| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2023/00325/И |
| Дугаар | 151/ШШ2024/00397 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2024/00397
2024 04 26 151/ШШ2024/00397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Тө,
Хариуцагч: Б.Тү,
Хариуцагч: Б.Ч нарт холбогдох,
Зээлийн гэрээний үндсэн үүрэг 18.300.000 төгрөг, зээлийн хүү 38.686.251 төгрөг, нийт 56.986.251 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэг 18.300.000 төгрөг, зээлийн хүү 38.686.251 төгрөг, нийт 56.986.251 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нар манай байгууллагаас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 22.300.000 төгрөгийн зээлийг Солонгос явах зориулалтаар, сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар авч, зээлийн барьцаанд хоёр өрөө орон сууц, өрхийн орлогыг тавьсан. Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Гэтэл Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нар авсан зээлийг гэрээнд заасны дагуу сар бүр хүүгийн хамт төлөх ёстой ч гэрээг удаа дараа зөрчиж, манай ажилд хүндрэл учруулж байна. Тэд уг зээлийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш огт төлбөр тооцоо хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөөр байна. Манай байгууллагаас тэдэнтэй хэд хэдэн удаа утсаар ярьж, биечлэн уулзаж зээлээ төлөхийг шаардаж байсан ч тооцоог огт хийхгүй байгаа учраас танай байгууллагад хандаж өргөдөл гаргаж байна. Иймд Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 18.300.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 38.686.251 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 56.986.251 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.М миний бие Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Татгалзлын үндэслэл нь: 1. Зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулсан тухайд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү нар Т ХХК-тай харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 20.103.391 төгрөгийг зээлж авсан. Тухайн зээлийн гэрээг байгуулахдаа хамтран зээлдэгчээр Б.Тэ гэдэг нэрийг зээлийн гэрээнд оруулсан бөгөөд тухайн зээлийн гэрээг байгуулах үед Б.Тэ нь Энхийг сахиулах ажиллагаанд явсан байсан үе байсан юм. Тухайн зээлийн гэрээг байгуулахад Б.Тэ байхгүй байсаар байхад Б.Тэ-аар итгэмжлэл авсан мэтээр материал бүрдүүлээд зээл авсан байгаа юм. Учир нь тухайн зээлийн гэрээний дагавар гэрээ болох барьцааны гэрээгээр барьцаалсан Төв аймаг, Зуун мод сум, * дугаар баг, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ************ дугаартай орон сууцыг хариуцагч нар болох Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нар хамтран өмчилдөг тул Б.Тэ-ыг тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцуулсан байгаа юм. Б.Т ахыгаа Монголд байхгүй байгаа гэдгийг хэлсээр байтал Т ХХК нь Б.Тэ-ын гарын үсэг зурсан итгэмжлэлийг хийж ирэхийг түүнд зөвлөсөн байгаа юм. Ингээд Б.Тэ-ын гарын үсэг зурсан итгэмжлэлийг Б.Т-нь дуурайлгаж зураад тэр итгэмжлэлийг нь Т ХХК нь яаж Б.Тэ-аас авсныг нь ч тодруулалгүй зээлийг Б.Т-т олгосон байдаг. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа шиг Б.Ч, Б.Т, Б.Тэ нар хуульд заасан зээлдэгч нар огт биш бөгөөд, Т ХХК нь Б.Т-т л ганцхан зээлийг олгосон, бусад бүхий л хүмүүс нь энэхүү зээлийн гэрээнд огт хамааралгүй этгээдүүд байхад тухайн зээлийн гэрээнд оролцуулсан нь тухайн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Тус хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарах учраас мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй эсэх тухайд, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх нөхцөл байдал дээрх тайлбарын үндсэн дээр тогтоогдож байгаа юм. Үндсэндээ Т ХХК нь Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарт зээл олгосон гэдэг хэдий ч, ганцхан Б.Т-аас тухайн зээлийг шаардаж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтуудаас тодорхой харагдаж байна. Хэрэв тухайн зээлийг дээрх этгээдүүдэд олгосон бол яагаад хуульд заасан хугацаанд шаардах эрхийг хэрэгжүүлэхгүй байсан бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Иргэний хуулийн 75 зүйлийн 75.2.1-т "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заажээ. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтаас харахад Б.Т л тухайн зээлийн гэрээг сунгах хүсэлт өгсөн, түүний хүсэлтийг л нэхэмжлэгч нь хүлээж авч зээлийн гэрээг сунгаж байгаа эсэх нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр тухайн зээлийн гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориг Б.Т-т л байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд харин бусад зээлдэгч нарын тухайд зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус бүр сунгах санаа зорилго байсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулагдсан зээлийн гэрээнээс харах юм бол нийт 4 зээлдэгч байгаа бөгөөд тухайн зээлийн мөнгийг зээлдэгч нарт өгсөн гэж үзэх юм бол зээлдэгч тус бүр 5.025.847 авсан байгаа юм. Тэгэхээр дээр дурдсанаар Б.Т- нь энэхүү зээлийн нийт үнийн дүнгээс 5.025.854 төгрөгийг хэмжээгээр хариуцлага хүлээж, энэ мөнгийг л зээлсэн зээлийн гэрээг сунгаж өгөх талаар хүсэлт өгсөн гэж ойлгож болох юм. Бусад зээлдэгч нарын тухайд нэхэмжлэгч нь нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг өнгөрөөсөн байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.Т-аас бусад хариуцагч нараас тус маргаан бүхий зээлийн үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. 3. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрхтэй эсэх тухайд: Энэхүү тайлбарын 1 дүгээр хэсэгт дурдсанчлан Б.Тэ-ыг Б.Т-т итгэмжлэл хуулийн дагуу олгоогүй байхад дээр дурдсан маргаан бүхий зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайн барьцааны гэрээний зүйл болох орон сууц нь нийт 4 хүний өмчлөл бүхий эд хөрөнгө бөгөөд тухайн 4 хүний нэгнийх нь зөвшөөрөл байхгүй тохиолдолд бусдад барьцаалах боломжгүй юм. Учир нь тухайн орон сууц нь салгаж боломжгүй, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө юм. Иймд тухайн барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрхгүй байна. Иймд дээрх татгалзлын үндэслэлүүдийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь зүйлийг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК болон Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн **** дугаартай Барьцааны гэрээ, Б.Т-ын Т ХХК-д гаргасан өргөдөл, Т ХХК болон Б.Т нарын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарын зээлийн эргэн төлөлтийн тооцоо, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1050 дугаар албан бичиг, ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн дүрмийн хуулбар, Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай хурлын тогтоолын хуулбар, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б.Тэ-аас Б.Тө-т олгосон итгэмжлэлийн хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү нараас Т.М-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ************* дугаар албан бичиг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай албан бичиг, хавсралтууд, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн *********** дугаартай албан бичиг, мөн газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ************ дугаартай албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нараас тэдний хооронд байгуулагдсан гэх 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай Зээлийн гэрээ болон мөн өдрийн мөн дугаартай Барьцааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Т ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр **** дугаар Зээлийн гэрээ-г иргэн Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нартай байгуулж, нийт 22.300.000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгож, мөн өдрийн мөн дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дээрх 4 иргэний өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын * дугаар баг, ** дугаар байрны ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улмаар барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээг иргэн Б.Тэ-аас Б.Тө-т олгосон итгэмжлэлийг үндэслэсэн байгуулсан байх боловч 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий Итгэмжлэл-д Б.Тэ гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал, уг итгэмжлэлд Б.Тэ-аас Төв аймгийн Зуунмод сумын * дугаар баг, ** дугаар байрны ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн *************** дугаартай, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээл авах, зээл нэмж авах, барьцааг бүртгүүлэх, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурах зэрэг үйлдлийг Б.Т-т олгосон агуулгатай байгаа боловч тухайн цаг хугацаанд Б.Т нь Монгол Улсад байгаагүй болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ************ дүгээр лавлагаагаар тогтоогдов.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино гээд 64.2.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх гэж, 64.3-т Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн итгэмжлэл дээрх хуульд заасан шаардлага хангаагүй байх бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн Т ХХК нь иргэн Б.Тэ нарын 4 иргэнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна.
Улмаар хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу Б.Тэ-ын зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болов.
Иймээс шүүх талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 2256 дугаар Зээлийн гэрээ болон мөн өдрийн мөн дугаартай Барьцааны гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Т ХХК-иас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 22.300.000 төгрөгийг Б.Т-т шилжүүлсэн нь хэргийн ** дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон ба шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөрт шаардсан 18.300.000 төгрөгийг хариуцагч Б.Тө-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан боловч хэргийн 10-11 дүгээр талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоо бүхий баримтаас үзэхэд Б.Т 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хамгийн сүүлд төлбөр төлсөн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил боловч Б.Тө-аас шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн төлбөр төлж байсан тул үүнд уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлгүй болно.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Тэ-аас татгалзсан тухайгаа бичгээр 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр /хх-38/ илэрхийлсэн боловч шүүх хуралдааны үеэр Б.Тэ-аас зээлийн болон барьцааны үүргийг шаардаж буй тухай тайлбарласан.
Нэхэмжлэгч хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан хариуцагчаас үүрэг шаардах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар Төв хөгжил ХХК болон иргэн Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.Тө-аас 18.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 38.686.251 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 249.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д зааснаар Т ХХК болон иргэн Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.Т-аас 18.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Б.Тө, Б.Ч, Б.Тү, Б.Тэ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 38.686.251 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тө-аас 249.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА