| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00350/И |
| Дугаар | 151/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00447
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Д,
Хариуцагч: Б.У нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25.108.434,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК-ийн Төв салбар нь хариуцагч З.Д, Б.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.108.434,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. З.Д, Б.У нар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны Баянжаргалан тооцооны төвөөс ****************** тоот зээлийн гэрээ байгуулан нийт 25.000.000 төгрөгийг сарын 1,7 хувь /жилийн 20,4 хувь/-ийн хүүтэй, 24 сар /2 жил/-ын хугацаагаар малчны зээл авсан. Зээлийн барьцаанд таван хошуу мал 290 тоо толгой /адуу-25, үхэр-15, хонь-150, ямаа-100/ таван ханатай гэр тавилга хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй цаг хугацаа авч байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд З.Д, Б.У нараас зээлийн үндсэн өр 20.500.000 төгрөг, зээлийн хүүгийн өр 4.033.052,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 53.263,55 төгрөг, хуримтлагдсан хүү 515.589,04 төгрөг, нотариатын зардал 6.530 төгрөг, нийт 25.108.434,62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч З.Д, Б.У нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр Т банк ХК-ийн нэхэмжилж байгаа 25.108.434,62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг үнийн дүнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны 1.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны 1.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10.608.434,62 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т банк ХК-иас З.Э-д олгосон итгэмжлэл, Т банк ХК болон З.Д, Б.У нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ************** дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Т ХК болон З.Д, Б.У нарын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, З.Д, Б.У нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Т банкны Баянжаргалан тооцооны салбарт батлан даалтын хуулбар, З.Д-ийн Төрийн банкинд гаргасан өргөдлийн хуулбар, Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **/** дугаартай албан бичиг, Т банк ХК-ийн Мемориалын баримтын хуулбар, З.Д-ийн Т банкны ************ дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, Т ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ****/** дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Б.У-ын Т банкинд гаргасан өргөдөл, З.Д-ийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 он болон 2022 оны тооллогын баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК болон З.Д, Б.У нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ************ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, мөн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ************* дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар 25.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч хариуцагч нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.108.434,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Д, Б.У нар нэхэмжлэлийн шаардлага болох 25.108.434,62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 хуваан нэхэмжлэгч Т ХК-ийн Төв салбарт төлөхөө илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.492 төгрөгөөс 141.746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 141.746 төгрөг, хариуцагч З.Д, Б.У нараас 141.746 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч З.Д, Б.У нар зээлийн гэрээний үүрэгт 25.108.434,62 төгрөгийг 9 хувааж буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны 1.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны 1.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10.608.434,62 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.492 төгрөгөөс 141.746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн тоот данснаас ************ 141.746 төгрөг, хариуцагч З.Д, Б.У нараас 141.746 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА