Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/1016

 

 

 

          

Г.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Г.Лгийн өмгөөлөгч Н.Мандах, 

хохирогчийн өмгөөлөгч Г.Г,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Лд холбогдох 2110011801598 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Олгон ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../;

Шүүгдэгч Г.Л нь “Ббббб” ХХК-ийн захирлын туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод байрлах өөрийн орон байранд тус компанийн захирлын итгэмжлэн хариуцуулан өгсөн арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх зориулалт бүхий харилцагчийн нэр, нэвтрэх нууц үг зэргийг ашиглан, 106.250 ам.доллар буюу 300.998.780 төгрөгийг данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч, иргэн Л.Эт их хэмжээний хохирол учруулж, завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Лн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Лг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Лд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Лгээс 296.998.780 төгрөг гаргуулж, хохирогч Л.Эт олгохоор, шүүгдэгч Г.Лд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохиролд 4.000.000 төгрөг нөхөн төлсөн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Л нь бусдын мөнгийг зөвшөөрөлгүй авч, завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогчид болон хууль хяналтын байгууллагад хандан өөрийн буруутай үйлдлээ шударгаар мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь шүүх, хууль хяналтын байгууллагад хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг болсон төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр тодорхой шалтгааны улмаас ар гэртээ мэдэгдээгүйн улмаас хохирол нөхөн төлөх ажиллагаа хангалтгүй байсан боловч өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний төлбөр төлөгдөж байгаа байдлыг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлаар оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүх Г.Лд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь эргэлзээтэй дүгнэлт болсон төдийгүй шүүгдэгч нь гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс хойш эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ба ар гэрийн зүгээс хүүтэйгээ ярилцаж хохирлыг төлж байгаа, нөхөн төлөх талаар хохирогчтой тохиролцож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасныг болон давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, анхан шатны шүүхээс Г.Лд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд хийсэн хэрэгтээ бүрэн гэмшиж, ухаарч байна. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа өөрийн биеэр хохирогч Л.Эт хүлээсэн. Учирсан хохирлыг ажил хийж, хийсэн алдаагаа засах боломж олгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.  

Хохирогчийн өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Л нь хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрт нийт 60 сая төгрөг төлсөн. Мөн үлдэгдэл хохирлоо үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх замаар төлж байгаа тул давж заалдах гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. ... Шийтгэх тогтоолд дурдсан үлдэгдэл хохирлыг шүүгдэгч Г.Л нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд хаасан байгаа. Бүртгэлийн асуудлыг хийж байгаа. ...” гэв.  

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хавтас хэрэгт 4 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаарх баримт авагдсан. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул хохирол бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Лд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон. Иймд хорих ялыг торгох ялаар солих үндэслэлгүй байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Лд холбогдох 2110011801598  дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Г.Л нь “Ббббб” ХХК-ийн захирлын туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод байрлах өөрийн орон байранд тус компанийн захирлын итгэмжлэн хариуцуулан өгсөн арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх зориулалт бүхий харилцагчийн нэр, нэвтрэх нууц үг зэргийг ашиглан, 106.250 ам.доллар буюу 300.998.780 төгрөгийг данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч, иргэн Л.Эт их хэмжээний хохирол учруулж, завшсан болох нь:

хохирогч Л.Эийн: “...Намайг гадагшаа явах болгонд онлайнаар Г.Л захиалга өгдөг байсан. Г.Л 4 жил хийж байгаа юм. Миний Худалдаа хөгжлийн банкны картын бүх мэдээллийн зургийг Г.Л гар утсан дээрээ авсан байдаг. Сүүлийн 2 жил би гадагшаа буюу гадаад улс орон руу ямар нэгэн албан болон хувийн ажлаар яваагүй. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ...би Худалдаа хөгжлийн банкны олон улсын картаар гүйлгээ хийх гээд дансны үлдэгдлээ шалгасан чинь миний данснаас мөнгө гарсан байгаад байсан. Тэгээд би шалгаад үзсэн чинь маш их хэмжээний мөнгө гарсан байсан. ...Шилжсэн дансыг шалгуулахад гадаад данс байсан бөгөөд “казино” гэсэн данс байсан. Тэгээд би эзнээ олж чадаагүй, хакердуулсан байна гэж бодоод ажлынхаа хүмүүст би “Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө, та нараас мэдүүлэг авах байх шүү” гэж хэлсний маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэл Тогоот” хотхоны гадаа Г.Л ирээд “би таны Худалдаа хөгжлийн банкны данснаас мөнгө аваад, мөрийтэй тоглоом тоглосон юм, намайг уучлаарай” гэж хэлэхээр нь би “энэ бол эрүүгийн гэмт хэрэг учраас чи эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү” гэж хэлээд би ажил дээрээ очоод хуулийн зөвлөхдөө “Г.Л миний мөнгөөр тоглосон байсан байна. Өөрөө хэлж байна, ажлаас халах тушаал гарга, хуулийн заалтуудыг олж Г.Лд танилцуулаарай” гэж хэлээд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халах тушаалаар Г.Лг ажлаас халсан. ...” /хх 10-12, 151-152/,  

гэрч Б.Уламбаярын: “...Манай компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай Эрдэнэчимэг нь өөрийн туслахаар ажиллаж байсан Г.Лд өөрийн Худалдаа хөгжлийн банкны платинум олон улсын картыг 2019 онд өгч, онгоцны билет болон зочид буудал захиалахаар картаа өгдөг байсан гэсэн. Тэгтэл 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр захирал өөрийн дансаа шалгасан чинь “stars douglas gb” гэсэн танихгүй данс руу маш их хэмжээний мөнгийг 2019 оны 6 дугаар сараас хойш шилжүүлсэн байсан гэж надад тэр өдөр хэлэхээр нь би “цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шалгуулъя” гэсэн. Тэгтэл 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр захирлын туслахаар ажиллаж байсан Г.Л нь “би таны картын нууц дугаар болон картын дугаарыг мэдэж байсан. Би таны мөнгөөр тоглоом тоглосон гэж хэлсэн” гэсэн. Би Г.Лгээс асуутал “уучлаарай ахаа би тоглоомд донтоод мөнгийг нь алдчихлаа... ямар ч байсан хохиролгүй болгож өгнө” гэж хэлж байсан...” /хх 30-32/,

Г.Лн үйлдсэн хэргээ хүлээн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сард анх сонирхоод уг тогтоомыг сонирхож, уг тогтоомыг тоглож байсан. Тэгээд өөрт байсан 400 гаран доллар буюу 1.200.000 төгрөгөө алдсан. Явцын дунд уг тоглоомонд карт холбож тоглодогыг мэдээд захирал Л.Эийн картыг ашиглан тоглож эхлэсэн. Цаашид алдсан мөнгөө буцааж олохын тулд дахин дахин тоглосоор байгаад нэг мэдсэн 106.250 ам.доллар буюу 300.998.780 төгрөгийн хохирол учирсан байсан. ...” /хх 145-146/ гэх мэдүүлгүүд,

Л.Эийн Худалдаа хөгжлийн банк дахь картын дансны хуулга /хх48-105/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Г.Лн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх нийт 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 106.250 ам.доллар буюу 300.998.780 төгрөгийг данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч, завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийн завшиж ...бусдад их хэмжээний хохирол учруулсан... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Г.Лн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Н.Мандах нар нь ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Лгээс хохирогч Л.Эт олгохоор заасан 296.998.780 төгрөгөөс шийтгэх тогтоол гарсны дараа 56.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Л нь хохирогчид нөхөн төлсөн болох нь хохирогчийн 2209299259 дугаар дансанд 2021.10.15-ны өдөр 1 сая төгрөг /хх 222/, 2021.10.22-ны өдөр 500.000 төгрөг /хх 222/, 2021.10.16-ны өдөр 1 сая төгрөг /хх 223/, 2021.10.18-ны өдөр 5 сая төгрөг /хх 224/, 2021.10.20-ны өдөр 2 сая төгрөг /хх 225/, 2021.10.19-ны өдөр 2 сая төгрөг /хх 226/, 2021.10.27-ны өдөр 15 сая төгрөг /хх 226/, 2021.10.22-ны өдөр 500.000 төгрөг /хх 227/, 2021.10.22-ны өдөр 1 сая төгрөг /хх 227/, 2021.10.26-ны өдөр 3 сая төгрөг /хх 228/, 2021.10.25-ны өдөр 4 сая төгрөг /хх 229/, 2021.10.28-ны өдөр 3,500,000 төгрөг /хх 229/, 2021.10.29-ны өдөр 500,000 төгрөг /хх 230/ шилжүүлсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2021.11.01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021.11.01-ний өдөр 360,000 төгрөг, 2021.11.11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021.11.4-ний өдөр 3,200,000 төгрөг, 2021.11.29-ний өдөр 8,000,000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 700,000 төгрөг, 2021.11.24-ний өдөр 40,000 төгрөг, 2021.11.24-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч Л.Эийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Г.Лн ар гэрийнхэн хохирлыг барагдуулж эхлэсэн бөгөөд уучлалт хүссэн. ...үйлдсэн хэргээ өөрөө илчилсэн, гэмшиж байгаа байдал, анх удаа алдаа хийсэн, ар гэрийн зүгээс харилцан тохиролцож хохирол төлбөрийг шийдвэрлэсэн зэргийг харгалзан ...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх хүсэлт болон шүүгдэгч Г.Лн анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, Лувсанпэрэнлэйн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг тус зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Иймд шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн зохих заалтуудад ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Г.Л нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/1036 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Лд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Лг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Г.Л нь хохирогчид Л.Эт шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш нийт 56,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоног /дөчин ес хоног/-ийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                               ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

                   ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ