Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1479

 

 

 

 

 

 

   2020            12            10                                        2020/ДШМ/1479

 

 

 

      О.Э-д холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Т.Урангэрэл, Д.Батсүх,

хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат,

хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

хохирогч Х.Г, Х.Г нарын өмгөөлөгч Б.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 53 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх, хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г......... боржигон овгийн О.Э, 19.... оны 10 дугаар сарын 21-ний өдөр ............. аймгийн ..................17.3 суманд төрсөн, ......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ............ хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

О.Э- нь: 

- 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говьмарал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “Алтан тал” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа ““Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна” гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Олимп” хорооны 5 дугаар байрны 27 тоотод Д.Дагвадорж аваргын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-ийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-с “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

- 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-с 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2015 оны 3 дугаар сард иргэн Э.Т-с Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-н ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000  төгрөгийн хохирол учруулж,   

Нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон, их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260002714 дугаартай хэргээс шүүгдэгч О.Э-ыг 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа ““Говьмарал” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна” гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota land criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг залилан мэхэлсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун”  нэртэй иргэн Л.Д-н ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл, холбогдлыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтож хэргийн зүйлчлэлийг өөрчилж, прокуророос ирүүлсэн шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Э- нь хохирогч Б.Ж-д 546.485.108 төгрөгийн, хохирогч С.Э-т 27.378.468.9 төгрөгийн, хохирогч Х.Г-д 115.440.000 төгрөгийн, хохирогч Х.Г-д 21.440.000 төгрөгийн, хохирогч Э.Туулд 11.239.320 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч О.Э-аас Мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-, С.Э-, Х.Г, Х.Г, Э.Т нарт тус бүр 560.000 төгрөгийг хувь тэнцүүлэн олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Э-ын “Говьмарал” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын “Алтан тал” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрлийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцах албаны Залилан мэхлэх гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Ж-д буцаан олгож, шүүгдэгч О.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх О.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ... асуудлыг хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна”, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч О.Э-аас гаргуулан шийдвэрлэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэглээгүй, хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулж олгохоор үүрэг болгож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

1. Хохирогч Б.Ж-ыг залилсан гэх үйлдлийн талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Хан Мон Лоу” ХХК нь 2012 оны 2 дугаар сард О.Э-тай Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу түүний эзэмшлийн битумын орд бүхий “Говьмарал” ХХК-ийн хувьцааг Солонгос улсын хөрөнгө оруулагчдад 20.000.000 ам.доллараас багагүй үнээр худалдах асуудлаар зуучлахаар гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. “...Б.Ж-д учирсан гэх хохирлын 547.045.108 төгрөгийн хохирол нь дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, “Хан Мон Лоу” ХХК-иас өгсөн төлбөр” гэж тайлбарлаж буй О.Э-ын мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг болон тэдний хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байхад шүүх үүнийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Б.Ж-, О.Э- нар нь “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийг судлах, тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Б.Ж-ы хөөргийг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, уг зээлээ хаягдал шавар ашиглах технологийг гаргасан Солонгос улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, гадаад болон дотоод томилолт, зочид буудал, төслийг санаачилсан Монгол иргэдийн урамшуулал зэрэгт зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Уг асуудал цэвэр иргэний эрх зүйн харилцаанд хамаарахаар байхад шүүх үүнийг гэмт хэрэг гэж үзсэн нь хууль бус болсон.

2. С.Э-ийг залилсан гэх үйлдлийн талаар: Хохирогч С.Э- нь О.Э-д 14.534 ам.долларын бараа хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нь нотлох баримт нь тогтоогдоогүй. Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэгт гарган өгсөн гоо сайхны бараа хүлээлгэн өгсөн гэх баримтууд дээр О.Э-ын гарын үсэг огт байдаггүй, тэдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Зөвхөн нэг талын буюу худалдагчийн гарын үсэг бүхий баримт байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн О.Э-ыг залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон.

3. Х.Г, Х.Г, Э.Т нарыг залилсан гэх үйлдлийн талаар: Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрийн аль алинаар нь хийж болохоор заасан байдаг. О.Э- нь Х.Г, Х.Г нартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан байдаг бол Э.Т-тай аман хэлбэрээр хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр хүмүүсийн аль алинтай нь Зээлийн гэрээ байгуулахдаа “... компанийхаа нэр дээрхи тусгай зөвшөөрлийг зараад өгнө...” гэж хэлж авсныг хууран мэхэлсэн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар О.Э- нь өөрийн нэр дээрхи тусгай зөвшөөрөл бүхий компаниудын хувьцааг худалдах асуудлаар гэрээ, хэлцэл хийсэн байсан болох нь нотлогдож байгаа. Эдгээр гэрээ, хэлцэлүүд нь О.Э-аас үл хамаарах шалтгаанаар хэрэгжих боломжгүй болсноор Х.Г, Х.Г, Э.Т нарын зээлийг төлж чадаагүй болох нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Э-ыг цагаатгаж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийн тухайд шийтгэх тогтоолын 2 дахь заалтад миний үйлчлүүлэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг өөрчилж тогтоож шийдвэрлэсэн хэсэг тухайн өөрчлөгдсөн хэсэг дээр гэм буруутай гэж үзэж шийдвэрлэсэн шийдэл мөн. Тэр дунд гэм буруутай гэж үзэх тухай үг ороогүй байгаа нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Ганбатын гаргасан давж заалдах гомдлын хувьд бид нарт бичгээр танилцуулсан гомдлоос өөр гомдол танилцууллаа. 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэж тайлбарласан. Нэг үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол гэж тайлбарласан. Бичгээр өгсөн давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа шүүх хэрэглэсэнтэй холбоотой ямар нэг үндэслэл, гомдол гаргаагүй байсан. Мөн өөрт болон үйлчлүүлэгчтэй нь огт хамааралгүй Д гэх хүнийг хохироосон үйлдлийг хэрэгсэхгүй болгосон асуудалтай холбогдуулж гомдол гаргасан нь хуульд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү ...” гэв.

Хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийт 221.081.280 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota land criuser-200” маркийн 2 ширхэг автомашиныг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, О.Э- нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...би “Land criuser-200” автомашины нэгнийх нь мөнгө гэж 65.000 ам.доллар өгсөн, тухайн үед гэрт нь жоохон охин сургуульдаа явах гэж байсан, ... 2 дахь “Land criuser-200”-ийн мөнгийг мөн гэрт нь ганцаараа байхад нь 90.000.000 төгрөг аваачиж өгөөд нэрээ шилжүүлж, нотариат дээр очиж гэрээ хийсэн” гэх /5хх 57/

Харин 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Ж-ы гэрт буюу “Olymp” хотхоны байрны 3 давхарт, 4 өрөө байранд гэрт нь очиж “Land criuser-200”-ийн мөнгө өгсөн, бага охин нь байсан, яг хэддүгээр анги гэдгийг нь мэдэхгүй, маргааш нь нотариат дээр очиж машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж байсан. Дараагийн 2 дахь автомашины мөнгийг гэрийнх нь гадна миний машинд өгсөн. Маргааш нь автомашиныг авсан. Энэ машин Б.Ж-ы нэр дээр байгаагүй, надад тэр хүнээсээ итгэмжлэх авч өгч байсан” гэж тус тус мэдүүлдэг. /5хх 59/

Дээрхи 2 мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байхаас гадна О.Э- худал мэдүүлж байгаа нь дараах байдлаар тодорхой харагдана.

Хохирогч Б.Ж-ы бага охин нь 2012 онд сургуульд явдаггүй. Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэгт явдаг байсан. /Б.Ж-ы охин нь 2012 онд цэцэрлэгт явж байсныг нотолсон цэцэрлэгийн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгааг харгалзан үзнэ үү/

О.Э- нь мэдүүлэгтээ охин нь сургуульдаа явах гэж байсан гэж мэдүүлдэг ч тухайн 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Тэгэхээр О.Э- нь худал мэдүүлсэн болж таарч байна.

Б.Ж- нь тухайн үед О.Э-ын мэдүүлээд байгаа хаягт 2012 онд оршин сууж байгаагүй, энэ хаягт нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн оршин суух болсон, тухайн үед буюу 2012 онд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10-39 тоот хаягт амьдарч байсан байдаг. /О.Э-ын мэдүүлээд байгаа хаягт Б.Ж- 2012 онд амьдарч байгаагүй, харин өөр хаягт амьдарч байсныг нотолсон хорооны тодорхойлолтууд хэрэгт мөн бичгийн нотлох баримтаар хавсаргагдсан байгааг анхаарч үзнэ үү/

Дээрх 2 мэдүүлгүүдээс харахад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ““Land criuser 200” маркийн автомашины эхний мөнгийг өгөөд өдөртөө нотариат орж гэрээ хийсэн, нэр шилжүүлсэн” гэж мэдүүлдэг ч 7 хоногийн дараа сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ маргааш нь нотариат орсон гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ 2 дахь автомашины мөнгийг өгөөд тэр өдөртөө мөнгөө шилжүүлсэн гэж мэдүүлдэг атлаа 7 хоногийн дараа сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэгтээ “... маргааш нь нэр шилжүүлсэн, гэхдээ тэр автомашин нь Б.Ж-ы нэр дээр байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байгааг харуулж байна. Түүнчлэн хавтас хэрэгт гаалийн мэдүүлэг бичгийн баримтаар хавсаргагдсан бөгөөд гаалийн мэдүүлгээс үзэхэд Б.Ж-ы нэр дээр “Land criuser 200” маркийн автомашинууд орж ирсэн байдаг. /12хх 4/,

Энэ нь мөн О.Э- тэр “Land criuser 200” нь өөр хүний нэр дээр байгаад итгэмжлэх авч шилжүүлж өгсөн гэж бүгдийг худал ярьж байгааг харуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... би 2 дахь “Land criuser 200”-ийн мөнгийг мөн гэрт нь ганцаараа байхад нь 90.000.000 төгрөг өгсөн гэх ч 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ О.Э- нь “... би 2 дахь “Land criuser 200”-ийн мөнгө гэж 96.000.000 төгрөг өгсөн” гэж үнийн дүнг өөрөөр мэдүүлдэг буюу энэ мэтчилэн 2 автомашины мөнгийг төлсөн гэдэг нь ор үндэслэлгүй болох нь бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул дээрхи 2 автомашины мөнгийг төлсөн, мөн гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэн Л.Д-гийн ажиллуулж байсан газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийн хохирогч Л.Д- нь миний үйлчлүүлэгч биш ч гэсэн нэг хэрэг, түүнчлэн хохирогч Л.Д-г хохироосон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь өөрөө энэхүү хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох үндэслэл болж байгаа тул хохирогч Л.Д-г хохироосон үйлдэлд бичгийн баримтад үндэслэн шүүхээс дүгнэлт хийхийг хүсч байна. Хохирогч Л.Д- нь мөрдөн шалгах явцад миний итгэсэн итгэлд тулгуурлан намайг залилсан гэдгээ тогтвортой мэдүүлсэн, мөн анхан шатны шүүх хуралдаанд надад ингэж итгэл үзүүлсэн гэдгээ, түүнчлэн дээл хувцас оёулсан мөнгөө яагаад өгөхгүй байсан шалтгааныг нь маш тодорхой ярьсан байдаг тул шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтад тулгуурлан Л.Д-г хохироосон үйлдэлд дахин дүгнэлт хийхийг хүсч байна. Л.Д-г хохироосон үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийн тухайд тайлбар хэлэхэд 2012 оны зээлийн гэрээний 3.3-ыг харахад хөрөнгө оруулалт хэлбэрээр авч байсан нь харагддаг тул Б.Ж-ыг залилсан нь нотлогддог. Бүх мөнгө дансны хуулга болон гарын үсэгтэй, баримттай байдаг. 7 жил шалгагдаж байгаа хэрэгт дахин хийх ажиллагаа байхгүй гэж үзэж байх тул хэргийг шүүхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. С.Э-ийн бараа материал хүлээлгэж өгсөн гэх баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, орчуулах шаардлагатай гэдэг. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж энэ ажиллагаанууд хийгдээгүй, хийгдсэн нь хуулийн шаардлага хангахгүйгээр шүүхэд буцаж очсон. Шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй байхад С.Э-ийн баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Ж-ы 547 сая төгрөгийн хөөрөгний асуудлаас гадна 5.000 юанийн асуудал яригддаг. Уг мөнгийг 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 5.000 юань буюу 1.577.000 төгрөгийг залилсан гэдэг. Гэтэл ийм зүйл огт байхгүй. 5.000 юанийг хохирогч Б.Ж- ч ярьдаггүй. Анх шүүхээс хэд хэдэн удаа буцахад 10.000 юань гэж яригдаж байсан. Автотээврийн үндэсний төвийн Пунцаг гэх Б.Ж-ы найз “би 10.000 юаниа авсан, өгөх, авах мөнгө байхгүй, тооцоо дууссан” гэдэг. Энэ талаар гүйлгээ хийсэн баримт байдаггүй. Мөн Х.Г-, Х.Г-, Э.Туул нарын тухайд зээлийн гэрээтэй иргэний эрх зүйн харилцааны үр дүнд 2 сая төгрөгийн хүү төлсөн байдаг. Гэтэл энэ мөнгө учруулсан хохирлоос хасагдаагүй. 2.800.000 төгрөг нь тусдаа мөнгө. Иймээс зээлийн гэрээний хүү төлж иргэний эрх зүйн харилцаанд орж байсан болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Түүнчлэн О.Э- 3 иргэнд учруулсан хохирлоо төлөхгүй байгаа нь шунахайн сэдэлтэй, залилсан гээд гэмт хэрэгт тооцсон. Гэтэл уг мөнгийг төлөхгүй байгаа шалтгаан нь хэд хэдэн хуулийн этгээдтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Э-ын үүсгэн байгуулсан хувьцаа эзэмшдэг “Говь-Эрдэнэ марал”, “Ургах говь”, “Говь илчит эрдэнэ”, “Гүсэ”, “Жэк энд Жэк” гэх компаниуд бүгдэд нь ямар ч шилжилт хөдөлгөөн байхгүй, хориг тавьсан. Үүний үр дүнд “Ургах говь” ХХК-д байсан тусгай зөвшөөрөл хүчингүй болж, сунгах боломжгүй болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Говь марал” ХХК-тай холбоотой хоригийг хэвээр байлгаж, бусад компаниудын хоригийг цуцалж өгөөч, үйл ажиллагаагаа явуулж, бусад хүмүүст учруулсан хохирлоо төлье, бусадтай хамтарч ажиллаж, хөрөнгө оруулъя гэхээр үйл ажиллагааг нь хязгаарласан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа “Говь марал” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хохирол барагдуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Нөгөө компаниудын хоригийг цуцлаагүй. Иймд бусад компанийн хоригийг цуцлах талаар шийдвэртэй тусгаж өгнө үү. Нөгөөтэйгүүр Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банкны бүх дансны битүүмжилсэн. О.Э- нь 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдийн мөнгөө авч чаддаггүй. Үүнийг мөн харгалзаж шийдвэрээ гаргаж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийн тухайд тайлбар хэлэхэд шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт гэм буруутай талаар тодорхой үндэслэл дурдаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад бичсэн байсан. Прокурорын зүгээс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг. Гэтэл ноцтой зөрчсөн гэдэгт шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл ордоггүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаахгүйгээр давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан хууль хэрэглээний асуудлыг нэмж оруулах боломжтой гэж үзэж байна ...” гэв.

Хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Э- 2006 оноос шүүгдэгч О.Э-тай танил болсон. Шүүгдэгчтэй “Luxury Zaisan” хотхонд зэрэгэцэж амьдардаг байсан нэг орон сууцанд амьдарч байсан. О.Э- нь С.Э-т амьдрал ахуй нь тэгширсэн, боломжийн гэж өөрийгөө маш сайн танилцуулсан байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар энэ хэргийг нотлогдоогүй гэж байгаа боловч 2013 оны 5 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын хооронд С.Э-т О.Э- хаяглаж мессеж бичиж, өөрөө төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Мөн гоо сайхны бараа, нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Баримтыг тухайн үед О.Э-д гардуулж өгч байсан гэрч Наранцэцэг шүүхэд мэдүүлэг өгөхдөө ямар их итгэл хүлээлгэж байсан болон бараа бүтээгдэхүүн хүргэж өгч байсан талаар мэдүүлдэг. О.Э- төлбөрөө төлнө гээд Москвагаас Монголд байгаа С.Э-т мессеж бичиж байсан талаар баримтууд байдаг. Улмаар С.Э- аргагүй эрхэнд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогчоор гомдол гаргаснаар энэ хэрэг эхэлсэн. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд дээрх зүйл чухал юм. С.Э-ийн гадаад хэл дээр бичиж байсан маягтыг ашиглаж бичиж байснаас биш албан ёсны орчуулгыг нь хийлгэсэн, баримтыг эх хувиар нь хавсаргасан. Анх шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад шүүгдэгчийн өмгөөлөгч нар баримт эх хувиараа байхгүй байна гэсэн тул бүх баримтыг эх хувиар нь хавсаргасан. Энэ талаар ямар нэг маргаан байхгүй. Иймд өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах ямар ч боломжгүй. Иргэний эрх зүйн гэрээний харилцаа биш. Гэрээний эрх зүйн харилцаанд үүссэн итгэлцлийг ашиглаж хохирогчийг залилан мэхэлсэн гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Х.Г-, Х.Г- нарын өмгөөлөгч Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Энхжаргал нь Х.Г-, Х.Г- нараас мөнгө зээлж авсан ч тэр мөнгөө өгөх боломж байгаагүй гэж өмгөөлөгч нар ярьж байна. Гэтэл буцааж өгөх боломжтой байсан гэдэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э-ын өгсөн мэдүүлэгт өөрийнхөө битумын орд газраас Дорноговь аймгийн Сайншанд хотын хороолол доторх замд ашиглахаар 170 сая гаруй төгрөг нийлүүлж, уг мөнгө түүнд орсон байдаг. Үүнийг цаг хугацааны хувьд авч үзэхэд Х.Г-, Х.Г- нараас мөнгө зээлж авсны дараа байдаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар О.Э-ын нэр дээрх аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хориглосон, зогсоосон гэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2015 онд буюу Х.Г-, Х.Г- нараас мөнгө зээлж авсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш түүний нэр дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсоосон, хориглолт хийсэн байдаг. Тэгэхээр уул уурхайн бизнес эрхэлдэг гэж зээлийн гэрээ байгуулж, бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Иймд шүүгдэгч өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй буюу шүүгдэгчийг цагаатгах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх О.Э-д холбогдох хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчдийн гомдлуудыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч О.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргээс “221.081.280 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ландкрузер-200 маркийн 2 ширхэг автомашин”-ыг болон “хохирогч Л.Д-гийн ажиллуулж байсан Ялгуун оёдлын газарт хувцас захиалан хийлгэж, үнийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийг залилсан” гэх үйлдлүүдийг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-д холбогдох 2014260002714 дугаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ингэхдээ нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон атлаа уг хохирлуудыг гаргуулж шийдвэрлэхгүйгээр “төлбөртэй болохыг дурдаж”, О.Э-ын Говьмарал ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, барьцааны 2.8 сая төгрөгийг нэр бүхий хохирогч нарт хуваан олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн хуулийн шаардлагуудыг хангаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “”шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй“ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ““Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн“ бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нэг үндэслэл болж байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-ын хэргээс 221.081.280 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ландкрузер-200 маркийн 2 ширхэг автомашиныг залилсан, “хохирогч Л.Д-гийн ажиллуулж байсан Ялгуун оёдлын газарт хувцас захиалан хийлгэж, үнийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Тодруулбал, шүүгдэгч О.Э-ын үйлдлээс 2 ширхэг автомашиныг залилсан байж болох үйлдлийг гэрч Б.Г, Б.Э-, Р.О, нотариатын бүртгэл, худалдах, худалдан авах гэрээ, гаалийн мэдүүлэг, хохирогч Б.Ж-ы мэдүүлэг зэргийг дурьдаж, “залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй” гэж, “Ялгуун” оёдлын газрын Л.Д-гийн 1.3 сая төгрөг залилсан байж болох үйлдлийг хохирогч Л.Д-, гэрч Б.Х, зарлагын падан зэргийг дурьдаж, “залилсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, 2.5 дахь заалтад заасан “шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах заалтыг хангаагүй байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбатын давж заалдсан гомдлыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон тул шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан “шүүгдэгчийг цагаатгах” тухай гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ