Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 151/2024/00030/И |
Дугаар | 151/ШШ2024/00462 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00462
2024 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2024/00462 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Т ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Манай компани нь анх хариуцагч Т ХХК-ийн зарласан шалгаруулалтад тэнцэж тус компанийн Багануур дүүрэгт байрлах кокс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэл хийх ажлыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх *********** тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд тус компанийн орон нутгийн салбарын захирал, нүүрс химийн үйлдвэрлэлийн удирдагч Д.Б-ын зүгээс Ерөнхий сайд, хэд хэдэн сайд, гадаадын айлчид ирнэ. Нүүрс химийн үйлдвэрийн шав тавих ёслол болно, тиймээс дээрх хүмүүсийг ирэхэд агуулахын барилга дутуу байж болохгүй, ядаж гадна фасадаа янзалмаар байна, танайх энд ажил хийж байгаа юм чинь гүйцэтгээрэй, манай зүгээс санхүүжилт асуудалгүй ээ, удирдлагаас энэ ажлаа яаралтай хийхийг үүрэг болгосон гэсэн хүсэлтийг өөрөө биечлэн тавьсан. Тухайн үед Д.Б захирал нь өөрийн хүсэл зоригоо амаар илэрхийлж ажил гүйцэтгүүлэх саналыг амаар тавьсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 /Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ/-т заасан нөхцөлд нийцэж байсан учраас бид хүлээн авч, хүлээн авснаа бодит үйлдлээр илэрхийлсэн. Манай компанийн хувьд энэ төслийн ажлын зарим хэсгийн барилга, угсралт, засварын ажлыг хийж байгаа учраас, мөн төрийн өмчит компани болохоор Д.Б захирлын саналыг хүлээн авахаар болж, Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн гүйцэтгэлийн төсвийг мэргэшсэн төсөвчин Т.О-аар 2022 оны 9 дүгээр сарын эхээр хийлгэсэн. Энэ төсвөөр ажиллах хүчний зардал 138.790.373 төгрөг, материал 228.871.058 төгрөг, тээвэр 4.166.610 төгрөг, машин ашиглалт 6.576.000 төгрөг буюу шууд зардлын дүн 378.404.041 төгрөг болсон, барилгын удирдлага зохион байгуулалтын зардал 61 хувь буюу 42.916.009 төгрөг, ашиг 15 хувь буюу 63.198.008 төгрөг, барилга угсралтын ажлын дүн 484.451.806 төгрөг үүнээс НӨАТ 10 хувь буюу 48.451.806 төгрөг, нормчлолын сан 0,18 хувь буюу 872.133 төгрөг, захиалагчийн зардал 9.690.361 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 4.845.181 төгрөг болсон. Ингээд хариуцагч талын ажил хариуцсан захирал Д.Б-ын гаргасан хүсэлтийн дагуу хийгдэх Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн нийт төсөв 584.377.538 төгрөг болсон. Хариуцагч талын зүгээс маш яаралтай үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэх саналыг хариуцлагатай албан тушаалтан аман байдлаар тавьсныг бид хүлээн авч засварын ажлыг хийж эхэлсэн бөгөөд хариуцагч талаас барилга нүүрс, химийн үйлдвэрийн нээлт болон бусад ажлуудаас шалтгаалсан уу, бичгийн хэлбэрээр гэрээг албажуулж өгөхгүй байсан тул гүйцэтгэлийг 50 хувь буюу 2 барилгын фасадыг тус бүр урд болон баруун талуудыг хийж дуусгаад зогсоосон болно. Манай компанийн зүгээс Д.Б захирлыг ажил гүйцэтгүүлэх талаар санал тавимагц хамтран ажиллаж байгаагийн хувьд саналыг хүлээн зөвшөөрч, ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс кокс химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байсан ажиллах хүч дээр нэмж ажиллах хүч татаж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40 хоногт нийт ажлын 50 хувийн гүйцэтгэлийн хийсэн. Учир нь үйлдвэрийн шав тавих ажилд төрийн өндөр албан тушаалтнууд, бусад хөрөнгө оруулагчид, гадаадын зочид төлөөлөгчид ирэх учраас нүүрэн хэсгүүдийг эхэлж хийж байсан бөгөөд хариуцагчаас энэ хугацаанд манай компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг огт төлөөгүй учраас ажлаа зогсоосон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 /Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ/-т зааснаар нэг тал болох Т ХХК-ийн хүсэл зоригийг манай компани хүлээн авснаа тодорхой үйлдлээр буюу засварын ажлыг хийж гүйцэтгэж эхэлснээр хэлцлийг өөрийн бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн тул Т ХХК, Т ХХК-ийн хооронд үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн ажлыг хийх талаарх аман хэлцлийг хийсэн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан аман хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлцлийн хэлбэрийг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан нөхцөлийг тус тус хангаж байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 /хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл/-т зааснаар харилцан үүргийн харилцаа үүссэн. Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас фасадын ажлыг 100 хувь гүйцэтгэх боломж бүрдээгүй, хариуцагчаас шаардлагатай санхүүжүүлэлтийг тухай бүрт нь санхүүжүүлээгүйгээс манай компани дан ганц өөрийн хөрөнгөөр материалын болон ажиллах хүчний зардлыг хариуцаж, давхар ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Нүүрсний хулгай асуудалтай холбоотойгоор тус компанийн үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагаас шалгалт орсны улмаас зарим ажлуудыг зогсоох хүртэл арга хэмжээ авагдсан. Иймд Т ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 /Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй/-т зааснаар төлбөр шаардах үүрэг гүйцэтгүүлэгч мөн тул хийж гүйцэтгэсэн ажлынхаа гүйцэтгэлийг шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд аман хэлбэрээр байгуулагдсан хэлцлийг хуульд заавал бичгээр байгуулахыг, мөн нотариатаар гэрчлүүлэхийг шаардсан нөхцөл бүхий хэлцэл биш учраас ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хэлцлийг бид амаар байгуулсан ба Т ХХК-ийн өмчийн хэлбэр, бизнесийн салбарын нэр хүнд, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадамж зэрэгт найдаж, аман хэлцлийнхээ үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч хариуцагч талаас үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь ажлын гүйцэтгэлээр фасадын ажлын төсөвт өртгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс манай компани нь татварын болон бусад санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд ороод байна. Иймд хариуцагч Т ХХК-иас тус компанийн эзэмшлийн нүүрс, химийн үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн зардал болох 278.608.318 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК-ийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Т ХХК нь Т ХХК-тай нүүрс химийн үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар шинэчлэлийн ажил хийлгэх гэрээ байгуулаагүй, аман гэрээ хэлцэл ч хийгээгүй. Т ХХК-д нүүрс химийн үйлдвэрийн барилга байгууламж байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан барилга байгууламж нь хариуцагч талын өмч хөрөнгө биш бөгөөд Багануур талын хөрөнгө. Нөгөө талаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 20.000.000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийх тохиолдолд заавал тендер, сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх гадна фасадын ажлыг ийм сонгон шалгаруулалтаар хийлгээгүй, манайхаас ямар нэгэн захиалга өгөөгүй болно. Мөн хэрэгт авагдсан зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, манай захиалан хийлгэсэн засвар, шинэчлэлтийн ажлын зардалд орсон үнийн дүн байна. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК-иас гаргасан хүсэлт, Т ХХК-иас Ч.Э-д олгосон итгэмжлэл, Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Т.О-ын гүйцэтгэсэн Үйлдвэрийн агуулахын гадна металл фасадны засвар шинэчлэлийн ажил гэх баримтын хуулбар, Т ХХК-ийн гүйцэтгэх захирал В.А-ын үйлдсэн Дараа тооцоогоор авч ажлын хөлсний олголт хийсэн бүртгэл гэх баримт, Т түлш компанийн орон нутаг салбарын Багануур дахь нүүрс химийн үйлдвэрийн агуулахын гадна металл пасад угсралтын ажлын хөлс, материалын зардлын түүвэр гэх баримт, Т ХХК-ийн Багануур дүүрэг дэх Нүүрс химийн үйлдвэрийн засварын хэсэг болон агуулахын гадна металл пасад шинэчлэх ажлын хөлс, материалын үнийн санал гэх баримт, зарлагын болон мөнгөн шилжүүлгийн баримт /хх-17-69/, Т ХХК Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбарын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, мөн салбарын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн хуулбар, Т ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, Нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс, химийн цогцолбор үйлдвэрийн вагоны үе угсрах барилга, химийн бодис хадгалах агуулахын зориулалттай хуучин барилгуудын гадна талын засвар хийх ажлын даалгавар гэх баримт, П ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зарлагын баримт, Т ХХК болон П ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК болон Э.С нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК болон Л.А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх гэрээ, Т ХХК болон М.Н нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Барилгын гадна пасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Зарлагын баримт, Б ХХК-ийн зарлагын баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмийн хуулбар, 10 ширхэг фото зургийн хуулбар зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-иас Т.Б-т олгосон итгэмжлэл, Т ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, Багануур дүүрэгт байрлах кокс, химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэлт хийх ажлын даалгаврын хуулбар, Т түлш ХХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *********** дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар зэргийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.О, Д.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг, Т ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичиг зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж маргав.
3. Нэхэмжлэгч Т ХХК болон Т ХХК-ийн хооронд 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *********** дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ************ дугаар Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж, гэрээний дагуу Т ХХК-ийн захиалгын дагуу Багануур дүүрэгт байрлах Кокс, химийн үйлдвэрийн захиргаа, оффисын барилгуудын засвар шинэчлэлтийн ажил болон Кокс, химийн цогцолбор үйлдвэрийн хуучин цэвэр ус, дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлт, гадна бохирын бичил станц угсрах, инженер техникийн ажилчид, диспетчерийн байрны гадна тохижилтын ажлыг тус тус Т ХХК нийт 3.962.384.040 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцжээ.
Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Т ХХК нь ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч Т ХХК-иас гэрээний үнийн дүнг бүрэн шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Харин талууд уг гэрээний дагуу ажил гүйцэтгэж байх явцад нэмэлтээр үйлдвэрийн агуулахын гадна металл фасадын засвар, шинэчлэлтийн ажил хийлгэхээр захиалга өгсөн эсэх буюу ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ө.О 2022 оны 9 дүгээр сарын эхээр манай толгой компанийн удирдлагууд ирээд 2 барилгын засварын ажил хийгдэж байхад дахиад нөгөө 2 барилгын гадна фасадын ажлыг хийлгэ гэж даргад үүрэг өгсөн. Т ХХК нь тэр барилгуудын гадна фасадын ажлыг гүйцэтгэсэн гэж, гэрч Д.Б ... 2022 оны 9 дүгээр сарын дундуур Эрдэнэс таван толгойн удирдлагууд тэнд очиж үзээд тэр 2 том барилгын гадна фасадын харагдацыг сайжруулж, фасад хийх үүрэг өгсөн. ... Санхүүжилт олгоогүй, үүнийг олгохыг би дураараа шийдвэрлэдэггүй. Тухайн санхүүжилтийг хийх талаар эрх зүйн акт үйлдээгүй. Эрдэнэс таван толгойгоос үүрэг өгөөд, манай төслийн менежер хариуцаад хийлгэсэн. Хийгдсэн ажлыг санхүүжилтийг манай Т ХХК төлөх ёстой. Тэд захиалж хийлгүүлсэн. Ер нь Т ХХК нь хамгийн бага зардлаар, чанартай ажил хийх байсан тул энэ компаниар, тэр тусмаа Ковид-19 цар тахлын үеэр уг ажлыг хийлгэх нь Т ХХК-д илүү ашигтай байсан. Ийм ажлыг хийлгэхдээ дараа нь гэрээ, хэлцлээ нөхөн байгуулаад явдаг байсан гэж тус тус мэдүүлсэн.
Энэхүү гэрчийн мэдүүлэгт дурдагдсан Э ХК нь хариуцагч Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй болох нь https://opendatalab.mn/search/6311709 сайтад дурдсан, нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдсон.
Мөн хэргийн 19, 22, 24-69, 77, 91 дүгээр талд авагдсан зарлагын болон шилжүүлгийн баримтаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Профиль төмөр, эхлэл төмөр, төгсгөл төмөр, хар будаг, эмульс, тавлагч хадаас, дэр төмөр, фасадны ажлын хөлс, улаан фасадны үнэ, шатны түрээсийн төлбөр, инженерийн ажлын хөлс, төмөр фасадны материалын үнэ, тээврийн зардал, төмөр хавтан, рамны үнэ, гадна улаан фасад, гадна фасадны эмүльс, гагнуурын хөлс, соёмбо фасад, металл фасад, саруул фасад, өргөгч краны түрээсийн төлбөр, ... гэх утга бүхий зарлага гаргасан тухай баримтууд авагдсан.
Түүнчлэн хэргийн 78-90 дүгээр талд Т ХХК-ийн бусад этгээдтэй гэрээ байгуулж, фасад худалдан авсан, тухайн фасад угсруулах ажил гүйцэтгүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Манайх Б ХК-ийн эзэмшлийн барилгыг засварлан, засвар, шинэчлэлтийн зардалд 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо уг оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан гаргуулах, эсхүл уг объектуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах асуудлаар маргаан үүсгээд явж байна гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-иар ажил гүйцэтгүүлж байх хугацаандаа нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр захиалга өгч, үүнийг нь нэхэмжлэгч хүлээн авсан байх ба нэхэмжлэгч нь уг захиалсан нэмэлт ажлын тал хувийг өөрийн зардлаар гүйцэтгэсэн, энэхүү ажлыг гүйцэтгэж байсан 2 сарын хугацаанд хариуцагч Т ХХК-иас гэрээнээс татгалзаагүй, ажлыг зогсоогоогүй зэрэг үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг шаардахгүй ба талууд бие биедээ гэрээний санал тавьж, нөгөө тал хүлээн авснаа үйлдлээрээ илэрхийлж, тодорхой ажил гүйцэтгэсэн боловч тухайн барилгууд нь хариуцагч Т ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш болох нь дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер, сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгүүлээгүй, хууль зөрчигдсөн гэж маргасан боловч тус хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь хариуцагч Т ХХК өөрөө бөгөөд тэрээр хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан гүйцэтгэгчийг сонгох үүрэгтэй байсан.
Гэтэл бодит байдал дээр ийм ажиллагаа хийгдээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Ингээд нэгэнт ажил тодорхой хэмжээнд гүйцэтгэгдсэн, нэхэмжлэгч Т ХХК-иас барилгын гаднах фасад угсрах ажилд зардал гаргасан, үр дүн бий болсон ба хариуцагч Т ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
4. Нөгөө талаар, хэргийн 19, 22, 24-69, 77, 91 дүгээр талд авагдсан зарлагын болон шилжүүлгийн баримтаар нийт 315.583.560 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна.
5. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.550.992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 1.550.992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн М.А-ыг гэрчээр оролцуулахаар тогтоосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчид нөлөөлж, саад учруулсан үндэслэлээр хүсэлт гаргагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э уг иргэнийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 278.608.318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.550.992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 1.550.992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА