүү их хэмжээний мөнгө гарган авах зорилготой харилцан тохирч цагдаад өгч Ц.********* өмнө хийсэн хэрэгтээ ял авах нь тодорхой болсон болохоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ хэрэг нь цагдаа болон эрүүгийн хэргээр хянагдаж 3 шатны шүүхээр орж *********эс О.******* нь 100,000,000 төгрөг гаргуулан авсан бөгөөд дээр нь шүүхийн тогтоолоор *********эс 35,000,000 төгрөг С.******* надаас 35,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөг авахаар шийдвэрлэн гаргуулан авч шийдэгдсэн. Би О.******* гэгчтэй өмнө уулзаж байгаагүй, ямар нэгэн харилцаа үүсээгүй, өр төлбөр байхгүй, мөнгө төлөх ёсгүй. О.******* нь машинаа анх худалдаж авахдаа 108,280,000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн байдаг. Цагдаа шүүх 170,000,000 төгрөгөөр үнийг тогтоож төлөгдөж 170,000,000 төгрөгөөр шийдвэрлэсэн байдаг. Мөн О.******* нь илүү их ашиг хонжоо олох зорилгоор Монгол улсад бүртгэлгүй, гаалийн болон худалдааны татвар төлөөгүй, машин нь бодитоор өөрт нь байхгүй байхад хууль зөрчиж өндөр үнээр үнэлгээ хийлгэсэн. Арвижих Эстимейт ХХК нь бичиг баримт байхгүй, автомашиныг бодитоор үзэж хараагүй мөртлөө хууль журмаа зөрчиж хуурамч үндэслэлгүй өндөр үнэлгээ гаргаж өгсөн нь хууль журам зөрчиж байгаа. Мөн тус асуудлууд нь цагдаа, прокурор, 3 шатны шүүхийн журмаар бүрэн шийдэгдсэн. О.******* нь 108,000,000 төгрөгөөр тус автомашиныг худалдаж авсан, нэмж *********эс 100,000,000 төгрөг төлбөрт авсан, нэмж 70,000,000 төгрөг авах шүүхийн шийдвэр тогтоол гаргуулж авсан. О.******* нь иргэн С.******* надаас мөнгө нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дугаар магадлал, гэрэл зураг зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас нотлох баримтаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, Итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч С.*******д холбогдуулж 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч С.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолоор 170,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон бөгөөд хохирол төлөгдсөн гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дугаар магадлал, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, Итгэмжлэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хариуцагч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.*********тэй 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ, мөн өдрөө 2008 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн jtmht05j505032571 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн чанар /дунд/, суудлын автомашинаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, Ц.********* нь 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар хөх өнгийн JTJCV00W604007155 арлын дугаартай, LX 450D маркийн суудлын автомашиныг бусдад худалдах гэрээ байгуулах бүрэн эрхийг 3 сарын хугацаанд хүчинтэй итгэмжлэл олгожээ. / /хх-ийн 92-94 тал/

 

8.Ц.********* нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уранган нэртэй автомашины төвийн зогсоолд автомашин худалдан борлуулдаг тргэн Д.ад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж, байрлуулсан 2017 онд үйлдвэрлэгдсэн, JTJCV00W604007155 арлын дугаартай, LX 450D маркийн Монгол улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй хохирогч О.*******ийн эзэмшлийн автомашиныг Таны автомашиныг Хятад улсын иргэн худалдан авах гэж байна, үзүүлэх гэсэн юм гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар иргэн Д.аас автомашиныг авч явах зөвшөөрлийн дагуу уг автомашиныг шилжүүлэн авч залилан 270,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан... гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Буурал овогт Цэдэн-ишийн ********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*********эс 35,000,000 төгрөг, иргэний хариуцагч С.*******аас 35,000,000 төгрөгийг гаргуулж нийт 70,000,000 төгрөгийг хохирогч О.*******ид олгосугай гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-35 тал/

 

9.Дээрх 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолд ...Хохирлын хэмжээний тухайд: Прокуророос шүүгдэгч Ц.********ийг хохирогч О.*******ийн 270,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг залилан авч, тус хэмжээгээр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн буюу хохирлын хэмжээг 270,000,000 төгрөгөөр тогтоож шүүхэд ирүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний Арвижих Эстимэйт ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай тайлангаар 2017/8 сард үйлдвэрлэгдсэн, LX 450D маркийн машин нь өнгө үзэмж, техникийн байдал, цаашид ашиглагдах боломж зэргээсээ шалтгаалж 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 270,000,000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов гэсэн байна. Дээрх тогтоосон хохирлын хэмжээнд оролцогчдоос зөвшөөрөхгүйг илэрхийлж, үндэслэлээ хохирогч О.*******оос 170,0 сая, 230,0 сая, 270,0 сая гэж гурван өөр дүн ярьж байна, мөн худалдах худалдан авах гэрээнд 39,200 ам.доллар гэж бичсэн, уг мөнгийг хүлээн авсан гэж ОХУ-ын иргэн гараар бичсэн. Энэ үнийн дүнг тэр үеийн ханшаар тооцвол нэг ам.доллар 2702.48 төгрөг гэж үзвэл 105,952,504 төгрөг болж байна гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орос улсын иргэнээс Баян-Өлгий аймгийн цагаан урын боомтоор дамжуулан оруулж ирсэн 450 маркийн хар өнгийн машиныг 56,000 ам.доллар буюу 170,000,000 төгрөгөөр худалдан авч авсан даруйдаа, өөрөө жолоодож Улаанбаатар хотод ирсэн. Би тухайн автомашиныг 230,000,000 төгрөгөөр зарж борлуулахаар машин худалдааны зах дээр байрлуулсан, ...би 170,000,000 төгрөгөөр худалдаж авсан..., 230,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд "... 270,000,000 төгрөг нэхэмжилнэ. 39,200 ам доллар тухайд нотариатад бага мөнгө төлөх зорилгоор зориуд үнийн дүнг багасгаж бичсэн, автомашиныг бодитоор бол 57,000 ам доллароор худалдан авсан, мөн Казакстан улсаас авчрах гурван хүний онгоцны тийзийн төлбөр, хоол хүнс, машиныг газраар авчрах шатахууны зардал зэрэг гарсан зардлыг нэмж нийт 170,000,000 төгрөг болсон юм гэж мэдүүлэх бөгөөд уг дүнг шүүгдэгч Ц.********* үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн. Хохирогч нь 450 маркийн хар хөх өнгийн автомашиныг 2019 оны 11 дүгээр сард сард Монгол улсад авчирсан байх ба Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар Монгол Улсын зах зээлийн дунджаар 270,000,000 төгрөгөөр үнийг тогтоосон, хохирогч нь нэхэмжлэлийн үндэслэлээ автомашиныг худалдан борлуулах байсан, мөн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр нэхэмжилсэн гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. Иймд 2017 онд үйлдвэрлэгдсэн, JTJCV00W604007155 арлын дугаартай, LX 450D маркийн автомашиныг худалдан авахад болон түүнтэй холбоотой гарсан зардлыг нэмж бодитоор хохирогчийн худалдан авсан нийт үнийн дүн 170,000,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул уг дүнгээр бодит хохирлыг тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэв. Шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар заавал баримтлах шаардлагагүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимэйт ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/135 дугаартай тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно. Тиймээс прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.********ийн хохирогч О.*******ид учруулсан хохирлыг 270,000,000 төгрөгөөр ирүүлснийг шүүх зөвтгөн 170,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон, энэхүү байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн. Шүүгдэгч Ц.********* нь хохирогч О.*******оос эд хөрөнгийг худал хэлж хуурч шилжүүлэн авсан атлаа, мөн бусдад барьцаалах эрхгүй гэдгээ мэдсээр байж барьцаанд тавьж, өөрийн хэрэгцээнд зээл авч буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, покажу аргаар мөнгө олох Шунахай сэдэлтээр үйлджээ гэж дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*********эс 35,000,000 төгрөг, иргэний хариуцагч С.*******аас 35,000,000 төгрөгийг гаргуулж нийт 70,000,000 төгрөгийг хохирогч О.*******ид олгосугай гэж шийдвэрлэсэн Шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/911 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх ийн 4-45 тал/

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.********* шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй гэх тайлбар гаргаж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар учирсан хохирол шаардах эрхтэй гэж мэтгэлцэв.

 

11.Хариуцагч тал шүүгдэгч Ц.********ийн хохирогч О.*******ид учруулсан хохирлыг 270,000,000 төгрөгөөр ирүүлснийг шүүх зөвтгөн 170,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон гэж шийтгэх тогтоолд заасан хохирол төлөгдсөн гэж маргасан.

 

12.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байвал уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

 

13.Хариуцагч С.******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.*********тэй 15,000,000 төгрөгийн 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ, мөн өдрөө 2008 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн jtmht05j505032571 арлын дугаартай, тээврийн хэрэгслийн чанар /дунд/, суудлын автомашинаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан байх ба харин нэхэмжлэгч О.*******, хариуцагч С.******* нарын хооронд үүрэг үүсээгүй байна.

 

14.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс уг тээврийн хэрэгслийг 270,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 100,000,000 төгрөгийн ашиг олох байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул 100,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан, хариуцагч С.******* нь 50,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

15.Иймд хариуцагч С.*******д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

16.Иргэдийн төлөөлөгч Б.******* Ц.*********, С.******* нар нь хамтарсан юм шиг санагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үнэн болно гэсэн дүгнэлт гаргаж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед хариуцагч С.******* нь Ц.*********тэй 15,000,000 төгрөгийн 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ, мөн өдрөө суудлын автомашинаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан эсэхийг асууж тодруулсан бөгөөд хэн алиныг буруутай гэх дүгнэлт гаргаагүй байна.

 

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.*******д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Т.ЗОЛЗАЯА

 

О.ЦЭНД-АЮУШ