Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0036

 

 

 

 

 

 

 

     2024          01          09                                      128/ШШ2024/0036

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “АФ” ХХК, /РД:*********/;

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:Б.Б;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б;

Хариуцагч:Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Т;

Гуравдагч этгээд: “СУ” ХХК, /РД:*******/

Гуравдагч этгээдийн төлөөлөгч:Г.Г нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бнар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.Нэхэмжлэгч “АФ” ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа:

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль бус сонгон шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоолгох, “СУ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох;

-Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “СУ” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус болохыг тогтоолгох;

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт Б блок эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд шаардлага хангасан оролцогчийг сонгон шалгаруулахыг даалгах гэж тодорхойлсон,

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн түрээслэгчийг сонгон шалгаруулалт дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлж;

-Vонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон “СУ” ХХК нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

1.3.Эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа:

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн захирлын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн А/**дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт Б блок эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд “АФ” ХХК-ийг сонгон шалгаруулахыг даалгах;

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд сонгон шалгаруулалт зарласан 20** оны * дугаар сарын *-ны өдрийн №*** (****) дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч “АФ” ХХК нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан 36 м.кв, 24 м.кв, 18 м.кв талбай бүхий эмийн сангийн зориулалтаар ашиглах талбайд түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцжээ.

2.2.Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 20** оны * дугаар сарын *-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч компанийг шалгараагүй болохыг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг эс зөвшөөрч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 20** оны * дугаар сарын *-ний өдөр Хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариуг “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” 2020 оны 51 дүгээр тогтоолын 4-т заасныг дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг судлан түүгээрээ шийдвэрлэх нь зүйтэй” гэж өгчээ.

2.3.Дээрх шийдвэрийг “АФ” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байхад Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 20** оны * дугаар сарын *-ны өдөр  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд сонгон шалгаруулалт зарласан байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компани Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан 36м², 24м², 18м² талбай бүхий эмийн сангийн зориулалтаар ашиглах талбайд түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад 20** оны * дугаар сарын *-ны өдөр оролцсон. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 20** оны * дугаар сарын *-ний өдрийн мэдэгдэл гэх бичгээр манай компанийг тус сонгон шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдэл гэх бичиг нь Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.1.41-т заасан гэсэн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус бичгээр бидэнд хариу мэдэгдсэн. Манай компани Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдэгдэл гэх (хэвлэмэл хуудсан дээр хэвлээгүй, бүртгэлийн дугааргүй) бичгийг хүчингүй болгуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 20** оны * дугаар сарын *-ний өдөр, Сангийн яаманд 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус гомдол гаргасан. Сангийн яамны 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн **/****дүгээр албан бичгээр харьяаллын дагуу холбогдох байгууллагад гомдлоо гаргахыг зөвлөсөн хариу ирүүлсэн.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн */****дугаар "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А-*/****тоот бичгийн дагуу тус газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын 4-т заасны дагуу судлан үзэхэд Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох үндэслэл үүсээгүй байна" гэсэн хариу өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А-*/**** дугаар албан бичгээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Х-д "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай 2020 оны 51 дүгээр тогтоолын 4-т заасны дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг судлан түүгээр шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн хариуг өгсөн. Уг албан бичгийн дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн түрээсийн талбайн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүн Б.Т болон 1 гишүүн, "АФ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, "СУ" ХХК-ийн төлөөлөл Г.Г нарын нийт 4 хүн 20** оны * сарын *-ны өдрийн **цагт Улсын нэгдүгээр эмнэлгийн төв эмнэлэгт уулзалт зохион байгуулж, энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичгийг танилцуулж сонгон шалгаруулалтад оролцогч "АФ" ХХК, "СУ" ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалтай танилцсан. "СУ" ХХК-ийн Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалтай танилцахад дараах нөхцөл байдалтай байсан.

Үүнд: 1.Үнэлгээний хороо "СУ" ХХК-ийг эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагагүй байхад туршлагатай гэж үнэлсэн;

2.Түрээслэх талбайн 1 метр квадратад ногдох түрээсийн үнэ манай ирүүлсэн үнээс бага;

3.Сонгон шалгаруулалтын материалд нэмэлтээр заагдсан "Эм савлах тоног төхөөрөмж нутагшуулах санал"-д эмнэлгийн зориулалттай эм савлах тоног төхөөрөмж бус "Эмийн үйлдвэр"-т ашигладаг тоног төхөөрөмж санал болгосон,

4.”СУ” ХХК нь тус сонгон шалгаруулалтын "Санхүүгийн чадварыг нотлох баримт" хэсэгт заасан "Татварын тодорхойлолт" ирүүлээгүй;

5.Тус сонгон шалгаруулалтад тавигдсан нэмэлт шаардлага болох "Эмнэлгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах санал" гэсэн заалтад ирүүлсэн материал нь манай материалаас бага, "АФ" ХХК нь 20** оны * дүгээр сард Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан эмийн сангийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтад оролцон шалгарч 20** оны * дугаар сараас эхлэн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 17.95 м.кв талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компани түрээсэлж байх хугацаанд түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сар бүр тогтмол, хоцролгүй төлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулж ирсэн. Биднийг орсны дараа 20** оны * сард дээврээс борооны ус хана дагаж гоожиж, олон газраас ус дусалж байсан тул дээврийн засварыг өөрсдийн зардлаар хийн дээврээс ус алдалтыг бүрэн зогсоосон.           Түрээсэлж буй талбайн өнгө үзэмж, ашиглалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 1 удаа бүрэн хэмжээний дотоод засал, 2 удаа өнгө засвар хийж өнгө төрх, ашиглалтыг сайжруулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын жилүүдэд манай эмийн сангийн эргэн тойрон бүх хаалгыг эмнэлгээс хаасан бөгөөд ямар ч орлогогүй бүтэн 1 жил хагасыг өнгөрүүлсэн ч бид гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор банкнаас зээл авч түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг бүрэн төлж хариуцлагатай ажиллаж ирсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичиг"-ийн 1 дэх хэсэгт сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлж ирэх материал хэсгийн хамгийн эхэнд "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар" гэсэн шаардлага байдаг. “АФ” ХХК нь 20** оноос хойш эмийн сангийн үйл ажиллагааr явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотын эмнэлгүүдээс зарласан эмийн сангийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтад тогтмол оролцон ирсэн, эмнэлэг доторх энэ төрлийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байгаа туршлагатай хуулийн этгээд юм. Манай компани сонгон шалгаруулалтын материалд Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэх эмийн сангийн хүчин төгөлдөр эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар батлуулан хавсаргасан.

Гэтэл “СУ” ХХК нь өөрийн оффис ******** хот, ******* дүүрэг, * дүгээр хороо, ********, ** байрны * тоотод эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг. Өөр ямар нэгэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан байхгүй болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичиг"-ийн 1 дэх хэсэгт сонгон шалгаруулалтад оролцогчийн "Ажлын туршлагын мэдээлэл, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар"-ыг тусган туршлагын мэдээллийн нэг гол үзүүлэлт болгон оруулсан байдаг. Гэтэл “СУ” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг ханган нийлүүлэх үйл ажиллагаа голчлон эрхэлдэг байгууллага бөгөөд мөн өнөөдрийн байдлаар өөрийн оффисын доор байрлах 1 эмийн сантай компани юм. Эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын гэрээ байхгүй, энэ төрлийн ямар ч туршлагагүй, манай байгууллагаас харьцангуй бага дүнтэй үнийн санал өгсөн байгууллагыг шалгаруулсан байгаа нь ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй байгааг харуулж байна.

“СУ” ХХК нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын цахим хуудас дахь тусгай зөвшөөрлийн мэдээллээс харахад "Ажлын туршлагын мэдээлэл, өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар" гэсэн үзүүлэлтийг хангах мэдээлэл байхгүй тул дээрх баримт бичгийн 3 дахь хэсгийн "Сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудас"-ны "Туршлага" гэсэн шалгуур үзүүлэлтээр "0" оноо авах байтал Ажлын хэсэг дээрх үзүүлэлтэд үнэлгээ өгсөн нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн журмыг зөрчсөн байна. Нийлбэр дүнгээр манай байгууллагаас өгсөн материал нь 18 мкв талбайд зарласан сонгон шалгаруулалтад бодитойгоор шалгарсан байхад манай үнэлгээг илтэд бууруулан, тусгай зөвшөөрөлгүй, ижил төстэй үйл ажиллагаа явуулсан туршлагагүй, ижил төстэй гэрээгүй байгууллагыг шалгаруулсан байгаад бидний зүгээс харамсаж байна. Тус эмнэлгээс "Эм савлах тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах санал ирүүлэх"-ийг сонгон шалгаруулалтын материалд нэмэлтээр тусгасан байсан. Бид өөрийн эх сурвалжаар эм савлах тоног төхөөрөмжийг судлан хамгийн боломжит хувилбарыг санал болгон үйлдвэрлэгч байгууллага болон тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, хүчин чадал, үнэ, зургийг хавсарган оруулсан.

“СУ” ХХК нь эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур урвалж хэрэгсэл, протез ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага бөгөөд эмийн сангийн ижил төстэй үйл ажиллагаа эмнэлгийн дотор явуулсан туршлагагүй, манай байгууллагаас харьцангуй бага үнийн санал өгсөн байтал түрээслэгчээр сонгон шалгаруулсан дун гаргасан нь Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт нь нэг талыг барьсан бодит бус шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бидний хувьд шат шатны байгууллага руу холбогдох баримтыг хүргүүлж хүсэлтийг гаргаж байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гаргаж өгсөн хүсэлтийн дагуу дээрх байгууллагууд журам болон хуулийн дагуу тухайн сонгон шалгаруулалтын материалтай танилцах боломжийг олгосон. Тухайн боломжийг ашиглан Б.Т төлөөлөгчийн ажлын өрөөнд тухайн материалуудтай өөрийн биеэр танилцсан. Материалтай танилцах процесс чухал бөгөөд тухайн байгууллагууд харилцан бие биеийнхээ материалуудтай танилцдаг. Танилцсанаар өөрийн материалтай харьцуулалт хийх, түүнд үнэлэлт өгөх боломж олддог. Эмнэлгийн орчинд эмийн сан ажиллуулж, тухайн үйл ажиллагааг гол зорилт болгон хэрэгжүүлж эхэлсэн. 10 жилийн хугацаанд маш олон сонгон шалгаруулалтад оролцсон. Тухайн шалгаруулалтад оролцохын тулд санхүү, татвар, аудит, цалин, нийгмийн даатгал, оролцох гэж буй бүх шалгуур үзүүлэлтүүдэд өөрийнхөө материал, үйл ажиллагааг тохируулж хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. Цар тахалтай холбоотойгоор түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал тулгарсан ч банкнаас зээл авч тухай хугацаанд түрээсийн төлбөрийг тасалдалгүйгээр төлж, ашиглалтын зардлаа хугацаандаа төлж ирсэн. 20** оны * дугаар сарын *-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтад холбогдох материалыг бэлдэж өгсөн. Өөрийн материал болон оролцогч талын материалыг харьцуулж үзсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор төрийн өмчийн түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичгийг баталсан байдаг. Жишиг баримт бичгийн хавсралтын 1 дүгээр хэсэгт маягтуудаар ямар маягтын дагуу явуулах, зар нь ямар байх зэргийг баталж өгсөн” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “АФ” ХХК нь 20** оны * дугаар сарын *-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан эмийн сангийн зориулалттай ашиглах 18 м2 талбайг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцсон.

Нэхэмжлэл гаргаж буй гол үндэслэл нь гүйцэтгэх захирал Б.Б тухайн үед сонгон шалгаруулалтын материалтай танилцсан. Сонгон шалгаруулалтад оролцохтой холбоотой “АФ” ХХК, “СУ” ХХК, “ЦО” ХХК  зэрэг хуулийн этгээдүүд сонгон шалгаруулалтын материалын хариу ирүүлсэн. Хүсэлт гаргаж тухайн үед баримттай танилцахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үнэлгээний хорооны “СУ” ХХК-ийн дүгнэсэн эмийн сангийн үйл ажиллагаатай холбоотой туршлага нь эмийн үйлдвэрт эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Харин эмнэлэг дээр эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг туршлага байхгүй юм. Эмийн үйлдвэртэй, эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм. “АФ” ХХК 1 метр квадратад төлөх түрээсийн үнийг 435,000 төгрөг, “СУ” ХХК 350,000  төгрөгөөр түрээсэлж ажиллуулах боломжтой талаарх саналыг хүргүүлсэн. Ажлын хэсэг энэ үнэлгээг бодитой дүгнэсэн байгаа юм.

Эм савлах тоног төхөөрөмжтэй холбоотой санал ирүүлэх байсан. Эмийг үйлдвэрлэх, эмийг эмнэлэг дээр очоод эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарт зориулан савлахтай холбоотой асуудал нь ялгаатай юм. Эмийн үйлдвэрт эм савлах  төхөөрөмжийг нутагшуулах саналыг “СУ” ХХК-иас гаргасан байдаг. “АФ” ХХК эмийг үйлдвэрийн аргаар савлах бус эмийг эмнэлгийн орчинд өвчнүүдэд хүргэх төхөөрөмжийн саналыг оруулсан. Саналыг бүрэн бус, бодитой үнэлээгүйд гомдолтой. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар баталсан журамд бичиг баримтын бүрдэл дутуу байгаа тохиолдолд үл маргах журмаар хасах зохицуулалттай. Татварын тодорхойлолт ирүүлээгүй байхад өөр тендерт татварын тодорхойлолтыг ирүүлсэн байна гэдэг үндэслэлээр хүлээн авсан. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахад дээрх баримт байгаагүй байхад бичиг баримтын бүрдэл бүрэн байна гэж дүгнэн “СУ” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалыг үнэлсэн байдаг. Ийм зөрчил гарсан тул Ажлын хэсгийн дүгнэлтийг буруу гэж үзэж байгаа. Түрээсийн гэрээ байгуулах хугацаанд түрээслэгчийн зүгээс эмнэлэгтэй хамтран ажиллах ямар санал байгаа эсэхийг тодорхой байдлаар тусгадаг. Үүнийг Ажлын хэсэг үнэлэхдээ бодитой бус дүгнэлтийг гаргасан. Түрээсэлж буй талбайн хэсэг, үйл ажиллагаа, завсар, өнгө үзэмжийг дээшлүүлэхтэй холбоотойгоор ямар санал, хэрэгжүүлэх ажлууд байгаа вэ? гэдэгт “АФ” ХХК-ийн хувьд холбогдох саналыг хүргүүлсэн.

“СУ” ХХК-ийн хувьд баяр ёслолоор шагнах зэрэг саналыг хүргүүлсэн нь эмнэлгийн үйл ажиллагаатай хэрхэн уялдсан гэдэг нь эргэлзээтэй юм. “АФ” ХХК-ийн хувьд түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байх үед хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан хэдий ч түрээсийн төлбөрийг тогтмол төлж байсан. Ашиглалт сайжруулалт, өнгө төрхтэй холбоотой үйл ажиллагааг тухай бүрд нь шийдвэрлэж байсан. Сонгон шалгаруулалтад зохих ёсоор, үнэлэгдэх боломжтой, шаардлагад нийцэх материалыг ирүүлсэн. Үүнийг бодитой үнэлээгүй Ажлын хэсгийн эс үйлдэхүй хууль бус байна. “СУ” ХХК-ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитой бус, нотлох баримт болон бичиг баримт, бүрдэл дутуу гэх үндэслэлээр хүчингүй болсон. Иймд тухайн шийдвэрийг хүчингүй болгож, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхээс гарах шийдвэрийг хүлээхгүйгээр дахин сонгон шалгаруулалт явуулах нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэн дахин сонгон шалгаруулалт зарласан захиргааны акт буюу шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд мэтгэлцээний явцад тайлбар өгөхөө илэрхийлсэн” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус эмнэлгийн 4 байршилд эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэх зарыг Зууны мэдээ сонины 20** оны * дугаар сарын *-ны өдрийн №***/****/ дугаартай сонинд зарласан. Байгууллагуудаас сонгон шалгаруулалтад оролцох материалыг 20** оны * дугаар сарын *-ны өдрийн * цагт хүлээн авч ** цаг ** минутад оролцогч 7 байгууллагын төлөөллийг байцуулан нээсэн бөгөөд ирүүлсэн материалыг 20** оны ** сарын **-ны өдөр үнэлж тус сарын **-ний өдөр байгууллагуудад мэдэгдэл албан бичиг хүргүүлсэн.

Эрчимт эмчилгээний хэсгийн эмийн сангийн зориулалтай 18 метр квадрат  талбайд “АФ” ХХК, “ЦО” ХХК, “СУ” ХХК нарын 3 компани үнийн санал ирүүлсэн. “АФ” ХХК  435,000 төгрөг, “СУ” ХХК  350,000 төгрөг, “ЦО” ХХК  160,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дүгнэх хуудасны дагуу Ажлын хэсгийн гишүүд тус бүрдээ үнэлгээгээ хийж, сонгон шалгаруулалтын зар дээр заасан байгаа бүрдүүлэх материалуудын дагуу шалган тус бүрдээ оноогоо өгсөн.

Онооны дараалал нь:Материалын бүрдэл хэсэг дээр 15 оноо,  туршлага 10 оноо, ажиллах хүчний чадвар 10 оноо, санхүүгийн чадвар 20 оноо, төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх үнийн санал 25 оноо, түрээслэгчийн тавьсан шалгуур үзүүлэлт 20 оноо буюу нийт 100 оноо болно.

51 дүгээр тогтоолд заасны дагуу хамгийн өндөр үнэ өгсөн байгууллага 25 оноо авна тэрнээс доошоо үнийг хувьчлах аргаар бодсон бөгөөд үүнтэй адилхан түрээслүүлэгчээс тавьсан шалгуур үзүүлэлт дээр мөн адил хамгийн өндөр санал өгсөн нь 20 оноо авч доошоо хувьчлах аргаар бодсон. “АФ” ХХК нь материалын бүрдэл хэсэг дээр 15 оноо, туршлага 10 оноо, ажиллах хүчний чадвар 10 оноо, санхүүгийн чадвар 20 оноо, төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх үнийн санал 25 оноо, түрээслэгчийн тавьсан шалгуур үзүүлэлт 5 оноо, нийт дундаж 85 оноо авсан. “СУ” ХХК нь материалын бүрдэл хэсэг дээр 15 оноо, туршлага 10 оноо, ажиллах хүчний чадвар 10 оноо, санхүүгийн чадвар 20 оноо, төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх үнийн санал 20,1 оноо, түрээслэгчийн тавьсан шалгуур үзүүлэлт 20 оноо, нийт 95,1 оноо авсан байна. Тухайн түрээсийн талбайн сонгон шалгаруулалтад оролцогчдын хамгийн өндөр оноо авсан “СУ” ХХК  шалгарсан.

Түрээслүүлэгчийн зүгээс эмнэлэгт үйл ажиллагаа явуулдаг байх гэсэн шалгуур оруулаагүй бөгөөд бусдын оролцох эрхийг хязгаарлаагүй. “СУ” ХХК нь өөрийн байранд эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг болон тусгай зөвшөөрөлтэй байгаа нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалаар нотлогдож байна.

“СУ” ХХК нь түрээслүүлэгчээс зарласан 4 байршилд бүгдэд нь материал ирүүлсэн үүний зүүн байрны үүдний хэсэгт байрлах 36 метр квадрат  талбайд ирүүлсэн материалын 66 дугаар хуудсанд татварын тодорхойлолт ирүүлсэн байсан. Түрээслэх хэсгийн орчин нөхцлийг сайжруулах засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах саналд сонгон шалгаруулалтад “СУ” ХХК нь хамгийн өндөр оноо буюу 20 оноо авсан. Иймд "АФ" ХХК-аас гаргасан нэхэмжлэгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Түрээслүүлэгч буюу сонгон шалгаруулалт зарласан Улсын нэгдүгээр төв эмнэлэг зар дээрээ эмнэлэг дээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх шалгуурыг тусгаагүй. 51 дүгээр тогтоол болон бусад баримт бичигт эмнэлгийн орчинд эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан гэх зүйлийг дурдаагүй. Түрээслүүлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материалд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, (иргэний хувьд цахим үнэмлэх), түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нийтийн аж ахуй эрхлэх тусгай зөвшөөрөл зэргийг тус тус шаардсан. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн чадварыг нотлох баримт, иргэн хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар болон нийгмийн даатгалын тайлан ирүүлэх, ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын баталгаажилт, эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах санал ирүүлэх, түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх зэргийг тусгаж өгсөн.

Эм савлагаа болон хамтран ажиллах саналыг үнэлгээний хуудсанд 20 оноо гэж нэмэлтээр оруулж өгсөн. 51 дүгээр тогтоолоор батлагдсан жишиг баримтад нийцүүлэн сонгон шалгаруулалтыг явуулна. Түрээслүүлэгч өөрийн тодорхой хэмжээний саналыг өгч сонгон шалгаруулалтыг зарлах бүрэн боломжтой.

“СУ” компани нь түрээслүүлэгчээс зарласан 4 байршилд бүгдэд нь материал ирүүлсэн. Үүний зүүн байрны үүдний хэсэгт байрлах 36 метр квадрат  талбайд ирүүлсэн материалд татварын тодорхойлолт ирүүлсэн. Баримтад татварын тодорхойлолт тусгагдсан байсан бөгөөд 18 метр квадратад тусгаагүй байсан. Үүнийг тухайн компанийн нэр дээр байгаа QR-г уншуулахад татварын тодорхойлолт нь гарч ирж буй нөхцөлд Ажлын хэсэг татварын тодорхойлолтыг үнэлсэн. Түрээслэх хэсгийн орчин нөхцөлийн сайжруулах засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэхийг шаардсаны дагуу оролцогч компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудыг дурдаж өгсөн. Манай байгууллагын хувьд эм зүйн мэргэжлийн албатай. Тухайн албаны туршлагатай хүмүүсээр эм савлагааны тухайн төхөөрөмжийн саналуудыг шүүлгэсэн, “СУ” ХХК-ийн төхөөрөмжийг шаардлага хангана гэсэн тул өндөр оноо тавьсан” гэв.

3.6.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Түрээслэгчийн сонгон шалгаруулах заруудад тусгагдсанаар "Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл" гэх шалгуурт  эмнэлэгт эмийн сангийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлага биш оролцогч хуулийн этгээдийн үйл ажиллагааны туршлагын мэдээлэл байсан.

Иймд нэхэмжлэл гаргагч "АФ" ХХК эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаагүй гэх шалтгаанаар туршлагагүй гэж үзсэн нь Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.1.4, 13 дугаар зүйл, 13.2.3,  13.2.7 зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн.

Мөн манай компани нь Э**-**/**/****тоот Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд 2 дугаар зэрэглэлийн эмийн сантай.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь өрсөлдөгч байгууллагуудын ирүүлсэн нэгж талбайн үнийн саналыг мэдэх боломжгүй тул манай байгууллага "АФ" ХХК-ийн үнийн саналтай танилцах боломжгүй учраас энэ тал дээр бидэнд дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй.

Мөн түрээслэгчийн сонгон шалгаруулах заруудад /Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ:Түрээслэх талбайн 1 метр квадрат, доод үнэ 15,000 төгрөг /Арван таван мянган төгрөг/ гэж тусгагдсан ба хамгийн өндөр түрээслэх үнийн санал өгсөн газрыг шалгаруулна гэсэн утгыг агуулаагүй байна.

Манай компани нь эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах саналдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын GDM компанийн D**-**загварын эмийн савлагааны тоног төхөөрөмжийг санал болгосон. Энэ нь эмнэлгийн зориулалттай өөртөө үйлдэл, хурд, савлагааны хэмжээг тохируулан ажиллах боломжтой эм савлах тоног төхөөрөмж бөгөөд эм шахах үйлдэлтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж биш юм.

Түрээслэгчийн сонгон шалгаруулах заруудад "Татварын тодорхойлолт" шаардаагүй.

Манай компани нь 18 үйл ажиллагаа бүхий эмийн сангийн түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах саналыг хүргүүлсэн ба нэхэмжлэгч талын дурдсан "манай материалаас бага" гэх нь тоон утгаар их бага илүүтэйгээр агуулгын хувьд, эмнэлэгт хэрэгтэй байдлаар нь дүгнэж сонгосон гэж үзэж байна” гэжээ.

3.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Түрээслэгч сонгон шалгаруулах зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцсон. Хэрэв эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага оролцох ёстой гэсэн шаардлагыг тавьсан бол “СУ” ХХК оролцохгүй байсан. Зард эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагыг тусгаагүй байсан тул оролцсон. “СУ” ХХК нь 20** оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан. 20** онд эмийн сангийн тусгай зөвшөөрлийг авч, сүүлийн 6 жил тасралтгүй эмийн сангийн чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэг дотор эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг компани сонгон шалгаруулалтад оролцох шаардлагыг тавьсан бол өрсөлдөөнийг хязгаарлах байсан юм. Татварын тодорхойлолт болон татварын тайлан нь өөр ойлголт юм. Сонгон шалгаруулалтын тайланд татварын тодорхойлолт гэх зүйлийг тусгаагүй. Татвар,  даатгалын тайланг “СУ” ХХК  гаргаж өгсөн. 4 зэрэг байршилд холбогдох материалыг хүргүүлсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “төрийн өмчийн хөрөнгийг түрээсээр ашиглуулах уралдааны шалгаруулалтын” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн 2**/Ш*****/0*** дугаар тогтоолоор “... Ажлын хэсгийн түрээслэгч сонгон шалгаруулж буй уг шийдвэр нь  ... захиргааны акт гэж үзнэ” гэж, “... захиргааны шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу”  гэж шийдвэрлэсэн.

1.3.Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдсэн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6-д “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараахь тогтоол гаргана” гэсний дотор мөн зүйлийн 122.6.3-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” гэж, мөн зүйлийн 122.7-д “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол  эцсийн шийдвэр байна” гэж заасан тул давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд аливаа этгээдээс энэ хэргийн харьяаллын талаар дүгнэлт өгөх, өөрөөр шийдвэрлэх боломжгүй болно.

1.4.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн 2**/Ш****/0****дугаар тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх нь энэхүү нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын гэж үзэн хэргийг харьяалан шийдвэрлэж байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан ёсны цахим хуудас, Зууны мэдээ сонины 20** оны * дугаар сарын *-ны өдрийн *** (****) дугаараар дамжуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн түрээслэх талбайн түрээслэгчийн сонгон шалгаруулалт зарласан болох нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн А/**дүгээр тушаалаар түрээслэгчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/-ийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ-1-н **, **, *** дахь тал/

2.2.Энэхүү сонгон шалгаруулалтын дагуу нэхэмжлэгч “АФ” ХХК нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд, 1 дүгээр давхарт байрлах 18 метр квадрат талбай бүхий өрөөг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах уралдаанд оролцож, холбогдох баримтыг хүргүүлжээ. /Сонгон шалгаруулалтад оролцогчийн баримтуудыг эх хувиар нь хэрэгт татан авч бүхэлд нь шинжлэн судалсан/

2.3.Ажлын хэсгийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцогчдын битүүмжилж ирүүлсэн материалыг задалж, Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд, 1 дүгээр давхарт байрлах 18 метр квадрат талбай бүхий өрөөг түрээслэх үнийн саналыг танилцуулахад нэхэмжлэгч “АФ” ХХК түрээслэх талбайд төлөх үнийн саналаа 1 метр квадрат тутамд 435000 төгрөг төлөхөөр, гуравдагч этгээд “СУ” ХХК 1 метр квадрат тутамд 350000 төлөхөөр санал ирүүлсэн байна. /ХХ-1-н ** дахь тал/ 

2.4.Эндээс үзэхэд нэхэмжлэгч “АФ” ХХК төрийн өмчийг түрээслэхээр хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, түүнийг үндэслэж баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-д заасан “төрийн өмчийн ашигт байдлыг хангах, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэх” зорилгод нийцсэн, хамгийн сайн үнийн санал ирүүлсэн гэж үзэхээр  байна.

2.5.Ажлын хэсэг нь мөн хуралдаанаараа сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудад үнэлгээ хийгээд, нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн ирүүлсэн материалд 86.4 оноо, гуравдагч этгээд “СУ” ХХК-д 95.1 оноо өгч, илүү оноо авсан гэдэг үндэслэлээр “СУ” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан байна. /ХХ-1-н **-** дэх тал/

2.6.Дээрх оноог Ажлын хэсгийн гишүүн тус бүрийн өгсөн оноог нэмж, дундчилан гаргасан байх бөгөөд уг гишүүдээс:

-“төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх үнийн санал” гэх шалгуурт өгвөл зохих дээд хязгаарын 25 онооноос “АФ” ХХК-д 25 оноо,  “СУ” ХХК-д 20,1 өгсөн,

-“түрээслэгчийн тавьсан шалгуур үзүүлэлт” гэх шалгуурт өгвөл зохих  дээд хязгаарын 20 онооны Ажлын хэсгийн гишүүд нь  “АФ” ХХК-д ялгаатай 5-12 оноо өгч, дундчилахад 7.2 оноо, “СУ” ХХК-д гишүүн тус бүр 20 оноо өгч, дундчилахад 20 оноо өгснөөр буюу  эдгээр онооны зөрүүгээр уг сонгон шалгаруулалтын ялагчаар “СУ” ХХК-ийг шалгаруулсан болох нь тогтоогдлоо. /ХХ-1-н **-** дахь тал/

2.7.Нэхэмжлэгч “АФ” ХХК нь Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн  оноог үндэслэлгүй гэж маргасан учраас уг оноог өгсөн задаргаа болоод үндэслэлийг шүүх хянаж, доорх дүгнэлтийг өглөө.Тухайлбал:

2.8.Нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн маргаж буй “түрээслүүлэгчийг  эмнэлэгт эмийн сан ажиллуулах туршлагатай байх гэсэн шалгуур үзүүлэлтийг тогтоосон атлаа эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй, хуулийн этгээдийн гэрчилгээнд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах талаар бүртгэлгүй “СУ” ХХК-ийг шалгаруулсан” гэх үндэслэлийн тухайд;

2.8.1.Хариуцагч Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан “Түрээслэгч сонгон шалгаруулах сонины зар /ХХ-1-н *** дахь тал/ болон Төрийн өмчийн хорооны цахим хуудсанд нийтэд нээлттэй тавьсан зарын агуулгаас үзвэл  “эмнэлэгт эмийн сан ажиллуулдаг туршлагатай байх” гэсэн шалгуурыг тогтоогоогүй байна.

2.8.2.Гуравдагч этгээд “СУ” ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээндээ эмийн сан ажиллуулах чиглэлийг бүртгүүлээгүй байгаа боловч тус компани нь 2 дугаар зэрэглэлийн сан, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 20** оны * дугаар сарын *-ний өдөр хүртэл хүчинтэй байна. /“СУ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалын 7, 9 дэх тал/

2.8.3.Иймд нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн гаргасан “СУ” ХХК-ийг эмнэлэгт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй байсан гэдэг үндэслэлийг хүлээн шүүх хүлээн аваагүй.

2.8.4.Өөрөөр хэлбэл, уг сонгон шалгаруулалтаар  “зөвхөн эмнэлэгт” эмийн сангийн үйл ажиллагаа явуулах  туршлагатай байх шаардлагыг тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ.

2.9.Нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн маргаж буй “Ажлын хэсгийн дүгнэлтийн санхүүгийн чадавх шалгуурт “АФ” ХХК, “СУ” ХХК-иудад тус бүрд нь адил 20 оноо тавьсныг эс зөвшөөрч “СУ” ХХК нь түрээслүүлэгчийн шаардсан татварын албаны лавлагаа ирүүлээгүй учраас сонгон шалгаруулалтаас хасах ёстой байсан” гэх үндэслэлийн тухайд:

2.9.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн “Оролцогчийн бүрдүүлж ирүүлэх материал” гэсэн хэсэгт зааснаар  оролцогчийн санхүүгийн чадавхыг нотлох баримтад “татварын тодорхойлолт”-ыг ирүүлсэн байхаар заасан байна. /Энэ жишиг баримт нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим сайтад байршсан тул нийтэд илэрхий үйл баримт болно/

2.9.2.Гуравдагч этгээд “СУ” ХХК-иас тус эмнэлгийн Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд байрлах 18 метр квадрат талбайтай өрөөг түрээслэх сонгон шалгаруулалтын ирүүлсэн материалдаа “татварын тодорхойлолт”-ыг хавсаргаж ирүүлээгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар няцаахгүй байна.

2.9.3.Ажлын хэсгээс “СУ” ХХК-ийн санхүүгийн чадавхад үнэлгээ хийж бүрэн оноо болох 20 оноо өгсөн үндэслэлээ “татварын тодорхойлолт”-ыг тус эмнэлгийн Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд байрлах 18 метр квадрат талбайтай өрөөг түрээслэх сонгон шалгаруулалтын материалдаа хавсаргаагүй боловч тус компани нь эмнэлгийн бусад 36 метр квадрат болон 26 метр квадрат талбайнуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтдаа хавсаргаж ирүүлсэн байсан тул ийнхүү “татварын албаны тодорхойлолт ирүүлсэн гэж үнэлсэн” гэх тайлбарыг гаргаж байна.

2.9.4.Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд уг тайлбартаа холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас энэ тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

2.9.5.Үүнээс гадна, “СУ” ХХК нь тус эмнэлгийн Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд байрлах 18 метр квадрат талбайтай өрөөг түрээслэх сонгон шалгаруулалтад санхүүгийн чадавхаа нотлох “татварын лавлагаа” нэртэй баримтыг ирүүлээгүй байхад хариуцагч нь дээрх тайлбараараа тус компанийг “татварын лавлагааг ирүүлсэн”-д тооцож, “20 оноо”-ны үнэлгээ өгснийг үндэслэл бүхий гэж шүүх үзэхгүй.

2.9.6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “СУ” ХХК-ийг санхүүгийн чадавхаа нотлох баримтыг дутуу ирүүлсэн бол сонгон шалгаруулалтаас хасах ёстой байсан гэсэн тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.9.7.Учир нь  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.2.4-т “Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг л маргах журмаар хасна” гэж журамласан, нөгөө талаас төрийн өмчийг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцогчид нь энэ жишиг баримт бичгийг зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон гэж үзэх тул уг баримт бичгийн дагуу материалын бүрдлийг хангах ёстой.

2.9.8.Мөн энэхүү баримт бичигт “бүрдэл дутуу баримтыг өөр баримтаас нөхөж тооцох, эсхүл орлуулж тооцох” боломжийг тусгаагүй байна.

2.10.Нэхэмжлэгчийн маргаж буй “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тогтоосон эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах шалгуурт гуравдагч этгээд “СУ” ХХК-ийн санал болгосон төхөөрөмж нь шаардлага хангаагүй, эмнэлгийн шаардсан төхөөрөмж биш эмийн үйлдвэрийн эм савлах төхөөрөмж ирүүлсэн байхад илүү оноо өгч шалгаруулсан гэх үндэслэлийн тухайд:

2.10.1.Улсын төв нэгдүгээр эмнэлгийн тогтоосон “эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах” гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... тухайн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөний 1 өдөр хэрэглэх ёстой олон төрлийн эмийг нэгтгэн савлаж,  өвчтөний нэр болон уух цаг хугацаа, заавруудыг бичиж гаргах үүрэг бүхий төхөөрөмжийг нийлүүлж, уг төхөөрөмж нь эмнэлэгт суурилагдах, ийнхүү савласан эмийг өвчтөн тус бүрт тарааж өгч, эмнэлгийн ажилтны эм тараадаг ажиллагааг хялбаршуулах зорилготой төхөөрөмж байна” гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

2.10.2.Энэ шалгуурт нэхэмжлэгч “АФ” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CYECo.,Ltd-д үйлдвэрлэгдсэн 15,500,000 төгрөгийн үнэтэй “Y***2 AMPMWP” төхөөрөмжийг санал болгосон байна. /ХХ-1-н * дахь тал/

2.10.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... Ажлын хэсэгт эм зүйч мэргэжилтэй хүн байгаагүй тул эмнэлгийн эм зүйч нараар “АФ” ХХК, “СУ” ХХК-ийн санал болгосон төхөөрөмжүүдийн материалыг  хянуулахад “шаардлагад нийцсэн” гэж дүгнэсэн” гэж тайлбарлаад, Ажлын хэсэг   “СУ” ХХК-ийн санал болгосон төхөөрөмжийн үнэ нь 44,500,000 төгрөг байсан, “АФ” ХХК-ийн төхөөрөмжийн үнэ хямд байсан учир учраас “СУ” ХХК-ийг үнэтэй төхөөрөмж санал болгосон гэх үндэслэлээр илүү оноо өгч шалгаруулсан гэх агуулгатай тайлбарыг  анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзээгүй.

2.10.4.Тодруулбал, “СУ” ХХК-ийн санал болгосон “эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмж” гэгч нь тус эмнэлгийн хүссэн өвчтөний 1 өдөр хэрэглэх олон төрлийн эмийг нэгтгэн савлаж, өвчтөний нэр болон уух цаг хугацаа, заавруудыг бичиж гаргах үүрэг бүхий төхөөрөмж мөн гэдгийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотолж тайлбарлаж чадахгүй байна.

2.10.5.Нөгөө талаас гуравдагч этгээд ”СУ” ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалд ирүүлсэн техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны процесс, хэвлэх зураглал  зэрэг уг төхөөрөмжийн танилцуулгаас харвал хөнгөн цагаан тугалган цаас болон хуванцар материалыг автоматаар татан савлагаа хийх хоол, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан таблет савлагааны машин буюу 1 төрлийн эмийг хавтгайгаар /таблет/ савлах үүрэгтэй төхөөрөмж болох нь тогтоогдож байна. /“СУ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалын 16-18 дахь тал/

2.10.6.Өөрөөр хэлбэл, Улсын төв нэгдүгээр эмнэлэгт шаардлагатай байгаа өвчтөний 1 өдөр хэрэглэх олон төрлийн эмийг нэгтгэн савлаж,  өвчтөний нэр болон уух цаг хугацаа, заавруудыг бичиж гаргах үүрэг бүхий төхөөрөмж биш байхад “үнэтэй төхөөрөмж” гэх шалгуураар шалгаруулсан нь хариуцагчийн илт хууль бус ажиллагаа болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

2.11.Нэхэмжлэгчийн “эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах талаар ирүүлэх саналд “СУ” компани нь “эмнэлгийн ажилтныг шагнах”-аар санал болгосон бол манай компани 3 чиглэлээр хамтран ажиллах санал, зарцуулах хөрөнгө илүү байхаар санал ирүүлсэн тул үнэлгээг бодитой хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд:

2.11.1.Улсын нэгдүгээр төв эмнэлгээс сонгон шалгаруулалтад “түрээслэх хэсгийн орчин онцлогийг сайжруулах, засварын болон эмнэлгийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх” шалгуурыг тогтоосон байна.

2.11.2.Уг шалгуурт “СУ” ХХК нь эмнэлгийн ажилчдад гарын бэлэг гардуулах ажлыг санал болгож, уг ажилд 2,100,000 төгрөг, гэр хороололд амьдардаг эмч, ажилчдад 500,000 төгрөгийн тусламж үзүүлэх /энэ нь 7 удаагийн давтамжтай буюу тодорхой баяруудаар олгох тусламж байна/, эмийн сангаар үйлчлүүлэгчийн энгийн анхан шатны амин үзүүлэлтийг хянах тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр байршуулах гэсэн зардлыг санал болгохын хамтаар бусад 7 ажлыг санал болгожээ.   /“СУ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалд/

2.11.3.”АФ” ХХК нь энэ шалгуурт Түрээслэх талбайн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах хөтөлбөр, эмч ажилчдыг дэмжин, хамтран ажиллах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын хөтөлбөрт 5,100,000 төгрөг,   түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалт хийхэд 15,000,00 төгрөгийн 16 төрлийн, 21,100,000  төгрөгийн ажлыг санал болгосон байна. /“АФ” ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалын 152-158 дахь тал/

 2.11.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь Сонгон шалгаруулалтын “түрээслүүлэгчийн тавьсан шалгуур үзүүлэлт”-эд өгөх нийт 20 онооноос “АФ” ХХК-д 5 оноо тавьсан, ямар шалтгаанаар 15 оноо хассан гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа ба тэрээр уг Ажлын  хэсгийн ахлагчийн хувьд өөрийн тавьсан 5 оноогоо ч тайлбарлаж чадаагүй тул “уг үнэлгээ бодит байдалд нийцсэн оноо” гэдэг нь нотлогдоогүй.

2.11.5.Эндээс үзвэл нэхэмжлэгчийн үнэлгээг бодитой хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэж, мөн зүйлийн 2-т “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ” гэж, мөн зүйлийн 5-д “Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна” гэж тус тус заажээ.

3.2.Хуулийн дээрх заалтын дагуу Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг баталжээ.

3.3.Энэ журмын Нэг дэх хэсгийн 3-т “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд түрээсээр эзэмшүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ” гэж, мөн хэсгийн 5-д “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг энэ журмын дагуу түрээслүүлнэ” гэж, мөн хэсгийн 8-д “Төрийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцоно. Харин төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна” гэж тус тус заажээ.

3.4.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан  “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийг баталснаар уг харилцаанд эдгээр эрх зүйн баримт бичгийг баримтлах ёстой болно.

3.5.Иймд Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь төрийн өмчийн талбай түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг явуулахад эдгээр журмыг мөрдөнө.

3.6.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын Нэг дэх хэсгийн 3-т заасны дагуу төрийн өмчийг түрээслүүлэх зорилго нь төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх тул нэхэмжлэгч  “АФ” ХХК-ийн түрээсийн төлбөрт ирүүлсэн санал хамгийн өндөр байгаа нь уг журмын зорилгод нийцсэн байна.

3.7.Хариуцагч нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн хэсгийн Эрчимт эмчилгээний тасгийн хажууд 1 дүгээр давхарт байрлах 18 метр квадрат талбай бүхий өрөөг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг явуулахдаа “АФ” ХХК болон “СУ” ХХК-ийн ирүүлсэн материалд хийсэн үнэлгээг бодитой явуулснаа нотолж чадаагүй, мөн түүнчлэн “СУ” ХХК-ийн ирүүлсэн баримтын бүрдэл дутуу байхад байгаа мэтээр тооцож үнэлгээ явуулсан, тус компанийн эм савлагааны бүрэн автомат тоног төхөөрөмжийг эмнэлэгт нутагшуулах шалгуурт ирүүлсэн төхөөрөмж нь Улсын төв нэгдүгээр эмнэлэгт шаардлагатай байгаа зориулалтад нийцээгүй зэрэг зөрчилд бодит үнэлгээ хийлгүй, “СУ” ХХК-ийг сонгож, шалгаруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 7.1.6-д заасан”ил тод байх” зарчмуудыг зөрчсөнөөс гадна  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, мөн зүйлийн 5-д заасанд нийцээгүй, “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын Нэг дэх хэсгийн 3-т заасныг зөрчсөн хууль бус болох нь нотлогдсон гэж үзлээ.

3.8.Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлүүлэх, зохих журмын дагуу өөртөө эд хөрөнгө түрээслэх эрх олж авах эрхүүд хөндөгдсөн байх тул шүүхээс нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаа “Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн захирлын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн А/**дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Б блок эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд “АФ” ХХК-ийг сонгон шалгаруулахыг даалгах” гэж тодорхойлсон.

3.10.Аливаа байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтны эрх, үүргийг хууль, дүрэм, журам, гэрээгээр тогтоодог эрх зүйн зарчимтай бөгөөд эдгээрт өөрт хууль болон дүрэм, журам, гэрээгээр олгоогүй эрхийг бусад этгээд эдлэх, хувааж эдлэх, санаачлагаараа эдлэх эрх байхгүй.

3.11.Иймд төрийн өмчийн хөрөнгийн түрээслэх түрээслэгчийг  сонгон шалгаруулах эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т зааснаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн захирлын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн А/**дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг хэрэгжүүлнэ.  хэн байхыг зөвхөн энэ Ажлын хэсэг шийдвэрлэнэ.

3.12.Иймд тус Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын ялагчийг шалгаруулаагүй байхад анхан шатны шүүхээс шууд “АФ” ХХК-ийг сонгон шалгаруулахыг даалгах эрх хэмжээгүй юм.

3.13.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нотлох баримт, захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан үйл баримтыг үнэлж,  сонгон шалгаруулалтыг хуульд нийцсэн эсэхэд л дүгнэлт өгөх эрх хэмжээтэй, энэ хүрээндээ дүгнэлт хийгээд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шаардлагатай байгаа боловч өөрт олгогдоогүй эрх хэмжээний шийдвэр гаргах боломжгүй байна.

3.14.Иймд нэхэмжлэгчийн шүүхээр гаргуулахыг хүссэн шийдвэрийн агуулга, маргаж буй үндэслэл, нотолгоо зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлүүлэх, өөрийн болон “СУ” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг бодитой дүгнүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт зориг байгаа болох нь тогтоогдож байгаа учир энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, маргааны агуулгад тулгуурлан нэхэмжлэгчийн шаардлагыг “Улсын нэгдүгээр төв эмнэлэг, тус эмнэлгийн захирлын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн А/**дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд ирүүлсэн материалуудад дахин үнэлгээ хийхийг даалгаж”  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.15.Энэ нь анхан шатны шүүх санаачилгаараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа явдал биш бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэл зориг нь сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай нь илтэд тохирохгүй байгаа бөгөөд  шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэж, эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан ийнхүү шийдвэрлэлээ[1].

3.16.Шүүхээс дээрх дүгнэлтүүдээ үндэслэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд сонгон шалгаруулалт зарласан 20** оны * дугаар сарын *-ны өдрийн №*** (****) дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 2, мөн зүйлийн 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд сонгон шалгаруулалт зарласан 20** оны * дугаар сарын *-ны өдрийн №*** (****) дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок, Эрчимт эмчилгээний тасгийн үүдний хэсгийн 18 м.кв талбайд ирүүлсэн материалуудад дахин үнэлгээ хийхийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн А/**дүгээр тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “АФ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг тайлбарласныг төсөөтэй хэрэглэв.