Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/309                  

 

 

 

   

       Ж.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Батчимэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ут холбогдох 2003000000355 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../,  

Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 44-27 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Уын үйлдлийг Эрүүгий хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.У-г Хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, Шүүгдэгч Ж.Уын “В” ангиллын 1226390 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Уаас 6.107.000 төгрөгийг /зургаан сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс Ж.Уаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 6.107.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс багш хөлсөлсний 1.760.000 төгрөг, эмчилгээний зардалд 322.000 төгрөг хохирогчийн ээж хүүхдээ асарсаны улмаас худалдагч ажлуулсан 1.300.000 төгрөг, өмгөөлөгч авсны 3.000.000 нэхэмжилсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал гэх заалтыг үндэслэн өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилсэн.

Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хохирогч нь өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхтэй хэмээн хуульчилсан байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл 11.4 дүгээр зүйлд заасан заалт нь хохирогчид учирсан хохирол хор уршигийг нөхөн төлүүлэхтэй холбоотой заалт бус харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас гаргаж буй зардал гэж ойлгож байна.(шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагааны явцтай холбоотой).

Хохирогч нь хуульд заасан эрхээ эдэлсэн бөгөөд эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж буй нь үүрэг болгосон зохицуулалт биш юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокурорын зүгээс хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учруулсан хохирол хор уршигийг арилгуулахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч хохирогчийн эрх ашгийг давхар хамгаалдаг. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн зүгээс нотлох баримтаар хөлсөөр ажиллах гэрээ, дансруу мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргадаг боловч нотлох баримтын эх сурвалж болсон лангуу түрээслэдэг эсэх бараа зардаг эсэхийг баримтжуулсан эрх бүхий байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээг хэрэгт хавсаргаж өгөөгүй болно. Анхан шатны шүүхээс учруулсан хохирол, хор уршигтай холбогдох хэсэгт бодитой дүгнэлт хийгээгүй учир хохирогчийн хохиролтой холбоотой шаардлагаас өмгөөлөгчийн зардал, худалдагч хөлсөлж ажиллуулсаны зардалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогийн байдлаар манай хүүгийн биеийн байдал ер нь гайгүй байгаа. Эмч нар гүйлгэж үзээрэй гэсэн. Гүйхдээ жоохон эвгүй гүйж байгаа. Өвдөлтийн зовуурь байхгүй. Гэхдээ далий бороолж эдгэрсэн. ...” гэв. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулсан. Өмгөөлөгчид төлсөн төлбөрийн баримт нь хэрэгт авагдсан. Алтанцэцэгийн болон миний дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх хуралдааны үеэр тухайн баримт шинжлэн судлагдсан. Шүүгдэгчийн буруугаас болон өмгөөлөгч авсан учраас тухайн зардлыг гаргуулах үндэслэлтэй. ...” гэв. 

Прокурор Х.Батчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийн бүхий л нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхээс Ж.Уаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол гаргуулж шийдвэрлэсэн. Хохирогч энэ гэмт хэрэгт өртөөгүй байсан бол энэ хэмжээний зардал гарахгүй байсан. Хууль ёсны төлөөлөгч хүүхдээ асрах үүднээс тухайн зардлууд гарсан. Анхан шатны шүүхээс тухайн зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Гэмт хэргээс үүдэн хохирогч өмгөөлөгч авах шаардлага үүссэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хохиролд тооцож, өмгөөллийн хөлсийг гаргуулж шийдвэрлэх практик тогтсон. Сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тохиолдолд эдийн бус гэм хорыг гаргуулдаг практик тогтсон. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл тухайн хэрэгт гараагүй учраас сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ж.Ут холбогдох 2003000000355 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ж.У нь 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 24 дүгээр байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 44-27 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “...хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч С.О-ийн: “...ах найз нартайгаа искүтэрээр уралдаж тоглоод байхаар нь би цэнхэр байрны хажууд байдаг тоглоомын талбай орох гээд ахыгаа үлдээгээд ганцаараа явсан юм. Тэгээд байрны голд байдаг замаар гарч байхад миний зүүн гар талаас нэг машин ирж мөргөсөн, зүүн хөлний өвдөг рүү мөргөсөн...” /хх 18/,

иргэний хариуцагч Г.Энхзулын: “...Ууганбаяр машин жолоодоод би урд нь суугаад ард Мөнх-Од суучихсан их дэлгүүрийн хойно байдаг нарийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад гэнэт бид нарын баруун талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд нэг эрэгтэй хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэр үед Ууганбаяр ч тоормос гишгээд нөгөө хүүхдийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ослын улмаас бусдад учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулна...” /хх 28/,

гэрч Ц.Мөнх-Одын: “...Их дэлгүүрийн хойд талын байрны дундах замаар явж байсан. Тэр үед утсаа оролдоод явж байсан учраас яг юу болсоныг мэдэхгүй байна. Энхзул, Ууганбаяр хоёр хашгиралдаад явчихаар нь цонхоор хартал машины баруун урд талд хүүхэд хэвтэж байсан. ...” /хх 34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10242 дугаартай: “С.О-ийн биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн тавхайн долоовор, дунд, чигчий, хурууны өлмий ясанд цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 37-38/,

 “...Тоёото Приус маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлээр явж байгаад ертөнцийн зүгээр хойд талын байр руу эргэж ороход гарцнаас гүйн гарч ирж байгаа явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж, газарт унагаад автомашин зогсов. ...” гэсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Ж.Уын 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 18 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “...хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай С.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Ж.Уын үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас Ж.Уын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь давж заалдах гомдлынхоо “...хохирогчийн хохиролтой холбоотой шаардлагаас өмгөөлөгчийн зардлыг гаргуулсан нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлынхоо үндэслэлийг дэмжин тайлбар гаргав.    

Анхан шатны шүүхийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд нийцүүлэн нотлох баримтаар нэхэмжилсэн:

багшид төлсөн 1,760,000 төгрөг,

эмчилгээний зардалд 322,000 төгрөг /хх 22,155/,

хүүхдээ асрах хугацаанд өөрийнхөө оронд ажиллуулсан худалдагчийн хөлс 1,300,000 төгрөгийг нийт 3,382,000 төгрөгөөс төлсөн 275,000 төгрөгийг хасаж, нийт 3,107,000 төгрөгийг Ж.Уаас гаргуулахаар, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, өмгөөлөгч Г.Минжмаа нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчид төлсөн гэх 3,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хангаж, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын харилцан тохиролцоо, хэлцлийн дагуу хийсэн өмгөөллийн хөлсийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал...” гэж үзэх үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Засгийн газраас баталсан журмын дагуу төсвөөс санхүүжигдэх зардал юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан “...өмгөөлөгчийн төлбөр 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Хохирлын талаар шийдвэрлэсэн дээрхи өөрчлөлтийг болон хохирлыг анхан шатны шүүх нэмэхдээ гаргасан тооцооны алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Уаас 6.107.000 төгрөгийг /зургаан сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Уаас 3,107,000 төгрөгийг /гурван сая нэг зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сд олгож, 3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ