Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 62

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             Хэргийн индекс:114/2016/0027/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо *******  тоотод суух Г.******* нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

            “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг   хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                                                     Г*******

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                                            Б.Содболд

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн  Засаг даргын итгэмжлэгдсэн

            төлөөлөгч:                                                                                         Г.Энхсайхан

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                                      Г.Хулан   нар оролцов.  

                                               

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн гадаа хүмүүс гар дээрээсээ сүү зардаг байсныг мэдэж, 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дээр жижиг хэмжээний худалдаа үйлчилгээний төв, мөн орон сууцны доор зочид буудлууд их байсан тул хотын үзэмжийг цэгцлэх зорилготойгоор 2009 оноос хойш зохих ёсны бүх зөвшөөрлүүдийг хөөцөлдөж байгаад газар авсан. 2011 онд зөвшөөрлийг дахин сунгаж өгнө үү гэж хүсэлт тавьж, хүсэлтийг хүлээн авч 378 гэсэн захирамжаар 5 жилийн хугацаатай сунгаж өгсөн. Энэ зөвшөөрлийн  хугацаа  2016  оны  08 дугаар сарын 16-ны өдөр  дуусна. 2011-2012 оны  хооронд  миний  авсан газрын зураг төслийн ажил явагдаж байх хооронд Дархан-Уул аймгийн Дархан Дулааны сүлжээ ХК-нь манай газраас 3 метрийн зайд шугам солих ажил хийсэн байдаг. Би 2013 онд “*******” худалдааны төвийг ашиглалтад оруулж дуусгаад 2014 онд шинэ авсан газрынхаа барилгын ажлыг эхлүүлэх бодолтой байсан. Гэтэл 2014 онд Дархан-Ус суваг ХК-нь миний газар дээр шугам солих ажил хийсэн. Манай ******* ХХК-нь Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй компани учраас 2014 онд хийж гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төв зам, Орхон сумын 4 давхар орон сууцны гаднах пасадны ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсөө Дархан-Уул аймгийн Тамгын газраас авч чадахгүй байсаны улмаас санхүүгийн хямралд орж барилга барих ажил зогссон байсан. Одоо барилга барих гэхээр Засаг даргын А/70 дугаартай захирамж гарсан байх тул энэ захирамжийн  надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.******* эзэмшлийн газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн А/70 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байдаг. А/70 дугаартай захирамжийн 10 дугаар хавсралт дээр газрыг хүчингүй болгосон үндэслэл дээр газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй ба газар ашигласныг төлбөр төлөгдөөгүй гэж байдаг. Мөн тус захирамжийн үндэслэх хэсэг дээр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг 39 дүгээр зүйлийн 39.1.1. дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд үндэслэн захирамж гарсан байдаг. Тэгэхээр хууль бус захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдсөн иргэн Г******* А/70 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргаж өгсөн тайлбар болон хурал дээр хэлсэн тайлбар нь яг захирамжид дурдагдсан үндэслэлээр биш Газрын тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яриад байгаа нь ойлгомжгүй байна. Иргэн Г******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг баримталж нэхэмжлэлийн үндэслэлийг гаргаж байгаа болно. Г******* нь газар эзэмших гэрчилгээний газрын төлбөрөө сар, сард нь төлж байсан ба хамгийн сүүлд 2015 оны 10 сарын 07-ны өдөр төлөгдсөн тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг ба баримтан дээр данс андуурч хийснийг тухайн үед залруулсан байгаа. Г******* нь 2009 оноос газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүйгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байгаа, мөн хүндэтгэн үзэх шалтгааныг бичгийн нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. 2013 онд “*******” худалдааны төвийг барьж тодорхой хэмжээний зээл болон санхүүгийн тусламж дэмжлэгийг хүмүүсээс авч санхүүгийн хувьд хямарсан байсан учраас мөн Г.******* эзэмшлийн газар дээр инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байснаас шалтгаалан барилгын ажлаа эхлүүлээгүй байсан. Тэгээд 2014 онд санхүүгийн байдал сайжирч барилга байгууламжаа барих гэтэл Г.******* газрын орц гарцыг хаасан Дархан-Ус суваг ХК-ны шугам хоолой солих ажил явагдаж Г.******* газрын орц гарцыг хааж эхэлсэн. Ингээд

 

Г.******* эзэмшлийн газар дээр шугам хоолой солих ажил хийгдэж байсан тул 2014 онд барилга байгууламжаа барьж чадаагүй. Дээр дурдсан бүх зүйлийг харахад Г*******оос шалтгаалах зүйл байхгүй ба 2016 оны хавраас эхлэн газар дээрээ барилга барих ажлаа хийх болсон үед Засаг даргын А/70 дугаартай захирамж гарч Г.******* эрх ашгийг хөндөж байгаа тул А/70 дугаартай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Г******* 2007-2009 оны хооронд буюу 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Гэтэл дахин газар эзэмших эрхээ сунгуулах гэж хүсэлт өгөөд 5 жилийн хугацаагаар сунгасан. Мөн тэр 5 жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Иргэн Г.******* газар дээрх инженерийн шугам хоолойнууд бүгд хөдөлгөөнд орж хамгаалалтын зурвасыг давчихсан байгаа. Ийм учраас Г******* албан ёсны зөвшөөрлөө авч байж барилга байгууламжаа барих ёстой. Нөгөө үндэслэл нь газрын төлбөрийн асуудал гарч ирж байгаа 2011 оны 4 дүгээр улиралд багтаагаад газрын төлбөрөө төлсөн байх ёстой гэсэн гэрээ материал зэрэг нотлох баримтууд байгаа. Гэтэл 2011 оны 4 дүгээр улирлаас 2013 он хүртэлх газрын төлбөр хийгдээгүй байж байгаа 2014 оны 06 сарын 12-ны өдөр 149.320 төгрөг, 2015 оны 10 сарын 07-ны өдөр 44.200 төгрөгийг төлсөн 2 удаагийн төлөлттэй баримт байгаа. 2011 оноос хойш 5 жилийн хугацаа сунгасан нь тухайн газар дээр барилга байгууламж барихад хангалттай хугацаа учраас зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээр болон газрын төлбөрийн үлдэгдэл 14.000 төгрөг бүрэн төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар  Засаг даргын А/70 захирамж гарсан юм.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

            Нэхэмжлэгч Г******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд  шүүх хуралдаанд  хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд  нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 311 дүгээр  “Газар олгох тухай” захирамжийн хавсралтаар иргэн Г*******т Дархан сумын 4 дүгээр багт 850 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Г.*******  газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  хүсэлтийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга хүлээн авч 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний

хугацаа сунгах тухай”  захирамжийн хавсралтаар 5 жилийн хугацаагаар сунгасан, энэхүү захирамжийг үндэслэн нэгж талбарын 080153393 дугаар бүхий хувийн хэрэг нээж, газар эзэмшигч Г*******той 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, ******* дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосоноор  нэхэмжлэгчийн  газар эзэмших эрх нь баталгаажжээ.

            Хариуцагч “Дархан Уул аймгийн Засаг дарга нь  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/70 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар Г.******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,  40.1.6 “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газараа 2 жил дараалан  ашиглаагүй бол” Засаг  дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж зааснаар Г.******* 850 м.кв бүхий газар эзэмших эрхийг хүчингүй  болгон шийдвэрлэжээ.

            1.Нэхэмжлэгч Г******* нь  2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг холбогдох албан тушаалтантай байгуулсан байх ба гэрээнд гэрээний хугацааг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар тусгажээ. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  газрын төлбөрт 149.320 төгрөг төлсөн нь банкны хуулга, төлбөрийн тооцоо нийлсэн актаар, мөн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газрын төлбөрт 44.200 төгрөгийг тушаахдаа Татварын дансанд хийсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагч энэхүү төлбөрийн талаар маргаагүй харин 2016 оны 1 дүгээр улирлын 14120 төгрөгийг төлөөгүй гэж маргаж байх бөгөөд Газар эзэмших гэрээний 2.3-т ” Газрын төлбөрийг жилээр төлөх бөгөөд тухайн жилийн төлбөрийг дараа жилийн эхний сарын 1-ний дотор..” төлөхөөр  гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

            2. Нэхэмжлэгчийн тухайн газар дээрээ барилга байгууламж барьж эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэх тайлбарыг шалгаж тогтоохын тулд Дархан-Уул аймгийн “Дулааны Сүлжээ” ХК-ийн инженерийн албаны дарга, “Ус суваг” ХК-ийн Усан хангамжийн  ашиглалтын инженер, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын инженер  нарыг оролцуулан маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь өргөнөөрөө 17 метр, уртаараа 50 метр үргэлжилсэн байх ба газрын баруун талын 17 метр газрын дотор талаар нь Цэвэр усны шугам хоолой / худаг/ орсон байх ба  Усан хангамжийн  ашиглалтын инженер болон нэхэмжлэгч нь 2009, 2010 онуудад  Цэвэр усны шугам хоолой нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт ороогүй байсан, 2014 онд зөөж шилжүүлэхэд энэ шугам нь нэхэмжлэгчийн газарлуу орсон гэж,  мөн “Дулааны Сүлжээ” ХК-ний инженерийн албаны даргын 50 метр үргэлжлэх газрын  урдуур 2011-2012 онуудад Дулааны шугамын угсралтын ажил хийгдсэн гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь бусдын буруугаас тухайн газар дээрээ барилга байгууламж барих боломжгүй болсон байсан нь үзлэгээр тогтоогдож

байгаа төдийгүй “Ус суваг” ХК-ны ерөнхий инженерийн тодорхойлолт, “Дархан Дулааны станц” ТӨХК-ны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/464 дугаартай албан бичиг, үзлэгийн тэмдэглэл, үзлэг хийх явцад авсан зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2011-2013 онуудад Дархан-Уул аймагт “******* өргөө”  худалдаа үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтанд оруулж санхүүгийн хүндрэлтэй байдалд байсан тухайгаа тус барилгын үйл явцыг харуулсан зураг, барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын акт, банкны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, ипотекийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлож байгаа болно.

    Дээрх байдлаас дүгнэн үзэхэд  нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдож  байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/70 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар Г.******* газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх,  газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байж хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалттай нийцээгүй төдийгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,106.3.12 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

            1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжийн Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч,

 

тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

        

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ