Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 260

 

 

Л.М  нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03630 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.М  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ц  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “зээлийн гэрээ”-г хүчин хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 1 560 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагч Г.Ц  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Г.Ц  нь 4 000 000 төгрөг зээлж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч 1 000 000 төгрөг төлөөд үлдсэн 3 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу төлөөгүй үлдсэн 3 000 000 төгрөгийн хоног тутамд бодогдох 0,5 хувь буюу 1 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ныг хүртэл нийт 128 хоногийн 1 920 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан 3 000 000 төгрөгийн төлөх дүнгийн алданги нь 1 500 000 төгрөг байна. Иймд хариуцагчаас төлөөгүй үлдсэн 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.М  УНЯ 8679 улсын дугаартай ачааны бонго 3 автомашин худалдан авсан. Худалдан авахдаа уг автомашиныг авто тээврийн үзлэг оношилгоонд оруулалгүй, танил хүнээрээ Л.М  нь бичиг хийлгэн авч надад борлуулсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл 6 сарын хугацаанд гарвал хариуцна гэж аман баталгаа өгсөн. Гэвч 1 сарын дараа уг автомашин гэмтэл гаран 1 560 000 төгрөгийн засвар үйлчилгээг Г.Ц  миний төлбөрийг төлсөн. Уг засвар үйлчилгээг хийлгэх бүртээ Л.М  мэдэгдэж байсан болно. Иймээс уг шаардаж буй нэхэмжлэлийн төлбөрийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц  миний бие 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Л.М  УНЯ 8679 улсын дугаартай ачааны бонго 3 маркийн автомашиныг 16 500 000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцож, худалдан авсан бөгөөд хариу төлбөрт өөрийн эзэмшлийн УНД 2597 улсын дугаартай "Пирус 30 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр үнэлэн тооцож өгсөн ба бэлнээр 1 000 000 төгрөгийг Л.М  данс руу шилжүүлэн өгсөн. Гэвч Л.М  худалдаж авсан ачааны бонго 3 маркийн автомашин нь худалдаж авах үед биет байдлын доголдолтой буюу порсунк нь эвдэрсэн байсан ба уг автомашинд байсан гэмтэл, доголдолын талаар тухайн үед Л.М т порсунк нь ажилгүй болоод байна гэж хэлэхэд “би үйлдвэрлээгүй мэдэхгүй, наадах чинь зүгээрээ, шалихгүй зардлаар засагддаг юм” гэж тухайн үед надад хэлсэн. Би ачааны бонго 3 маркийн автомашины засвар үйлчилгээ, сэлбэг авахад өөрөөсөө нийт 1 560 000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж, өөрийн хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирсон юм. Л.М  тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “...хариуцагчаас төлөөгүй үлдсэн төлбөр 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Бидний хооронд бодит байдал дээр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос биш, зээлийн гэрээ байгуулагдаагүй юм. Энэ зээлийн гэрээ бол хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зээлийн гэрээ бол Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж байна. Намайг ноцтой төөрөгдүүлсэн ба хуулийн мэдлэггүйг далимдуулж, өнөөдөр надаас ийм мөнгө нэхэж, залилж байгаад гомдолтой байна. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ачааны бонго 3 автомашины засвар үйлчилгээ сэлбэгийн зардалд Л.М  нийт 1 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар асууж тодруулсан. Автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, тус гэрээний дагуу үлдэгдэл мөнгийг өгөх талаар зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж тайлбарласан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ц ээс 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 1 560 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Ц ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.М  төлсөн 86 950 төгрөг, хариуцагч Г.Ц ээс төлсөн 126 860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Ц  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03630 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Л.М  нь хариуцагч Г.Ц  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1 560 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тул зээл 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө зээлээгүй, автомашин худалдан авсан, харин зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй атлаа зээлийн гэрээг төөрөгдсөний улмаас хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж хэлцлийн талаар тус тус зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

 Талууд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ба уг гэрээнд Г.Ц  нь Л.М  4 000 000 төгрөгийг хүүгүй зээлэх, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “зээлийн гэрээ“ гэх бичгийн баримтаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн автомашин солилцохоор тохиролцсон, 4 000 000 төгрөгийн үлдэгдэл дээр зээлийн гэрээ байгуулсан гэх, хариуцагч арилжааны гэрээ байгуулсан, автомашин солилцсон төлбөрийн зөрүү 4 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараар тогтоогджээ. /хх-9/

 

Талууд бичгээр хэлцэл хийсэн боловч уг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч Г.Ц  нэхэмжлэгч Л.М  нь шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдох талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан. Иймд хуулийн уг нөхцлийг хангаагүйн улмаас тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа талуудад үүсээгүй болохыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Хариуцагч Г.Ц  нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс 8679 УНЯ улсын дугаартай Бонго 3 маркийн ачааны автомашиныг 16 500 000 төгрөгөөр худалдан авч, 12 500 000 төгрөгт нь 2597 УНД улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг тооцон шилжүүлж, үлдэгдэл 4 000 000 төгрөгөөс хариуцагч нь нэхэмжлэгчид 1 000 000 төгрөг  төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх-14/

 

Дээрх үйл баримтаас үзвэл талууд нэг талаас эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан  гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Л.М т, хариуцагч Г.Ц ээс 3 000 000 төгрөг гаргуулж,  талууд амаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул алданги шаардах эрх үүсэхгүй, түүнчлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй талаар зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэгч Л.М тай 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар гарсан зардал 1 560 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдаагүй тул уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэгч Л.М  худалдан авсан 8679 УНЯ улсын дугаартай Бонго 3 маркийн ачааны автомашин эвдэрч, доголдолтой байсны улмаас засвар үйлчилгээ хийхэд 1 560 000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарладаг.

 

Хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан “Улаанхуаран дөл” ХХК-иас “Тэгш Орд” ХХК 187 000 төгрөгийн бараа материал худалдан авсан зарлагын баримт, е-баримт авагдсан боловч уг баримтууд болон гэрч Б.Ням-Одын “манайд анх ирэхдээ түлшний 4 форсункний 1 нь гацсан, түлшний систем бохирдсон засвар хийлгээд явсан, сэлбэгийг өөрөө авч ирсэн, ажлын хөлс 4 000 000 төгрөг болсон, өнгөрсөн жил хүйтэрч эхлээд форсунк түлшний системээ засварлуулсан“ гэх мэдүүлгээр Л.М  нь доголдолтой эд хөрөнгө худалдсан гэдгийг шууд нотлохгүйгээс гадна тус баримтуудаар уг автомашинд бодитой засвар хийсэн болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй байна. /хх-69/

 

Г.Ц  нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэний улмаас 1 560 000 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 189 810 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ