| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00378/И |
| Дугаар | 151/ШШ2024/00388 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2024/00388
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Н-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.560.448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.560.448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Т.Н нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай **************, ************ тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A13 болон А12 загварын гар утсыг ************, *********** дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Т.Н нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1.040.298,66 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1.040.298,66 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги 520.149,34 төгрөг, нийт 1.560.448 төгрөгийг Т.Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Н нь Ж ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.560.448 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул 4 сарын хугацаанд хувааж төлнө. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 435.448 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж ХХК-иас Ц.Х-д олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж ХХК-ийн 2665 дугаар нэхэмжлэл, Т.Н-ийн үлдэгдэл төлбөрийн тооцооны баримт, Ж ХХК болон Т.Н нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ************* дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний хуулбар, мөн өдрийн ************ дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний хуулбар, Т.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Ж ХХК болон Т.Н нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ************ дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ, мөн өдрийн ************* дугаар Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байх боловч хариуцагч Т.Н уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.560.448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлага болох 1.560.448 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 435.448 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.918 төгрөгөөс 19.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************* тоот данснаас 19.959 төгрөг, хариуцагч Т.Н-аас 19.959 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т.Н нэхэмжлэлийн шаардлага болох 1.560.448 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 375.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 435.448 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ж ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.918 төгрөгөөс 19.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн *************** тоот данснаас 19.959 төгрөг, хариуцагч Т.Н-аас 19.959 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА