Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00345

 

 

 

 

 

2024 04 19 151/ШШ2024/00345

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.О-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.068.445,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ж.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.068.445,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.О нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанитай ************** тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A53 загварын гар утсыг ************* дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Ж.О нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 712.297 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 712.297 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги 356.148,50 төгрөг, нийт 1.068.445,50 төгрөгийг Ж.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.О нь Ж ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.068.445,50 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж ХХК-иас Ц.Х-д олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж ХХК-ийн **** дугаар нэхэмжлэл, Ж.О-ийн төлбөр төлсөн тооцооны баримт, Ж ХХК болон Ж.О нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ************* дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний хуулбар, Ж.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Ж ХХК болон Ж.О нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ************ дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Ж.О уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.068.445,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.О нэхэмжлэлийн шаардлага болох 1.068.445,50 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ж ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.193 төгрөгөөс 15.096,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************** тоот данснаас 15.096,5 төгрөг, хариуцагч Ж.О-ээс 15.096,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ж.О нэхэмжлэлийн шаардлага болох 1.068.445,50 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний нэхэмжлэгч Ж ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.193 төгрөгөөс 15.096,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 15.096,5 төгрөг, хариуцагч Ж.О-ээс 15.096,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА