Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Т.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001320015 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд *******ээр ажилладаг, ам бүл 2, хүүгийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө , тоот хашааны гадаа хохирогч Т.*******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн 2 дугаар хороо, тоот хашааны гадна Т.*******тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд урууланд язралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

                 Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Д.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

            Мөрдөн байцаалтад Д.*******ын яллагдагчаар өгсөн: “*******ын нүүр лүү 1 удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ын өгсөн: “Би тухай хэрэг гардаг өдөр хотод найз нартай пиво ууж байгаад Налайхад 02 цагийн үед ирээд Буян-Налайхын буудал дээр буугаад “Эм” клуб руу пиво уух санаатай явсан. Баарны үүдэнд Ганбаяр, ******* нартай таарч, бааранд орж ******* гар барилдааны тэмцээнд орж түрүүлээд 4-5 пиво хожсон. Би *******ыг зүс танина. Тэгээд Ганбаяр, ******* бид гурав хожлын пивыг хувааж уусан. Ганбаярын машинтай *******ын гэрт очиж 1 шил архи хувааж уусан. Ганбаяр, ******* бид хоёрыг манай гэрийн гадаа буулгаад явсан байсан. Тухайн үед би согтуу байсан. ******* бид хоёр манай гэрийн гадаа архиа хувааж ууж байгаад маргаан үүссэн. Согтуу байсан учир ямар шалтгаанаас болж маргалдсанаа санахгүй байна. Манай ах ******* бид хоёрыг заамдалцсан байдалтай байхад салгах гэхэд ******* намайг мөргөсөн. Миний шүд унасан. Тэгээд ахын эхнэр цагдаа дуудсан. ******* намайг цагдаагийн машинд нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Т.*******ын өгсөн: “******* нь агсам тавиад өвчин зовлонтой, эхнэр салсан, хүүхэдтэйгээ амьдардаг гээд орилж хашгираад байхаар нь би гэрлүүгээ орох гэтэл намайг заамдаж аваад зуураад гэр лүү оруулахгүй байхаар нь зөрүүлээд заамдаж аваад зууралдаад би гэртээ ормоор байна гээд байж байтал ах гэрээс гарч ирээд боль гээд бид 2-ын голоор ороод 2 тийш нь түлхэж байтал ******* шууд миний шүд рүү мөргөсөн ба миний шүднээс цус гараад нэг шүд унаад нөгөө шүд нь эвгүй болоод явчихсан ба мөн уруул язарсан. Ингээд ах бид 2-ыг салгаад *******ыг явуулах гэтэл би та нарт гай болно машин доогуур орно, үхнэ гээд орилж чарлаад байхаар нь цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд ******* бид 2-ыг машиныхаа хойно суулгахад ******* хажууд сууснаа миний зүүн нүд рүү толгойгоороо мөргөөд хөхрүүлсэн ба цагдаа нь гавлаад бид 2-ын голоор суугаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны үүрээр 05 цагийн үед гэртээ унтаж байтал хашааны гадаа хүмүүс шуугилдах чимээ гараад чи сэрэхэд чанга чанга дуугараад хэрэлдээд байхаар нь хэн юм бол гэж бодоод гартал манай дүү ******* нэг залуутай заамдалцсан хашаан дотор зогсож байхаар нь очоод голоор нь ороод юу болж байна больцгоо гээд салгахад хоёулаа бие биенээ тавиад өөд өөдөөсөө хараад зогсохоор нь би яагаад хэрэлдэж маргалдаад байгаа юм хоорондоо эвлэр цуг ууж идчихээд гар барьчих гээд хооронд нь ойртуултал нөгөө залуу шууд *******ын нүүр лүү 2 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би дахиад голоор нь ороод салгаад Арианжаргалыг аваад шууд гэрлүүгээ оруулаад нөгөө залууг явуулах гэхэд би амиа хорлоно гээд орилж хашхираад байхаар нь цагдаад дуудаад өгсөн.” гэх мэдүүлэг, /хх 15-16 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “ Д.*******ын биед нүүр нь бага зэрэг улаасан, хүзүү болон хэвлий хэсэгт зулгарсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06 цагийн үед жижүүрийн шуурхай албанаас МТ шатахуун түгээх станц өнгөрөөд дугуй засварын хажууд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу яваад очиход зүс таних дугуй засварт ажилладаг ******* нэг биеэр өөрөөсөө намхан залуутай заамдалцаад маргалдсан байдалтай зогсож байхаар нь 2-ууланг нь салгаад машины арын сандалд 2-ууланг нь суулгаад би өөрөө жолооч талын хажуу урд сандалд суугаад хөдлөхөд хоорондоо чи намайг цохилоо гээд маргалдаад байхаар нь би битгий маргалдаад бай дуугүй яв гэж шаардлага тавихад хэсэг чимээгүй явсан дахиад л хоорондоо маргалдаад жижигхэн залуу *******ыг заамдаад ******* нь мөн адил заамдаад авсан тэгтэл жижигхэн залуу *******ын нүүр лүү мөргөхөөр нь би машинаа зогсоогоод буугаад жижигхэн залууг гавлаад цагдаагийн хэлтэс дээр авчраад саатуулах байранд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүлээлэнгийн шинжээчийн 08шэ 398 дугаар:

         “1. *******ын биед баруун дээд 1-р шүдний булгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд урууланд язралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөр чадварыг тогтонги 5% алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Д.*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******ын хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.******* нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******т 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ торгох ялыг 2017 оны 11 дүгээр сарын 31-нээс 2018 оны 03 дугаар сарын 31 хүртэл буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******т мэдэгдсүгэй.

5. Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Хохирогч Т.******* нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ