Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Зориг |
Хэргийн индекс | 1909024690047 |
Дугаар | 2020/ДШМ/1493 |
Огноо | 2020-12-15 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/1493
2020 12 15 2020/ДШМ/1493
Б.Ө-од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1909024690047 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г........ овгийн Б-ны Ө.........., 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ................. аймгийн ............... сумын .. дугаар баг, малчин .. дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............................ тоотод түр оршин суух,
2009 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах, 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 3 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ......................./
Б.Ө- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод иргэн Д.Д-тэй “байшингийн түрээсийн мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрний баруун талын толгой, чих, шанаа руу 2 удаа алгадаж хэнгэргийг нь цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Ө-оос 468.659 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Д-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ө- гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт: “... хохирогч, гэрч нараас шүүгдэгчид төлбөр тооцооны талаар шаардлага тавихад тэрээр маргаан үүсгэж бусдын халдашгүй байх эрхэд халдсан үйлдэлд гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр тогтоогдсон...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсноор гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг шаарддаг. Гэтэл миний “...манай эхнэр рүү дүү Д.Д- дайраад муудалцаж байсан. Би эхнэрээ салгаж авах гээд Д.Д-г цааш түлхсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхчимэгийн “...Д.Д- манай нөхөр рүү дайраад ... манай нөхөр гар хүрэхгүй хоёр гараа ардаа болгоод дээш өргөөд байсан” гэх мэдүүлгүүд нь хохирогч Д.Д- болон гэрч П.Мөнхзолбоо нарын мэдүүлгээс зөрүүтэй буюу ял оногдуулахад нөлөөлж болохуйц байна. Иймд миний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субьектив талын шинжийг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй”, мөн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ...өөрчилснийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Б.Ө-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Энэхүү хэрэг нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт/ хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасны дагуу дээрхи гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан өөрчлөлтийг баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь ямар нэг байдлаар түдгэлзэх буюу хүчингүй болгох, эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр, тогтоол гараагүй байхад Эрүүгийн хуулийн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг өөрчилж, хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Ө- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод иргэн Д.Д-тэй “байшингийн түрээсийн мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрний баруун талын толгой, чих, шанаа руу хоёр удаа алгадаж хэнгэргийг нь цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Д-гийн “...хашаа байшингаа 2019 оны 3 дугаар сараас эхлэн Өнөболдод түрээслэх болсон. Бид нар түрээсийн мөнгийг сар бүрийн 20-нд авахаар болж, сарын 80.000 төгрөгөөр түрээсэлсэн. Өнөболд 5 дугаар сарын мөнгө төлөхгүй 6 дугаар сар гарчихаар нь утсаар залгатал миний утсаар авахгүй болохоор нь өөр утаснаас залгаж “би хашаа түрээсэлж байгаа хүн байна, тогны мөнгөө төлөөчээ” гэтэл “хуц гичий минь” гээд утсаа тасалсан. Хэд хоногийн дараа нөхөртэйгээ хамт 6 дугаар сарын 21-ний өдөр хашаандаа очиж уулзаж “түрээс төлж дуусга, тогны мөнгө төл” гэтэл манай нөхөр Мөнхзолбоог доромжилсон. Өнөболд манай нөхрийг тулж цээжээрээ түлхээд байхаар нь би нөхрөө өмөөрч дундуур нь ортол намайг баруун талын хацар шанаа руу гараараа алгадсан. Тэгтэл Өнөболдын эхнэр нь над руу хүрч ирээд дайрч давшлаад янхан, гичийгээр нь дуудаж харааж зүхээд надтай барилцаад авсан. Энэ үед Өнөболд хүрч ирээд миний үснээс хойш татаж дахиад баруун талын шанаа чих, толгой руу алгадаж цохьсон” /хх 26-28/,
гэрч П.Мөнхзолбоогийн “...2019 оны 6 дугаар сарын 21-ний 22 цагийн үед би эхнэрийн хамт хашаан дээрээ очтол нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд Өнөболдыг асуутал гэрээсээ гараад ирсэн. “Сайн байна уу, юу байна, яагаад утсаа авдаггүй юм бэ” гэтэл “архи үнэртүүлж ирчихээд, яах гээд байгаа юм” гэсэн. Би “чи түрээсийн мөнгө, тогны мөнгө, цонх хагалсан мөнгө өг” гэхэд “манай 6 сараас гарсан, наад цонхыг чинь мэдэхгүй” гээд маргаан болсон. Манай эхнэр тэр хоёрт ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Харин тэр хоёр манай эхнэрийг зодож цохьсон” /хх 46-47/,
гэрч Б.Мөнхчимэгийн “...2019 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед би хашаандаа явж байтал манай хашааны гадна нэг машин ирж зогссон. Түрээсэлж байсан айлын эзэн болон Мөнхзолбоо, Д.Д- нар хашаанд орж ирээд “энэ портерийн жолооч байна уу” гээд гэрээс нөхрөө дуудаад гараад ирэхэд “чи цонх төл, 2 сарын түрээсийн мөнгө төл, тогны мөнгө төл” гээд дайраад байсан. ...Манай нөхөр та нар тогны кодоо явуулахгүй байсан биз дээ, танай байшингийн доороос ус гараад бид нар амьдрахаа больсон” гэж хэлээд хэл амаараа учраа олохгүй Мөнхзолбоо нь согтуу манай нөхөр рүү “намайг цохь цохь” гээд байсан. Манай нөхөр гар хүрэхгүй хоёр гараа ардаа болгоод дээш өргөөд байсан. Энэ үед Мөнхзолбоо манай нөхрийн хүзүүнээс тэвэрч аваад “намайг аллаа, зодоод байна” гээд орилоод байсан. Хамт газар унасан чинь Д.Д- тэр хоёр дээр явж очоод зууралдаад байхаар нь би очоод Д.Д-г салгах гээд татсан. .../ хх 48-49/ гэх мэдүүлгүүд болон,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Д-гийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, мөчдийн цус хуралт гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 27/ гэх 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7927 дугаартай дүгнэлт /хх 79/, мөн шүүх эмнэлгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн “2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 7927 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Д-гийн биед учирсан баруун чихний хэнгэрэг хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1253 дугаар дүгнэлтүүд /хх 88-89/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Ө-ын хохирогч Д.Д-гийн баруун талын хацар шанаа руу гараараа алгадаж, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй шүүхээс уг зүйл, хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Ө- нь “Миний үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй, шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ял шийтгэсэн тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Ө-ын хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлт зэргийг үндэслэн тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг батлан хөөн хэлэлцэх хугацааны талаарх зарим зохицуулалтыг өөрчлөн хуульчилж, улмаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбогдуулан “мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, хууль буцаан хэрэглэх журам үйлчлэхгүй” гэж тодорхой заажээ.
Дээр дурьдсан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тайлбарлаж, шүүгдэгч Б.Ө-ын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй тухай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тайлбарлаж, “шүүхийн шатанд шалгагдаж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж хуульчилсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Б.Ө-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ