Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00399

 

 

 

 

 

2024 04 26 151/ШШ2024/00399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ч-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 23.544.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ч.Ч-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 23.544.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие Ч.Ч-тэй хамтран амьдарч байх хугацаанд Ч.Ч нь Хоёулаа машинаа томруулан хамтран зээл авъя, авсан зээлээ би өөрөө төлнө гээд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ************* дугаартай цалингийн зээлийн гэрээ хийж, Төрийн банкнаас 30 сарын хугацаатай жилийн 14,40 хувийн хүүтэйгээр 11.500.000 төгрөг, миний төрсөн дүү Б.Т-ээс 1.500.000 төгрөг зээлж, нийт 13.000.000 төгрөг зээлсэн. Ч.Ч нь анх 3.000.000 төгрөгөөр Sanаta маркийн машиныг Е хадгаламж зээлийн хоршооноос зээл авч, өөрөө төлж дуусгангуут мөн надаар Т банкнаас зээл авахуулаад Sаnatа 6 маркийн машин аваад түүнийгээ 6.000.000 төгрөгөөр зарж, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өмнөх зарсан машины 6.000.000 төгрөг дээр банкнаас зээлсэн 11.500.000 төгрөг, дүүгээс зээлсэн 1.500.000 төгрөгийн хамт 19.000.0000 төгрөгөөр Harier маркийн машин аваад 2021 оны хавар надад хэлэлгүйгээр мөнгө нэмж зараад нууцаар X-Trail маркийн машин авсан ба өөрийн энд тэнд тавьсан өрөө, ломбардад тавьсан гинж, бөгжөө авч олон хоногоор зугаалж, наргиж сураггүй явж байсан ба өөртөө алтан бөгж зэрэг зүйлсийг авсан байсан. Бид 2023 оноос тусдаа амьдрах болж, Ч.Ч нь дээрх XTrail маркийн автомашинаа өөрийн хэрэгцээнд зарцуулахаар өөртөө үлдээсэн. Ингээд бидний Т банкнаас авсан зээлийг би өөрөө 2023 онд төлж дуусгасан. Миний зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн зээл төлсөн цалингийнхаа дансны хуулгыг шүүж тооцоолоогүй. Би өөрийн цалингийн данснаас өөрөө болон банкны зүгээс автоматаар татаж авсан зээлд төлөгдсөн мөнгөн дүнг тооцоолж үзсэн. Ийнхүү тооцоолоход 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээл авснаас хойш 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр зээлийг төлж дуусгах хүртэл хугацаанд нийт 23.554.298 төгрөгийг би өөрийн цалингийн данснаас төлсөн байна. Ч.Ч бид тусдаа амьдрах болсноос хойш миний зүгээс "XTrail маркийн автомашиныг өөрийн хэрэгцээнд зориулсан зүйл байхгүй, уг машиныг Ч.Ч өөртөө үлдээсэн. Харин машин авахаар банкнаас зээлсэн мөнгөнөөс 23.554.298 төгрөгийг би төлж барагдуулсан. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг өмнө нь дутуу тооцоолсон байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу би өөрийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Ч-ээс 14.644.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээр 8.910.298 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 23.554.298 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна гэжээ.

2. Хариуцагч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн анхны шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй, энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Б.Т-тай хамтарч 13.800.000 төгрөгийн зээлийг авахад Б.Т-ын өөрийнх нь өмнөх зээлийн үлдэгдэл 6.081.432,27 төгрөг байсан. Энэ 129 сар, жилийн 15.6 хувийн хүүтэй, дунджаар бодож үзэхэд 1 сарын хүү 74.000 төгрөг, жилд 888.000 төгрөг, нийт 5.237.000 төгрөг болж байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надад хэлэхгүйгээр нууцаар 3.000.000 төгрөг нэмж авсан байсан, үүнийг нийт 93 сар буюу жилийн 14,4 хувийн хүүтэй, дунджаар 20.800 төгрөг болох бөгөөд нийт 1.934.400 төгрөгийг төлжээ. Миний өөрийн төлсөн 15.485.000 төгрөг байна. Б.Т-ын үлдэгдэл зээл 6.081.432,27 төгрөг, нэмж авсан- 3.000.000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 9.081.432,27 төгрөг, төлсөн дүн 16.252.832,27 төгрөг, миний төлсөн 15.485.000 төгрөг хавтаст хэрэгт байгаа орлогын баримтаар төлсөн нь харагдана. Ингээд би нийт 31.737.832,27 төгрөгийг төлсөн байна, нэхэмжлэгчээс 23.554.298 төгрөгийг нэхэмжилснээс харин ч би илүү 8.184.034,27 төгрөг төлсөн нь тооцоогоор гарч ирж байна гэж үзэв гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Б.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Т банк ХК болон Б.Т, Ч.Ч нарын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ************ дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцаат зүйлийн жагсаалтын хуулбар, Б.Т-ын Т банк ХК-ийн ************ дугаартай дансны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Т-ын Т банк ХК-ийн *********** дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зээлийн дансны харилцагчийн хуулга, Б.Т-аас Б.Б-д олгосон итгэмжлэл, Б.Т-ын Т банк ХК-ийн ************ дугаартай дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагч Ч.Ч-ээс Т банк ХК-ийн орлогын мэдүүлгийн баримт, Т банк ХК болон Б.Т, Ч.Ч нарын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *********** дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар, Б.Т-ын Т банк ХК-ийн ************* дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулбар, Б.Т-ын Т банк ХК-ийн *********** дугаартай дансны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх харилцах дансны харилцагчийн хуулбар зэргийг ирүүлсэн.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай баримт бичиг, Т банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ***** дугаартай албан бичиг, хавсралт зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ч.Ч нар хамтран Т банк ХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *************** дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6.081.432,27 төгрөг дээр 13.800.000 төгрөгийг нэмж, нийт 19.881.432,27 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ************** дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.644.999,8 төгрөг дээр 11.500.000 төгрөгийг нэмж, нийт 22.144.999,8 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авсан байх ба энэ талаар талууд маргаагүй.

3. Хариуцагч Ч.Ч нь уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэмээн маргаж хэргийн 15-49 дүгээр талд авагдсан орлогын болон шилжүүлгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн баримтаас үзэхэд нийт 15.231.000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдов.

4. Харин талуудын хамтран зээлж авсан гэх 13.800.000 төгрөгийг жилийн 15,6 хувиар тооцоход жилд 2.152.800 төгрөгийн хүү төлөгдөх бөгөөд гэрээнд дурдсан 5 жилээр тооцоход нийт 10.764.000 төгрөгийн хүү төлөгдөх байсан. Ингээд 13.800.000 төгрөг, зээлийн хүү 10.764.000 төгрөг, нийт 24.564.000 төгрөгийг төлж зээл хаагдах байжээ.

Мөн 11.500.000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй авсан гэж үзэхэд жилд 1.656.000 төгрөг бөгөөд 2,5 жилийн хугацаанд тооцоход 4.140.000 төгрөгийн хүү төлөгдөх байсан. Ингээд 11.500.000 төгрөгийн үндсэн зээл, 4.140.000 төгрөгийн хүү, нийт 15.640.000 төгрөгийг төлөх байсан.

Нийт зээл, хүүгийн хэмжээ 40.204.000 төгрөг ба хариуцагчийн төлсөн 15.231.000 төгрөгийг хасаж тооцвол 24.973.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т нь төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Т-ын өөрийн авч хэрэглэсэн гэх 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 6.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авсан гэх 3.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг шүүх уг тооцоонд оруулж тооцоогүйг дурдах нь зүйтэй.

5. Иймд хариуцагч Ч.Ч-ийг 24.973.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, худалдан авсан тээврийн хэрэгслээ өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзвэл нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 23.544.298 төгрөгийн шаардлага үндэслэл бүхий байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.Ч-ээс 24.554.298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419.719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 275.671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.Ч-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24.554.298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419.719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 275.671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА