Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 98

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнийн өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),

шүүгдэгч Н.Ууганбаатарын өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),

хохирогч Н.Сансармаа,

шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Шаарийбуугийн Төгс-Эрдэнэ, Боржигон овогт Нэргүйн Ууганбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001630018 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 15 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                            

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, охин, хүү, ач охин нарын хамт Төв аймаг, Сэргэлэн сум, 5-р баг Авдар гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн НС64060175 дугаартай, Боржигин овогт Шаарийбуугийн Төгс-Эрдэнэ нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн задгай тоотод өөрийн бэр болох хохирогч Н.Сансармааг загналаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Сэргэлэн сум, 5-р баг Авдар гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн задгайд оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн НС84022678 дугаартай, Боржигон овогт Нэргүйн Ууганбаатар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн задгай тоотод хохирогч Ш.Төгс-Эрдэнийг өөрийн эхнэр Н.Сансармааг зодлоо гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар, тэдний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнэ нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн задгай тоотод өөрийн гэртээ 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар уйлж байхад нь түүний бэр Н.Сансармаа нь “та охиноо айлд өгсөн болохоос үхэж үрэгдсэн юм биш маргааш орой хүрээд ирнэ, битгий уйлаад байгаач” гэж хэлэхэд араас нь үсдэж шалан дээр унагаад, гадаа гарахад мөн араас нь гарч зүүн нүдэнд нь 2 удаа, баруун нүдэнд нь 1 удаа гараараа цохин, үснээс нь зулгааж түүний биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний салст, зүүн сарвуунд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан ба энэ үед гаднаас Н.Сансармаагийн нөхөр Н.Ууганбаатар ирээд “юу болов” гэхэд “Ш.Төгс-Эрдэнэ зодлоо” гэж хэлэхэд эхнэрээ өмөөрч хойд эцэг Ш.Төгс-Эрдэнийн нүүрэнд 1-2 удаа гараараа цохиж түүний биед тархи доргилт, дух, баруун мөр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнийн: “... Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ууганбаатарын: “... Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Сансармаагийн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нөхрийн маань хамгийн бага эмэгтэй дүүг бэр гуйсан. Тухайн найран дээр аав уйлаад байхаар би “та юунд уйлдаг юм бэ, буцаад ирэхээс хойш” гэж хэлсэн. Бурмаа миний үснээс зулгааж, Ш.Төгс-Эрдэнэ миний нүд рүү 3 удаа цохьсон. Хадам аав Ш.Төгс-Эрдэнэ надаас уучлалт гуйж, эвлэрсэн. Одоо надад гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Төгс-Эрдэнийн: “... Тухайн хэрэг миний буруугаас болсон учир надад гомдол санал байхгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлнө ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Сансармаагийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн задгай тоотод манай нөхөр Ууганбаатарын бэр гуйх цайллага болоод өдөр 13 цагийн орчимд ирсэн хүмүүс нь яваад энэ үед манай хадам аав Ш.Төгс-Эрдэнэ нь согтуу энд тэнд уйлаад яваад байсан юм. Ингээд би хадам аав Төгс-Эрдэнийг “та охиноо айлд өгсөн болохоос үхэж үрэгдсэн юм биш маргааш орой хүрээд ирнэ, битгий уйлаад байгаач” гэж хэлсэн чинь хажууд нь байсан түүний дүү Ш.Бурмаа нь “чи манай ахыг загнаж байдаг хэн бэ, муу гуйлгачин минь” гэх мэтээр доромжилж байхээр нь цүнхээ аваад гарах гэхэд хадам аав Төгс-Эрдэнэ араас үсдэж, гэрт шалан дээр унагаад, хадам ээж Нэргүй салгах үед нь би гадаа гарсан чинь Төгс-Эрдэнэ нь араас гарч ирээд зүүн нүдэнд 2 удаа, баруун нүдэнд 1 удаа гараараа цохиж зодоод, үснээс зулгааж газар чирээд гэдэс рүү хэд хэдэн удаа өшиглөж эодсон юм. Би архи уусан согтуу байсан нь үнэн гэхдээ болсон хэргийн талаар бүгдийг санаж байна. Миний хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн гарын сарвууны арын хэсэгт хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргах болно. Ш.Төгс-Эрдэнийн төрсөн дүү хүүхэн Ш.Бурмаа нь мөн намайг хэл амаар доромжилж үснээс зулгаасан учир дээрх хүмүүст гомдолтой байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 13-14 дүгээр тал/,

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... манай нөхөр Ууганбаатар Бурмаад огт гар хүрээгүй. Харин хадам аавтай зууралдаж байсан. Би нөхрөө цохихыг нь хараагүй. Төгс-Эрдэнэтэй маргааш нь уулзахад нүд нь хөхөрсөн байсан. Би нөхөөсөө асуухад “цохьсон байх аа” гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Төгс-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн задгай тоотод манай охин айлын бэр болоод гуйлга нь манайд ирсэн учир жаахан найр болоод 2-3 шил архи уугаад нэлээн их согтуу болсон байсан юм. Гэтэл манай хүүхэд Ууганбаатар миний дээр гарсан нүүрэн тус газар гараараа цохиж зодож байсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би Сансармаатай юунаас бол маргалдсанаа мэдэхгүй байна. Миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн талын шанаа хавдартай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргах болно. Надад гомдол санал гэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 10-11 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Бурмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Төгс-Эрдэнэ ах Уранчимэгийн хүүхдийг нь тэврээд жаахан халамцуухан байсан учир уйлсан. Тэгтэл Сансармаа “та юундаа уйлаад байгаа юм бэ” гэхээр нь “чи бид 2 хэрэггүй ээ, эхнэр хүүхэд нь загнан биз” гэж хэлсэн. Тэгтэл Сансармаа над руу гутал шидэхээр нь “чи яагаад байгаа юм бэ” гээд маргалдсан. Би тэгэхээр нь “яршиг больё, явъя” гээд гарах гэтэл Сансармаа өмнөөс заамдаж ирээд миний үснээс зулгаагаад авахаар нь би үсээ тавиулсан. Би Төгс-Эрдэнэ ахыг аваад гартал араас гарч ирээд манай ахыг заамдаж аваад энд тэндээс нь зулгаагаад салж өгөхгүй байсан. Би тэгэхээр нь Сансармааг “чи одоо болиоч” гээд татаж авсан. Би Сансармаад огт гар хүрээгүй. Ах Төгс-Эрдэнэ Сансармааг хаана нь цохьсоныг би хараагүй. Сансармаа намайг үсдэж дарсан, баруун хөл рүү өшиглөсөн. Сансармаа Төгс-Эрдэнийн хаана нь цохьсоныг хараагүй, тэр 2 салж өгөхгүй зууралдаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/413 тоот:

1. Н.Сансармаагийн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/415 тоот:

1. Ш.Төгс-Эрдэнийн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Ууганбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шиг санаж байна. Дүүг бэр гуйх ёслол болж өнгөрсөн. Би дэлгүүр орчихоод буцаад ирэхэд манай эхнэр уйлчихсан, нүд нь хавдчихсан гарч ирэхээр нь “юу болов” гэхэд “Төгс-Эрдэнэ зодлоо” гэхээр нь эхнэрээ өмөөрөөд Төгс-Эрдэнийг очоод 1-2 удаа нүүрэн тус газар нь цохьсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ш.Төгс-Эрдэнийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “... би тухайн өдөр нэлээн архи уусан байсан. Зарим үйл явдлыг санахгүй байгаа. Ямар ч байсан Ууганбаатар миний дээр гараад нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Миний нүд хөхөрсөн, хавдсан, гэмтэл учирсан. Би Ууганбаатар луу ямар нэгэн хутга шөвөг барьж дайраагүй ээ. Би жаахан гомдоод л байна. Үр хүүхдүүд байж арай ч дээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

хохирогч Н.Сансармаагаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 38-40 дүгээр тал/,

            Ш.Төгс-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-45, 79-81 дүгээр тал/,

            Н.Ууганбаатар хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-62 дугаар тал/,

            Н.Ууганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/,

            Ш.Төгс-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/,

            Ш.Төгс-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/,

         Н.Ууганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой тус тус эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдэнд торгох ял оногдуулж,

улмаар тус бүр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Сансармаа, Ш.Төгс-Эрдэнэ нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Шаарийбуугийн Төгс-Эрдэнэ, Боржигон овогт Нэргүйн Ууганбаатар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шаарийбуугийн Төгс-Эрдэнэ, Нэргүйн Ууганбаатар нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Сансармаа, Ш.Төгс-Эрдэнэ нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Төгс-Эрдэнэ, Н.Ууганбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ