Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0817

 

 

 

 

    2023           11             07                                      128/ШШ2023/0817             

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “БИҮ” ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.Х, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0451/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: "Том татвар төлөгчийн газар"-ийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нар нь “БИҮ” ХХК-ийн үйл ажиллагааны 20** оны * дүгээр сарын *-ний өдрөөс 20** оны * дугаар сарын *-ний өдрийг дуустал хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төсөвт төлсөн, татварын дүн, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт”-аар 302,047,420.46 төгрөгийн нөхөн татвар, 96,772,086.57 төгрөгийн торгууль, 60,409,484.1 төгрөгийн алданги, нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан.

2.2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ** дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад заасан ш нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр ногдуулснаас 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 44,844,972.63 төгрөгийн үндсэн, 16,693,631.68 төгрөгийн нэмэлт төлбөр, 18,473,581.3 төгрөгийн торгууль, 12,315,720.86 төгрөгийн алданги, нийт 92,367,906.48 төгрөгийн төлбөрийг бууруулж үлдэх 366,861,084.65 төгрөгийн төлбөр болгон багасгаж шийдвэрлэсэн.

2.3. Дээрх тогтоолыг нэхэмжлэгч "БИҮ" ХХК нь 20** оны * дүгээр сарын *-ны өдөр гардан аваад шүүхэд 20** оны * дугаар сарын *-ны өдөр нэхэмжлэл гаргаж, бүрдүүлбэр хангуулан 20** оны * дугаар сарын *-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэл гаргагч "БИҮ" ХХК нь гадаад, дотоод худалдаа, төмрийн хүдэр худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Том татвар төлөгчийн газартай харьцаж ажилладаг юм.

3.2. Манай компанийн үйл ажиллагааны 20** оны * дүгээр сарын *-ний өдрөөс 20** оны * дугаар сарын *-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалтын ажил гүйцэтгэсэн Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт" нь тооцооллын илэрхий алдаатай, мөн холбогдох хуульд нийцээгүй үндэслэлээр тус актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан болно.

3.3. Гомдлыг татварын маргаан таслах зөвлөл хянаж үзээд 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ** дугаартай тогтоол гаргаж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад заасан шийтгэлийн дүнг бууруулж, тодруулбал: нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр ногдуулснаас 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 44,844,972.63 төгрөгийн үндсэн, 16,693,631.68 төгрөгийн нэмэлт төлбөр, 18,473,581.3 төгрөгийн торгууль, 12,315,720.86 төгрөгийн алданги, нийт 92,367,906.48 төгрөгийн төлбөрийг бууруулж үлдэх 366,861,084.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байдаг.

3.4. Бидний зүгээс Татварын маргаан таслах зөвлөлийн бууруулан тооцсон дүнтэй санал нэг байгаа бөгөөд бууруулсан дүн буюу 92,367,906.48 төгрөгийн төлбөртэй маргаагүй, гагцхүү маргаан бүхий актын үлдэгдэл төлбөр болох 366,861,084.65 төгрөгийн төлбөрт холбогдуулан актыг хүчингүй болгуулахаар дор дурдсан үндэслэлээр маргаж байгаа болно.

3.5. Энэхүү маргаан таслах зөвлөлийн ** дугаартай тогтоол бичгээр үйлдэгдэн 20** оны * дүгээр сарын *-ны өдөр гомдол гаргагч талын өмгөөлөгчид гардуулсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19-т заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхийн хүрээнд үүгээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

3.6. Нэг. Нөхөн ногдуулалтын акт нь тооцооллын хувьд илэрхий алдаатай. Татварын улсын байцаагчийн НА-*************дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ын хавсралт тооцооллоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр цаашид АМНАТ гэнэ) ногдох борлуулалтын үнэлгээг тооцохдоо буруу тооцоолсон байна.

3.7. Борлуулалтын үнэлгээг буруу тооцсоноос шалтгаалж АМНАТ-ын нөхөн төлбөр болон алданги, торгуулийн хэмжээг буруу тодорхойлсон байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг зөвлөл дүгнэхдээ: Борлуулалтын үнэлгээнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр, торгууль, алданги нийтдээ 92,367,906.48 төгрөгийн төлбөрийг давхардуулан ногдуулсан гэж үзэн шийтгэлийн хуудсанд заасан дүнг бууруулан тогтоосон байдаг.

3.8. Энэ нь татварын хяналт, шалгалтын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ тооцооллын алдаа гаргасан болохыг харуулж байгаа бөгөөд татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааны үеэр акт үйлдсэн татварын улсын байцаагч нар энэ талаар буюу тооцооллын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нөгөө талаар татвар төлөгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу АМНАТ-ийн тайланг 20** оны жилийн эцсээр тайлагнаж 3138.63 тн, 20** онд нийт экспортод гаргасан 3325.45 тн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортод гаргасан талаар тус тус тайлагнаж хүргүүлсэн байна.

3.9. Гэтэл татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын актын зөрчлийн хэсэгт тусгахдаа татвар төлөгчийг экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг 20** онд огт тайлагнаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн татвар төлөгчийг 20** оны *, *, *, * саруудад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүнийг дутуу тайлагнасан талаар нөхөн ногдуулалтын актад дурджээ.

3.10. Гэтэл энэ хугацаанд хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөлгүй эзэмшигч төлбөр төлөгч мөн эсэх нь тодорхойгүй байсан болно. Мөн “Татварын нөхөн ногдуулалтын актын хоёр дахь хуудсанд татварын алданги, торгуулиас чөлөөлсөн тухай дурдаад тухайн хугацаанд төлбөл зохих татварт алданги, торгууль ногдуулаагүй болно” гэж заасан атлаа торгууль, алданги ногдуулсан нь логик алдаатай гэж үзнэ. Учир нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хамаарч байхад хамруулаагүй акт үйлдсэн нь хуулийг алдаатай хэрэглэсэн гэж үзнэ.

3.11. Хоёр. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль үйлчлэх хугацааг буруу тодорхойлсон. Татварын нөхөн ногдуулалтын актын хоёр дахь хуудсанд Ашигт малтмалын тухай хуулийн 20** оны   өдөр орчлон найруулсан холбогдох зохицуулалтыг хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд оруулсан 20** оны * дугаар сарын *-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт нь батлагдсан цагаас эхлэн зохицуулалтын хувьд маргаан дагуулж улмаар тус нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаж улмаар Үндсэн хуулийн Цэцийн 20** оны 10 сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хүчингүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн тогтоолыг УИХ-аар хэлэлцэн хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд 20** оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ төлөгчийг зов тодорхойлсон байдаг.

3.12. Гэтэл татварын хяналт, шалгалтын нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь татварын акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Учир нь татварын хяналт, шалгалтын ажлын үр дүнтэй холбоотойгоор татварын нөхөн ногдуулалтын актыг үйлдэж буй цаг хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бөгөөд энэхүү маргаан бүхий актыг үйлдэх үед тухайн хэм хэмжээ нь Үндсэн хуульд нийцээгүй үндэслэлээр нэгэнт хүчингүй болсон болох нь илэрхий байгаа тохиолдолд хууль зүйн хүчин чадал бүхий хүчинтэй хэм хэмжээг баримтлан актын үндэслэл болгох учиртай юм.

3.13. Хууль хэрэглээний үүднээс авч үзвэл, Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээг хэрэглэх нь хууль ёсны байх зарчмыг хангаж буй хэлбэр юм. Түүнээс тухайн цаг хугацаанд хүчинтэй байсан гэх үндэслэл нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулах байдлаар нөхөн хэрэглэж болно гэж ойлгож болохгүй юм.

3.14. Иймд "Том татвар төлөгчийн газар"-ийн Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

4. Хариуцагч Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Б.Х нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Ашигт малтмалын тухай хууль /20** оны * дугаар сарын *-ны өдөр өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." мөн хуулийн / 20** оны 11 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлт/-ийн 47 дугаар зүйлийн 47.1. "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд, 47.2.Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно, 47.2.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна, 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" мөн Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 36 47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна, 47.5. Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно, 47.8. Энэ хуулийн 47.5-д заасан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, хүдэр, баяжмал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн" гэж заасныг тус тус үндэслэн дээрх компанийн экспортолсон төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт үндсэн болон нэмэлт төлбөрийг ногдуулсан. Тус компани 2019 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-аар 3,138.63 тн, 237,172,669.81 борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,337,562.41 төгрөгийн үндсэн төлбөрийг ногдуулж тайлагнасан боловч 20** оны 6, 7, 8, 10 саруудын экспортод гаргасан 10,589.72 тн буюу 3,856,281,142.47 төгрөгийг төмрийн хүдрийн баяжмалд үндсэн болон нэмэлт төлбөрийг дутуу тайлагнасныг хөндлөнгийн болон гаалийн мэдээллээс харж болно.

4.2. Харин 20** онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланг "Х"-ээр ирүүлсэн энэ нь огт тайланг ирүүлээгүй гэсэн биш юм. Харин ямар нэгэн ногдол үүсгээгүй утгатай тайлан юм. Үүнийг тус компани нь хөндлөнгийн болон гаалийн мэдээллээр 2020 оны 3 сард 3,323.45 ΤΗ буюу 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөрийг тайлагнаж ногдуулаагүйд үндсэн болон нэмэлт төлбөрийг нөхөж ногдуулсан.

4.3. Татварын улсын байцаагчид Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 сарын 09-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд "2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.", 2020 оны 12 сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд "2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй." гэж заасны дагуу дээрх хууль шинээр илэрсэн зөрчилд хамаарахгүй харин тайлангаар ногдуулсан татварт хамаарагдаж байгаа бөгөөд тус хуулийг татварын улсын байцаагчид хэрэглээгүй.

4.4. БИҮ ХХК нь 2019 онд дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан Дархан талын шанд ХХК-иас 20** оны 07 дугаар сарын 31-ний 4068328350 дугаартай 104,592,326.27 төгрөг, 20** оны 07 дугаар сарын 31-ний 4068524216 дугаартай 210,420,533.40 төгрөг, 20** оны 10 дугаар сарын 31-ний 4072674354 дугаартай 166,715,599.37 төгрөг, нийт 481,728,459.04 төгрөгийн төмрийн хүдрийг худалдан авсан нь Татварын удирдлагын нэгдсэн системд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан болон Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, и-баримтаар нотлогдож байна.

4.5. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Эрдэс баялаг татварын хэлтэс, Гааль болон ТТХХ-ийн мэдээллийг тулган шалгасан тооцооллоор үүссэн 2019, 2020 оны борлуулалтын үнэлгээнээс тус тус зөрчлийг авч торгууль 30 хувиар, алданги 20 хувиар тооцоож хийсэн. Энэ тооцоолол нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт юм. Мөн нөхөн ногдуулалтын актаар нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр ногдуулахдаа “Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 20** оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг хэрэглэсэн.

4.6. Татвар төлөгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль үйлчлэх хугацааг буруу тодорхойлсон. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн /20** оны * дугаар сарын *-ны өдөр өөрчлөн найруулсан/ холбогдох зохицуулалтыг хэрэглэснийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ.

4.7. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20** оны 3 дугаар сарын 26-ны өдрийн болон 20** оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг тус тус Монгол Улсын Их хурлаас баталсан. Хуулийн өөрчлөлтөөр АМНАТ-ын хувь хэмжээ болон АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулахгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран ашигт малтмал ашиглаж буй этгээд нь АМНАТ төлөгч байж, дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд өмнө ногдуулсан төлбөрийг хасаж тооцох болсон.

4.8. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгжийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 20** оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүл (2019.03.28-ны өдрийн № 13/1066/)-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 20** оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 20** оны 11 дүгээр сарын 22-ны Өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20** оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 20** оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөнө.

4.9. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон ашигт малтмалд АМНАТ ногдуулахад "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол,, "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол, "Жагсаал батлах тухай" Засгийн газрын 2015 оны 502 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 342 тогтоол, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 465 дугаар тогтоолуудыг баримтална. Мөн экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Сангийн яам, Татварын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан сар бүр нийтэд мэдээлэлдэг болно.

4.10. 20** оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон ашигт малтмалд АМНАТ-ийг 20** оны жилийн эцсийн тайланд өссөн дүнгээр тусгаж тайлагнана.

4.11. Татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон зөрчил нь баримтаар тогтоогдсон, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэсэн асуудал нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт”-аар “БИҮ” ХХК нь экспортод гаргасан төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг /ТТ-15/-ийн тайлангаар 20** оны 11 сард 3,138.63 тн төмрийн хүдрийг тайлагнасан боловч 20** оны 6, 7, 8, 10 саруудын экспортод гаргасан төмрийн хүдрийг тайлагнаагүй 10,589.72 тн буюу 3,856,281,142.47 төгрөгийг дутуу тайлагнасан, 20** онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд тусгаагүй 3,323.45 тн буюу 897,699,452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй нийт 8,967,961,190.34 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар 82.1.2, 74 дүгээр 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 302,047,420.46 төгрөгийн нөхөн татвар, 96,772,086.57 төгрөгийн торгууль, 60,409,484.1 төгрөгийн алданги, нийт 459,228,991.13 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

2. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ** дугаар тогтоолоор дээрх төлбөрөөс 897,699452.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнд ногдуулсан 44,884,972.63 төгрөгийн үндсэн, 16,693,631,68 төгрөгийн нэмэлт төлбөр 18,473,581.3 төгрөгийн торгууль, 12,315,720.86 төгрөгийн алданги, нийт 92,367,906.48 төгрөгийн төлбөрийг бууруулж, 240,468,816.15 төгрөгийн нөхөн татвар, 78,298,505.27 төгрөгийн торгууль, 48,093,763.24 төгрөгийн алданги, нийт 366,861,084.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч компаниас уг үлдэх дүнг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байна. 

3. Нөхөн ногдуулалтын актын 20** оны 6, 7, 8, 10 саруудын экспортод гаргасан төмрийн хүдрийг тайлагнаагүй 10,589.72 тн буюу 3,856,281,142.47 төгрөгийг дутуу тайлагнасан гэх зөрчлийн хувьд,

3.1. Нэхэмжлэгч компани нь 20** оны 6, 7, 8, 10, 11 саруудад нийтдээ 11,526,012 тн төмрийн баяжмалыг экспортод хилээр гаргасан болох нь гаалийн мэдээллээр нотлогдох бөгөөд 20** оны хувьд зөвхөн 11 сард экспортод гаргасан 3,138.63 тн төмрийн баяжмалын хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан, 20** онд “ДТШ”ХХК-иас төмрийн хүдэр худалдан авч баяжуулан улсын хилээр гаргасан, энэ үйл баримтад маргаагүй.  

3.2. Нэхэмжлэгчээс 20** оны *, *, *, * саруудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаагүй үндэслэлээ “...энэ хугацаанд хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрөлгүй эзэмшигч төлбөр төлөгч мөн эсэх нь тодорхойгүй байсан...” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

3.3. Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд батлахдаа уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ... төсөвт төлөхөөр заасан байжээ.

3.4. Харин Улсын Их Хурлаас 20** оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон МБ, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж өөрчлөн найруулсан.

3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20** оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг ... 20** оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэх”-ээр зааж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20** оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “...Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон” байна.

3.6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5-д Хууль,... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно., 6-д Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.”, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-т “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.” гэж тус тус зааснаар 20** оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулсан уг заалт нь 20** оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон тул энэ өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн гэж үзнэ.  

3.7. Нэхэмжлэгч “БИҮ” ХХК нь “ДТШ”ХХК-иас төмрийн хүдэр худалдан авч баяжуулан экспортод гаргасан 20** оны 6, 7, 8, 10 дугаар саруудад тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон МБ, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж заасны дагуу “худалдахаар ачуулсан этгээд”-д хамаарах тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохоор байна. Иймд татварын улсын байцаагч нараас тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль /20** оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан/-ыг хэрэглэж нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

3.8. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар төлөх ёстой татвараа тайлагнаагүй, төлөөгүй татвар төлөгчид татварын албанаас Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.” гэж заасны дагуу хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн ногдуулалтын акт гаргасан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь татварын акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй..., татвар төлөгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулах байдлаар нөхөн хэрэглэж болно гэж ойлгох боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

4. Актын 20** онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /ТТ-15/-ийн тайланд тусгаагүй 3,323.45 тн буюу 897,699,452.7 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд төлбөр ногдуулаагүй гэх зөрчлийн хувьд,

4.1. Нэхэмжлэгчээс “...хариуцагч татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ 2 дугаар улирлын тайланг хянаагүй, ...2 дугаар улирлын тайланг гаргасан байхад 4 дүгээр улирлын тайланг буруу илгээсэн тохиолдолд татварын алба хянан баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй, тайланг хүлээн авсан...” гэж маргасан.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. ...”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “МБ, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан хувь хүнээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.” гэж тус тус заажээ.  

4.3. Хуулийн эдгээр заалтаар төлбөр төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг улирал тутам өссөн дүнгээр тайлагнах үүрэгтэй байхад нэхэмжлэгч компани нь 2020 оны 2 дугаар улиралд 3,323.45 тн төмөр экспортод гаргаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргасан атлаа мөн оны 4 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулаагүйгээр тайлан гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзлээ.

4.4. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь 2020 оны 2 дугаар улирлын тайландаа 3,323.45 тн төмрийг 634,988,559.99 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэйгээр, 31,749,427.97 төгрөгийн үндсэн төлбөр ногдуулснаас дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан төлбөрт 31,749,461.37 төгрөгийн хасалт хийж, 11.6 төгрөг төлөхөөр тайлагнасан.

4.5. Харин гаалийн мэдээгээр 20** онд 3,323.45 тн, 761,892,667.69 төгрөгийн борлуулалтын үнэ бүхий төмрийн баяжмал хорголжинг экспортлосон болох нь хяналт шалгалтын явцад тогтоогджээ.

4.6. Нэхэмжлэгч нь “ГО” ХХК-тай 20** оны * дүгээр сарын *-ны өдөр байгуулсан G-****-0*/** дугаар “Төмрийн хүдрийн хорголжин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төмрийн баяжмалын хорголжинг “ГО” ХХК-иас худалдан авалт хийсэн гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.” гэж заасны дагуу “ГО” ХХК-иас худалдан авалтыг нотолсон төлбөрийн баримт шивэгдээгүй, мөн суутган ногдуулсан тайлан гаргаагүй байх тул нэхэмжлэгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасаж тайлагнах үндэслэлгүй байна.

4.7. Иймд 2 дугаар улирлын тайлангаар ногдуулах ёстой төлбөрийг үнэн зөв ногдуулж тайлагнаагүй тул нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

4.8. Хариуцагч нар нь гаалийн мэдээлэлд үндэслэн 20** онд тухайн компанийн экспортлосон 3323.45 тн төмрийн баяжмал хорголжины борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна:...47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд;” 47.2-т “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно: 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;”, 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна: ...47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө: ...47.16.2.экспортолсон;” гэж тус тус заасанд нийцжээ.

5. Маргаан бүхий актын 2 дахь хэсэгт заасан 2019, 20** онд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй зөрчлийн хувьд,

5.1. Маргаан бүхий актад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.” /Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 20** оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./, 47.5-д Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж тус тус заасныг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр тогтоожээ.

5.2. Дээрх хуулийн заалтаар хууль тогтоогчоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний тодорхой хувиар үндсэн төлбөр ногдуулахаар, мөн үүн дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч хуульд дурдсан хувийг нэмэгдүүлж ногдуулахаар хуульчилсан.

5.3. Нэхэмжлэгч компани нь 2019, 2020 онуудад экспортод гаргасан төмрийн баяжмал, хорголжинд үндсэн төлбөр ногдуулсан боловч нэмэлт төлбөр ногдуулаагүй болох нь тус компаниас гаргасан тайлан, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдох бөгөөд хариуцагч нараас гаалийн мэдээлэл /хх-64-71 тал/-д тусгагдсан тухайн төмрийн баяжмалын агуулга, түүнд агуулагдах бүтээгдэхүүн /алт, мөнгө, зэс, хар тугалга, цэвэр хөнгөн цагаан, цагаан тугалга/-д тооцоолол /хх-40-50 тал/ хийж үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

6. Маргаан бүхий актад 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу тухайн хугацаанд төлбөл зохих татварт алданги, торгууль ногдуулаагүй болно гэж дурдсан боловч эдгээр хуульд заасан   өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар татвар төлөхөөр ногдуулж тайлагнаагүй тул уг хуулийг хэрэглэх үндэслэлгүй. Хариуцагчаас хяналт шалгалтын дагуу нөхөн төлбөр, алданги, торгууль ногдуулсан атлаа дээрх хуулийг  дурдсан нь буруу, гэвч энэ үндэслэл нь маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

7. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  2 дугаар зүйлийн 1 /20** оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан/, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.3.3, 47.5, 47.7, 47.11, 47.16.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 6, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “БИҮ” ХХК-иас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарт холбогдуулан гаргасан “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нарын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн №НА-************** дугаартай "Нөхөн ногдуулалтын акт”-ын үлдэх дүн буюу 366,861,084.65 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ө.БОЛОРЧИМЭГ