Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2024/00401

 

 

 

 

 

2024 04 29 151/ШШ2024/00401

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Г,

Хариуцагч: Д.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9.620.615,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Ж.Г, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.620.615,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ж.Г, Д.А нар нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны Төв Баяндэлгэр тооцооны төвөөс ********* тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг сарын 1,5 хувь (жилийн 18 хувь)-ийн хүүтэй, 24 сар (2 жил)-ийн хугацаагаар, мал авах ахуйн хэрэглээний зориулалтаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд мал, гэр, гэрийн хөдлөх хөрөнгө барьцаалсан байна. Зээлийг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ********* тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 18 сарын хугацаатай 1 удаа төлөлтийг сунгаж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Ж.Г, Д.А нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 8,.511.342,67 төгрөг, зээлийн хүүгийн өр 785.323,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145.229,16 төгрөг, нотариатын зардал 12.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 166.219,99 нийт 9.620.615,64 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... М.А миний бие Т банк ХК-ийн Төв салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Г, Д.А нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Уг хэргийн хариуцагч Ж.Э-той тохиролцож, түүний шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ж.Г-оос татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй 9.620.615,64 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон. Уг нэхэмжлэлд тусгагдсан зээл, зээлийн хүү бусад төлбөрийг барагдуулахаас татгалзах зүйл байхгүй болно. Ингээд уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Т банк ХК-иас М.А-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ТХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тө банк ХК болон Ж.Г, Д.А нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **/** дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Ж.Г, Д.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т банк ХК болон Ж.Г, Д.А нарын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **/** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Ж.Г-ын Т банкны ************** дугаар зээлийн дансны харилцагчийн хуулганы хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт, Ж.Г, Д.А нарын зээлийн өргөдлийн хуулбар, Ж.Г, Д.А нарын анкетын хуулбар, Т банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар мэдэгдлийн хуулбар, Ж.Г, Д.А нарын Т банкинд гаргасан тайлбар зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын Сүмбэр тооцооны төв болон Ж.Г, Д.А нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн **/** дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар 30.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч хариуцагч Ж.Г, Д.А нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.620.615,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Харин хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлага болох 9.620.615,64 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөө илэрхийлсэн.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Зээлийн гэрээний үүрэгт нийт 9.620.615,64 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн байх ба үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 166.219 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж, улмаар хариуцагч уг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлийн гэрээний үүргийг хангахаар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Ж.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдаж, хариуцагч Д.А нь зээлийн гэрээний үүрэгт 9.620.615,64 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166.219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА