| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01954/и |
| Дугаар | 302 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 302
Н ХХКнэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02651 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н ХХКнэхэмжлэлтэй,
Хариуцагч М ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 707 526 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Халиунаа, Н.Оюунгэрэл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гансүх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХКнь М ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Түрээсийн зүйл нь салоны үйл ажиллагаа явуулах зориулалтайгаар засвар хийгдсэн, шинэ тавилга, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний хамт түрээслэгч тал түрээслэхээр тохиролцсон. Тус гэрээ нь богино хугацаатай гэрээ биш урт хугацааны гэрээ байсан бөгөөд гэрээний 10.5-д заасны дагуу 90 хоногийн өмнө гэрээг цуцлах тухай мэдэгдэх байсан. Гэтэл түрээслэгч тал 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтаар гэрээг цуцлах тухай бидэнд амаар мэдэгдсэн. 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх тухай албан тоотыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бидэнд ирүүлсэн байдаг. Бид гэрээнд заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээлцэх тухай хариу мэдэгдсэн. М ХХК нь 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 21 935 484 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 4.2-т “...түрээсийн төлбөрт НӨАТ ороогүй дүн болно” гэж заасан тул 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны 12 сар 13 хоногийн түрээсийн төлбөрийн НӨАТ-ын төлбөрт 12 033 333 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 8 738 709 төгрөг, нийт 42 707 526 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан хэдий боловч 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр актаар хүлээн авсан байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг түрээсийн гэрээг 2019 оны 06 дугаар сард эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч тал 2019 оны 06 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч тал 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний төлбөрийг 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд өгөлгүй, түрээсийн зүйлийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал талбай ашигласны хөлсөө 2019 оны 06 сард төлөөгүй нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч тал 10 000 000 төгрөгийн барьцаа авсан байгаа үүгээр төлбөрөө хийх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч тал талбай ашигласны төлбөр төлөх хугацааг ямар нэг байдлаар хожимдуулаагүй, тиймээс алданги төлөхгүй. Анх гэрээ байгуулахад Н ХХКнь манайх НӨАТ төлдөггүй, иймд НӨАТ түрээсийн төлбөрт тооцож авахгүй гэсэн. Талууд ямар ч эд хөрөнгө хүлээлцээгүй. Өөрөөр хэлбэл тавилга, тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх үүрэг хариуцагчид байхгүй. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн орхисон байсны мөнгийг дансаар шилжүүлэн өгөөд дуусгасан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн үндэслэлгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 7 238 709 төгрөгийн алданги нэмж нэхэмжилсэн ба эрхгүй этгээд болох өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэж заажээ. Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул маргаж буй гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл, мөн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.6-д зааснаар түрээстэй холбоотой харилцаа нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд хамаардаг. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр маргаж буй түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь харагдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаанд түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан гэсэн үг. Үүний үр дагавар нь нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах, болон 34 018 817 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х “...алдангид 7 238 709 төгрөг гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-ийн “...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 405 495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 130 770 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 177 728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэлгүй буруу дүгнэлт гаргаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэж түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 21 935 484 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги 8 738 709 төгрөг, НӨАТ гэж 12 033 333 төгрөг нийт 42 707 526 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах тухай нэхэмжлэлын шаардлагыг гаргасан байдаг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагад түрээсийн төлбөр, түүний алданги, НӨАТ-ыг нэмж нэхэмжилсэн дүнг түрээсийн зүйл тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний үнэ мэтээр ойлгож бичсэн гэж ойлгохоор байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 21 935 484 төгрөг нэхэмжилсэн тухайд нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... түрээслэгч М ХХК-иас 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн талаар зохигч талууд маргаагүй бөгөөд түрээслэгч М ХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр” гэрээ цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээслүүлэгч Н ХХК-иас гэрээ цуцлах саналыг хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна гэж дүгнэв” гэжээ. Гэтэл бодит байдал дээр тухайн үед хариуцагч тал гэрээг 2019 оны 07 дугаар сард цуцлах саналыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4 болон турээсийн гэрээний 7.2-д заасны дагуу 3 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. 2019 оны 08 дугаар сарын 06-нд түрээсийн гэрээг цуцалж, хүлээлгэж өгөх талаар хариу мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлсэн. Энэ тухай нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагч тал 2019 оны 06 дугаар сарын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэж, 2019 оны 07 дугаар сарын 01-нд түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Харин шүүх үүнийг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж, гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр цуцалсан гэж үзсэн бөгөөд талууд гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргаагүй, түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргасан мөн хариуцагч тал 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу түрээсийн зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсныг зохигч талууд нотлож, хүлээлцсэн актыг хэрэгт хавсаргасан байхад тус баримтанд дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, асуулгүйгээр түрээсийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр цуцалсан гэж үндэслэлгүй тайлбар хийж, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн асуудлыг шийдэлгүйгээр орхигдуулсан нь үндэслэлгүй. Хугацаа хэтрүулсэний алданги 8 738 709 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчтэй байгуулсан байдаг. Тус гэрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг өмгөөлөгчид олгосон бөгөөд шүүгч, өмгөөлөгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ тухай тодорхой тайлбарыг өгөөгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “түрээсийн төлбөрт НӨАТ ороогүй...” гэж заасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 43 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Н ХХКнь НӨАТ-ын төлбөрт 12 033 333 төгрөгийг хариуцагч М ХХК-иас шаардах эрхгүй болно ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал НӨАТ төлөгч гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байгаа бөгөөд түрээсийн үнэд НӨАТ багтаагүй нь НӨАТ нэхэмжлэхгүй гэсэн ойлголт биш юм. Учир нь түрээсийн гэрээний 4.2-т “гэрээннй 4.1-д заасан түрээсийн төлбөрт түрээслүүүлэгчийн талбайд ногдох халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал, НӨАТ ороогүй болно. Түрээсийн гэрээний хугацаанд эдгээр зардлыг түрээслэгч өөрөө хариуцан төлнө” гэж зааснаас үзэхэд НӨАТ-ыг хариуцагч тал төлөхөөр талууд тохиролцсон байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг өөрчилж, хэрэгсэхгүй болгосон 34 018 817 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 21 935 484 төгрөг, алдангид 8 738 709 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны НӨАТ-ын төлбөрт 12 033 333 төгрөг нийт 42 707 526 төгрөг гаргуулах, мөн түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Н ХХКнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн зүйлийг тавилга, тоног төхөөрөмж, гоо сайханы бүтээгдэхүүний хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 21 935 484 төгрөг, алдангид 8 738 709 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны НӨАТ-ын төлбөрт 12 033 333 төгрөг нийт 42 707 526 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н ХХКнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 108 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, 1 сарын 10 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна. /хх5-7/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
Түрээсийн гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025031 дугаартай 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд түүнчлэн, гэрээ цуцлах талаар удаа мэдэгдэл хүргүүлэх, түүнд хариу тайлбар гаргах зэргээр талууд харилцан санал солилцож байсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 21 935 484 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч маргахгүй байхад анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Талууд гэрээ байгуулахдаа 10 000 000 төгрөгний барьцаа байршуулсан талаар хэн аль нь маргаагүй тул түрээсийн төлбөр болох 21 935 484 төгрөгнөөс хасч тооцож, зөрүү 11 935 484 төгрөгийг түрээсийн төлбөрт гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд хандаж 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд буюу нэхэмжлэл гаргах үед үүргийн зөрчлийг байсан гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн зүйлийг ашигласантай холбоотой 11 935 484 төгрөгийн үүрэг үүссэн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцох үндэслэлгүй болно.
Талуудын байгуулсан гэрээний 4.2-т “гэрээний 4.1-д заасан түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн талбайд ногдох халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал, НӨАТ ороогүй болно. Түрээсийн гэрээний хугацааанд эдгээр зардлыг түрээслэгч өөрөө хариуцан төлнө” гэжээ. Уг заалтад түрээсийн байрны ашиглалтай холбоотой зардлууд, НӨАТ түрээсийн төлбөрт ороогүй гэж заасны дараа эдгээр зардлыг түрээслэгч өөрөө хариуцна гэснийг гэрээний үг, түүний утга агуулгыг хуульд нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3-д “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх улсын татварт нэмэгдсэн өртгийн албан татвар нь хамаарна” гэж тус тус заажээ. Түүнчлэн Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд зааснаар бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч этгээд нь татвар төлөгч гэх бөгөөд хуульд заасны дагуу түүнийг шаардах эрхтэй этгээд нь татвар төлөгч байж болно.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үг, үсгийн утгыг шууд харгалзан түүнчлэн гэрээний ерөнхий агуулгыг харгалзан тайлбарлана. Гэрээний 4.2-т “эдгээр зардлыг түрээслэгч хариуцна” гэх агуулга бол түрээслэгч эд хөрөнгийн өдөр тутмын ашиглалттай холбоотой үүсч байгаа зардлыг хариуцна.
Харин нэмэгдсэн өртөгийн албан татвар нь “ашиглалттай холбоотой зардал” бус, харин хуульд заасны дагуу татвар төлөгчийн төлөх ёстой хуулиар хүлээсэн үүрэг гэж үзнэ. Иймээс өөрийн хуулиар хүлээсэн үүргийг нөгөө талд шилжүүлэх замаар, өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргийг өөртөө шилжүүлэн төлөх талаар гэрээгээр тухайлан тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрт 12 033 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02651 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1 450 000...” гэснийг “...11 935 484...” гэж, “...34 018 817...” гэснийг “...30 772 042...” гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 536 265 төгрөгөөс 371 487 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 164 778 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 728 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 205 917 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 045 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ