| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00347/И |
| Дугаар | 129/ШШ2024/00331 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 129/ШШ2024/00331
129/ШШ2024/00331
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймаг, Х сум, . тоотод оршин суух Х овгийн Г
Хариуцагч: А аймгийн Х сумын . тоотод оршин суух Х овгийн Б
Нэхэмжлэлийн шаардлага: Луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгч Х.Г
Хариуцагч Х.Б
Гэрч Х.П
Гэрч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг С.Х нь дөрвөн үе дамжсан 200 гаруй жилийн түүхтэй луу толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсгийг нас барах үедээ хамт амьдарч байсан бага хүү Х.Б-д 1996 онд онд өвлүүлэн үлдээсэн бөгөөд ийнхүү хууль ёсоор өвлөн авсан дүү Х.Б нь надад 1998 онд хариу төлбөртэйгөөр уг морин хуур хөгжмийг миний өмчлөлд шилжүүлж өгсөн. Түүнээс хойш би өөрийн өмчлөлдөө хадгалаж хамгаалж байгаад 2010 онд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар бүртгүүлсэн. Гэтэл 2022 онд миний төрсөн дүү Х.Б миний өмчлөлийн дээрх морин хуур хөгжмийн зэмсгийг надад мэдэгдэлгүйгээр нууцаар авч явчхаад буцааж авч ирж өгөхийг удаа дараа шаардахад одоог хүртэл буцааж өгөхгүй, өөрийн эзэмшилдээ байлгасаар байна. Миний бие дээрх морин хуур хөгжмийн зэмсгийг хууль ёсны дагуу өөрийн өмчлөл, эзэмшилдээ авч өвлөн уламжлагч хамгаалагчаар төрд албан ёсоор бүртгэлтэй учраас бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Х овогтой Г миний өмчлөлийн луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсгийг А аймгийн Х сумын Х багт оршин суух Х овогтой Б-н хууль бус эзэмшлээс гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Х.Б бид луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэг нь өвөг дээдсээс өв уламжлагдан ирсэн өв хөрөнгө гэдэгтэй маргахгүй бөгөөд дээрх хөгжмийн зэмсэг нь отгон дүү Х.Б-д байх ёстой юм байна гэж ярилцаж, ойлголцлоо. Иймд нэхэмжлэгч Х.Г би хариуцагч Х.Б-с уг хөгжмийн зэмсгийг нэхэмжлэхгүй, бид нар луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсгийг отгон дүү болох Х.Б-д шилжүүлэхээр харилцан тохиролцлоо. Отгон дүү Х.Б нь луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсгийг шилжүүлж авахыг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ. Бидний байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Х.Б-д холбогдуулан луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Г хариуцагч Х.Б-с луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Х.Б нь отгон дүү Х.Б-д уг хөгжмийн зэмсгийг буюу шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ хууль зөрчөөгүй, зохигчийн эвлэрэл гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй гэсэн тайлбар гаргасан тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Г хариуцагч Х.Б-с луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ захирамжийг албадан гүйцэтгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Г хариуцагч Х.Ба-с луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Х.Б нь отгон дүү Б-д шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Х.Г хариуцагч Х.Б-с луу толгойтой шанаган хуур /морин хуур/ хөгжмийн зэмсэгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ захирамжийг албадан гүйцэтгэхгүй болохыг дурдсугай.
4. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА