| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00345/И |
| Дугаар | 151/ШШ2024/00398 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2024/00398
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Г.Т-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч Г.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Г.Т нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр зуун хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн, санхүүжилтийг Х сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар Х газрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Г.Т-ээс зээлийн үлдэгдэл төлбөр 3.520.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4.500 төгрөг, нийт 3.524.500 төгрөгийг Х сангийн дансанд төлүүлж Х газрыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч Г.Т- нь 2 удаагийн төлөлтөөр нийт 1.480.000 төгрөгийг дараах графикаар хийсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 480.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 1.480.000 төгрөг төлсөн байна гэжээ.
2. Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Т нь Х газрын нэхэмжилж байгаа 3.524.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 3 сарын хугацаанд хувааж төлөх болно. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.204.500 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Х газар болон Г.Т нарын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Г.Т-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Т-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Төрийн сангийн ********** дугаар дансны орлогын дэлгэрэнгүй, нотариатын зардлын нэхэмжлэх баримт, Х газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т газраас Р.Э-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Х газар болон Г.Т нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлага болох 3.524.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.204.500 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х газарт төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г.Т-ээс 3.524.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 71.342 төгрөгийн тал хувь болох 35.671 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот дансанд оруулна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлага болох 3.524.500 төгрөгийг 4 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.160.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1.204.500 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х газарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамж 35.671 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА