| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00234/И |
| Дугаар | 151/ШШ2024/00412 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00412
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2024/00412 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 844.443.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 844.443.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Манай компани 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК-тай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" ************ тоот гэрээ байгуулсан. Гэрээний тусгай нөхцөлийн "ГЕН 5.6"-д Ажлын зургийг боловсруулж, НОБГ, НЭМГ-р баталгаажуулснаар 298.000.000 төгрөгийг 10 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Хуульд зааснаар ажлын зураг төслийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх шаардлагатай байсан тул манай компани 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ************ дугаартай Зургийн ажил гүйцэтгэх гэрээг "Г ХХК-тай байгуулсан. Гэвч захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас буюу баруун үйлдвэрийн 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй, шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийн техникийн шийдэл нөхцөлийг бүрэн тодорхойлж, эцэслэн батлуулахыг Т ХХК-ийн ерөнхий инженер Ц.А хариуцсан боловч хугацаа хэтрүүлсэн. Энэ талаар бид бүхэн удаа дараа албан бичгээр Т ХХК-д мэдэгдсэн./хавсаргав/ Нэг. Алданги 149.000.000 төгрөгийн тухайд: Ажлын зургийг тохиролцсоны дагуу буюу Т ХХК-иас шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгсний дараа бид бүхэн тохиролцсон хугацаанд, чанарын өндөр түвшинд Ажлын зургийг боловсруулсан. ************ тоот гэрээнд зааснаар дээрх ажлын зургийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн ************ дугаартай дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн ************ дугаартай дүгнэлтээр тус тус баталгаажуулсан байдаг. Ийнхүү Т ХХК нь гэрээнд зааснаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 298.000.000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Дээрх гэрээг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ************ дугаартай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээнд хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, нэмэлт, өөрчлөлт оруулан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байдаг. Улмаар ажлын зургийг боловсруулсны төлбөр болох 298.000.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн Голомт банкны ************ тоот дансанд шилжүүлсэн боловч гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн алданги төлөгдөөгүй болно. Ажлын зурагт ногдох төлбөрийг Т ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн тул төлбөрийн үүргээ 150 хоног хэтрүүлсэн. Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцөлийн 10.21, Тусгай нөхцөлийн ГЕН 10.22"-т тус тус зааснаар захиалагч нь төлбөр төлөх үүргээ хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам Гүйцэтгэгчид алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Захиалагчийн эхний төлбөрийн үүрэгт буюу 298.000.000 төгрөгийн хоногт төлөх алдангийн хэмжээ нь 1.490.000 төгрөг байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үржүүлбэл 223.500.000 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 149.000.000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Хоёр. Гэрээ цуцалсны улмаас бусдад 160.588.886 төгрөг төлөх болсон хохирлын тухайд: Бид бүхэн ************ тоот гэрээгээр хүлээсэн ажлын зураг боловсруулахад хуульд зааснаар туслан гүйцэтгэгчээр буюу "Г" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ************ тоот Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зургийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1-т зааснаар гэрээт ажлын хөлс нь 298.000.000 төгрөг байхаар буюу Т ХХК-тай "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" ************ тоот гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Т ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн ажиллагаа болон ажлын даалгаварт оруулсан өөрчлөлтөөр 180х34 хэмжээг 194х34 хэмжээтэй болж 476 м2 талбайгаар нэмэгдсэн учраас "Г" ХХК нь тухайн нэмэгдсэн хэмжээнд ногдох 23.177.773 төгрөгөөр Зургийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлснийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ************ дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, нийт ажлын хөлс 321.177.773 төгрөг болсон. Гэвч Т ХХК нь дээр дурдсанчлан ажлын зургийн төлбөрийг төлөлгүй 150 хоног хэтэрсэн бөгөөд "Г ХХК нь биднээс ************ тоот зургийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги нэхэмжилсэн. Тодруулбал, Зургийн ажил гүйцэтгэх гэрээний 8.2-т "...Захиалагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд тухайн төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө" гэж заасан. Улмаар захиалагч Т ХХК-иас ажлын зургийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөөгүйн улмаас "Г ХХК нь биднээс алданги төлөхийг шаардсаар байна. Тодруулбал, Сүүлчийн байдлаар "Г" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 23/89 дугаартай албан бичгээр 321.177.773 төгрөгийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцож, түүний 50 хувиар буюу 160.588.886 төгрөгийг биднээс нэхэмжлэх болсон. Т ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ************ дугаартай Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээнд хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бидэнд гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн. Тухайлбал, Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн "Гэрээ цуцлах тухай" ************ дугаартай албан бичгээр "Бидний байгуулсан гэрээ нь Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх байсан бөгөөд тухайн ажил цаашид шаардлагагүй болсон тул ТУЗ-ийн 2023 оны 42 дугаар тогтоол, ГЕН-ийн 9.2 дахь заалт, Иргэний хуулийн 355.2 дахь заалтыг тус тус үндэслэн талуудын дунд байгуулсан ************ дугаартай гэрээг цуцлах болсон" гэж мэдэгдсэн. Гэвч "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" ************ тоот гэрээний 9.9-д зааснаар "ГЕН-ийн 9.2-т заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Захиалагч гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлнө: 9.9.3. Гэрээг цуцалсантай холбоотойгоор Гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид төлөх шаардлагатай болсон аливаа төлбөр гэж зохицуулсан байдаг. Т ХХК-ийн ажлын зургийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас туслан гүйцэтгэгч "Г ХХК-д төлөхөөр болсон алданги 160.588.886 төгрөгийг хохиролд тооцон, ************ тоот гэрээний 9.9.3-т зааснаар төлүүлэхээр нэхэмжилж байна. Гурав. Олох ёстой байсан ашиг орлого болох 534.854.698 төгрөгийн тухайд: "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх" ************ тоот гэрээний 9.9- д зааснаар "ГЕН-ийн 9.2-т заасны дагуу Гэрээг цуцалсан тохиолдолд Захиалагч гүйцэтгэгчид дараах төлбөрийг төлнө: 9.9.5. Гэрээг цуцалсантай шууд холбоотой бусад зардал, учирсан хохирол"-ыг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж зохицуулжээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар батлагдсан Барилгын төсөв зохиох дүрэм БНбД 81-95-20-ийн 4.50. дахь Төсөвт ашгийн хэмжээг тодорхойлох хэсэгт "Барилгын гүйцэтгэгч байгууллагын төсөвт ашгийн хэмжээг шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлын нийлбэр дүнгийн 15 хувиар тооцож төсөвт тусгана гэж заасан. Тус заалтыг баримтлан нийт ажлын үнээс шууд зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлуудын нийлбэр дүнгийн 15 хувь болох 534.854.698 төгрөгийн төсөвт ашиг нь Т ХХК ************ тоот гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бол манай компанид зайлшгүй орох орлого гэж үзэж байна. Тодруулбал, Тухайн барилгын ажилтай холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мэргэшсэн төсөвчин Х.Б нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Т ХХК-ийн "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн агуулахын барилга-ын ажлын төсвийг тооцож баталгаажуулсан бөгөөд тус төсвийг Т ХХК-иас хүлээн зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тус төсвийн төсөвт өртгийн нэгдсэн товчооны 6-д Ашиг /15 хувь/ гээд 534.854.698 төгрөг байхаар төсөвлөгдсөн болно. Манай компани барилгын норм, дүрэм болон төсөв зохих дүрмийн дагуу нийт гүйцэтгэх ажлын үнийн дүнгээс ажлын зураг боловсруулах төсөвт өртгийг хасаж, үлдэх хэсгийн 15 хувиар ашиг, орлогоо тооцоолж, ажлын үнийг 4.950.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ажлын үнэ 4.950.000.000 төгрөгөөс ажлын зургийн төлбөр 298.000.000 төгрөгийг хасаж, холбогдох дүрэм, журамд зааснаар 15 хувиар ашиг, орлогоо тооцоолон төсвөө боловсруулж, захиалагч Тавантолгой түлш ХХК-иар батлуулсан байдаг. Гэтэл захиалагч Т ХХК нь цаашид тухайн ажил шаардлагагүй болсон гэх үндэслэлээр гэрээг цуцалсан тул бидэнд төсөл цаашид үргэлжилсэн бол зайлгүй орох ёстой байсан орлого нь 15 хувийн ашиг болох 534.854.698 төгрөгийг ************ тоот гэрээний 9.9.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохиролд тооцон нэхэмжилж байна. Иймд Т ХХК-иас алдангид 149.000.000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160.588.886 төгрөг, олох ёстой байсан ашиг орлого болох 534.854.698 төгрөг, нийт 844.443.584 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК (5831792)-иac 844.443.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх талаар дараах тайлбарыг гаргаж байна. 1. 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр "Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх ************ дугаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан боловч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдын тоог тодорхой хэмжээгээр бууруулах шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид дээрх гэрээгээр гүйцэтгэх барилга байгууламж шаардлагагүй болсон тул гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажилд таарсан мөнгөн шилжүүлгийг хийсэн тул нэхэмжлэлд дурдсан алдангийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Г ХХК нь барилгын зураг төсөл боловсруулахад туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан хийлгэсэн нь энэ туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд манай байгууллага хариуцлага хүлээн үндэслэл байхгүй тул манай байгууллагаас энэ төлбөрийг барагдуулах үндэслэлгүй болно. 3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу захиалагчид хамаарах заалт байх тул зөвшөөрөх үндэслэлгүй болно. Иймд тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г ХХК-ийн дүрмийн хуулбар, Г ХХК-иас Г.Х, Б.Э нарт олгосон итгэмжлэл, Г ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаартай Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Г ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн мидлинг хүлээн авах ангилан ялгах цехийн барилга барих ажлын даалгаврын хуулбар, Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн мидлинг хүлээн авах ангилан ялгах цехийн барилга барих ажлын зураг, угсралтын ажил гүйцэтгэх графикийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ************ дугаартай Албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай Хурлын тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаартай Т ХХК-ийн шуурхай горим хурлын шийдвэрийн хуулбар, Т ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ************ дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаартай Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаартай Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, Нийслэлийн онцгой байдлын газар Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ************ дугаартай дүгнэлт, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ************ дугаартай дүгнэлтийн хуулбар, Т ХХК Баруун үйлдвэрийн эстакадны барилгын ажлын даалгавар эскиз зургийн хуулбар, Г ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ************ дугаартай Зургийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ************ тоот ажил гүйцэтгэх гэрээний ************ дугаартай нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ************ тоот ажил гүйцэтгэх гэрээний ************ дугаартай нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ************ тоот ажил гүйцэтгэх гэрээний ************ дугаартай нэмэлт өөрчлөлтийн хуулбар, Г ХХК болон Г ХХК-ийн хооронд хийсэн зураг төсөл хүлээлцсэн актын хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай **/** дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай **/** дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай **/** дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт гаргах тухай ************ дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хүсэлт гаргах тухай ************ дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хүсэлт гаргах тухай дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт гаргах тухай ************ дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай **/** дугаартай албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай дугаартай **/** албан бичгийн хуулбар, Г ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай **/** дугаартай албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **/** дугаартай Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн агуулахын барилгын ажлын төсвийн хуулбар, Г ХХК-иас боловсруулсан Т ХХК-ийн баруун үйлдвэрийн мидлинг хүлээн авах, ангилан ялгах цехийн барилгын загвар зургийн хуулбар, Г ХХК-ийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ************ дугаартай Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагч Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Н.Б-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ************ дугаартай Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Г ХХК нь Тавантолгой түлш ХХК-ийн Баруун үйлдвэрийн мидлинг хүлээн авах ангилан ялгах цехийн барилгын зураг төсөл боловсруулж, барилга барих ажлыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, Т ХХК нь тохирсон хугацаанд төлбөр 4.950.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Мөн талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай Т ХХК-ийн Баруун үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга барих, ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ байгуулагдсанаар гэрээ дуусах хугацааг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болгон өөрчилсөн байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Гэвч хариуцагч Т ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн **/*** дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичгээр гэрээ цуцалж байгаа талаар мэдэгдсэн байх ба уг хугацаанаас хойш тухайн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болсон талаар талууд маргаагүй.
3. Гагцхүү гэрээний дагуу буюу гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 5.6 дахь заалт-д заасан Ажлын зургийг боловсруулж, Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газраар баталгаажуулснаар 298.000.000 төгрөг төлөх үүргээ хариуцагч хугацаандаа гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгч Г ХХК нь тухайн ажлын зургийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчаар баталгаажуулж, ***/** дугаар дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчаар баталгаажуулж, ************ дугаар дүгнэлт тус тус гарсан байхад хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алданги 149.000.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагчаас уг шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа Гэрээний ерөнхий нөхцөлийн 10.21 дүгээр зүйлд Захиалагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ГТН-д заасан хувь хэмжээгээр алдангийг Гүйцэтгэгчид төлнө гэж заасан боловч гэрээний тусгай нөхцөлийн 10.22 дугаар заалтад зөвхөн гүйцэтгэгчийн төлөх алдангийн хэмжээг тогтоосон тул захиалагч нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн шаардсан 149.000.000 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлгүй хэмээн маргасан.
Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлийн 10.22 дугаарт Гүйцэтгэгчийн төлөх алдангийн хувь-ийг тогтоосон байгаа боловч уг гэрээний ерөнхий нөхцөлийн 1.2.3-т ... Хэрэв гэрээний агуулгад нийцүүлэн тайлбарлах боломжгүй тохиолдолд Иргэний хуульд заасан журмыг баримтлан тайлбарлана гэж, мөн нөхцөлийн 9.9.5-д Гэрээг цуцалсантай шууд холбоотой бусад зардал, учирсан хохирол-ыг захиалагч нь гүйцэтгэгчид нөхөн төлөхөөр тус тус заасан байна.
Тодруулбал, гэрээний тусгай нөхцөлд захиалагчийн гүйцэтгэгчид төлөх анзын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан хэмжээгээр нэхэмжлэгч Г ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс 298.000.000 төгрөгт ногдох алданги 149.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэв.
Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 198.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба энэ хүрээнд талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг бичгээр байгуулсан, гэрээний дагуу тодорхой ажил гүйцэтгэгдсэн, хариуцагч нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гэрээний хугацаа сунгагдсан тул алданги төлөх үндэслэлгүй гэх боловч уг гэрээний нэмэлтээр тухайн гэрээний хэрэгжих ерөнхий хугацааг талууд зөвшилцөн сунгасан агуулгатай болохоос бус ажлын зургийг боловсруулж, холбогдох байгууллагаар баталгаажуулсны дараа төлөх 298.000.000 төгрөгийн үүрэг хэвээр хадгалагдаж байсан тул түүний дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Уг ажлын зургийг Барилга хөгжлийн төвөөр баталгаажуулах ёстой байсан боловч уг шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй гэж маргах боловч тухайн гэрээний ГЕН 5.6 дахь заалт-д зөвхөн Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн эрүүл мэндийн газраар баталгаажуулна гэж заасан байх тул уг тайлбар няцаагдаж байна.
Түүнчлэн хариуцагч Ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх боловч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд хэрэгт Т ХХК нь нэхэмжлэгчээс Баруун бүсийн үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл-ийг хүлээлгэн өгөхийг шаардаж байсан тухай баримт авагдаагүй, уг ажлын зургийг хүлээн авах үүргээ хариуцагч өөрөө биелүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Олох ёстой байсан ашиг орлого болох 534.854.698 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т зааснаар захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй боловч Т ХХК нь гэрээг үл ялих шалтаг буюу Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдын тоог тодорхой хэмжээгээр бууруулах шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид дээрх гэрээгээр гүйцэтгэх барилга байгууламж шаардлагагүй болсон гэх үндэслэл зааж, гэрээг цуцалжээ.
Энэ нь нэхэмжлэгч Г ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болоогүй бөгөөд хэрэв тухайн ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан бол нэхэмжлэгчид 534.854.698 төгрөгийн ашиг, орлого орох байсан болох нь хэргийн ************ дугаар талд авагдсан Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Х.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ажлын төсөвөөр тогтоогдсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Энэ хуульд заасан Үүрэг гүйцэтгүүлэгч гэдэг нь Т ХХК болох тул үүрэг гүйцэтгэгч Г ХХК уг шаардлагыг гаргах эрхгүй гэж маргасан.
Гэвч дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний аль ч тал байж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгчээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардаж буй тал нь үүрэг гүйцэтгүүлэгч, харин нөгөө тал нь үүрэг гүйцэтгэгч байдаг тул зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгч нь захиалагч Тавантолгой түлш ХХК гэж хатуу ойлгохгүй.
Иймээс нэхэмжлэгч Глорикровн констракшн ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гэрээний үүргээ гүйцэтгэсэн бол түүнд зайлшгүй орох байсан орлого болох 534.854.698 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэлд дурдсан Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохиролд 160.588.886 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Г ХХК нь Г ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **/*** дугаар Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Т ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн өндөрлөсөн төмөр замын битүүмжийн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зургийг гүйцэтгэх үүргийг хүлээж, гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд зааснаар нийт 321.177.773 төгрөгөөр ажлын хөлсийг тохиролцсон, улмаар тухайн ажлын зургийг холбогдох байгууллагаар баталгаажуулан захиалагч Г ХХК-д 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн нь тус тус тогтоогдож байна.
Ингээд Г ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн **/** дугаар албан бичгийг Г ХХК-д хүргүүлэхдээ ажлын хөлс 321.177.773 төгрөг, гэрээнд заасан алданги 160.588.886 төгрөг, нийт 481.766.659 төгрөгийг төлөхийг шаардсан байх ба уг албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Г ХХК нь Т ХХК-иас алдангид төлөх болсон 160.588.886 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаарджээ.
Гэвч хэрэгт тухайн алданги болох 160.588.886 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-иас Г ХХК-д бүрэн төлсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр ийм хэмжээний үүрэг биелүүлэх болсон тухай нотлох баримт авагдаагүй байх тул уг шаардлагыг Г ХХК нь гаргах эрхгүй, энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү хэсгийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
6. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Т ХХК-иас алданги 149.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 534.854.698 төгрөг, нийт 683.854.698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160.588.886 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.380.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 3.577.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Т ХХК-иас алданги 149.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 534.854.698 төгрөг, нийт 683.854.698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Гэрээ цуцалсны улмаас бусдад төлөх болсон хохирол 160.588.886 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.380.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 3.577.223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА