Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0519

 

                                                           Р.Ц-ийн нэхэмжлэлтэй

                                                       захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Р.Ц нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.Ц-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ц-ийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний Б/46 дугаар тушаалын хавсралтын Р.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Р.Ц-ийг хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд нь томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Р.Ц-ийн ажилгүй байсан хугацааны цалин 6 245 406 /зургаан сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Ц-ийн шаардлага болох Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд нь томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилохыг даалгах, нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хангуулж, шийдвэрийг гаргасан гэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах" гэж нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэст Орон нутгийн удирдлага, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, Хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэнтэй байхаар тогтоож өгсөн, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны А/27 дугаар тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийг дарга 3 мэргэжилтэнтэй байхаар бүтцийн өөрчлөлт хийсэн. 3 мэргэжилтний 1 мэргэжилтэн нь Санхүү төрийн сангийн хэлтсээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирсэн чиглэлийн дагуу дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр шинээр байгуулагдсан хэлтэст орсноор орон тоо цөөрсөн байгааг хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн Үндэслэх хэсэгтээ “Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.М-ийг томилсон байгааг дурдах нь зүйтэй байна” гэсэн нь “Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ажиллаж байсан хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу аймгийн хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий удирдлагаар хангах, хяналт шинжилгээ үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар удирдлагаар хангаж ажилладаг байсан тул Хяналт шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын хэлтэст ажиллах бүрэн боломжтой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрцөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийг орон тоо цалингийн сандаа багтааж ажлаас чөлөөлсөн бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтын дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан томилсон байхад хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Р.Ц-ийг ямар хэлтсийн ажил албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж байгаа нь ойлгомжгүйгээр урьд эрхэлж байсан ажилд нь томилох гэж, “нэхэмжлэлийг хангаж” шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн, мөн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ хангалттай биелүүлээгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Ц-аас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалын Р.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргажээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

“Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар буцаан томилохдоо хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ц-ийг “Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилоогүй” хэмээн хариуцагч маргажээ.

“Нэхэмжлэгч Р.Ц-ийн эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, ... Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх зэрэг ... зорилтууд нь шинээр байгуулагдсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлтод тусгагдсан ажлын байрны үндсэн зорилттой таарч байх төдийгүй зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр нь өөрчлөгдсөнөөс хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Р.Ц-ийг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилсон шийдвэр гаргаагүй нь хууль бус” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч Б/46 дугаар тушаалаар нийт 29 албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, шинээр батлагдсан бүтэц орон тооны дагуу 41 албан тушаалтныг томилсноос үзвэл орон тоо хасагдаагүй харин нэмэгдсэн болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Төрийн захиргаа удирдлагын хэлтэст хамаарч байсан хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо шинээр байгуулагдсан бүтэц болох Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хамаарч, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхцэцэгийг хариуцагч Б/47 дугаар тушаалаар Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон болох нь нотлогджээ.   

Дээрх байдлаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн ба хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн, бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулж Тамгын газрын нийт албан хаагчдыг чөлөөлсөн байх тул “Б/46 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байх ба анхан шатны шүүх урьд эрхэлж байсан ажилд томилох шийдвэр гаргахыг харуицагчид даалгаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30 хоног, 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 хоног, 05 дугаар сарын 04-ний өдөр дахин 30 хоногоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөс сунгасан байгааг анхаарч, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй тул дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...урьд эрхэлж байсан ажилд нь томилох шийдвэр гаргахыг...” гэснийг “...Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр томилох шийдвэр гаргахыг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

         

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                               Ц.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА