Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00456

 

 

 

 

 

2024 05 15 151/ШШ2024/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Бадамхандад холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч С.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Талууд хамтын амьдралтай байсан байх ба тэдний дундаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Б.А төрсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3. Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч Н.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.А 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-т олгоно.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Хөхнуур овогт Бадамхандын Аминзаяа /регистрийн дугаар НБ20301869/-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Бадамхандаар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оюунтүлхүүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бадамхандаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунтүлхүүрт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА