Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00698

 

         Б.Чандагийн нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 100 дугаар шийдвэр,

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

Б.Чандагийн нэхэмжлэлтэй

Ц.Баттулгад холбогдох,

7.177.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Чандаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмчлөлийн Есөнбулаг сумын Харзат багийн 5 дугаар сургуулийн баруун урд талд байршилтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 722мм, дм-тэй 7мм зузаан ханатай, 30м-ийн урттай, 3690кг жинтэй бетон сууринд бэхлэгдсэн 3 талаас нь ган татуургаар татаж уясан ашиглахад бэлэн босоогоороо байсан янданг 2014 оны намар хэн нэгэн хүн өргөх тээвэрлэх машин механизм, хийн гагнуур, олон хүний хүч ашиглан сууриар нь тайрч аваад алга болгосон байсан. Хэн авсан болохыг жил шахам хайсны эцэст Ц.Баттулга авсан болох нь тодорхой болж өөрөө хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулж өгөхөөр ярьж байснаа сураггүй боллоо. Ц.Баттулга нь Баттөр гэдэг хүний машин техникийг гуйж уг янданг тайрч авсан байдаг. Мөн 2015 оны 06 дугаар сарын 12-ны үед сумын Засаг даргад уг мөнгийг гаргуулах талаар ярьж байсан юм билээ. Иймд миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж 7.177.700 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлыг Ц.Баттулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Чандаг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Уг нэхэмжлэл нь 3 шатны шүүхээр дамжаад анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаж ирсэн. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг Дөтийн давааны гүүрэнд ус зайлуулах хоолой хийсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдсэн. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн утааны яндан миний өмч болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

1. Эрх бүхий байгууллагаас олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, яндантай хэсгийн гэрэл зураг, газрын гэрчилгээ, кадастрын зураг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 24-р тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан эрх бүхийн байгууллагын тамга тэмдэг бүхий нотлох баримтуудаар батлагддаг.

2. Сангийн яамны тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний ажлын тайлангийн 3 дугаар хуудас зургаа үнэлгээний хэсэг гэсний дээд талд уурын зуухны барилга болон түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ган яндан нь мөн эрчим хүчний зохицуулах газрын дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал Голомт ХХК-ийн уурын зуухны утааны яндан нь уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үндсэн хэсэг мөн болно гэсэн хөндлөнгийн дүгнэлтүүдээр батлагддаг.

3. Иргэний хэргийн 2 шатны шүүхийн шийдвэр, магадлал, улсын дээд шүүхийн тогтоолд уурын зуухны яндан нь Б.Чандагийн өмч болох тухай, эд хөрөнгөд гэм хороос хохирол учирсан тухай гэсэн дүгнэлтүүдээр нотлогддог.

4. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 86, 101, 105, 104 дүгээр зүйлийн 104.1 зүйлд хамаарч байгаа бөгөөд уг уурын зуух түүний яндан миний эзэмшилд ирээд 9 жил болж байгаа тул хуулийн энэхүү зохицуулалтаар хамгаалагдаж байна.

5. Аймгийн төвд томоохон 5 уурын зуухны 8 яндан байгаа бөгөөд тухайн уурын зуухны яндан эздийнх нь өмч биш бол өөр хэний өмч болох вэ? энэ зүйл бол ойлгомжтой. Ц.Баттулга нь миний өмчийн янданг кранаар өргөн 4 хувааж тайрч авсан нь албан тушаалаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар зөрчиж хулгайлсан гэмт хэрэг бөгөөд Есөнбулаг сумтай, сумын орлогчийн албан тушаалтай, төрийн албатай, түмний хүсэлттэй ямар ч хамааралгүй гэдгийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар уг янданг эзэнгүй эд хөрөнгө гэж үзсэн ч 5 жилийн дараа өмчлөх эрх үүсэх тул уг янданг Ц.Баттулга нь захиран зарцуулах эрхгүй этгээд юм. Уурын зуух яндангийн хамт барилга байгууламж тул Барилгын тухай 2008 оны хуульд “Аймаг, нийслэл сум дүүргийн Засаг дарга барилгын талаархи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 6 бүрэн эрх заасан бөгөөд энэ дээр сумын орлогчийн бүрэн эрх гэж байхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зүйл бол хүчингүй зүйл байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно гэж байгаа тул Ц.Баттулга нь энэ заалтыг зөрчиж миний өмчийг хураан авсан нь үйлдэл нь төрийн албатай огт холбоогүй юм. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нь ажилласан жил, төлсөн шимтгэлийг тодорхойлдог болохоос төрийн албан хаагчийн албан үүрэг тодорхойлдог баримт бичиг биш юм. Ц.Баттулга гэдэг хүний албан үүрэг буюу ажлын байрны тодорхойлолт байхгүй бөгөөд байсан ч бусдын өмчинд халдаж тайрч тасалж авах үүрэг байхгүй. Төрийн албан хаагч ямар үүргээ зөрчсөн юм, үүнийг нотолсон баримт байхгүй. Есөнбулаг сумын Засаг дарга М.Дашпунцагийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/526 тоотоот “уурын зуухны янданг буулгах талаар манай байгууллагаас ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаагүй тул таны нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй” гэж хариу өгсөн нь уг янданг сум хариуцах ёсгүй, ашиглаагүй, үнэ төлөх ёсгүйг баталсан нотолгоо тул сумаас уг мөнгийг нэхэмжлэх үндэсгүй юм.

6. Ц.Баттулга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч 7 хүний 1 тул уг асуудлыг шийдвэрлүүлэх бүрэх эрхтэй боловч 2014-2016 оны сумын төсөв төлөвлөгөөнд яндангын үнэ огт тусгагдаагүй тул сум хариуцах үндэсгүй гэдгийн бас нэгэн нотолгоо бөгөөд уг янданг Дөтийн даваанд аваачиж булсан бол Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.6, 25 дугаар зүйлийн 25.1 дэх зүйл заалтыг зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй байна. Энэ үйлдлүүд нь Эрүүгийн, Иргэний болон Барилгын тухай хуулиудыг зөрчсөн байна. Дараагийн дугаарт энэ хүн Барилгын тухай хууль зөрчөөд барилга байгууламж гэж барилгын норм дүрмийн дагуу боловсруулж магадлал хийсэн, зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн газрын барилга, эрчим хүч, холбоо зам гүүр, ус суваг далан хаалт байгууламж, инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан байна. Өөртөө давуу байдал олох гэж ийм зүйлийг хийчхээд сүүлдээ иргэн хүнийг ингэж хохироож болохгүй. Үнэхээр тийм байсан юм бол Есөнбулгийнханыг хуралдаа суулгах нь яасан юм. Чамаас айх зүйл байхгүй, чам шиг эрх мэдэлтэй хүн байхгүй гэж олон хүнээс сонссон гэжээ.

Хариуцагч Ц.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сард ажлаа аваад 9 сард Б.Чандаг гуайтай уулзсан. 2014-2015 онд богино хугацаанд Есөнбулаг сумын Засаг даргын орлогчийг хийсэн. Залуу хүний хувьд, иргэдийн төлөөлөгчийн хувьд иргэдийг ая тухтай, сайхан амьдруулахын тулд өөрийн хүсэл зоригоо илэрхийлж ажиллах болно. Энэ хэрэг үүссэн шалтгаан нь Б.Чандаг гуайтай уулзсан богинохон хугацааны уулзалтаас үүссэн. Тухайн үед намайг ажил авахад Дөтийн давааны гүүр нураад унасан байсан. Яндан бол Б.Чандаг гуайн өмч мөн л байх. Б.Чандаг гуайтай уулзаад таны яндан саваад ганхаад, унаж айл дарах гээд байна, урд гүүр нурсан байгаа буулгаж аваад ашиглачих уу гэхэд Б.Чандаг гуай тэг гэж байсан ба цаасан дээр буулгаж аваагүй учраас би одоо буруутан болж байна. Би хувьдаа ашиглаагүй, тухайн үед төсөв мөнгө хэцүү байсан. Төсвөөс нэг ч мөнгө гаргаагүй тухайн үед ажиллаж байсан компаниудыг гуйгаад хоолой болгож булуулаад ард иргэдийн төвөггүй зорчих боломжийг олгоод энэ гүүрээр одоог хүртэл 2 жил гаруй иргэд зорчиж байна. Урд чиглэлийн 5 сум мөн Есөнбулаг сумын Наран багийн ард иргэд зорчих ямар ч боломжгүй болох байсан тул үүнийг маш яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж аймгийн Засаг дарга үүрэг өгсний дагуу бид аль болох хурдан шийдэхийг эрэлхийлсэн. Тухайн үед төсөвт мөнгө байгаагүй. Хэрвээ тухайн үед Б.Чандаг гуай миний өмчлөл, та нар надад хэдэн төгрөг өгчих гэж хэлсэн бол бас өөр байх байсан. Тэгээд тухайн үед зам тавьж байсан “Заабр”, “Анир” ХХК нараас гуйгаад нурсан гүүрийг сэргээн засах ажлыг орон нутагт туслах хэлбэрээр тэр хоёр компани хийж өгсөн болохоос би хийгээгүй. Тэр хоёр компаний ажилд бетон хашлага хийх ажил дутуу байгаа учраас ямар нэгэн байдлаар сум хүлээн авсан бичиг баримт байхгүй нь тодорхой. Энэхүү яндан буулгах шийдвэрийг гаргахад би дангаараа гаргаж байгаагүй. Аймгийн Засаг даргад энэ талаар олон хүсэлт, гомдол ирсэн. Төсөв мөнгө байхгүй учраас аймгийн Засаг дарга Анир дэлхий гэдэг компанийг, би ЗАБР ХХК-г гуйсан. Нийлээд энэ гүүрний зорчих хэсгийг нээж өгсөн. Б.Чандаг гуай чи сумын төлөөлөгч, тэргүүлэгч учраас сумаас мөнгө гаргаад өгчих гэж хэлсэн. Би таны хамаагүй гэж хэлсний дагуу би буулгаж аваад гүүр барьсан. Би таны иргэдийнхээ төлөө буулгаад ав гэж хэлсний дагуу авсан болохоос ийм сэдэлтээр эргээд төсвөөс мөнгө гаргуулж өгч чадахгүй, тийм зүйл яриагүй гэж хэлсэн. Тэгэхээр Б.Чандаг гуай эхнээсээ надаар буулгуулсны дараа төсвөөс мөнгө гаргуулахыг хүссэн. Тиймээс үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Баттулгаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу уурын зуухны яндангийн үнэнд 7.177.700 /долоон сая нэг зуун далан долоон мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулахыг хүссэн Б.Чандагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ц.Баттулгаас бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 7.097.700 (долоон сая ерэн долоон мянга долоон зуун) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чандагт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн зардал 80.000 төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгосугай ...” гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Баттулгаас Улсын тэмдэгтийн хураамжид 128.513 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чандагт олгуулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үндэслэл:

1.Хариуцагч миний бие 2014 оны 8 сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа албан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлд дурдсан уурын зуухны янданг нэхэмжлэгчийн аман зөвшөөрлийн үндсэн дээр буулган орон нутгийн өмчийн гүүр болох “Дөтийн давааны гүүр”-д ус зайлуулах хоолой болгон ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь “Дөтийн давааны гүүрэнд тавьсан яндан нь Б.Чандагийн яндан мөн болохыг шүүхэд нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн оролцогчдоос гаргаж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн байна.

2.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д “Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” нь төрийн улс төрийн албан хаагч болох тухай тодорхойлсон.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Засаг даргын орлогч нь хуулиар Засаг даргыг эзгүйд түүнийг орлон, эрх үүргийг хэрэгжүүлэх, Засаг даргын эрх шилжүүлснээр тодорхой чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэгч төрийн улс төрийн албан хаагч бөгөөд Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа миний бие хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг Засаг дарга нийгмийн асуудлыг тус тус хариуцан ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурдсан уурын зуухны янданг буулган авсан талаар нэхэмжлэгч маргахгүй. Давж заалдах шатны шүүх нь “Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаанд албан үүргийнхээ дагуу сум орон нутагт тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тус янданг буулгаж аваад “Дөтийн давааны гүүр"-нд ус зайлуулах хоолой болгон ашигласан. Хүний эд хөрөнгийг дураараа аваагүй тухайн үед энэ талаар Б.Чандаг гуайтай уулзахад буулгаж авахыг зөвшөөрч байсан гэсэн. Би энэ яндангийн үнийг хариуцах ёсгүй гэж маргаж байгаагаа шүүхэд нотолж чадаагүй, Сум орон нутагт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд янданг гүүрэнд ашиглах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Янданг Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа буулган авсан, Дөтийн давааны гүүрэнд ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, фото зургийн үзүүлэлтүүд болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.4-т зааснаар “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна’’ гэж тодорхойлсон. Захиргааны акт нь амаар болон бичгээр аль ч хэлбэрээр гарч болох ба дээр дурдсан “үйл ажиллагаа” гэж ойлгоно гэж тодорхойлсон байна.

3 Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалтай нотлогдож байхад Давж заалдах шатны шүүх “Хариуцагч Ц.Баттулга нь 2014 оны 08 дугаар сарын 12-ноос 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар тогтоогдож байгаа хэдий ч тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажил олгогчийн гаргасан тушаал, шийдвэрийн дагуу бусдад гэм хор учруулсан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Төр, төрийн байгууллагаас бусад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан авч ажиллуулдаг Байгууллагын гэм хорын хариуцлагын тухай, харин иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төр, төрийн байгууллагын гэм хорыг хариуцах хариуцлагын тухай тусгайлан зохицуулсан буюу иргэний хуулийн 498.1, 498.2 дахь заалтуудад хоёр өөр субъекын гэм хорын хариуцлагын талаар зохицуулсан байх атал Давж заалдах шатны шүүх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийдвэрийг үгүйсгэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэхь заалтыг зөрчсөн байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ .

ХЯНАВАЛ

Давж заалдах  шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Уурын зуухны яндангийн үнэ 7.177.700 төгрөг гаргуулах тухай Б.Чандагийн нэхэмжлэлийг хариуцагч Ц.Баттулга эс зөвшөөрөхдөө “...сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх үед Дөтийн амны гүүр нурсан, ард иргэдийн хүсэлтээр гүүрийг хандив тусламжаар засварласан, Б.Чандагтай уулзахад минийх биш гэж байсан тул янданг буулгаж, гүүрэнд  ус зайлуулагч болгон ашигласан” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Чандаг нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 5 дугаар багт байрлах уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Чандаг шаардах эрхийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 510 дугаар зүйл гэж тодорхойлсон гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хуульд заасан дараах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай. Үүнд:

1.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй.

2. үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх. Эдгээр нөхцөл тогтоогдсоноор хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэх боломжтой юм.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна зохигчдын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй, мөн үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заажээ. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Уурын зуухны янданг орон нутгийн өмч болох гүүрэнд ус зайлуулагч болгон ашигласан явдалд хариуцагч Ц.Баттулга гэм буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч Ц.Баттулга нь 2014 оны 8 сараас 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн уурын зуухны янданг буулган улмаар орон нутгийн өмч болох Дөтийн амны гүүрийг засварлахад ус зайлуулагч болгон ашигласан нь хэргийн баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 9-13, 47, 87, 89-95, 195 дугаар тал/.

Давж заалдах шатны шүүх “...янданг гүүрэнд ашиглах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан болохыг, Дөтийн давааны гүүрэнд тавьсан хоолой нь Б.Чандагийн яндан мөн болохыг хариуцагч нотолж чадаагүй” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 в-д сумын Засаг дарга нь орон нутгийн чанартай зам, гүүр, үер усны хамгаалалт, далан суваг барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “...нэгээс илүү орлогчтой байна...” гэжээ.

Уурын зуухны янданг орон нутгийн өмч болох гүүрэнд ус зайлуулагч болгон ашигласан, энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан зохицуулалтын агуулгаар Ц.Баттулга гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гүүрийн засварт янданг ашигласан, нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Баттулга хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.513 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ